| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0125/э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт М-д холбогдох эрүүгийн 2121000000109 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ................. газарт жолооч ажилтай, Дорнод аймгийн Матад сумын ........... багт оршин суух үндсэн бүртгэлтэй боловч одоогоор ам бүл 6, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, ..... овогт М /РД: ................/.
Шүүгдэгч М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод иргэн С-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* гэх залуу нь манай нөхрийг гаръя яагаад эмэгтэй хүнтэй маргалдаад байгаа юм бэ гээд нөхрийг дагуулаад гарсан. Нэлээн хэсэг хугацааны дараа ******* ах гэрээс гараад би ******* болон найзтай нь юм яриад сууж байгаад нөхрийгөө орж ирэхгүй болохоор нь араас гарахад ******* гэх залуу манай нөхрийг зодож байсан. Манай нөхөр доошоо хараад хэвтчихсэн ******* гэх залуу манай нөхрийн дээрээс өшиглөөд байсан бөгөөд ******* ах салгах гээд дийлэхгүй байж байхаар нь би ******* гэх залууг “яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ” гээд хувцаснаас нь татахад фудволка нь урагдсан чинь ******* гэх залуу нь “та нар ингээд хүнээс мөнгө төгрөг аваад сурчихсан юм байна” гээд доромжлоод “чамайг цохисон ч яадаг юм бэ” гэхээр нь би “цохь цохь” гэсэн. ******* нь миний зүүн нүд рүү нэг удаа зангилаатай гараараа цохисон. Би арай ч эмэгтэй хүн цохихгүй байх гэж бодож байтал намайг цохиход тас хийгээд л явчихсан. Тэгээд зүүн нүд маань хавдаад улайгаад би ******* ахын гэрт нөхрийн хамт ороход ******* гэх залуу араас орж ирээд шүүгээнээс хутга аваад манай нөхрийг ална гэж дайрахад ******* эгчийн найз хүүхэн *******г болиулаад нэлээн оролдож байгаад хутгыг нь авсан. ******* ахын хувьд манай нөхрийг “чи боль ингэж байгаад хутгалуулчихвал яах юм” гэхэд манай нөхөр өөдөөс нь дайрахаа больсон. Тэгсэн чинь ******* ах бид хоёрыг “машин дуудуулаад гэр рүү хүргүүлж өгье” гэхэд нь би “үгүй ээ бид хоёр цагдаа руу очиж гомдол гаргана” гэж хэлээд цагдаа руу явсан бөгөд би нэг мэдсэн чинь эмнэлэг дээр сэрсэн. Манай нөхөр хэлэхдээ намайг цагдаа дээр ирээд ухаан алдсан гэж байсан. Ингээд би эмнэлэгт анхны үзлэгийн тодорхойлолт аваад гэртээ харьсан. Тухайн үед манай нөхөр би үзүүлэхгүй гээд үзүүлээгүй бөгөөд гэртээ 2 хоног хэвтсэн ба нөхрийн толгой өвдөөд хүзүү нь бадайраад халуураад байна. Тийм учраас цагдаад ирж гомдол гаргаж байна. ...Би М гэх хүнээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг гаргуулж авсан. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-13, 16/
Гэрч Г.Баттамга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгж байтал ******* ахын эхнэр ******* найз хүүхнээ дуудна гээд дуудсан. Миний хувьд нэлээн согтсон байсан. Юунаас болоод сүүлд эмэгтэйтэй муудалцах болсноо мэдэхгүй байгаа юм. ...Намайг ******* гэх залуу гадаа дагуулж гараад заамдалцаад зогсож байснаа бүдэг бадаг мэдэж байгаа бөгөөд нэг мэдэхэд газар цохиулаад хэвтэж байсан. ...Тэгээд цохиулаад босоод ирэхэд машины хажууд ******* гэх залуу манай эхнэрийн нүүр рүү цохиж байгаа харагдахаар нь би ******* гэх залууг “эхнэрийг маань зодлоо” гэхэд намайг “ална” гээд байхаар нь би эхнэрээ дагуулаад ******* ахын гэрт ороод ******* ахад уурлаж хэдэн үг хэлсэн. ...******* гэх залуу нь шүүгээнээс хутга аваад ална гээд над руу дайрахад нь би “ал ал ард нь хуулийн байгууллага байгаа шүү” гээд өөдөөс нь хэлэхэд ******* ах намайг “боль боль” гээд ******* гэх залууг нөгөө хүүхэн боль гээд цааш нь авч яваад хутгыг нь авсан. Тэгээд эхнэр бид хоёр ******* ахынхаас гараад шууд цагдаа дээр ирэхэд эхнэр ухаан алдахаар нь жижүүр цагдаа түргэн дуудаад түргэний эмч ирээд бид хоёрыг эмнэлэг рүү авч явсан...” гэжээ. /хх-ийн 18-19/
Гэрч Б.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гадаа Баттамга, М хоёр юм яриад зогсож байсан бөгөөд Баттамга согтуурхаад Мийн мөрөн дээр гараа тавиад зогсож байхад эхнэр нь гарч ирээд М рүү дайраад зууралдаж байгаад зүүн нүдрүүгээ цохиулсан...” гэжээ. /хх-ийн 25/
Гэрч М.Энхтуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхэдэ: “...Тэгээд бид нар манайд юм яриад архи уугаад сууцгааж байхад Баттамга нь ******* гэх залуу руу агсраад олон юм хэлээд байсан бөгөөд ******* нь өөдөөс нь юм ярихгүй суугаад байсан. Мөн С нь манай найз Наранбулагийг янхан банзал гээд “энэ муу гичий ирээд ийм болголоо, бид нар гоё сууж байсан юм” гэх зэргээр бахираад байсан. Тэгэхэд нь манай нөхөр уурлаад “та нар битгий айлд хэрэлдээд бай” гэсэн. Тэгэхэд Баттамга *******г гадаа гаръя гээд гадаа юм ярьж байхад эхнэр нь араас нь гадаа гарч бахираад Мтэй зууралдаж байгаад зүүн нүд рүүгээ цохиулсан...” гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч Н.Наранбулаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би оройхон 20 цагийн орчимд *******, ******* хоёрын гэрт очиход *******, ******* хоёроос гадна 2 эрэгтэй, 1 эмэгтэй нар архи уугаад сууж байсан. ...Намайг ирснээс хойш архи уугаад сууж байтал эхнэртэйгээ ирсэн Баттамга гэх залуу нь *******гийн найз ******* гэх залуу руу үсчээд хоорондоо муудалцаад байсан. Тэгж байгаад тэр хоёр гадагшаа гарсан бөгөөд гараад орж ирэхдээ хоёр биенийгээ цохисон байдалтай орж ирсэн ба *******гийн фудболка нь урагдчихсан, нүднийх нь хавьд цус болчихсон, Баттамгын нь духны хавьд шалбараад цус гарчихсан, мөн Баттамгын эхнэр нь бас зүүн нүдэндээ цохиулчихсан бомбойгоод орж ирэхээр нь би “та нар битгий муудалцаад бай” гэхэд над руу С гэх эмэгтэй дайраад “Дорнодын янхан банзал хүүхэн” гэх зэргээр доромжлоод байсан. ...Тэгсэн чинь ******* нь *******гийн гэрийн шүүгээ рүү яваад Баттамгыг чамайг ална шүү гэхээр нь би *******г “чи болиоч ээ бид нар хэрэгт орохыг бодохгүй байна” гээд тэврээд цааш нь болгосон тэгсэн чинь эхнэр, нөхөр хоёр хоёулаа нийлээд намайг болон *******г элдвээр хэлээд байсан...” гэжээ. /хх-ийн 30/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот дүгнэлтэд:
1. Г.Баттамгын биед духны баруун талын зулгаралт, баруун гарын чигчий хурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 151 тоот дүгнэлтэд:
1. С-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40-41/
М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Баттамгыг зодож цохисон асуудал байхгүй. Эхнэр нь над руу дайраад зууралдаад байхад нь яах гээд байгаа юм гээд гараа татаж авахдаа эхнэрийнх нь зүүн нүдний хавьд цохичихсан юм. Тэр үед харахад зүүн нүдний зовхины дээд талд жаахан овойчихсон байгаа харагдсан. ...Би С-ийг цохиж гэмтэл учруулсан өөрийн буруугаа ойлгож байна. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэжээ. /хх-ийн 47/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39/
Мийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 48/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/
М-ийн хохирогч С-т хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 59/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод хохирогч С-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...эхнэр нь над руу дайраад зууралдаад байхад нь яах гээд байгаа юм гээд гараа татаж авахдаа эхнэрийнх нь зүүн нүдний хавьд цохичихсан юм. Тэр үед харахад зүүн нүдний зовхины дээд талд жаахан овойчихсон байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С-ийн “...миний зүүн нүд рүү нэг удаа зангилаатай гараараа цохисон. Би арай ч эмэгтэй хүн цохихгүй байх гэж бодож байтал намайг цохиход тас хийгээд л явчихсан. Тэгээд зүүн нүд маань хавдаад улайгаад би ******* ахын гэрт нөхрийн хамт орсон...” гэх, гэрч Г.Баттамгын “...******* гэх залуу манай эхнэрийн нүүр рүү цохиж байгаа харагдахаар нь би ******* гэх залууг “эхнэрийг маань зодлоо” гэхэд намайг “ална” гээд байхаар нь би эхнэрээ дагуулаад ******* ахын гэрт ороод ******* ахад уурлаж хэдэн үг хэлсэн...” гэх, гэрч Б.Энхтүвшингийн “...гадаа Баттамга, М хоёр юм яриад зогсож байсан бөгөөд Баттамга согтуурхаад Мийн мөрөн дээр гараа тавиад зогсож байхад эхнэр нь гарч ирээд М рүү дайраад зууралдаж байгаад зүүн нүд рүүгээ цохиулсан...” гэх, гэрч М.Энхтуулын “...манай нөхөр уурлаад “та нар битгий айлд хэрэлдээд бай” гэсэн. Тэгэхэд Баттамга *******г гадаа гаръя гээд гадаа юм ярьж байхад эхнэр нь араас нь гадаа гарч бахираад Мтэй зууралдаж байгаад зүүн нүд рүүгээ цохиулсан...” гэх, гэрч Н.Наранбулагийн “...мөн Баттамгын эхнэр нь бас зүүн нүдэндээ цохиулчихсан бомбойгоод орж ирэхээр нь би “та нар битгий муудалцаад бай” гэхэд над руу С гэх эмэгтэй дайраад “Дорнодын янхан банзал хүүхэн” гэх зэргээр доромжлоод байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 151 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч М-ийн үйлдлийн улмаас хохирогч С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 151 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч М-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч С-т 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С нь “М гэх хүнээс эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг гаргуулж авсан. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, хохирогч С-т эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, хохирогч С-т 300.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА