Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1228

 

“Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01266 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Энхтуяад холбогдох         

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ч.Энхтуяа “Төгс ариун цэвэр” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Энхтуяа 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж 6 200 000 төгрөгийн үнэтэй Кирби сентра /Kirby Sentria/ маркийн стандарт иж бүрдлийн үнэ 1 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 5 200 000 төгрөгийг 15 сарын хугацаанд, сар бүрийн 05-ны өдөр 350 000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан. Ч.Энхтуяа бүтээгдэхүүний эргэн төлөлтөнд 350 000 төгрөгөөр 3 удаа нийт 1 050 000 төгрөг төлсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Ч.Энхтуяад 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Кирби сентра маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн. Гэтэл Ч.Энхтуяа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл 4 150 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Компаний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул үлдэгдэл 4 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани гэрээний дагуу алдангид 904 716 төгрөг нэхэмжилсэн боловч одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр Ч.Энхтуяа нэхэмжлэгч компаниас Кирби сентра маркийн стандарт иж бүрдэл цэвэрлэгч машиныг 6 200 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ тоос сорогч машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдсан. Бид уг тоос сорогчийг удаан хэрэглээгүй буцаагаад өгөх эсвэл шинийг гаднаас оруулж ирээд өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Манай эхнэр урьдчилгаа 1 000 000 төгрөг, дараа нь 1 050 000 төгрөг нийт 2 050 000 төгрөг төлсөн. Бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би “Төгс ариун цэвэр” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Кирби сентра иж бүрдэлийг 6 200 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Хариуцагч талд тухайн үеийн зах зээлийн ханшаас хамгийн хямд үнээр худалдаж байгааг тайлбарлаж борлуулсан боловч үнэн чанартаа өөрийн бодит өртөг ашгаа нийлүүлээд 2-3 дахин өсгөж ашиг олохын тулд хямд өртөгөөр борлуулж байгаа мэтээр намайг үнийн талаар ноцтойгоор төөрөгдүүлсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ч.Энхтуяатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож үнийн хувьд уян хатан нөхцөлтэйгээр хуулийн дагуу байгуулсан. Худалдан авагч талыг үнийн хувьд төөрөгдсөн гэж үзэх боломжгүй, гэрээнд хууль бус зүйл заалт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхтуяагаас 4 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ч.Энхтуяа “Төгс ариун цэвэр” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Энхтуяагаас 81 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-д олгож, Ч.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь: Ч.Энхтуяа "Төгс ариун цэвэр"' ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Кирби сентра иж бүрдэлийг 6 200 000 төгрөгөөр "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. "Төгс ариун цэвэр" ХХК тухайн үеийн зах зээлийн ханшаас хамгийн хямд өртгөөр худалдаж байгаагаа тайлбарлаж борлуулсан боловч үнэндээ өөрийн бодит өртөг, ашгаа нийлүүлээд 2-3 дахин өсгөж ашиг олохын тулд худалдагч тал нь гадаад улсад их үнэтэй байдаг зүйлийг хямд өртөгөөр худалдан борлуулж байгаа мэтээр намайг үнийн талаар худал мэдээлэл, танилцуулга өгч ноцтойгоор төөрөгдүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК хариуцагч Ч.Энхтуяад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.   

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Кирби Сентра /Kirby Sentria/ тоног төхөөрөмжийг 6 200 000 төгрөгөөр худалдаж худалдан авах, гэрээний үнийг 15 сар 3 хоногийн хугацаанд төлөх, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 2 050 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 4-8/

Хариуцагч нь “тухайн үед тоног төхөөрөмжийг зах зээлээс хэт өндрөөр үнэлж, худалдсан” гэж маргасан боловч энэ тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Гэрээнд худалдагч буюу нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч буюу хариуцагч Ч.Энхутуяа нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талууд төлбөр төлөх хугацааны талаар тухайлан зааж, худалдах худалдан авах гэрээ байгуулсныг зээлээр худалдах худалдах авах гэрээ байгуулсан гэж, шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь гэрээний зүйлийн үнийг тодорхой хугацааны дотор хүүтэй төлөх тохиролцоонд  үндэслэдэг бөгөөд талууд эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хүүтэй төлөх талаар тохиролцсон нь тогтоогдоогүй тул зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Мөн хариуцагч нь дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01266 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг ”243 дугаар зүйлийн 243.1” гэж, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхтуяагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                      ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                                               Д.БАЙГАЛМАА