Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М /цахимаар/, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа /цахимаар/, Б.Энхболд /цахимаар/, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2035000860111 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын Б, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Увс аймгийн Авто тээврийн төвд үзлэгийн техникч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 5-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх нэртэй газарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдож иргэн Х.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Цы амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000860111 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

4. “...2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө гарсан Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх газар 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашин онхолдож зам тээврийн осол гарч Д овогтой Ц гэгч нь нас барсан гэх дуудлагын дагуу Зүүнхангай сумын Цагдаагийн хэсгийн байранд Б овогтой Б-г 03 цаг 03 минутад согтуурал шалгах “Drager Alcotest 6810” маркийн багажаар үлээлгэн шалгахад 0.66 хувийн согтолттой гарсан” гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н-гийн “...Сүүлд тухайн автомашинд явсан гэх Х.Л нь намайг гандан яваад ирэхэд аав, ээжийнхээ хамтаар гэрт ирсэн байсан ба “би хоёр удаа сэрж харахад Б.Б гэгч нь автомашин жолоодож явж байсан. Талийгаач Д.Ц ах автомашин барьж яваагүй” гэж хэлсэн. Автотээвэрт ажилладаг гэх залуу нь ахтайгаа ирсэн бөгөөд “ахыг ямар ч байсан би Зүүнхангай сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн эмнэлэгт хүргэхэд талийгаач ах амьд байсан” гэж хэлсэн. Би тухайн үед тээврийг хэрэгслийг хэн барьж явсан талаар асуугаагүй. Тэр залуу ч тэр талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг[5],

6. Хохирогч Х.Л-ын гэрчээр өгсөн “2020 оны 5 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд жил бүр явагддаг автын оношилгоо болсон. Автын оношилгоотой хамт мөн даатгалын компанийн Увс аймаг дахь салбарынхан хамт явж автомашин, мотоциклийн даатгалыг хийдэг. Манай “Монгол даатгал” компаниас би, салбарын захирал Т.Б, талийгаач Д.Ц нар явсан. Бид нар автотээврийн төвийн автомашин, бүх даатгалын автомашинуудтай хамт Зүүнговь сумаас дараагийн сум болох Зүүнхангай сум руу явцгаасан юм. Зүүнхангай сум руу явах замдаа даатгалын үйлчилгээ үзүүлдэг хүмүүс, автотээврийн төвийн мэргэжилтэн нар би нэрийг нь мэдэхгүй хоёр газар зогсож архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Эхний удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд талийгаач Д.Ц ах автомашин барьж явсан бөгөөд хоёр дахь удаа зогсоход захирал Т.Б унтаж байхад автотээврийн Б.А гэх ах дуудаад автомашиндаа суулгасан. Тэдний автомашинаас манай автомашинд Б.Б гэгч нь зөрөөд суусан. ...Бид нар хоёр дахь удаагаа зогсож архи, согтууруулах ундаа хэрэглэсэн цэгээс цааш явахад би даараад байсан учраас зузаан хувцас өмссөн бөгөөд тэр үед манай 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг Б.Б гэгч нь жолоодож явсан. Харин талийгаач Д.Ц автомашины урд жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан юм. Би хойд талын суудал дээр ганцаараа хэвтээд унтаж явсан бөгөөд нэг мэдэхэд намайг баруун талын хөлснөөс татсан, осол болох үеэр би ухаан алдчихсан юм шиг байна лээ, миний хөлнөөс харанхуйд Э.У гэх эмэгтэй босооч ээ гээд татаж байсан. Би автомашинаас мөлхөж гарахад намайг тэнд байсан хүмүүс машин түлхээрэй гэж хэлсэн бөгөөд тухайн үед ертөнцийн зүгээр автомашины баруун талын хэсэгт буюу жолоочийн эсрэг талын хэсэгт талийгаач Д.Ц дарагдсан юм шиг байдалтай байсан бөгөөд автомашиныг түлхэж, өргөж байж талийгаачийг татаж авах шиг болсон. ...Талийгаач Д.Ц ах Б.Б-той хамт ирсэн бөгөөд тэр залуугаар жолоо бариулахаар болсон. Талийгаач Д.Ц нь тухайн үед өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Автомашин хөдлөхөд Ц ах жолоочийн эсрэг талын суудалд суугаад намайг унтах гэж байхад сэрүүн явж байсан юм...” гэх мэдүүлэг[6],

Дахин гэрчээр өгсөн “...Би автомашин зогссон эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед би унтаж явсан юм. Харин би хойд талын хэсэгт унтахдаа цүнх дэрлээд хэвтсэн, автомашины зүүн хойд талын хаалгаар хэн нэгэн орж ир суугаагүй, хэрэв суусан бол би мэдэх ёстой байсан...” гэх мэдүүлэг[7],

Хохирогчоор өгсөн “...Тэд нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад явцгаасан бөгөөд Д.Ц ах урд жолоочийн эсрэг талын суудалд суугаад 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг Б.Б бариад салбарын захирал Т.Б авто тээврийн цагаан өнгийн фургонд суугаад явсан. Би хойно сууж явахдаа би жолоочийн ар талд хувцас хийсэн байсан цүнхийг хаалга түшүүлж тавиад дэрлээд хэвтээд унтаад явсан. Би хойд талын суудал дээр ганцаараа хэвтэж унтаж явсан бөгөөд нэг мэдэхэд намайг баруун талын хөлнөөс татсан, осол болох үеэр би ухаан алдчихсан юм шиг байна лээ миний хөлнөөс харанхуйд Э.У гэх эмэгтэй татах шиг болсон. Э.У-гийн орилох чимээ гарсан. Миний сандалаас татаад байсан. Тэр үед би ухаан ороод автомашинаас гарахад авто машин тааз хэсгээрээ доошоо харчихсан, дөрвөн дугуй дээшээ харчихсан байдалтай байсан юм аа. Би авто машинаас мөлхөж гарахад тэнд байсан хүмүүс машин түлхээрэй гэж хэлсэн бөгөөд тухайн үед ертөнцийн зүгээр автомашины баруун талын хэсэгт буюу жолоочийн эсрэг талын хэсэгт талийгаач Д.Ц дарагдсан байдалтай байсан ба автомашиныг түлхэж өргөж байж талийгаачийг татаж авсан. Талийгаачийн толгой хэсгээс цус гарчихсан байсан бөгөөд бид нар шууд Миг даатгалын цагаан өнгийн Хайлукс загварын автомашинд талийгаачийг суулгаад эмнэлэг дээр аваачиж эмнэлэг рүү насилкаар өргөж оруулаад эмэгтэй эмчид үзүүлэхэд бид нарт нас барчихсан байна гэж хэлсэн юм аа...” гэх мэдүүлэг[8],

7. Гэрч Т.Б-гийн “...Автомашины хойд талын суудалд Х.Л бид хоёр унтаад явсан эхлээд зогссон болохыг мэдэхгүй, сүүлд харанхуйд нэг газар зогссон бөгөөд зогсоход манай машиныг автотээврийн Б.Б гэх залуу барьж явж байсан. Д.Ц ах хэлэхдээ надад би нойр хүрээд энэ залуугаар автомашинаа бариулж байна гэж хэлсэн. Тэр үед би Х.Л-той шахцалдаад тухгүй байхаар нь Автотээврийн төвийн фургон луу ороод хойд талын суудал дээр ганцаараа унтаад явахаар болсон. Хөдлөх үед манай 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг Б.Б жолоодож явсан...” гэх мэдүүлэг[9],

8. Гэрч Э.У-гийн “...Б.У ах хүүе уначихсан байна шүү дээ гэхээр нь би сэрээд харахад Д.Ц ахын Монгол даатгал ХК-ий автомашин зам тээврийн осолд орчихсон байдалтай байсан юм. Манай машинд Б.У ах, Д.Э, У.А нар явсан. Бид нар буухад машин нь кабины дээд хэсгээрээ газар луу наалдсан дөрвөн дугуй дээшээ харчихсан байдалтай, Б.Б машинаас гараад ирчихсэн байдалтай байсан санагдаж байна. Тэгээд би хамт сууж явсан хүн хаана байгаа юм бэ? гэхэд Х.Л арын суудал дээр ганцаараа байсан бөгөөд би хөлнөөс нь татаад гараач ээ гэж хэлэхэд машины арын хэсгээс хаалганы цонхоор гарсан. Түүний дараа бид нар талийгаачийг авто машины ертөнцийн зүгээр баруун талын хэсгээс буюу жолоочийн эсрэг талын суудлын хэсгээс хүмүүс татаж гаргасан...” гэх мэдүүлэг[10],

9. Гэрч Д.Э-ын “...Наашаа явж байхад Б.Б буугаад зогссон бөгөөд би яасан бэ андаа гэхэд би чиний автомашинд суулаа фургон луу шороо ороод байна гэж хэлсэн. Тэгтэл Монгол даатгалын 99-96 УВХ улсын дугаартай автомашинтай Ц ах ирээд “Боо ахынхаа машиныг хэд бариад өгөөч ах нь элгээр нь газар шүргүүлээд явж чадахгүй байна” гэхэд Б.Б “та өөрийнхөө барьдаг машиныг элгээр нь шүргүүлж байхаар би таныг машиныг адилхан шүргүүлэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Б.Б “Ц ах гуйгаад байна би машиныг нь бариад явлаа шүү” гээд 99-96 УВХ дугаартай автомашиныг Б.Б барьсан. Харин Ц ах буугаад жолоочийн эсрэг талын хэсэгт суугаад бид нар цааш хөдөлсөн. ...Бид хоёр буцаад хүмүүс тойрч зогссон газар луу явж байхдаа би “та хэр явж байна гэхэд ах нь Б.Б-оор машин бариулчихсан  ёстой амар байна” гэж хэлсэн. Түүний дараа бид нар Зүүнхангай сумын нутаг руу хөдлөхөөр болсон. ...Монгол даатгалын машиныг Б.Б бариад дараагаар араас нь Практикал хөдлөөд би тухайн газар дээр 1 эргээд гэрэл тусгаад харчхаад араас нь явсан...” гэх мэдүүлэг[11],

10. Гэрч Б.У-гийн “...Анх зогсдог газар Б.Б Монгол даатгалын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Сүүлд салдаг замаас Монгол даатгалын машиныг хэн жолоодож явсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Э машин зогсоогоод ах та жолоодоод явчих миний нойр хүрээд байна гэж хэлээд хойно суугаад явсан. Би жолоо бариад автомашины араас явж байгаад нэг өгсүүр газраар тонгойгоод ороход урдаас машин явж байгаа юм шиг шороо манарсан. Би даялж гараад харахад машин уначихсан зам тээврийн осол болчихсон байсан. Тухайн машины ойролцоо машинаа зогсоогоод Д.Э-ыг унтаж байсныг сэрээгээд босгоод хамт буухад Ц ахаа гээд хүн орилохоор нь гүйгээд очиход Ц ахаа, Х.Л-оо гээд орилж байсан. Тэгэхээр нь тонгойгоод харахад хүн харагдахгүй байсан бөгөөд арын суудлын доод хэсэгт нэг хөл байхаар нь татахад Х.Л байсан. Х.Л гарч ирээд юу ч мэдэхгүй, манарчихсан, ухаангүй байдалтай байсан. Х.Л нь архи, согтууруулах ундааны зүйл тухайн өдөр бага зэрэг хэрэглэсэн байсан. Талийгаачийг тойроод харахад машины баруун талын хэсэгт жолоочийн эсрэг талын суудлын урд талын салхины шилээр урагш гарсан байдалтай машины тааз болон копуд бараг нийлчихсэн байдалтай, урд талын хамар хэсгээр талийгаачийн хэвлийн доод хэсэг нь газартаа дарагдсан, цээжин бие нь машины гадна талын хэсэгт баруун талдаа гарсан байдалтай, толгойн хуйх нь язраад эргэчихсэн байдалтай байсныг би толгойг нь ороогоод, мишокоор мөн цээж толгойг ороогоод машинд суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг[12],

11. Гэрч Ц.М-ын “...Хар цагаан ус гэх нэртэй газарт очоод зогсож байхад араас Миг даатгал, Практикал даатгалын машин, Монгол даатгалын машин сүүлд ирсэн. Тэгээд Ц ах бууж ирчхээд машин дотор нэг шил юм байгаа аваад ир гээд Х.Л-ыг явуулсан. Тухайн архийг задалчихсан байсан бөгөөд түүнийг тойруулаад шууд хөдөлцгөөсөн, цааш 20 км явж байгаад Б.Б би Б-гийн машинд ороод суучихъя гэж хэлчхээд хүлээж байгаад машинууд ирэхээр нь Б.Б-ыг буулгачхаад урд нь гараад шууд явчихсан. Бид нар нэлээд явж байгаад би шээх гээд зогсоход Монгол даатгалын машин, Практикал даатгалын машин, Миг даатгалын автомашин ирж зогссон ...Монгол даатгалын машин ирж зогсоход Б.Б ах тухайн машиныг жолоодож байгаад машинаас бууж ирсэн. ...Би хөдлөх гэж байхдаа “хүний намхан машин барьж яах юм боль машиндаа суу” гээд манай машинд Т.Б ах хойд талын суудалд сууж байхаар нь “Б.Б-оо Магнай ах сууж байгаа юм уу” гэж хэлчхээд хойд талын машин руу явчихсан...” гэх мэдүүлэг[13],

12. Гэрч Б.Агийн “...Т.Б ирээд би танай машинд сууна манай машин багтаамж муутай байна гэж хэлээд суусан. Тэгтэл Б.Б ирээд Т.Б-г харчхаад “оо би танай машинд суугаад явчихъя” гэж хэлээд тэдний машинд суухаар явчихсан. ...Б.Б архи тойруулж байхад хоёр хундага архи уусан байх, харанхуйд архи тойруулж байхад хэн нь хэчнээн хэмжээтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэгдэхгүй байсан. ...Б.Б зүүн мөр өвдөж байна гэж хэлээд эмнэлэгт үзүүлсэн. Мандал гэх эмчид үзүүлсэн талаараа бид нарт хэлсэн юмаа. Нүүрний хэсэгт зулгарсан зүйл байгаа эсэхийг би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг[14],

13. Гэрч Б.Г-ын “...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 01 цаг 56 минутын үед манай сувилагч С.О гар утсаар яриад “эмнэлэг дээр яаралтай ир хүнд хүн ирлээ” гэж хэлсэн. Би 02 цаг 10 минутын үед ирээд тус сумын Эрүүл мэндийн төвийн хоёр давхарт ороод тухайн хүнийг үзээд зүрхний цохилтыг чагнахад цохилохгүй, судсыг дарж үзэхэд лугшихгүй, зүрхний цохилт зогссон байсан. Тэгээд би цагдаагийн хэсгийн цагдаа нарт мэдэгдсэн. Дуудлагаар ирсэн нас барсан хүний биеийн ил харагдах хэсгийг шалгаж хараагүй, нүүрний хэсэгт ямар нэг гэмтэл харагдахгүй байсан. Сувилагч хэлэхдээ тархи, толгойны хэсэгт гэмтэлтэй байсан гэж хэлсэн. Хамт явсан гэх хоёр залуугаас нэг залуу арай гэмтэл багатай машинд унтаж явж байхад босоорой гээд хөлнөөс татахаар нь сэрэхэд машин онхолдчихсон байсан гэж хэлсэн. Харин түүний дэргэд байсан залуу нь юу болсон талаар тухайн үед ямар нэгэн зүйл хэлээгүй юмаа. Тэр залуугийн зүүн талын мөрний хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй хөхөрчихсөн байдалтай, бусад газарт гэмтэл багатай, зүрх дэлсээд, толгой өвдөөд, шилэн хүзүү хөшөөд байна гээд эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг[15],

14. Гэрч С.О-ын “...Талийгаач хүн гуталгүй оймстой байсан. Талийгаачийн толгой хэсгээс их хэмжээний цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг[16],

15. Гэрч Ц.Э-ын “...Бид нар буцаж хэргийн газрын үзлэг хийж дуусах үед очоод талийгаач аавынхаа хэрэглэж байсан эд зүйлийг хурааж авахад түүний улаан хар хосолсон хоёр ширхэг пүүз нь хоёулаа автомашины урд талын суудалд байсан ба нэг нь жолоочийн талын суудал дээр, нөгөө нь жолоочийн эсрэг талын суудлын орчим байсныг авсан... Би авга эгч Д.Х, Д.Д, н.А ах нартай хамт Х.Л-той уулзаж асуухад “намайг нэг мэдэхэд хөлөөс татаад байхаар нь сэрээд харахад зам тээврийн осол гарсан байсан. Зүүнговь сумаас Зүүнхангай сум руу унтаад явж байгаад хоёр удаа сэрээд харахад Б.Б машин бариад явж байсан, ах хажуу талд нь буюу жолоочийн эсрэг талд суугаад явж байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[17],

16. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Зүүн мөр, эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл нь суудлын бүсний дарагдалт татагдлын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинээр учирсан гэмтлүүд байна. Б.Б-ын хамар яс хуучин хугарч байсан байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт[18],

17. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 369 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Х.Л-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун тохойд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинээр учирсан гэмтлүүд байна. Х.Л-ын хамар яс, хоёр талын ухархай ясны дотно хана хуучин хугарч байсан. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт[19],

18. 2020 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 27 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Талийгаач Д.Ц-н биед гэмтэл учирсан байна. Дух баруун, зүүн зулай, чамархай, суурь ясны хугарал, 2 нүдний ухархай, баруун, зүүн хацар, хамар, эрүүний ясны хугарал, тархины суурь хэсгийн эдийн няцрал, их тархины баруун, зүүн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт хуйханд том хэмжээний язарч хууларсан шарх цээжний баруун талын 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12 дугаар хавирга, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, бүслэхийн 2 дугаар нугалмын их бие хэсгийн хөндлөн хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, элэгний задрал, баруун бөөрний тасрал, баруун чихний дэлбэн сэтэрч тасарсан шарх, зүүн чихний дээд угт, зүүн хөмсгөнд язарсан шарх, дух, зүүн зулай, зүүн нүдний гадна буланд, цээж, хэвлий, бүсэлхийн баруун, зүүн хэсэгт, зүүн бугалга, баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Зүүн шуунд цус хуралт гэмтэл нь дээрх гэмтлүүдээс өмнө цаг хугацаанд үүссэн байна. Талийгаач Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаачийн цусанд 2.3%, ходоодны агууламжид 2.1%, шээсэнд 3.0% промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолтой байсан байна. ...Талийгаач Д.Ц нь В(III) бүлгийн цустай байсан байна. ...Талийгаач Д.Ц нь зүүн уушги цээжний ханатай наалдацат үрэвсэл, зүүн уушгины дээд дэлбэнд цайвар өнгийн голомт, зүүн бөөрний уйланхай бүхий өөрчлөлтэй байжээ. Дээрх өөрчлөлт бүхий өвчин талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач Д.Ц нь дээрх гавал тархи, цээж хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт[20],

19. Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай “...Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр жолооч болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна. ...Жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.2-д харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна. ...Тухайн осол нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж тодорхойлсон байна. Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан болж байна. Б.Бын буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт[21],

20. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20-02 дугаартай техникийн шинжээчийн “99-96 УВХ улсын дугаартай хар саарал өнгийн Лада загварын автомашинд онхолдсоны улмаас моторын хөргөлтийн шингэн, тосолгооны шингэн бүрэн юүлэгдсэний улмаас мотор ажиллагаагүй болсон, урд буфер хагарсан, ашиглах боломжгүй болсон, баруун урд талын шанаа чихэгдэж хонхойсон, эвдэрсэн, баруун урд талын оврын гэрэл хагарсан, урд талын салхины шил хагарсан, зүүн талын урд, хойд талын хаалганы шил хагарсан, автомашины кабин нэлэнхийдээ гулзайсан, бүхээг дотогшоо чихэгдэж хонхойсон, дахин ашиглах боломжгүй болсон, баруун урд шанаа төмрийг мөн засварлаж дахин ашиглах боломжгүй болсон, зүүн хойд талын дугуй хагарсан, обуданд зурагдаж, гэмтэл авсан, зүүн урд талын хаалганы төмөр дотогшоо чихэгдсэн, зүүн хойд хаалганы хэсэгт хонхойсон, хаалга гажсан, урд копудны баруун талын хэсгээр хонхойсон, гажиж, гулзайсан, будаг нь ховхорсон, хойд талын хоёр дугуйны шаврын хаалт урагдсан, автомашины хойд талд байрлах яндан цохигдож, бэхэлгээ хэсэг нь тасарсан, хэвийн урд талын нүүр хэсгийн хаймар цуурч хагарсан, радиатор ажиллагаагүй, эвдэрсэн, баруун урд талын их гэрлийн гадна шил цуурсан зэрэг гэмтэл үүссэн байна. Уг үүссэн гэмтэл нь автотээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүд, ангилал ерөнхий шаардлага MNS 4470:2005 улсын стандартын 5.1, 5.6 дахь заалт, автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2012 улсын стандартын 4.4, 4.7, 4.9, 5.1.1, 5.5.1 дахь ихэнх шаардлагуудыг хангахгүй болсон байна. Эвдэрсэн эд ангиудыг солих шаардлагатай. 99-96 УВХ улсын дугаартай хар саарал өнгийн Лада загварын автомашины тооромслохтой холбоотой эд анги хэвийн ажиллагаатай, ямар нэг эвдрэл гэмтэлгүй байна. Шинжилгээний явцад өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй” гэх дүгнэлт[22],

21. Увс финанс аудит ХХК-ий 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай “2020 оны 5 дугаар сарын байдлаар Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 13’010’708 /арван гурван сая арван мянга долоон зуун найман/ төгрөг болохыг тодорхойлов. ...Увс аймагт 2020 оны 5 дугаар сарын байдлаар Лада загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 35’100’000 /гучин таван сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[23],

22. Увс финанс аудит ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаартай “2020 оны байдлаар Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашины ОХУ-аас захиалгаар нийлүүлэх сэлбэг эд ангийн тээврийн зардлын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 3’147’040 /гурван сая нэг зуун дөчин долоон мянга дөч/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[24],

23. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед машин жолоодож яваагүй арын суудалд зорчиж явсан тул намайг энэхүү хэрэгт холбоотой мэтээр буруутгаж байгаа учир надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сумдын нутгаар автын үзлэг, оношилгоо хийж байсан бөгөөд Зүүнговь сумаас Зүүнхангай сум руу явах болсон. ...хэсэг явж байгаад зогссоны дараа манай машины араас Миг даатгалын машин ирж, түүний дараа Монгол даатгал ХК-ийн машин ирэхийг нэлээн удаан хүлээсний эцэст ирсэн, түүний араас Практикал даатгалын машин ирсэн. Тэр үед Д.Ц гэх хүн өөрөө машинаа жолоодож ирсэн бөгөөд тухайн үедээ манай машин элсэнд элгээрээ хэвтээд явахгүй байна, би өөрөө машинаа жолоодож чадахгүй байна гэсэн, тэр үед хэн нь мэдэхгүй нэг шил архи гаргаж ирээд тэр архийг тойруулсан. Тэр архинаас би 2 хундага уугаад тэнд байсан хүмүүс бүгд тойрч зогсоод уусан, хэн хэдэн грамм уусныг би мэдэхгүй. Тэндээс хөдлөх болоход Д.Ц гэдэг хүн намайг “Б.Боо чи ахынхаа машиныг элснээс бариад гаргаад өг, ах нь машинаа элсэнд элгээрээ хэвтүүлээд байна” гэхээр нь би “та өөрөө машинаа элгээрээ хэвтүүлж байгаа юм чинь би яаж таны машиныг барьж гаргах бэ” гэсэн, гэтэл бариад өг гээд гуйгаад байхаар нь би машиныг нь бариад хөдөлсөн. Бид нар хөдлөх үед арын суудалд Т.Б согтуу унтаж байсан, урд сууж ирсэн Х.Л хойш суугаад би жолоо бариад урд Д.Ц ах суусан, бид нар хэсэг явж байгаад дахин зогссон ба тэгэхэд тэнд дахин архи тойруулсан, тэр архинаас би уугаагүй. Тэгээд хөдлөх гэхэд би өөрийнхөө машинд суух гэхэд манай машинд Т.Б ах фургонд ороод суучихсан байсан, би машинд суух гэтэл машинд суух боломжгүй байсан. Т.Б намайг чи манай машинд суучих гэхээр нь би Монгол даатгалын машинаас зөрөөд Хайлукс загварын автомашинд суух гэхэд Д.Ц ах намайг “чи ахынхаа машиныг бариад явчихаа” гэхээр нь би Лада загварын автомашиныг бариад хөдөлсөн. Хэсэг явж байсны дараа хатуу зам дээр гарсан тэр үед Миг даатгалын машин манай машиныг гүйцэж түрүүлсэн. Тэр үед Д.Ц “одоо сум ойртож байна. Манай машины ард машингүй болчихлоо, чи машин барьж явж чадахгүй байна” гээд зогсоогоод тойроод миний хажууд ирсэн. Тэгэхээр нь би түүнд жолоогоо шилжүүлээд суух гэхэд “хурдан суу, хурдал хурдал урд байгаа машинууд алга боллоо” гэхээр нь би арын суудалд орж суусан. ...Д.Ц ах намайг дуудаж сэрээсэн. Тэр үед нь би “яасан бэ” гэхэд “өнгөрсөн жил төөрч орсон Завхан тэс сум руу явах самбар юм шиг байна, тэр лүү орчих шиг боллоо” гэсэн. Би нойрмог байсан учир хараагүй, буцаад хэвтээд унтаж байхад Д.Ц ах Б.Боо гээд миний баруун энгэрээс татсан тэгээд би сэрээд ай гээд урагш харахад Д.Ц над руу хазайж эргэсэн байдалтай байсан бөгөөд машин орилоод харжигнаж дугараад онхолдсон...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б “Осол болох үед би энэ тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй. Би энэ тээврийн хэрэгслийг барьж явсан хугацаа гэвэл Зүүнговь сумын Бөөрөгийн хаяаны элснээс гаргаж өгсөн. Буцаагаад жолоогоо шилжүүлээд өгсөн. Энэ хүн осол болох үед өөрөө машин барьж явсан. ...Би машиныг Зүүнговь сумын элснээс барьж гарахаар машинд суухад надтай зэрэгцээд жолоочийн ард талаар Л хойд талын зүүн хаалгаар орж суусан. Тэр талдаа цүнх тавиад дэрлээд хэвтэж явсан гэдэг нь худал. ...Цуснуудыг жолоочийн хаалганы доод, дээд, ирмэг хэсэг, жолооны хүрдний цаад талаас бүх цуснуудыг авсан байдаг. Нөгөө талдаа ямар ч цус байдаггүй. 52 кадер зургийн 47 дугаартай зураг дээр тодорхой харагдаж байсан. Энэ талдаа ямар ч цус байхгүй. Эсрэг талдаа цус болсон байсан. Цацраад жолооч талдаа цус болсон гэж яриад байсан. Жолоочийн эсрэг талд сууж явсан хүн их хэмжээний цус гараад жолооны хүрдний урд бүгдэд нь цус болсон бол эндээ ямар ч цус үлдээгүй байдаг вэ? Тийм болохоор энэ хүн угаасаа энэ талдаа сууж явсан. Би энэ машиныг барьж яваагүй. ...Намайг тэр машиныг өгөөд буцаагаад ард нь суугаад унтаад явж байхад Манай машин Д.Э-ын машиныг гүйцээд урд нь ороод явж байсныхаа дараа осолд орсон байдаг. Д.Э гэрч миний хажуугаар зөрөхдөө бараан өнгийн хувцастай хүн машиныг бариад зөрсөн гэж хэлдэг. Гэхдээ би гэрлийн гялбаанд хэн барьж явсныг хараагүй гэдэг. Би хэрэг болох үед цагаан өнгийн куртиктэй явсан. Тэр үед мөрдөн байцаагчид өмсөж явсан бүх хувцсаа гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н-гийн “Манай нөхөр ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Өөрийн гэсэн жолоочгүй учраас өөрөө бариад явж байсан. Би нөхрөө осол аваар гаргах үед машин бариагүй явсан гэдгийг би мэдэж байна. Энэ хүү танай нөхөр барьж явж байсан. Мөн эмнэлэгт очоод эм, тариа хийлгэсэн гэж хэлж байсан. Тэр худал байдаг. Би сайхан хань ижлээсээ салсан. Бид хэцүү байдалтай байна. Энэ хэргийг зөв үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хүний амь насыг үнэлэх боломжгүй байна. Би дөнгөж амьдралын зах татаж байгаа 2 хүүхэдтэй үлдсэн. Энэ хүү гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Би банкны зээл, хүүхдийн ирж буцсан зардал нийт 96’600’000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М-ын “Хавтаст хэргийн 166-167-р талд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2020 оны 5 дугаар сарын байдлаар Лада загварын автомашины зах зээлийн үнэ нь 35’100’000 төгрөг болохыг тодорхойлсон. Ийм учраас шүүгдэгчээс 35’100’000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.М-гийн “2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол даатгал ХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар манай компанийн ажилтан Д.Ц-ы бусдад учруулсан гэм хорыг тэргүүн ээлжид манай компани хариуцах ёстой болохоос Д.Ц-д учирсан гэм хорыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй” гэх мэдүүлэг тус тус өгсөн байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх нэртэй газарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын эзэмшлийн 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашин онхолдож шүүгдэгч Б.Б, хохирогч Х.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Ц-ы амь нас хохирсон үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Л, гэрч Т.Б, Э.У, Д.Э, Б.У, Ц.М, Б.А, Ц.Э, Б.Г нарын мэдүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай шүүгдэгч Б.Б-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 369 дугаартай хохирогч Х.Л-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашинд шүүгдэгч Б.Б, хохирогч Х.Л, амь хохирогч Д.Ц нар зорчиж явсан бөгөөд хохирогч Х.Лын гэрчээр өгсөн “Бид нар хоёр дахь удаагаа зогсож архи, согтууруулах ундаа хэрэглэсэн цэгээс цааш явахад би даараад байсан учраас зузаан хувцас өмссөн бөгөөд тэр үед манай 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг Б.Б гэгч нь жолоодож явсан. Харин талийгаач Д.Ц автомашины урд жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан юм. Би хойд талын суудал дээр ганцаараа хэвтээд унтаж явсан ...Талийгаач Д.Ц ах Б.Б-той хамт ирсэн бөгөөд тэр залуугаар жолоо бариулахаар болсон. Талийгаач Д.Ц нь тухайн үед өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Автомашин хөдлөхөд Ц ах жолоочийн эсрэг талын суудалд суугаад намайг унтах гэж байхад сэрүүн явж байсан юм” гэх мэдүүлэг, дахин гэрчээр өгсөн “...Би автомашин зогссон эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед би унтаж явсан юм. Харин би хойд талын хэсэгт унтахдаа цүнх дэрлээд хэвтсэн, автомашины зүүн хойд талын хаалгаар хэн нэгэн орж ир суугаагүй, хэрэв суусан бол би мэдэх ёстой байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-гийн “...манай машиныг автотээврийн Б.Б гэх залуу барьж явж байсан. Д.Ц ах надад хэлэхдээ “би нойр хүрээд энэ залуугаар автомашинаа бариулж байна” гэж хэлсэн. Тэр үед би Х.Л-той шахцалдаад тухгүй байхаар нь Автотээврийн төвийн фургон луу ороод хойд талын суудал дээр ганцаараа унтаад явахаар болсон. Хөдлөх үед манай 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг Б.Б жолоодож явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ын “...Наашаа явж байхад Б.Б буугаад зогссон бөгөөд би яасан бэ андаа гэхэд би чиний автомашинд суулаа фургон луу шороо ороод байна гэж хэлсэн. Тэгтэл Монгол даатгалын 99-96 УВХ улсын дугаартай автомашинтай Ц ах ирээд “Боо ахынхаа машиныг хэд бариад өгөөч ах нь элгээр нь газар шүргүүлээд явж чадахгүй байна” гэхэд Б.Б “та өөрийнхөө барьдаг машиныг элгээр нь шүргүүлж байхаар би таныг машиныг адилхан шүргүүлэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Б.Б “Ц ах гуйгаад байна би машиныг нь бариад явлаа шүү” гээд 99-96 УВХ дугаартай автомашиныг Б.Б барьсан. Харин Ц ах буугаад жолоочийн эсрэг талын хэсэгт суугаад бид нар цааш хөдөлсөн. ...Бид хоёр буцаад хүмүүс тойрч зогссон газар луу явж байхдаа би “та хэр явж байна гэхэд ах нь Б.Б-оор машин бариулчихсан ёстой амар байна” гэж хэлсэн. Түүний дараа бид нар Зүүнхангай сумын нутаг руу хөдлөхөөр болсон. ...Монгол даатгалын машиныг Б.Б бариад араас нь Практикал хөдлөөд би тухайн газар дээр 1 эргээд гэрэл тусгаад харчхаад араас нь явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.У-гийн “...Анх зогсдог газар Б.Б Монгол даатгалын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Сүүлд салдаг замаас Монгол даатгалын машиныг хэн жолоодож явсан болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-гийн “...Т.Б ирээд би танай машинд сууна манай машин багтаамж муутай байна гэж хэлээд суусан. Тэгтэл Б.Б ирээд Т.Б-г харчхаад оо би танай машинд суугаад явчихъя гэж хэлээд тэдний машинд суухаар явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ын “...Х.Л-той уулзаж асуухад ...Зүүнговь сумаас Зүүнхангай сум руу унтаад явж байгаад хоёр удаа сэрээд харахад Б.Б машин бариад явж байсан, ах хажуу талд нь буюу жолоочийн эсрэг талд суугаад явж байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл учирсан байна. ...Зүүн мөр, эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл нь суудлын бүсний дарагдалт татагдлын улмаас үүсэх боломжтой” гэх дүгнэлт зэргийг нэгтгэн дүгнэхэд тухайн автомашиныг жолоодож явсан хүн Б.Б болох нь тогтоогдож байна.

Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэснийг, 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг, 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна. Мөн шинжээч “Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглон гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан болж байна...” гэж дүгнэсэн байх тул шүүгдэгч Б.Бын буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, амь нас хохирсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д заасны дагуу “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасныг зөрчсөн, согтолтын зэргийг тогтоогоогүй гэж маргажээ. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа ...хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасныг цагдаагийн эрх бүхий албан хаагч зөрчсөн байх боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилд хамаарахгүй.

Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Тэр архинаас би 2 хундага уугаад тэнд байсан хүмүүс бүгд тойрч зогсоод уусан, хэн хэдэн грамм уусныг би мэдэхгүй...”, гэрч Б.А-гийн “...Б.Б архи тойруулж байхад хоёр хундага архи уусан байх, харанхуйд архи тойруулж байхад хэн нь хэчнээн хэмжээтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэгдэхгүй байсан...”гэх мэдүүлэг, “...Зүүнхангай сумын Цагдаагийн хэсгийн байранд Б овогтой Б-г 03 цаг 03 минутад согтуурал шалгах “Drager Alcotest 6810” маркийн багажаар үлээлгэн шалгахад 0.66 хувийн согтолттой гарсан” гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус шүүгдэгч Б.Б архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. Мөн Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%o) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн буюу гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Иргэний нэхэмжлэгчээр Монгол даатгал ХК-ийг тогтоосон атлаа, хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй байна” гэж маргажээ. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Л Монгол даатгал ХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож[25], мөн өдөр Монгол даатгал ХК-д “иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж ирүүлэх[26]” агуулга бүхий албан бичгийг явуулсны дагуу 2020 он 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг дахь салбарын захирал албан тушаалтай Т.Б-г томилсон тухай албан бичгийг Монгол даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Э хэрэгт ирүүлжээ[27].

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй бол тогтоосон хугацааны дотор өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг шүүх, прокурор, мөрдөгч хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж, 4 дэх хэсэгт “тогтоосон хугацаанд хуулийн этгээд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол шүүх, прокурор хууль ёсны төлөөлөгчийг томилно” гэж тус тус заасан байна. Тодруулбал хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан томилох бөгөөд шүүх, прокурор, мөрдөгчөөс тогтоосон хугацаанд томилоогүй тохиолдолд шүүх, прокуророос томилохоор тусгайлан зохицуулсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Цуснуудыг жолоочийн хаалганы доод, дээд, ирмэг хэсэг, жолооны хүрдний цаад талаас бүх цуснуудыг авсан байдаг. Нөгөө талдаа ямар ч цус байдаггүй. 52 кадер зурагны 47 дугаартай зураг дээр тодорхой харагдаж байсан. Энэ талдаа ямар ч цус байхгүй. Эсрэг талдаа цус болсон байсан. Цацраад жолооч талдаа цус болсон гэж яриад байсан. Жолоочийн эсрэг талд сууж явсан хүн их хэмжээний цус гараад жолооны хүрдний урд бүгдэд нь цус болсон бол эндээ яагаад ямар ч цус үлдээгүй байдаг вэ? Тийм болохоор энэ хүн угаасаа энэ талдаа сууж явсан. ...8 төрлийн цусыг авсан байдаг. Энэ цуснуудыг хэний болохыг шинжлээд өгч болохгүй юу? Тэгвэл хэний цус жолооны хүрд, хаалганд хэний цус хүрээд байгаа нь мэдэгдэнэ...” гэж маргажээ.

Хэргийн газрын үзлэгээр 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашинаас “зүүн урд хаалга, жолооч талын урд багана, хянах самбараас №1, гадна баруун талын хаалганы хүрээнээс бэхжүүлж авсан №2, баруун талын хаалганы гадна хүрээний хэсгээс №3, баруун урд хаалганы гадна доод хэсгээс №4, баруун хаалганы гадна доод хэсгээс №5, жолооч тус таазны хэсгээс нь №6 тэмдэглэсэн цус мэт хүрэн улаан өнгийн ул мөрийг шинжээч Б.Баттулга бэхжүүлж авсан. Мөн 20 дугаартай цэг орчимд байгаа хүрэн улаан өнгийн хатсан ул мөрийг 20 дугаараар тэмдэглэн бэхжүүлсэн. Мөн баруун урд талын хаалганы гадна талын хэсгээс цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гарын мөр байсныг илрүүлж бэхжүүлж авсан...” гэх 1-8 хүртэл дугаарласан 8 хэсэг биологийн гаралтай ул мөрийг эд мөрийн баримтаар тооцож авсан байна. Тодруулбал тухайн 8 хэсэг биологийн ул мөрийг жолооч (№1, №6) болон жолоочийн эсрэг талаас (№2, №3, №4, №5, №20 ...) цуглуулсан байх бөгөөд машин онхолдож өнхөрсний улмаас хохирогчийн цус цацагдсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж дүгнэсэн бөгөөд тухайн автомашиныг шүүгдэгч Б.Б жолоодож явсан болох бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул биологийн гаралтай 8 ул мөрийг хэнийх болохыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчиж, хохирогч Х.Л-ын эрүүл мэндэд хохирол учруулах, амь хохирогч Д.Ц-ы амь насыг хохироох сэдэлт, зорилгогүйгээр буюу болгоомжгүйгээр хохирол, хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н буруутайд этгээдээс 96’636’580 төгрөг нэхэмжилснээс 55’000’000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 41’636’580 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 20’000’000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна. Ц.Э, хууль ёсны төлөөлөгч Ё.Н нар 2016-ны өдөр Хаан банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд амь хохирогч Д.Ц нь тухайн гэрээний оролцогч биш байх тул орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 35’000’000 төгрөг нэхэмжилснийг мөн хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Монгол даатгал ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг амь хохирогч Д.Ц шүүгдэгч Б.Б-д шилжүүлснийг мэдсээр байж Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон 39’136’580 төгрөгийг Монгол даатгал ХК-иас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н-д олгох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу Монгол даатгал ХК нь 39’136’580 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсний дараагаар шүүгдэгч Б.Б-оос буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өмгөөлөгчид төлөх зардал” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н-гийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 2’500’000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмгөөллийн зардалд 2’500’000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашин үнэ болох 35’100’000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмт эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх зардлыг 13’010’708 төгрөг, автомашины үнийг 35’100’000 төгрөг гэж тус тус тодорхойлсон байна.

Харин 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20-02 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх буюу засварлах боломжтой эсэх талаар тодорхойлоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Монгол даатгал ХК-ий 99-96 УВХ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч Х.Л нь мөрдөн байцаалтын явцад “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй[28]” гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас Х.Лт учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлын талаар гэрч Б.О-ийн “...Б.Б нь хүүхэд байхдаа үг дуу цөөтэй, төлөв даруухан зантай, хүний хэлснийг сайн биелүүлдэг, үгэнд сайн ордог, ажилсаг, тусархуу хичээлээ сайн хийдэг тийм л хүүхэд байсан. Одоо мөн хүүхэд зангаараа байгаа тайван дөлгөөхөн зантай, даруухан, үг дуу цөөтэй, уурлаад байдаггүй, ажилсаг, тусархуу, хүнтэй эелдэг боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, гэр бүлийн гишүүдтэй эвсэг, сайн харилцаатай, ямар нэг муу зуршилгүй, тамхи татдаггүй, ...хааяа хүндэтгэн үзэх шалтгаантайгаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байх, миний хажууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг[29], гэрч Ж.С-гийн “...Б.Б тайван дөлгөөхөн зантай, даруухан, хүний хэлсэн үгэнд сайн ордог, үгнээс гардаггүй, тайван, уурлаад байдаггүй, ажилсаг, тусархуу, ах, дүү төрөл садангийн хүмүүстэй эвтэй, эвсэг харилцаатай, ямар нэг муу зуршилгүй, тамхи татдаггүй, ...найз нөхөдтэйгээ, найр наадмаар амсдаг байх, ихэнхдээ уудаггүй, надтай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, хэрэглэсэн байдалтай таарч байгаагүй. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, их хүмүүжилтэй, төлөвшил сайтай...” гэх мэдүүлэг[30], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[31] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлжээ. Уг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Автотээврийн төвд үзлэгийн техникч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 5-10 тоотод оршин суудаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Бын өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, хор уршгийг нөхөн төлөх талаар санаачлаг гаргаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлээс уучлалт гуйгаагүй зэргийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулна үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэргийн газарт болон автомашинд үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1-8 хүртэл дугаарласан 8 хэсэг биологийн ул мөрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нд шүүгдэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2’500’000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Монгол даатгал ХК-иас 39’136’580 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н-д олгож, нэхэмжлэлээс 55’000’000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний нэхэмжлэгч Монгол даатгал ХК-ийн гаргасан 35’100’000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, автомашины хохирол болон шүүгдэгчийн өмнөөс хохирогчид төлсөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэргийн газарт болон автомашинд үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1-8 хүртэл дугаарласан 8 хэсэг биологийн ул мөрийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА

 

[1] 1-р хх-ийн 5-32 дугаар хуудас

[2] 1-р хх-ийн 33-50 дугаар хуудас

[3] 1-р хх-ийн 51-59 дүгээр хуудас

[4] 1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас

[5] 1-р хх-ийн 95-96 дугаар хуудас

[6] 1-р хх-ийн 109-110 дугаар хуудас

[7] 1-р хх-ийн 111-112 дугаар хуудас

[8] 1-р хх-ийн 98-100 дугаар хуудас

[9] 1-р хх-ийн 107-108 дугаар хуудас

[10] 1-р хх-ийн 117-118 дугаар хуудас

[11] 1-р хх-ийн 119-120 дугаар хуудас

[12] 1-р хх-ийн 122-123 дугаар хуудас

[13] 1-р хх-ийн 125-126 дугаар хуудас

[14] 1-р хх-ийн 127-128 дугаар хуудас

[15] 1-р хх-ийн 135-136 дугаар хуудас

[16] 1-р хх-ийн 137 дугаар хуудас

[17] 1-р хх-ийн 143-144 дүгээр хуудас

[18] 1-р хх-ийн 157-159 дүгээр хуудас

[19] 1-р хх-ийн 166-167 дугаар хуудас

[20] 1-р хх-ийн 175-180 дугаар хуудас

[21] 1-р хх-ийн 205-206 дугаар хуудас

[22] 1-р хх-ийн 234-235 дугаар хуудас

[23] 1-р хх-ийн 246 дугаар хуудас

[24] 2-р хх-ийн 234 дугаар хуудас

[25] 1-р хх-ийн 101 дүгээр хуудас

[26] 1-р хх-ийн 102 дугаар хуудас

[27] 1-р хх-ийн 103 дугаар хуудас

[28] 1-р хх-ийн 98-100 дугаар хуудас

[29] 1-р хх-ийн 150-151 дүгээр хуудас

[30] 1-р хх-ийн 152-153 дугаар хуудас

[31] 3-р хх-ийн 27 дугаар хуудас