| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0124/э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт А-т холбогдох эрүүгийн 2121000000122 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ............ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт А /РД: .................../.
Шүүгдэгч А нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан тэмээт” гэх газарт иргэн Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь “хамар, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр...А ах ширээгээ цохиж босож ирээд бид хоёр руу орилсон. Тэгээд бид хэд гадагшаа гартал А ах намайг заамдаад миний нүүр рүү 1 удаа цохиход миний хамраас цус гарахаар нь би холдоод цасаар цусаа угааж байх хооронд ******* ах А ах хоёр бид хэдээс урагшаа хонины хашааны тэнд очоод муудалцаад байж байсан. Тэр хоёр цохилцсон зодолдсоныг хараагүй. Удалгүй ******* ах урагшаа алхаж явсан. Тэгтэл ******* мотоциклоо асаагаад ******* ахын араас нь очиж суулгаад тэр хоёр яваад өгсөн. Тэгээд А ах бид хоёр үлдсэн чинь А ах миний хамар руу мөргөөд дахин нэг удаа нүүр рүү цохисон. Тэгэхлээр нь би А ахыг газарт унагаагаад дарж байгаад гайгүй болохоор нь ******* ахын морийг унаад гэр рүүгээ явсан. ...А-аас нэхэмжлэх зүйл байхгүй. А бид хоёр хоорондоо эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 14-15, 18-19/
Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ах, А бид гурав хөдөө нэг шил архи гаргаж өгөөд тухайн архиа ууж дуусгачихаад А ах, ******* ах хоёр Аын ахын гэр рүү ороод би гэртээ үлдсэн. Тэгээд байж байтал ******* ах Г хоёр ирээд А ахын гэр рүү орж байсан. Удалгүй А ахын гэрт нь хүмүүс муудалцаад байх шиг болохоор нь би гэрээсээ гараад харсан чинь А ахын гэрийн гадаа А ах, Г хоёр хоорондоо муудалцаад цохилцоод байсан. Тэгэхээр нь би очоод салгаад Гийг аваад гэр рүүгээ орох гэж байсан чинь араас А ах бахирч ирээд Г руу дайраад байсан. Би Гийг муудалцуулахгүй гээд барьтал А ах ирээд Гийг цохиод байсан. Тэгэхээр нь би А ах, Г хоёрыг тэр чигээр нь орхиод ******* ахыг урагшаагаа алхаж байхаар нь араас нь мотоциклтой очоод гэр рүү нь хүргэж өгсөн. Тэгээд буцаад гэр рүүгээ ирж байтал Гийн гэрийн гадаа А ах, Г, Гийн эхнэр гурав хоорондоо хэрэлдээд байж байсан...” гэжээ. /хх-ийн 27-27/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгж байтал гаднаас ******* ах Г хоёр орж ирээд хотоос ирсэн ахтай мэндлээд манай нөхөр Атай мэндлэхгүй болохоор нь уурлаад маргалдаж эхэлсэн. Тэгээд ******* ах, Г, А гурав муудалцаад гадагшаа гарахад Г, А хоёр заамдалцчихсан байж байхаар нь *******ын эхнэр ******* бид хоёр салгаад Аыг гэрт оруулах хооронд Г *******ын морийг унаад яваад өгсөн. Тэгэхлээр нь манай нөхөр гэрээс гараад машинаа асаагаад Гийн араас явсан. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 32-33/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр гурав адуугаа ачаад ирэхдээ бага зэрэг архи уучихсан ирээд манай гэрт орж ирэхэд нь манай нөхөр 1 шил архи гаргаж өгөөд тэр гурав хувааж ууж дуусгачихаад А ах, ******* ах хоёр гараад А ахынх руу ороод манай нөхөр гэртээ үлдээд зурагт үзээд сууж байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс муудалцаад байхаар нь манай нөхөр ******* гараад би араас нь гарахад А ах, Г хоорондоо маргалдчихсан Гийн хамраас цус гарчихсан байж байхаар нь Уранчимэг бид хоёр нийлж салгаад А ахыг гэрт нь оруулах хооронд Г *******ын морийг унаад яваад өгсөн байсан. Тэгтэл А ах гараад араас нь машинаа асаагаад явсан. Тэрнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 36-37/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 тоот дүгнэлтэд:
1. Г-ийн биед хамар, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 46-47/
А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж, гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 54-55/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/
Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 40-41/
А-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 56/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/
Г-ийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 65/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт А нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан тэмээт” гэх газарт хохирогч Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хамар, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г-ийн “...бид хэд гадагшаа гартал А ах намайг заамдаад миний нүүр рүү 1 удаа цохиход миний хамраас цус гарахаар нь би холдоод цасаар цусаа угааж байх хооронд ******* ах А ах хоёр бид хэдээс урагшаа хонины хашааны тэнд очоод муудалцаад байж байсан. ...Тэгээд А ах бид хоёр үлдсэн чинь А ах миний хамар руу мөргөөд дахин нэг удаа нүүр рүү цохисон. Тэгэхлээр нь би А ахыг газарт унагаагаад дарж байгаад гайгүй болохоор нь ******* ахын морийг унаад гэр рүүгээ явсан...” гэх, гэрч Х.*******ын “...А ахын гэрт нь хүмүүс муудалцаад байх шиг болохоор нь би гэрээсээ гараад харсан чинь А ахын гэрийн гадаа А ах, Г хоёр хоорондоо муудалцаад цохилцоод байсан. Тэгэхлээр нь би очоод салгаад Гийг аваад гэр рүүгээ орох гэж байсан чинь араас А ах бахирч ирээд Г руу дайраад байсан. Би Гийг муудалцуулахгүй гээд барьтал А ах ирээд Гийг цохиод байсан...” гэх, гэрч *******ийн “...Тэгж байтал гаднаас ******* ах Г хоёр орж ирэээд хотоос ирсэн ахтай мэндлээд манай нөхөр Атай мэндлэхгүй болохоор нь уурлаад маргалдаж эхэлсэн. Тэгээд ******* ах, Г, А гурав муудалцаад гадагшаа гарахад Г, А хоёр заамдалцчихсан байж байхаар нь *******ын эхнэр ******* бид хоёр салгаад Аыг гэрт оруулах хооронд Г *******ын морийг унаад яваад өгсөн. Тэгэхлээр нь манай нөхөр гэрээс гараад машинаа асаагаад Гийн араас явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч А-ын үйлдлийн улмаас хохирогч Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ат холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт А-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА