Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 
2021 01 15 2021/ШЦТ/14 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Хохирогч Ч.Чинсайхан, Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2019000000155 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа сийлбэр, мужаан хийдэг, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.2 дахь хэсэг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 16 ны өдрийн 2018/ХМШ306 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 36 хоногийн хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ХМШЗ/90 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Ж.Б /регистрийн дугаар ЕГ92101213/, Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Офицерийн 1 дүгээр 80 айлын гадаа хохирогч Ч.Чинсайханы баруун нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ... ” гэв. Хохирогч Ч.Чинсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгууллагуудын дунд тэмцээн болсон. Манай байгууллагын эмэгтэйчүүд медаль авсан түүнийг тэмдэглэх гээд бөөндөө цуглаад Викториа баар ороод тэндээс гараад Мy music бааранд орсон. Баарнаас гараад Шинээ гэх ажлынхаа хүнийд жоохон сууж байгаад гэртээ харих гээд тарцгаасан. Би машины зогсоол дээр зогсож байсан. Цаана 2 эмэгтэй нэг залуу зогсож байсан. Намайг буруу хараад зогсож байхад араас нэг залуу ирээд нүд рүү цохисон. Нэг мэдсэн цагдаа ирсэн байсан. Цагдаагийн газар очоод өргөдөл өгөөд цагдаа маргааш толгойны зураг авхуулаарай гээд 20-ны өдөр зургаа авхуулсан ...” гэв. Хохирогч Ч.Чинсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ажлын Бумбаяр, Бат-Орших, Анхзул, Мичидмаа нарын хамт 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Викториа бааранд орж Эдэн нэртэй 0.75, Хар экс нэртэй 0.75 литрийн нийт 2 шил архи авч ууцгаасан. Тэгээд 23 цагийн орчимд баарнаас гараад My music бааранд ороод 2 шил 0.75 литрийн Соёрхол архи хувааж ууж байгаад үлдсэн тал шил архиа аваад баарнаас 00 цагийн орчимд гараад, Офицерийн 80 айлд байдаг Шинэбаярын гэрт очиж баарнаас авсан, үлдсэн архиа уусан. Тэгээд 02-03 цагийн орчимд Шинэбаярын гэрээс гараад байрны гадаа машины зогсоол дээр тарцгаах гээд зогсоцгоож байхад 1-80 айлын байрны гадаа үл таних 2 эмэгтэй, 1 залуугийн хамт гурвуулаа биднээс зайтай зогсож байсан ... тэр үл таних залуу гүйж ирээд миний баруун нүдийг гараараа нэг удаа цохисон, юунаас болоод намайг цохисоныг мэдэхгүй байна, бидэнд хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй ... би аймгийн нэгдсэн эмнэлэгт 120.000 төгрөгөөр тархины зураг авахуулсан, эмч үзээд 7 хоног ажилдаа явахгүй, хэвтрийн дэглэм сахь гэсэн тул 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилдаа явахгүй чөлөөтэй байгаа, энэ хугацааны цалинг нэхэмжилнэ ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 42-44 дүгээр хуудас/, Гэрч Б.Мичидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цаг өнгөрөөгөөд ...офицерийн нэгдүгээр байрны гадаа тарцгаах гээд явж байхад бидний урдаас зүс таних Зангад гэх хүн гүйж ирээд Чинсайханы нүүр орчимд гараараа нэг удаа цохисон ... ямар шалтгаанаар цохисныг мэдэхгүй байна. ... бидний ойролцоо гудамжны гэрэлтүүлэгтэй байсан тул Зангадын Чинсайханыг цохисныг би харсан ... Зангадтай хамт Анужин, эхнэр нь гээд нэг эмэгтэй, өөр бас нэг танихгүй охин байсан өөр хүн байгаагүй, Зангад өөр хүнтэй болон Чинсайхан, Бат-Орших нартай маргаж муудаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 145-146 дугаар хуудас/, Гэрч Б.Бумбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ажлынхаа Шинэбаяр, Чинсайхан, Мичидмаа, Бат-Орших, Анхзул нарын хамт Шинэбаярын гэрээс гаргаж өгчихөөд орцны үүдэнд үлдсэн. ... байрны гадаа эрэгтэй хүн орилж, хашгираад байгаа сонсогдож байсан, хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгтэл удалгүй Анхзул, Мичидмаа 2 Чинээг цохьчихлоо гэхээр нь хүрээд очтол Чинсайханы баруун талын нүд нь хавдсан байсан. Хэн цохисныг хараагүй, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Гэрч Д.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ... хүмүүс шуугилдаад муудалцах шиг болсон, намайг харахад Зангад, танихгүй 2 эмэгтэй хүнтэй, Чинсайхан, Мичидмаа, Анхзул нар байгаа харагдсан. Тэгэхээр нь би Зангад Чинсайханыг цохиж гэж ойлгоод очтол Чинсайханы баруун нүд хавдсан, намайг цохьчихлоо гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Яллагдагч Ж.Б /Зангад хочтой/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд найз Ану, Анужин хоёртой Сайншанд сумын 6 дугаар баг, офицерын 1-80 айлд байх Анужингийн гэрт уулзсан. Бид 3, Анужингийн гэрт 0.5 литрийн Хараа нэртэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд 23 цагийн орчимд Виктория бааранд орж хүний 2, 2 пиво авч ууж сууцгааж байгаад баар хаахаар нь гараад офицер луу алхаад My music баарны ертөнцийн зүгээр зүүн хойд талд явж байтал танихгүй 4 залуу бид нартай зөрөхдөө намайг “хөөш нааш ир” гээд дуудсан, намайг очих гэхэд Ану, Анужин 2 “яах гээд байгаа юм” гэхээр нь би “байж бай, хүн дуудаж байна, намайг таньдаг ч юм уу” гээд очтол үл таних өндөр туранхай залуу нь чи хаанахынх юм гэхээр нь “би Шандынх, намайг Зангад гэдэг” гэхэд “чи яасан том юм, чиний хаанахынх байх ямар хамаатай юм” гээд намайг заамдаад миний нүүрэн тус газар цохихоор нь би тэврээд бид 2 газарт унасан. Тэгэхэд хажуунаас нэг залуу миний нуруу орчимд хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Ану, Анужин 2 ирж намайг салгаж аваад бид цаашаа явцгааж ... Анужингийн гэрт орсон. Миний уруулын дээд талд бага зэрэг язарсан, хамраас цус гарсан байсныгаа угаасан. Тэгтэл манай эхнэр Ганцэцэг над руу залгахаар нь би офицерт хүрээд ир гэж дуудсан ... тэгээд эхнэртэйгээ хамт гадагшаа гарахад 4 залуу, 2 эмэгтэй таарсан ... өндөр залуу нь намайг өмнө нь My music баарны гадаа зодсон залуу мөн шиг харагдахаар нь би “чи түрүүнд намайг яалаа” гэхэд “зүгээр байгаарай” гэхээр нь би заамдаад нүүр орчим нь гараараа нэг удаа цохисон ...согтуу хүний нүдээр намайг зодсон залуу байна гэж бодоод андуурсан байж магадгүй, Чинсайхан гэдэг хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Гэрч Э.Анхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө ... Мичидмаа, би, Чинсайхан бид 3 түрүүлээд такси барих гээд явцгааж байтал хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нэг танихгүй залуу Чинсайханы өөдөөс ирээд баруун талын нүдэнд нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Чинсайхан “яаж байгаа юм бэ, хэн бэ” гэж байсан. Чинсайханыг цохисон залууг 2 эмэгтэй ирж авч явсан. Тэр 2 эмэгтэйн нэг нь миний зүс таних Анужин байсан, нөгөө эмэгтэйг нь би танихгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Гэрч А.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бумбаяр надад хэлэхдээ өчигдөр орой Чинсайхан хүнд цохиулчихсан, эмнэлэгт үзүүлж яваад оройтож ирсэн, офицерын 1- 80 айлын гадаа Чинсайханыг Зангад цохисон гэж ярьсан ...Зангад Чинсайханыг зүгээр явж байхад нь ирээд цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч Г.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бат-Эрдэнийг танина. 2020 оны 10 дугаар сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. ...тухайн өдөр Билгээ гэж хүн ирээгүй, огт байгаагүй. Намайг байхад бол Билгээ гэж хүн байгаа ч үгүй, харагдаа ч үгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Гэрч Д.Билэгдэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19- нд шилжих шөнө Дэлгэрэх суманд аав Дамбаренчингийн гэрт, ээж, дүү Доржсамбуу, Лхагваа нарын хамт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хохирогч Ч.Чинсайханд яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/0294 дугаартай “...Ч.Чинсайханы биед хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 135-138 дугаар хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ХМШЗ/90 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 104-106 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгчдэгч Ж.