Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 35

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар               

Оролцогчид:

Прокурор                                         Б.Сүрмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Э-д холбогдох эрүүгийн 201709000275 тоот, 166/2017/0251/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овгийн Д-ын Э- /РД:**********/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Э- нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 98 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Б- овгийн Д-ын Э-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Д-ын Э-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар Д.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Д.Э-ий засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт "...тэнссэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө”, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн тогтоол, магадлалыг тоо бүртгэлд оруулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн 98 тоот шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь заалтанд “...ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж” гэснийг өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Цагдаагийн байгууллага” гэж давхар зааж өгч байгаа нь хяналт тавихад маргаан үүснэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “ялтны засал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж” гэдгийг хасч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт тавьж” гэж зөвтгүүлэх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ийг Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Э-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар Д.Э-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Д.Э-ий засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбатын ...Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж гэснийг өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2017 оны 07 дугаар 01-ний өдрөөс мөрдөж эхлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтлөхөөр зохицуулсан байхад анхан шатны шүүх Цагдаагийн газарт тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг давхар даалгаж шийтгэх тогтоолд заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ауулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-т заасныг улирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:

“5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар Д.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Д.Э-ий засрал хүмүүжилд хяналт тавих, тэнсэгдсэн этгээдийг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Б.МАНЛАЙБААТАР