Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч *******                                                 

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт М-д холбогдох эрүүгийн 2121000000071 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ............. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ..... овогт М /РД: .............../.

Шүүгдэгч М нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ........ тоотод төрсөн ах М-ийг хутгалж буюу зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед согтуугаар ахыгаа хутгалсандаа гэмшиж байна. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М нь ахынхаа биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнд зохих ёсны шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө гэртээ дүү М, байрны ах ******* нарын хамт байхад ******* гэх залуу 2 шил архитай орж ирсэн бөгөөд тухайн архийг М, *******, ******* 3 хувааж уусан. 10 цаг өнгөрч байхад ******* *******г гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн бөгөөд энэ үед ******* манай гэрт ирсэн. Улмаар *******, М, ******* нар нэг шил архи хувааж уусан. Ингээд үд өнгөрч байх үед тэр 3 нилээн согтсон бөгөөд М, ******* нар хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Энэ үед ******* тэр хоёрыг салгаж болиулж байгаад гэрээс гараад явчихсан. Тэгтэл М ******* нар үргэлжлүүлээд хоорондоо маргалдаад байсан бөгөөд М ухасхийгээд зурагтын тавиурын доод хэсэгт байсан хар өнгийн иштэй жижиг хутгыг авч гартаа барьсан. Тэгэхээр нь би тухайн хутгыг нь булаах гээд “зодолдох гээд байвал та нар гараад зодолд” гэж хэлтэл М миний гэдэс рүү тухайн хутгаараа нэг удаа хатгачихсан бөгөөд би энэ үед буйдан дээр унасан. Тэгээд би М-д хандаж “чи миний гэдэс рүү шаачихлаа шүү дээ” гэтэл тэрээр ямар нэг зүйл хэлэлгүй хутгаа ширээн дээр тавьсан...” гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М ******* бид 3 нэлээн согтсон бөгөөд М, ******* хоёр буйдан дээр хэвтэж байсан. Харин би М-ийн хамт зурагт үзээд зурагтны наад хэсэгт сууж байсан. Тэгтэл М агсраад миний хойноос өөрийн өмсөж байсан шаргал өнгийн гутлаа шидсэн. Үүний улмаас би М-тэй маргалдсан бөгөөд тэр хаанаас ч юм гэр дотроосоо нэг хутга аваад гартаа барьсан. Улмаар М уурлаад М-д хандаж “чи одоо архи ууж чадахгүй агсарлаа” гэж загнасан. Тэгтэл М М-ийг нэг удаа хутгалсан бөгөөд М миний хажууд суух үед гэдсээ дараад байсан. Тэгээд би “яагаа вэ хөгшөөн” гэтэл түүний гэдэс нь зүсэгдсэн байдалтай байсан. Тэгээд би дээшээ 2 давхарт гараад М-ийн дүү *******т хэлэхэд ******* охины хамт орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 26-28/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ байж байхад 14 цагийн орчим ******* манай хаалгыг нээгээд М хутгалуулчихлаа гэж хэлсэн. Ингээд би охин ******* доошоо буугаад хараад ир гэхэд удалгүй эргэж ирээд “М ахыг хутгалсан байна, утас хаана байна” гэж орилсон. Тэгээд би охины хамт М-ийн гэрт ороход том өрөөндөө М ах буйдан дээр доош хараад гэдсээ дараад хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Харин М ******* нар сууж байсан. Энэ үед шалан дээр хэдэн дусал цус гоожсон байсан ба том өрөөний зүүн хана дагуу байх ширээний дээд талд хар өнгийн иштэй ажлын хэсэг нь цус болсон хутга байсан. М-ийн гэдсийг харахад айхтар цус гарсан зүйл байхгүй ч гэсэн гэдэс нь нааш түрээд гараад ирсэн байсан. Энэ үед ******* ах хэлэхдээ “дүү чинь ахыгаа алах гэж байна” гэж байсан. Ингээд түргэн ирээд эмнэлэг явсан...” гэжээ. /хх-ийн 39-41/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 тоот дүгнэлтэд:

1. М-ийн биед хэвлийн зүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн шулуун булчингийн бүрэн бус тасрал, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хэргийн газраас хураагдсан гэх хар өнгийн хуванцар иштэй хутганы ажлын хэсэг нь 8.5 см, өргөн нь 2 см, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь 1.8 см байна. Иймд дээрх гэмтэл нь хэргийн газраас хураагдсан гэх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 52-53/

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би ******* ахтай маргалдснаа санаж байна. Би түүнтэй маргалдаж байгаад зурагтын тавиурын доод хэсэгт байсан хар өнгийн иштэй хутгыг аваад гартаа барьсан. Энэ үед М над руу уурлаад “пизданууд чинь аятайхан архи уугаад байж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд би ахтай маргалдаж байхдаа түүний хэвлий хэсэг рүү тухайн хутгаараа нэг удаа хатгасан. Үүний дараа тэр гэдсээ бариад буйдан дээр хэвтсэн бөгөөд ******* ах дээшээ гараад тус байрны 22 тоотод байрлах манай төрсөн дүү ******* болон түүний охин ******* дагуулаад орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 86-87/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-12/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот дүгнэлт /хх-ийн 56/

М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47/

М-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68/

Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, амьжиргааны түвшний доогуур орлоготой тухай баримт /хх-ийн 69-70/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ...... овогт М нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ...... тоотод төрсөн ах М-ийг хутгаар хутгалж, түүний биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн шулуун булчингийн бүрэн бус тасрал, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгчийн “...би ахтай маргалдаж байхдаа түүний хэвлий хэсэг рүү тухайн хутгаараа нэг удаа хатгасан. Үүний дараа тэр гэдсээ бариад буйдан дээр хэвтсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч М, гэрч Ч.*******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М нь хутга хэрэглэн төрсөн ах М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 тоот “Мийн биед хэвлийн зүүн доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн шулуун булчингийн бүрэн бус тасрал, нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хэргийн газраас хураагдсан гэх хар өнгийн хуванцар иштэй хутганы ажлын хэсэг нь 8.5 см, өргөн нь 2 см, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь 1.8 см байна. Иймд дээрх гэмтэл нь хэргийн газраас хураагдсан гэх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгчийг гэм буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Шүүгдэгч М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдэх үедээ хөнгөн зэргийн согтолттой, өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч М-ийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М нь “...М нь миний төрсөн дүү бөгөөд би түүнд ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч М-д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   П.ПАГМА

                              ШҮҮГЧИД                                         Л.БАТЖАРГАЛ

                                                                                              Г.НАМУУНТУЯА