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Офицерийн 1 дүгээр 80 айлын гадаа хохирогч Ч.Чинсайханы баруун нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Чинсайханы “... Зангад гүйж ирээд миний баруун нүдийг гараараа нэг удаа цохисон, юунаас болоод намайг цохисоныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мичидмаагийн “...бидний ойролцоо гудамжны гэрэлтүүлэгтэй байсан тул Зангадын Чинсайханыг цохисныг би харсан ... Зангадтай хамт Анужин, эхнэр нь гээд нэг эмэгтэй, өөр бас нэг танихгүй охин байсан өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бумбаярын “... байрны гадаа эрэгтэй хүн орилж, хашгираад байгаа сонсогдож байсан, хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгтэл удалгүй Анхзул, Мичидмаа 2 Чинээг цохьчихлоо гэхээр нь хүрээд очтол Чинсайханы баруун талын нүд нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бат-Оршихын “... хүмүүс шуугилдаад муудалцах шиг болсон, намайг харахад Зангад, танихгүй 2 эмэгтэй хүнтэй, Чинсайхан, Мичидмаа, Анхзул нар байгаа харагдсан. Тэгэхээр нь би Зангад Чинсайханыг цохиж гэж ойлгоод очтол Чинсайханы баруун нүд хавдсан, намайг цохьчихлоо гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагч Ж.Б /Зангад хочтой/-ийн гэрчээр өгсөн “... тэгээд эхнэртэйгээ хамт гадагшаа гарахад 4 залуу, 2 эмэгтэй таарсан ... өндөр залуу нь намайг өмнө нь My music баарны гадаа зодсон залуу мөн шиг харагдахаар нь би “чи түрүүнд намайг яалаа” гэхэд “зүгээр байгаарай” гэхээр нь би заамдаад нүүр орчим нь гараараа нэг удаа цохисон ...согтуу хүний нүдээр намайг зодсон залуу байна гэж бодоод андуурсан байж магадгүй, Чинсайхан гэдэг хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Анхзулын “...2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө ... Мичидмаа, би, Чинсайхан бид 3 түрүүлээд такси барих гээд явцгааж байтал хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нэг танихгүй залуу Чинсайханы өөдөөс ирээд баруун талын нүдэнд нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Чинсайхан “яаж байгаа юм бэ, хэн бэ” гэж байсан. Чинсайханыг цохисон залууг 2 эмэгтэй ирж авч явсан. Тэр 2 эмэгтэйн нэг нь миний зүс таних Анужин байсан, нөгөө эмэгтэйг нь би танихгүй” гэсэн мэдүүлэг, гэрч А.Шинэбаярын “...Бумбаяр надад хэлэхдээ өчигдөр орой Чинсайхан хүнд цохиулчихсан, эмнэлэгт үзүүлж яваад оройтож ирсэн, офицерын 1- 80 айлын гадаа Чинсайханыг Зангад цохисон гэж ярьсан ...Зангад Чинсайханыг зүгээр явж байхад нь ирээд цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр үйл явдал тогтоогдож байх ба хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/0294 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Хохирогч Ч.Чинсайхан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, адилхан залуу хүмүүс учраас ял шийтгүүлэхийг хүсэхгүй байгаа тул өргөдлөө буцааж авахыг хүсэж байна” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн болон хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Б нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ХМШЗ/90 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоожээ. Шүүгдэгч нь хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах нь зүйтэй. Иймд энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ХМШЗ/90 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө сулласан эдлээгүй үлдсэн 05 сар 26 хоногийн хорих ял дээр одоогийн тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 26 хоногоор тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ХМШЗ/90 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө сулласан эдлээгүй үлдсэн 05 сар 26 хоногийн хорих ял дээр одоогийн тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 26 хоногоор тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 6 сар 26 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА