Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          03           17                                    2021/ШЦТ/170                                

                                                                                                                     

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Б.С, хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав,

шүүгдэгч А.З, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гантуяа, Ж.Энхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн З-т холбогдох эрүүгийн 18100 2574 0888 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Рояль плаза төвд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн З /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.З нь 2017 оноос хойш 2019 оны 02 дугаар сарын хооронд хохирогч Б.Сгийн 99хххх26 дугаарын утас руу залгаж “ална, хүчиндэнэ, дүүжилнэ” гэх мэтээр заналхийлсэн,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Оргил шилтгээнд байрлах Б.Сгийн ажлын байранд түүнийг 2 удаа алгадаж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                               

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг. Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчийг сайн танихгүй. Урд нь 2016 онд билүү 2017 онд билүү 10 дугаар хорооллын бэйкэрид уулзаж байсан. Миний уур хүрээд хохирогч руу залгаад хэл амаар доромжилдог. Гэхдээ би Б.С луу залгахдаа өөрийн утасны дугаарыг нууцалж байгаад ярьдаг байсан. Би 88хххх09 дугаарыг л ашигладаг, өөр бусад  утасны дугаарыг мэдэхгүй, минийх биш. Бидний дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Төрөл садан, найз нөхдийн харилцаа байхгүй. Би хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй.” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Өдрийг нь сайн санахгүй байна. Хамгийн анх Цогтбаатар гишүүнтэй кофе шопод кофе ууж байхад А.З над руу залгасан. Би утасны чанга яригч дээр тавьж утсаар ярьдаг болохоор намайг утсаа авахад МАН хэн, хэн гэлээ, миний санаж байгаагаар Аюурсайхан гишүүний нэрийг хэлээд “Аюурсайханыгаа авчир” гэж хамгийн анх эхэлж байсан.

Дараа нь “Багабанди” гээд чарлаад байсан. Түүнээс хойш тэр дугаараас нь залгахаар нь дугаар андуурсан байх гэж таслаад аваагүй. Шүүгдэгч жилдээ 2 удаа ярьдаг гэж байна. Энэ бол худлаа. Энэ талаарх 10 гаруй бичлэгийг СД дээр багцалж буулгаад Цагдаагийн байгууллагад өгсөн. Үлдсэн бичлэгүүдийг утсан дээрээ хадгалсан, одоо ч энэ бичлэгүүд надад байгаа. Цагдаагийн байгууллагад бүх бичлэгийг хуулч өгөөгүй, түүвэрлэж өгсөн. Миний өгсөн бичлэгүүд хангалттай байх гэж бодсон. Нилээн олон бичлэг байгаа, би 2 утастай явдаг, нэг утсаар яриад нөгөө утсаараа яриаг нь бичдэг. Намайг “Шангриллад ирж уулз” гэж шаардаж байсан. “Хэзээ ч уулз гэж шаарддаггүй” гэж шүүгдэгч худал хэлж байна. Би дуудсан цагт нь очихгүй шүү дээ.

Тэгээд миний утас болохгүй болохоор нь Шангриллагийн кофе шопт таарсан хүний утасны дугаараас ярьсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би гайхаад буцаад тэр дугаар руу нь яриад, Аюурзана гэх мөрдөгчид “энэ утаснаас залгаад байна” гэж хэлсэн. Би залгасан дугаар руу нь буцааж залгахад “миний утаснаас хүнтэй яриад өгье” гээд танихгүй хүн ярьсан гэж хэлсэн.

“Шангрилла дээр хүрээд ир, чи “Жи класс”-тай явж байсан биз дээ, ах нарыгаа дагуулаад ир, үзье” гэж хэлсэн. Энэ хэлсэн дууных нь бичлэгийг та бүхэнд сонсгож болно. Миний утсанд цагдаад өгөөгүй бичлэг нилээн их хадгалагдсан байгаа. Цагдаад 10 гаруй бичлэгийг сиди дээр багцлаад өгөхөд цагдаа “энэ бичлэг хангалттай, бүгдийг нь өгөөд яах вэ” гэж хэлсэн.

Миний ажлын байран дээр ирсэн нь камерын бичлэгт тодорхой байгаа. Эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ хүлээгээд сууж байдаг болохоор бүх үйл явдал дээр эцэг эхчүүд байсан. Манай жижүүр, рессепшн нар мэдүүлэг өгсөн байсан. Дандаа намайг хичээлтэй байхад орж ирнэ, мөн хутгатай орж ирдэг. Нэг удаа 10 дугаар хорооллын Наран гэх Япон сургуулийн 5 давхарт орж ирээд заналхийлсэн, энэ талаарх бичлэгийг нь мөн өгсөн.

Түүнээс болж эцэг, эхчүүд “аюултай, эрсдэлтэй юм байна” гээд тэр салбараа тэр чигээр нь хаасан. Миний хувьд бизнесийн тал дээр их алдагдлыг хүлээсэн. Түрээслэгчид “эрсдэлтэй, түрээслэхгүй” гээд хөөгдсөн гэхэд болно. Бизнесээ нилээн удаан хугацаагаар хаасны дараа “Их наяд” төв дээр шинэ салбараа нээсэн. Их наяд төв дээр очсон байхад хүртэл дарамталдаг байсан. Байнгын айдас дарамттай, хаанаас, хэн намайг шөнө явж байхад чирэх бол, хэн миний хоолойг хэрчих бол гэж бодож дарамтад байдаг болсон. Би сэтгэл зүйчид хандан эмчилгээнд явж, эм уудаг, маш хүчтэй унтуулах эмийг уудаг.

Оргил шилтгээн төв дээр 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эцэг эхчүүд үүдэнд, намайг зааланд хичээл орж байх үеэр үгийн зөрүүгүй, гуталтайгаа орж ирээд хүүхдүүдийн нүдэн дээр аймшигтай хэрцгийгээр баруун гараараа намайг цохиж унагаасан. Би юм болгоныг бичиж баримтжуулж авахгүй бол миний амнаас гарч байгаа үг худал юм шиг болж байна.

Эцэг, эхчүүд шокийн байдалд ороод, салгахгүй хараад зогсож байсан. Би “ээж нараа бичлэг хийгээрэй” гэж чарлахад хэдэн ээж бичлэг хийсэн. Тэр бичлэг нь сарнисан байсан тул бичлэгүүдээс түүвэрлэж аваад гайгүйг нь цагдаад өгсөн. Прокуророос хэргийг зөндөө олон удаа хаасан болохоор аргаа бараад сошиал дээр тавьсан. Зодуулж, нүдүүлж дарамтлуулдаг нь үнэн талаар бичлэгээ тавьсан. Тэр өдрөөс хойш шокийн байдалтай 1 сар гаруй эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эмчлүүлж байгаа.

Би Оргил шилтгээнд заалаа түрээслээд удаагүй байсан. Заалаа нээхэд өчнөөн төгрөгийн зарлага гарсан. Манай түрээслэгч нар “камер тавь, камер тавихгүй болохоор тэгж байна. Дээрээс нь түрээслүүлэх эсэхээ буцаж ярилцана, яагаад гэхээр хүүхдийн сургалт явуулдаг газар. Чамаас болоод манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ залуу чинь ирэх, ирэхгүй нь тодорхойгүй учраас хэдүүлээ гэрээгээ эргэж харъя” гэхэд нь би гуйж, сөгдөн барин байж энэ зааландаа үлдэж байна. 40.0-50.0 сая төгрөгөөр заалаа босгосон. Би банк бусаас зээл авч байж энэ газрыг нээсэн.

Хэзээ намайг алах бол яах бол ийх бол гэж байна. Гол нь юм болгоныг баримтжуулж, бичиж авахгүй бол надад итгэдэг хүн байхгүй. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хуучин барьж байсан утсаа давхар авч ирсэн. Энэ хүн эрх чөлөөтэй явж байгаа нь миний амь насанд эрсдэлтэй байна. 2 удаа сүрдүүлээд орхиж болно. 3 жилийн турш намайг тууштай дарамталж байна. Өөр олон Навчаа, Цэцэгээ гэх олон эмэгтэйчүүд байна. Яагаад Б.С гэж, миний мууг үзэх гэж байна. “Чи сошиалд харагдаад байна. Сошиал, зурагтаар харахаар стресстээд байна. Алмаар байна” гэдэг. Тэр бичлэг нь байгаа. Одоо сонсгож болно. Би ойлгохгүй байна, миний ажил дандаа сошиалаар явагддаг. Хүүхдүүдтэйгээ зургаа авахуулж, постолдог. Би энэ хүнээс болж ажил мэргэжил, бизнес, үг үйлдэл бүхнээ хянаж байна. Энэ хүнийг надаас хол байлгаж өгнө үү. 3 жил ингэж сүрдүүлчихээд энэ сүрдүүлэг нь хэзээ биелэх юм бүү мэд. Би прокурортой очиж уулзсан, цагдаа нартай мөн уулзаж байсан. Хэргийг хаах болгонд “би үхчихээд ирэх юм уу, та нар намайг үхчихээд ирэх юм бол энэ хэргийг шийдэж өгөх юм уу” гэж гуйдаг байсан. Цагдаагаас “биед чинь халдаагүй тул хэргийг хаасан” гэдэг. 2-3 удаа ирж биед халдчихлаа. Биед халдаад түүнийг баримтжуулж байж шүүх хуралдаан товлогдож байна. Энэ хүнийг хол байлгаж өгөөч. Энэ хүний хажууд үг эвлэхгүй салгалаад байх юм. Би гомдолтой, хэцүү  байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2574 0888 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сгийн хохирогчоор өгсөн:

“...2017 оны зунаас 88хххх09, 20288889 дугаар болон дугаараа нууцалсан байдалтай үл таних эрэгтэй хүн залгаад” чи айгаагүй бол надтай уулзаач, чи хүчиндүүлнэ, хоолойг чинь хэрчинэ, гүүрнээс дүүжилнэ, ямар байсан яаж ийж байгаад чамайг алаад өөрөө дуусна” гэх зэргээр заналхийлээд байсан. Хааяа даа 10 гаруй удаа өдөрт залгаад, эсвэл тайвнаар залгаад ярьдаг байсан. Утсыг нь авахаар маш их бухимдсан байдалтай “ална, хүчиндүүлнэ, хойлойг чинь хэрчинэ” гэж хэлдэг. Өөрийгөө А.З байна, чи Б.С мөн биз дээ гээд ярьдаг.

Би А.З гэх нэртэй хүнийг танихгүй, анх удаа сонсож байгаа ба тийм нэртэй хүнтэй таарамжгүй харилцаатай зүйл байхгүй. Би өөрийн 99хххх26 дугаарыг 2010 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд өмнө миний төрсөн дүү уг дугаарыг хэрэглэж байсан. А.З гэдэг хүн ямар учир шалтгааны улмаас над руу залгаад байгааг мэдэхгүй, энэ асуудлыг болиулмаар, байна дахин залгуулахгүй байхыг хүсэж байна.   

...Утасны цаанаас намайг 3 жил ална гэж дарамдалдаг. А.З утсаар заналхийлэхдээ тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж байгаагүй. Нэг удаа манай ажил дээр ирээд надтай уулзана гэхээр нь би уулзаагүй. Миний ойр дотны хүнд хүч хэрэглэж байгаагүй.

...Гэхдээ намайг “захиалсан хүмүүсээ олоод өг, Аюурсайхан, Содбаатарыг олж өг, намайг араас дагаад байгаа залуучуудынхаа дугаарыг өг” гэх зэргээр сонин сонин зүйл ярьдаг. Сүүлдээ хүний амь төл гээд яриад байдаг болсон. Одоогоор хүч хэрэглэсэн зүйл байхгүй, хэрвээ би уулзах юм бол хүч хэрэглэх байсан үгүйг мэдэхгүй байна.

Над руу залгаж элдэв янзын юм ярьж, ажлын газарт уулзана гэж ирж байсан болохоор би ажлын байраа сольж, санхүүгийн асуудалд ч орж байсан. Яагаад тэр хүн над руу залгаад байдгийг би үнэхээр мэдэхгүй байна. Анх над руу 2017 оноос ярьж эхэлсэн ба хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сард залгасан. Тэгээд 2018 оны 12 сард манай ажлын газрыг олж мэдээд ажил дээр А.З ирсэн байсан. Ярихдаа “хүний амь төл, зохион байгуулаад хүнээ хэл, чамайг алж байж сална, миний танихгүй Аюурсайхан, Содбилэг хоёртойгоо хүний амь төл” гэх зэргээр ярьдаг. Би Мөнхнасан гэж хүүхдийг танихгүй. Би хувиараа бүжгийн сургууль ажиллуулдаг. Миний утасны дугаар, ажлын байрны хаяг фейсбүүк дээр ил байдаг. Миний бодож байгаагаар А.З нь утасны дугаар, ажлын хаягийг фейсбүүк хаягны пейж хуудаснаас авсан байх.

...А.Заас 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг н.Ариунболдын утас руу залгаад “Стэй яръя” гэж хэлсэн, тухайн үед н.Ариунболд нь “өөрийнх нь утас руу залгаж ярь” гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд шууд миний 9919...дугаарын утас руу нууцалсан дугаараас залгахаар нь би н.Ариунболд багшид “утсан дээрээ бичлэг хий” гэж хэлээд утсыг нь авсан. Тэгэхэд утсаар “пизда минь, гичий минь чи яахаараа зураг тавьдаг юм, чамайг ална, чамайг алж байж сална, хоолойг чинь хэрчинэ, бооно” гэх зэргээр харааж байсан.

Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оргил шилтгээний 3 давхарт байх миний ажлын байран дээр А.З гэгч нь орж ирсэн. Тухайн үед би хичээлээ зааж байсан. Тэгээд үгийн зөрүүгүй ирээд намайг зодсон. Би юу болж байгаа талаар мэдэхгүй, шокийн байдалтай байж байгаад ухаан орж зугтааж гарсан. 2 давхар луу  буугаад ээж рүү залгаж болсон явдлын талаар хэлээд, Матрикс үсчинд байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд би найзынхаа хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн.

А.З тэр үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. А.З нь гаднаас шууд  орж ирээд, гараараа миний нүүрэн хэсэгт цохиход би арагшаа саваад ширээний тавцан мөргөөд унасан. Тэгээд би юу болоод байгааг сайн ойлгохгүй тухайн хүнийг хартал А.З байсан. Тэгээд миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед би нүүрээ л хамгаалж байсан. ...Миний толгой өвдөөд, дотор муухайраад байна. Мөн миний хэвлийн хагалгаа бүтэн эдгээгүй бөгөөд одоо хөндүүр өвчтэй байна. Дотроо оёдол задарсан үгүйг мэдэхгүй, хагалгаанд ороод 2 сар болж байсан. Мөн уруул хавдсан байна.

...Надад амьд явах баталгаа алга, хэзээ энэ хүн ирж намайг дарамталж, айлган сүрдүүлж, амь насанд халдахыг мэдэхгүй байна. Иймд намайг гэрч, хохирогчийн хамгаалалтад авч өгөхийг хүсэж байна. Хуулийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэж, тайван амьдрах боломжоор хангаж өгнө үү. Амьд явах эрхээр хангаж өгөхийг хүсэж байна. Би эрүүл мэнд, бизнес санхүү, сэтгэл санаагаар хохирч байна. А.Зыг надаас холдуулаад, амь нас эрүүл мэндэд минь хохирол учруулахгүй байлгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35-45х, 46-47х, 49х/,

 

2. Хэргийн хохирогч Б.Сгаас гаргасан ярианы бичлэг бүхий СД-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 75х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 76-85х/,

 

3. Шүүгдэгч А.Зын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 86-89х, 114-115х/,

 

4. “ХХХХ” гэсэн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 90-98х/,

 

5. Шүүгдэгч А.Зын 88хххх09 дугаарын утаснаас хохирогч Б.Сгийн 99хххх26 дугаарын утсанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 20 удаа залгаж, 5 удаа мессеж бичсэн талаарх ...дугаарын гарсан дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 99-100х/,

 

6. Хэрэг учрал гарсан гэх 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Оргил шилтгээн төвийн хяналтын камерын бичлэг болох саарал өнгийн флашийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 107х/, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 108-113х/,

 

7. 80288890, 88хххх09 дугаарын эзэмшигч хэн болох талаарх мэдээлэл бүхий  “Юнител” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05-01/1012 дугаартай албан бичиг, уг дугааруудын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хэргийн 1-р хавтас 117-136х/,

 

8. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10975 дугаартай:

1. Б.С-н биед тархи доргилт, бэлгийн бага уруулыг тайрсан мэс заслын дараах оёдол задарсан шарх, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 160-161х/,

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын 156 дугаартай:

“1. А.З нь Бие хүний паранойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

2. А.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. А.З нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. А.З нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 153-155х/,

 

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дахин хийсэн 1172 дугаартай:

“1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 156 дугаартай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна. А.З нь “Бие хүний паранойд эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь “Олон улсын өвчний 10-р ангиллын 5-р бүлэгт F60.6” гэсэн оношийн кодоор кодлогддог. “Ds:F60.0 Бие хүний паранойд эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэг нь бүтэлгүйтэлд хэтэрхий эмзэг болох, болсон явдлыг гажуудуулан хардаж сэрдэх байдлаар илэрдэг эмгэг юм.

2. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Сгийн биед гэмтэл учруулахад А.Зын сэтгэцийн эмгэг нь нөлөөлсөн байх боломжтой. Тухайн өдөр А.З нь “Бие хүний паранойд эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

3. А.З нь одоо мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна.

4. А.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. А.З нь харъяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтад байх шаардлагатай. А.Зын сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн үед эмчлүүлэх шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 172-191х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Алтантуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...Миний хүү А.З нь 1987 онд төрсөн, 2005 онд 50 дугаар сургууль төгссөн. Хувиараа таксинд явдаг, мөн хамгаалагчийн ажил хийдэг байсан. Миний хүү өөрийн хийсэн үйлдлээ шударгаар ярьдаг, хүн лүү дайраад байх зан чанаргүй. А.З нь эхнэргүй, найз охинтой эсэхийг мэдэхгүй байна. Би Б.С гэх эмэгтэйг танихгүй. Хүү А.З нь 88хххх09 гэсэн дугаарыг 2 жилийн өмнөөс барьж байгаа, 80288890 гэсэн дугаарыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ариунцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...Би А.З гэх хүнийг танихгүй, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2020 оны 6 дугаар сард охин Б.Сг сүрдүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа талаар мэдсэн. 2018 оны өвөл, би охины гэрт байж байхад утасны цаанаас хүн сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь би ямар учиртай талаар асуухад охин Б.С нь “та санаа зоволтгүй, би цагдаагийн байгууллагад хандсан, шийдээд өгөх байлгүй” гэж хэлэхэд нь би тайвшраад илүү дутуу зүйл асууж ярилгүй орхисон. А.З гэх хүнийг манай гэр бүлийнхэн таних ч үгүй. 2020 оны 6 дугаар сард сонгуультай холбоотой хэл ам гараад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж байцаагчтай уулзаж байсан. Тэгээд би юу болоод байгаа талаар нь мэдсэн. А.З нь миний охин Б.Сг удаа дараа айлган сүрдүүлж, “ална тална” гэж хэлээд ажил дээр нь очиж, хутга барьж дайрч, айдас түгшүүрт автуулсан, олон удаа утсаар ярьж сэтгэл зүйн дарамтад оруулж заналхийлсэн үйлдэл гаргаж байсныг нь мэдсэн. Мөн 2-3 удаа биед нь халдаж байсан гэдгийг ч мэдсэн. Тэгээд байцаагчаас асуухад “бид шалгасан, энэ хэргийг прокуророос хаасан” гэсэн хариу авсан. ...Утсаар заналхийлсэн бичлэг, хутга бариад ажил дээр нь явж байсан бичлэг нь байгаа.

А.З нь гэнэт байж байгаад гарч ирдэг, Би өдөр бүр “С” балетын газарт байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр охин Б.Сд “14:30 цагт хичээлтэй шүү” гэхэд “би ажил дээрээ байж байна” гэж хэлсэн. Тэгээд би гадуур гарч ажил хөөцөлдөөд явж байхад 16 цагийн үед охин Б.С миний утас руу залгаад “намайг хүн орж ирээд зодоод байна ш дээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд сандраад ажил руу яваад очиход цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирэхэд өмнөх хэрэг дээр нь шалгагдаж байсан А.З зогсож байсан.

Тэгээд би “чи миний хүүхдийг удаа дараа айлган сүрдүүлж байна, чи зүгээр явна гэж байхгүй, чамд хариуцлагыг нь хүлээлгэнэ” гэж хэлэхэд намайг “гичий минь, дуугай бай” гээд намайг цохих гээд дайрч байсан. А.Зын надтай харьцаж байгааг нь ажиглахад миний хүүхдэд аймшигтай сэтгэгдэл төрүүлж, гүн хямралд оруулж байсан нь мэдрэгдэж байсан. Гомдолтой байна. Энэ хүний удаа дараагийн заналхийллээс болж миний хүүхдийн амь нас баталгаагүй, бидний гэр бүл тайван бус, хүүхдийнхээ төлөө санаа зовж байна, давхар сэтгэл санааны дарамтанд орж байна. Энэ байдлаас болж охин маань олон жил сэтгэл санаандаа айдастай болж, сэтгэл санааны хувьд гүн түгшүүртэй, хувийн зан байдалд нь нөлөөлж байгаа нь харагдаж байна. А.Зт хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд, нийгэмд аюулгүй болгоод, сэтгэцийн өөрчлөлттэй бол сэтгэцийн эмнэлэгт эмчилгээнд явуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 70х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Зын гэрчээр өгсөн:

“...Надад ганцхан 88хххх09 гэсэн дугаар байдаг. 80288890 гэх дугаар миний дугаар биш, би өөр хүний дугаараас 99хххх26 дугаар луу залгасан байж магадгүй. 88хххх09 дугаарыг 2018 оны 6 сараас хойш ашиглаж байгаа. Би Б.Сг фейсбүүкээр харж байсан. Нэг удаа 2017 оны хавар  Зайсанд машинтай явж байхад араас дугуйтай хүн ирж мөргөсөн. Үүнийг Б.С гэж эмэгтэй явуулсан байх гэж хардалт төрөөд түүний гар утасны дугаарыг олж залгаад, “чи яахаараа намайг хэрэгт оруулах гээд байгаа юм, ална”  гэж хараалын үг хэлж хэрүүл маргаан болсон. Үүний дараа би Б.Стай уулзаж, “буруу ойлгосон байна, дахин ийм асуудал гаргахгүй” гэж уучлал гуйж мессеж бичсэн чинь утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш би уулзаагүй. 2018 оны 12 сарын 24-нд Б.Сгийн ажлын газар болох Номт Наран нэртэй сургууль дээр очиж, Б.Сгийн өөдөөс уурлаж хашгичаад уулзъя гараад ир гэхэд Б.С гарч ирээд намайг танихгүй гэсэн, тэгэхээр нь би чамтай уулзъя гараад ир гэхэд гарч ирэхгүй байхаар нь хүлээж байгаад явсан.

Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон байхгүй. Харин миний машины араас дугуйтай хүн мөргөсний дараа Б.С нь эсвэл машинтайгаа миний ард явж байна, эсвэл хажууд явж байдаг юм. Тэгэхээр нь би энэ эмэгтэйг намайг гэмт хэрэгтэн болгох гээд байна гэж ойлгосон. Мөн ажил хийхээр ажлын хүмүүс бусадтай зүгээр харьцаад надтай эвгүй харьцаад байдаг. Энэ бүх асуудал тэр эмэгтэйтэй холбоотой гэж ойлгоод утсаар ярих болсон. Ер нь бол миний буруу, утсаар ярьж болохгүй, янз бүрийн үг хэллэг хэлэх ёсгүй байсан юм. Уурандаа ийм үйлдэл хийсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54х/,

 

Мөн шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Б.С гэх эмэгтэй миний фейсбүүк, инстаграмм хаягт гэнэт зураг, бичлэг нь гарч ирээд байдаг. Би өөрийнхөө хувьд тэр хүнд дургүй бөгөөд надад таалагддаггүй болохоор уурлаж, ажил дээр нь очиж үсдээд алгадсан, уудаг цайныхаа шилийг тортой нь хамт шидсэн. Би 7 хоногийн өмнө Зайсангийн Оргил худалдааны төвд үсээ засуулж байгаад Б.Сгийн сургуулийг мэдсэн. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний хувийн инстаграмм дээр зураг бичлэг нь гараад ирэхээр уур дургүйцлээ үзүүлэх гэж очсон. Миний уур хүрээд байдаг юм. Би Б.Сг эхлээд нэг алгадсан, үснээс нь зулгаасан, газар унахаар нь цохих гэсэн чинь босоод зугтаасан.

Би 2016 оны сонгуульд Аюурсайхан гишүүний сонгуулийн ажлын хэсэгт айлуудаар сурталчилгаа тараасан. Тэр үеэс Б.Сг мэдэх болсон. Намайг хэн нэгэн Б.С луу явуулсан зүйл байхгүй. Би түүний ажил дээр 2017 онд нэг удаа, 2018 онд нэг удаа очсон. 2019 онд очоогүй, сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу өнөөдөр очсон. Миний уур хүрээд байсан болохоор түүнийг цохисон. Би зүгээр өөрийнхөө хувьд Б.Сд дургүй болохоос түүнд ямар нэг өс хонзон байхгүй.

...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уур хүрээд Б.Сг цохисон, утсаар ярьсан нь үнэн. Надад маргаад байх зүйл алга байна. ...Б.Сгаас ямар нэгэн зүйл шахаж шаардсан зүйл байхгүй. Миний явж байгаа газар зориуд гарч ирэхээ болиосой гэж бодож байна. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Сгийн ажил дээр очиж үснээс нь зулгаахаас өмнө баруун гараараа толгой руу хөнгөн хүрсэн. Би хүчтэй цохиогүй. Энэ талаар өмнөх мэдүүлэгт дутуу ярьсан байна.

Миний хувьд хүний ажил дээр очиж биед нь халдсан, утсаар залгаж орилсон нь миний буруу. Би дахиж Б.Стай уулзахгүй, ажлын байран дээр нь очихгүй байх болно, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 195-198х, 203х, 205х, 207х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 230х/, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 233х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 237х/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1-р хавтас 238-240х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 246-249х, 2-р хавтас 01х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 2-р хавтас 04-05х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад “шүүгдэгч А.Зыг 2017 оноос хойш 2019 оны 02 дугаар сарын хооронд хохирогч Б.Сгийн 99хххх26 дугаарын утас руу залгаж “ална, хүчиндэнэ, дүүжилнэ” гэх мэтээр заналхийлсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт болон мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад тус тус заасан үндэслэл журмын дагуу тусгаарлаж, уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 634 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн ба тусгаарласан үндэслэл, хийгдвэл зохих мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны талаар шүүгчийн захирамжид тодорхой тусгасан болохыг тэмдэглэв.

 

Харин шүүгдэгч А.З нь “өөрийнх нь зургийг цахим хуудсандаа байршуулсан байсанд уур хүрсэн” гэх шалтгаанаар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Оргил шилтгээний 3 дугаар давхарт байрлах иргэн Б.Сгийн ажлын байр болох сургалтын төв дээр очиж, Б.Сгийн үснээс нь зулгаах, алгадах, татаж газарт унагах, өшиглөх зэргээр цохиж зодон түүний эрүүл мэндэд “...тархи доргилт, бэлгийн бага уруулыг тайрсан мэс заслын дараах оёдол задарсан шарх, бугалганы цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сгийн өгсөн:

“...Оргил шилтгээн төв дээр 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эцэг эхчүүд үүдэнд, намайг зааланд хичээл орж байх үеэр үгийн зөрүүгүй, гуталтайгаа орж ирээд хүүхдүүдийн нүдэн дээр аймшигтай хэрцгийгээр баруун гараараа намайг цохиж унагаасан. Би юм болгоныг бичиж баримтжуулж авахгүй бол миний амнаас гарч байгаа үг худал юм шиг болж байна.

Эцэг, эхчүүд шокийн байдалд ороод, салгахгүй хараад зогсож байсан. Би “ээж нараа бичлэг хийгээрэй” гэж чарлахад хэдэн ээж бичлэг хийсэн. Тэр бичлэг нь сарнисан байсан тул бичлэгүүдээс түүвэрлэж аваад гайгүйг нь цагдаад өгсөн. Прокуророос хэргийг зөндөө олон удаа хаасан болохоор аргаа бараад сошиал дээр тавьсан. Зодуулж, нүдүүлж дарамтлуулдаг нь үнэн талаар бичлэгээ тавьсан. Тэр өдрөөс хойш шокийн байдалтай 1 сар гаруй эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эмчлүүлж байгаа.

Би Оргил шилтгээнд заалаа түрээслээд удаагүй байсан. Заалаа нээхэд өчнөөн төгрөгийн зарлага гарсан. Манай түрээслэгч нар “камер тавь, камер тавихгүй болохоор тэгж байна. Дээрээс нь түрээслүүлэх эсэхээ буцаж ярилцана, яагаад гэхээр хүүхдийн сургалт явуулдаг газар. Чамаас болоод манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ залуу чинь ирэх, ирэхгүй нь тодорхойгүй учраас хэдүүлээ гэрээгээ эргэж харъя” гэхэд нь би гуйж, сөгдөн барин байж энэ зааландаа үлдэж байна. 40.0-50.0 сая төгрөгөөр заалаа тохижуулж босгосон. Би банк бусаас зээл авч байж энэ газрыг нээсэн.

...Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оргил шилтгээний 3 давхарт байх миний ажлын байран дээр А.З гэгч нь орж ирсэн. Тухайн үед би хичээлээ зааж байсан. Тэгээд үгийн зөрүүгүй ирээд намайг зодсон. Би юу болж байгаа талаар мэдэхгүй, шокийн байдалтай байж байгаад ухаан орж зугтааж гарсан. 2 давхар луу буугаад ээж рүү залгаж болсон явдлын талаар хэлээд, Матрикс үсчинд байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд би найзынхаа хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн.

А.З тэр үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. А.З нь гаднаас шууд  орж ирээд, гараараа миний нүүрэн хэсэгт цохиход би арагшаа саваад ширээний тавцан мөргөөд унасан. Тэгээд би юу болоод байгааг сайн ойлгохгүй тухайн хүнийг хартал А.З байсан. Тэгээд миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед би нүүрээ л хамгаалж байсан. ...Миний толгой өвдөөд, дотор муухайраад байна. Мөн миний хэвлийн хагалгаа бүтэн эдгээгүй бөгөөд одоо хөндүүр өвчтэй байна. Дотроо оёдол задарсан үгүйг мэдэхгүй, хагалгаанд ороод 2 сар болж байсан. Мөн уруул хавдсан байна. Гомдолтой байна, надад амьд явах баталгаа алга...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 46-47х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хэрэг учрал гарсан гэх 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Оргил шилтгээн төвийн хяналтын камерын бичлэг болох саарал өнгийн флашийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 107х/, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 108-113х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн  “...Б.С-н биед тархи доргилт, бэлгийн бага уруулыг тайрсан мэс заслын дараах оёдол задарсан шарх, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 10975 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 160-161х/,

- гэрч А.Ариунцэцэгийн: “...Би А.З гэх хүнийг танихгүй, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2020 оны 06 дугаар сард охин Б.Сг сүрдүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа талаар мэдсэн. ...А.З нь гэнэт байж байгаад гарч ирдэг, Би өдөр бүр “С” балетын газарт байдаг.  2020 оны 09 сарын 22-ны өдөр охин Б.Сд 14:30 цагт хичээлтэй шүү гэхэд би ажил дээрээ байж байна гэж хэлсэн. Тэгээд би гадуур гарч ажил хөөцөлдөөд явж байхад 16 цагийн үед охин Б.С миний утас руу залгаад “намайг хүн орж ирээд зодоод байна ш дээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд сандраад ажил руу яваад очиход цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирэхэд өмнөх хэрэг дээр нь шалгагдаж байсан А.З зогсож байсан.

Тэгээд би “чи миний хүүхдийг удаа дараа айлган сүрдүүлж байна, чи зүгээр явна гэж байхгүй, чамд хариуцлагыг нь хүлээлгэнэ” гэж хэлэхэд намайг “гичий минь, дуугай бай” гээд намайг цохих гээд дайрч байсан. А.Зын надтай харьцаж байгааг нь ажиглахад миний хүүхдэд аймшигтай сэтгэгдэл төрүүлж, гүн хямралд оруулж байсан нь мэдрэгдэж байсан. Гомдолтой байна. Энэ хүний удаа дараагийн заналхийллээс болж миний хүүхдийн амь нас баталгаагүй, бидний гэр бүл тайван бус, хүүхдийнхээ төлөө санаа зовж байна, давхар сэтгэл санааны дарамтад орж байна.  Энэ байдлаас болж охин маань олон жил сэтгэл санаандаа айдастай болж, сэтгэл санааны хувьд гүн түгшүүртэй, хувийн зан байдалд нь нөлөөлж байгаа нь харагдаж байна. А.Зт хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд, нийгэмд аюулгүй болгоод, сэтгэцийн өөрчлөлттэй бол сэтгэцийн эмнэлэгт эмчилгээнд явуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 70х/,

- шүүгдэгч А.Зын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг. Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчийг сайн танихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

...Би Б.С гэх эмэгтэй миний фейсбүүк, инстаграмм хаягт гэнэт зураг, бичлэг нь гарч ирээд байдаг. Би өөрийнхөө хувьд тэр хүнд дургүй бөгөөд надад таалагддаггүй болохоор уурлаж, ажил дээр нь очиж үсдээд алгадсан, уудаг цайныхаа шилийг тортой нь хамт шидсэн. Би 7 хоногийн өмнө Зайсангийн Оргил худалдааны төвд үсээ засуулж байгаад Б.Сгийн сургуулийг мэдсэн. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний хувийн инстаграмм дээр зураг бичлэг нь гараад ирэхээр уур дургүйцлээ үзүүлэх гэж очсон. Миний уур хүрээд байдаг юм. Би Б.Сг эхлээд нэг алгадсан, үснээс нь зулгаасан, газар унахаар нь цохих гэсэн чинь босоод зугтаасан. ...Миний уур хүрээд байсан болохоор түүнийг цохисон. Би зүгээр өөрийнхөө хувьд Б.Сд дургүй болохоос түүнд ямар нэг өс хонзон байхгүй. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад маргаад байх зүйл алга байна. ... 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Сгийн ажил дээр очиж үснээс нь зулгаахаас өмнө баруун гараараа толгой руу хөнгөн хүрсэн. Би хүчтэй цохиогүй. Энэ талаар өмнөх мэдүүлэгт дутуу ярьсан байна. Миний хувьд хүний ажил дээр очиж биед нь халдсан, утсаар залгаж орилсон нь миний буруу. Би дахиж Б.Стай уулзахгүй, ажлын байран дээр нь очихгүй байх болно, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 195-198х, 203х, 205х, 207х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн шүүгдэгч А.З нь “Бие хүний паранойд эмгэг” сэтгэцийн эмгэг өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь хэргийн 1-р хавтас 153-155, 172-191 дугаар талд тус тус авагдсан  Шүүх эмгэг судлалын төвийн эмч нарын 156, 1172 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтаар тогтоогдсон байна.

Хэргийн хохирогч Б.Сгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...тархи доргилт, бэлгийн бага уруулыг тайрсан мэс заслын дараах оёдол задарсан шарх, бугалганы цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.З түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.З нь хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, тухайн хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Д.А.Зыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хэргийн шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч нараас  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тухайн эрүүгийн хэргийн хувьд хохирогч Б.Сгийн биед учирсан “...тархи доргилт, бэлгийн бага уруулыг тайрсан мэс заслын дараах оёдол задарсан шарх, бугалганы цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь гэмт хэргийн шууд хохирол, уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн хохирогч Б.С нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...гомдолтой.” хэмээн мэдүүлж, /хэргийн 46-47х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч А.З нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 237х/, шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 238-240х/ тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халсан бөгөөд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор А.Зыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл ...оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсний дагуу шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хуулиар тогтоосон хугацаанд шүүгдэгч А.Зт “Б.Сгийн ажлын байранд очихгүй байх, түүнтэй ямар нэг байдлаар харилцахыг хориглосон” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг оногдуулсан ял дээр нэмж авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.З нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 205 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр /хэргийн 1-р хавтас 195х, 211х, 213х, 219х/ нийт 30 /гуч/ хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн нийт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний эдлэх ялаас хасаж тооцон, А.Зын биечлэн эдлэх ялыг бүгд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн “хэрэг учрал гарсан гэх 2020 оны 09 сарын 22-ны өдрийн Оргил шилтгээн төвийн хяналтын камерын бичлэг болох саарал өнгийн флашийг” эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

- энэ хэрэгт шүүгдэгч А.Зын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “гомдолтой” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Б овогт А-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Зт 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Зын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн нийт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний эдлэх ялаас хасаж тооцон, А.Зын биечлэн эдлэх ялыг бүгд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.З нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус заасан журмын дагуу шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хуулиар тогтоосон хугацаанд А.Зт “Б.Сгийн ажлын байранд очихгүй байх, түүнтэй ямар нэг байдлаар харилцахыг хориглосон” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн Оргил шилтгээн төвийн хяналтын камерын бичлэг бүхий саарал өнгийн флашийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Зын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “гомдолтой” гэснийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Зт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хохирогчийн гэр болон ажлын байранд очихыг хориглох, хохирогчтой уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           С.БАЗАРХАНД