Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 14

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                     

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Х.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАЗД-д холбогдох

“ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийн Х.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие  2014 оны 5 сард нээлттэй зарлагдсан Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаал болох ОАЗД-ын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч тэнцэж, тус албан тушаалд томилогдон ажилласан. ОАЗД-ын Тамгын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/26 тоот тушаалаар тус албанд  томилогдож, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 тоот “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх тухай” тушаалаар тангараг өргөсөн болно. ОАЗД-ын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас 2017 онд үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Улмаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлыг шүүх хянаад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр намайг Орхон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Дэд бүтцийн асуудал хариуцсан мэрэгжилтний албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагч ОАЗД-ын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд ОАЗД-ын тамгын газрын дарга нь өдийг хүртэл биелүүлээгүй байна. Энэхүү асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид явагдаж байна. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ОАЗД-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Х.О ирж уулзаарай, ажилд  томилсон захирамж гарсан гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ОАЗД-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хариуцсан мэргэжилтэн Б.Баттүвшинтэй ирж уулзсан. Ийнхүү уулзах үед ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай” захирамжийг надад өгсөн. Дээрх захирамжаар намайг нийтийн тээврийн хэрэгсэлийн байршил тогтоох системийн хяналтын инженер гэх ажилд томилсон байна. Миний уг албан тушаалд томилогдон ажиллах боломжтой эсэх, уг албан тушаал нь төрийн алба мөн эсэх асуудлыг надад танилцуулж зөвшилцөлгүй томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Засаг даргын захирамж нь миний эрх зүйн байдлыг дордуулж төрийн алба хаах эрхийг хязгаарласан.

Иймд ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох” тухай захирамжийн Х-ын О-д холбогдох хэсэг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч Х.О нь ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай албан тушаал томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай захирамжийн Х-ын О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Х.О нь ОАЗД-ын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн Зам тээвэр, эрчим хүчний харилцаа холбооны зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.О-ийг Орхон аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилж, ОАЗД-ын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүний дараа хариуцагч талаас сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас нэхэмжлэгч талаас албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг өгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн хэрэгт явагдсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Уг захирамжаар нэхэмжлэгч Х.О-ийг мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ашиглалтын өмнөх захиргааны нийтийн тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийн хяналтын инженер гэх албан тушаалд томилсон. Энэ захирамжийг гарахаас өмнө нэхэмжлэгч Х.О-ээс санал, зөвшөөрөл авахгүйгээр албан тушаалд томилох захирамж гаргасан. Захирамжтай  Х.О танилцаж 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ОАЗД-д тайлбар хүсэх албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй. Ингээд Х.О нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн буюу албадан хөдөлмөрлөх эрх үүсч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс албан тушаалд томилсоор байтал өөр албан тушаалд томилж байгаа нь түүний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна.  Төрийн албаны тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7-д хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар заасан. Мөн тус хөгжлийн бодлогын хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан үр дүнгийн гэрээгээр авч ажиллуулж, төрийн жинхэнэ албан хаагч юм гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл нийтийн тээврийн хэрэгсэлийн хяналтын инженер гэх албан тушаал нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг болох нь харагдаж байна. Төсөл нь хавтас хэрэгт авагдсан. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан тушаалын талаар заасан байдаг. Тухайлбал мөн хуулийн 14.1-т зааснаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, тусгай чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал гэж заасан. Х.О-ийг томилж буй албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарч байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилж байгаа нь эрх ашиг нь зөрчигдсөн, эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал харагдаж байна. Х.О нь төрийн үйлчилгээний буюу хяналтын инженерээр ажиллах сонирхолгүй. Нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баримтуудыг ирүүлсэн. Одоо ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаан бүхий акт авагдаагүй байсан. Хариуцагч талаас Х.О-тэй тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах, зогсоохоор хандсан зүйл байхгүй. Энэ нь хариуцагч тал нь нэхэмжлэгчтэй тохиролцоогүй гэдэг нь харагдаж байна. Иймд ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай албан тушаал томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай захирамжийн Х-ын О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.О нь аЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийн Х.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Х.О-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг Засаг даргын Тамгын газарт даалгасан.

            Уг шийдвэрийг биелүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Х.О-д Орхон аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Нийтийн тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийн хяналтын инженерээр томилох саналыг тавьсан. Нэхэмжлэгч уг саналыг хүлээн авч Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд инженерээр ажиллахаар болсон бөгөөд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулж дарга болон нийтийн тээврийн хэрэгсэлийн байршил тогтоох хяналтын инженерийг томилсон.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.О нь ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжийн өөрт оногдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг маргаан үүсэх үндэслэл нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй холбоотой юм. Уг шийдвэрээр Х.О-ийг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь томилохыг даалгасан байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд нэхэмжлэгч Х.О-тэй Тамгын газрын зүгээс удаа дараа уулзаж ажилд томилох, өөр ажилд томилох саналыг тавьж байсан. 2018 оны 02 дугаар сард Х.О-ийг дуудаж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга болон миний бие ажлын талаар ярилцсан. 2020 оноос Хууль эрх зүйн хэлтсийн төв болгож ажиллахаар болсон. Ашиглалтанд орсноор Х.О-ийг өмнө нь эрхэлж байсан албан тушаал биш төрийн тусгай албан хаагчаар томилохоор болсон. Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн байгууллага юм. 101, 102, 103, 105 хариуцсан мэргэжилтнүүд төрийн тусгай албан тушаал болно гэсэн. Ингээд Х.О-ийг түр хугацаанд өмнө нь ажиллаж байсан салбартай ажил ойрхон учраас хяналтын инженерээр ажиллуулах хүсэлт гаргасан. Тухайн үед Х.О нь миний бичиж байсан протоколыг урж, гар утсаараа нууцаар бичлэг бичсэн байдаг. Уг бичлэг нь өөрт нь байгаа. Дараа нь Х.О тайвширсан юм уу? өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсан юм уу? ирж ярилцаж тохиролцоонд хүрсэн. Төрийн байгууллага болсны дараа төрийн тусгай албан хаагч болгох байсан. Үүний өмнө нь төрийн үйлчилгээний албан тушаал хаших талаар хэлсэн. Эвлэрч тохиролцсон учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах, хүсэлт өгөх талаар бодсонгүй. Ингээд Х.О шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин олгуулах талаар хэлсэн. Тухайн үед намайг ярилцаж тохиролцсон байхад 2018 оны сүүлээр ажилдаа орж ажиллана гэсэн боловч оны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллах болсон. Х.О шинэ жилийн дараа над руу утасдаж хэзээ ажилдаа орох вэ? гэж асууж байсан. Х.О-ийн хэлж байгаа шиг түүнд огт танилцуулж, санал аваагүй зүйл байхгүй. Түүний цалинг нь ТҮ-7-д зааснаар цалинжуулахаар тохиролцсон ба өмнөх ажиллаж байсан цалингийн хэмжээнээс арай илүүгээр цалинжуулахаар болсон юм. Х.О-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг өгсөн. Нөгөө талаар Х.О-ийн ЗД-ын ажилд томилсон захирамжинд гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Х.О ажиллахгүй бол ажиллахгүй байх боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Х.О-ийн өөрийнх нь хүсэлт заавал байх ёстой талаар хэлж байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.О-тэй өмнө ярилцаж, саналыг нь хангалттай авсан байна. Тохиролцсон тухай баримт байхгүй. Х.О санал солилцохгүйгээр сайн дураараа өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох байдлаар хандаагүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.О 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ОАЗД-ын Тамгын газрын даргын Б/23 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож, Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдлоо.

            Х.О-ийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг ОАЗД-ын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэж заасны дагуу ОАЗД-ын Тамгын газрын дарга хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х.О-ийг Орхон аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох байтал АЗД 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамж гарган түүнийг “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ашиглалтын өмнөх захиргааны нийтийн тээврийн хэрэгсэлийн байршил тогтоох системийн хяналтын инженер”-ээр томилжээ.

“Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ашиглалтын өмнөх захиргааны нийтийн тээврийн хэрэгсэлийн байршил тогтоох системийн хяналтын инженер” гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн /шинэчилэн найруулсан/ 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож ... шилжүүлэн ажиллуулж болно.” гэж, 44.2 дахь хэсэгт   “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. ...” гэж, 44.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж тус тус заасны дагуу аймгийн Засаг дарга Б/07 дугаартай захирамжаар Х.О-ийг өөр ажилд шилжүүлсэн болон сэлгэн ажиллуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тухайн захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, иргэн Х.О-ийг ажилд томилохдоо түүнтэй тохиролцож, зөвшөөрлийг аваагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.  

Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “ Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны санаачлагаар ...шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тус тус заасан байгааг анхаарах шаардлагатай байжээ.

ОАЗД-ын Тамгын газрын дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийж байхад, ОАЗД шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Х.О-ийн саналыг авч тухайн албан тушаалд томилох тухай захирамжийг гаргасан, энэ талаарх нотлох баримт байхгүй гэж хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг боловч аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн байна гэж  шүүх үзлээ.

ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ашиглалтын өмнөх захиргааны нийтийн тээврийн хэрэгсэлийн байршил тогтоох системийн хяналтын инженер”-ийн албан тушаалд томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч Х.О-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, хөдөлмөрлөх эрхэд нь халдаж, эрх зүйн байдлыг нь дордуулсан байна. 

Иймд ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай” захирамжийн Х.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАЗД-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийн Х.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Х.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА