Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0790

 

 

           Нийслэлийн прокурорын газрын

               Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

                        хяналтын прокурор Н.Аийн дүгнэлттэй

         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Дүгнэлт гаргагч Н.А,

Дүгнэлт гаргагч: Н.А,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б,  

Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0052115 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 786 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Дүгнэлт гаргагч Н.А, хариуцагч Б.Б нар,                          

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2022/0459/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0052115 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 786 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3 дахь хэсэг, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0052115 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Дүгнэлт гаргагч Н.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан МХЕГ-09-147/043 дугаартай материалыг хянаад “... эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэнээс хойш Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасан хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан байсан тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн. Шүүх прокрорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.2. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршдог. Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч шүүх прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

3.3. Шүүх хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг 10 дахин нэмж, хөөн хэлэлцэх хугацааг тоолж, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар “энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил байна ...” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан иргэн хүний эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (1.2-т энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж зааснаас үзэхэд хуулийн этгээд үйлдсэн бол хүнд оногдуулах торгох шийтгэлийг 10 дахин нэмж зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооход арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.4. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б зөрчил 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэнээс хойш, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх хүртэл 1 жил 2 сар 16 хоногийн хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, энэ хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцох бөгөөд хуульд заасан торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 1 жил 2 сар 16 хоногийн хугацаа өнгөрсөн үйлдэл, эс үйлдэхүйд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.

3.5. Шүүхийн шийдвэр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, Шүүхийн тухай хуульд заасан эрхэм зорилго, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилтод тус тус нийцсэн байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 786 дугаартай дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар прокурорын гомдол гаргав” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Бын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0052115 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3.2. 0052115 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК нь MV-013875 тоот тусгай зөвшөөрлийн 2020 оны уулын ажлын тайланг хуурамчаар үйлдэж хүргүүлсэн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.22-т заасны дагуу 10,000 нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

3.3. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 1.5 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 1.3-д “энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар заасан.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “хүнд” торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх хугацааны талаар нарийвчлан заасан, 1.5 дугаар зүйлийн 3-д зөрчлийг “хуулийн этгээд” үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүх “М” ХХК-д буюу “хуулийн этгээдэд” шийтгэл оногдуулсан тул торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

3.4. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокуророос “... зөрчил 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэнээс хойш, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх хүртэл 1 жил 2 сар 16 хоногийн хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ... талууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон үргэлжилсэн хугацааны тухайд маргаж байгаа” гэж, хариуцагчаас “... шийтгэл оногдуулах хугацааг 1 жил гэдэгтэй маргахгүй, харин зөрчил 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн, зөрчлийн процесс үргэлжилж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулсан” гэж тус тус тайлбарлажээ. 

3.5. “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Уулын ажлын тайлан засварлах тухай” 22/032 дугаар албан бичигт “... буруу тайлагнасан 2020 оны уулын ажлын тайлангийн мэдээллүүдийг засварлах хүсэлтэй байна” гэсэн, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Уулын ажлын тайлан засварлах тухай” 01/00/1920 дугаар албан бичигт “... мэргэжлийн хүмүүсээр тайлангаа засварлуулж байгаа тул дээрх маягтуудыг зөв болгон засварлах ажил дууссан” гэсэн, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Уулын ажлын тайлан засварлах тухай” 01/001/1932 дугаар албан бичигт “... 2020 оны уулын ажлын тайлангийн мэдээллүүдийг засварлах хүсэлтэй байгаа, ... зөрчил нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотойг хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйлгүй” гэсэн, мөн Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6/2044 дүгээр албан бичигт “... “М” ХХК-иас MV-013875 тоот тусгай зөвшөөрлийн 2020 оны уулын ажлын тайланг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн, ... тоон мэдээг 6 удаа алдаатай ирүүлснийг тухай бүр нь засварлаж хүлээн авсан, ... тайланг 2021 оны 12 дугаар сард засварлаж ирүүлснээр бүртгэж 2021 онд холбогдох байгууллагуудад хүргүүлсэн, ... 2020 оны нөөцийн хөдөлгөөн хийгдэж холбогдох байгууллагуудад хүргүүлсний дараа тус компаниас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/00/1901 албан тоотоор дахин засварлах хүсэлтийг ... холбогдох арга хэмжээг авах тухай Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсэн” гэж тайлан, төлөвлөгөө хүлээн авах цахим системийн шийдвэрлэлт, засваруудын бүртгэлийг ирүүлсэн байна.

3.6. “М” ХХК нь “MV-013875 тоот тусгай зөвшөөрлийн 2020 оны уулын ажлын тайланг хуурамчаар үйлдэж төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн” гэх зөрчлийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээхэд татгалзах зүйлгүй болохоо дээрх байдлаар албан бичгээр болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлжээ.

3.7. “М” ХХК-иас 2020 оны уулын ажлын тайлангийн мэдээллүүдийг удаа дараа засварлуулж байсан, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 23 минутад ААН-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/00/1901 тоот албан бичгийн дагуу тайланг буцаасан, мөн хамгийн сүүлд буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Уулын ажлын тайлан засварлах тухай” 01/001/1932 дугаар албан бичгээр тайлангийн мэдээллүүдийг засварлах, хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж байсан үйл баримтуудаас үзвэл “М” ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасан зөрчил нь зөвхөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдэж дуусаагүй харин зөрчлийн процесс тодорхой хугацаанд үргэлжилсэн байдалтай байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.  

3.8. Товчхондоо прокурорын тайлбарлаж байгаагаар “2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэнээс хойш, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж үзэхээргүй, энэ тохиолдолд зөрчил хуульд зааснаар тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 23 минутад “ААН-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/00/1901 тоот албан бичгийн дагуу буцаасан” гэсэн тайлбартайгаар тайланг буцаасан хугацаагаар тооцон “М” ХХК-д шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан “зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох” зорилгод нийцсэн байна.   

4. Иймд хариуцагч “М” ХХК-д шийтгэл ногдуулсан нь холбогдох хуульд нийцсэн, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокуророос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

      ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН