Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
2021 01 21 2021/ШЦТ/16 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их цээл овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн 2019003050009 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар баг, Зараа багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Их цээл овогт Ж.Б /регистрийн дугаар: ЕБ88091213/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Эмгэнт гэх газарт байх М.Ганболдын гэрт Д.Отгончулууны баруун гуя, суга, гарын булчин, баруун хөхний доод хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хүн өмөөрч ийм зүйл хийсэндээ харамсаж байна ...” гэв. Хохирогч Д.Отгончулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Баярхүүд “энэ балай эмэгтэйг аваад яваач агсам тавиад яваад байх юм” гэж хэлсэн. Тэгсэн Баярхүү нь хамтран амьдрагч болох Өлзийцоог өмөөрч бид хоёр маргалдсан. Гэнэт гарч гэр рүү яваад удалгүй хутгатай орж ирсэн. Тэгээд Идэрээ гэх залуу “Баярхүүд хутгатай байна” гэж хэлээд Баярхүүг барьж авчихаад алдчихсан. Би хутганд нь өртөж магадгүй гэж бодоод зугтааж, гэрт нь унаад өгсөн. Баярхүү ирэхээр нь би цохих юм болов уу, арай ч хутгалчихгүй байх гэж бодоод толгойгоо хамгаалсан чинь миний баруун гуя, суга, гарын булчинд, баруун хөхний доор хутгалсан байсан. Намайг Идэрээ болон Өлзийцоогийн хүүхэд Баярхүү татаж аваад Ганболдын гэрээс нь авч яваад машинд суулгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг дуудахаар нь би босоод манай гэрийн баруун талд байх Ганболд ахын гэрт орсон. Хойморт нь Отгончулуун ах, Баярхүү ах хоёр муудчихсан, Отгончулуун ах суугаад, Баярхүү ах зогсож байсан. Намайг орох үед Баярхүү ахыг Идэрчулуун араас нь татаад авч ирж байсан. Надтай зөрөөд гэрийн үүдээр гарсан. Би ороод “яасан юм бэ” гэсэн чинь Отгончимэг эгч “Баярхүү Отгончулуун руу хутга барьж дайраад” гэж хэлсэн. Би буцаад араас нь гарсан. Баярхүү хагас суусан байдалтай, эвхрээд гэдсээ дарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэж асуусан чинь “ах нь өөрийгөө дүрчих шиг боллоо” гэж хэлэхээр нь “та чинь яахаараа өөрийгөө зүсдэг юм бэ” гэж асуухад “далайж байгаад хойш нь савахдаа өөрийгөө дүрчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь Идэрчулуун бид хоёр манай гэр рүү оруулаад харахад зүсчихсэн юм шиг харагдаж байсан. ...Өглөө Ганболд ах бид хоёр Баярхүү ахыг хутга барьсан гэхээр нь гэрийн ойр орчмоор хайсан. Гэрийн урд талд 25-30 метр зайд байх модон амбаарын наад талд өвсөн дотроос манай өөрийн гэрт байдаг, модон, бор иштэй хутга олдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, Гэрч Г.Мягмардуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Отгончулуун ах согтуугаар Баярхүүг “хөгшин хүүхнээ аваад зайл” гэх мэтээр хэлээд өдөөд байсан. Баярхүү нь “миний хөгшин эхнэртэй байх хамаагүй” гээд муудаж байгаад Баярхүү нь уурлаад Ганболдын гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ хүрэн, модон иштэй хутга бариад ороод ирсэн. Отгончулуун ахтай хоорондоо муудалцаад Отгончулуун ах руу хутгаа далайхад нь харахад хутгаа арагш харуулаад баруун гартаа барьчихсан, хар цамц өмссөн байсан. Цамцных нь ханцуйнаас үзүүр нь харагдаж байсан. Би айгаад зүүн гэр рүү гүйж ороод эрүүл байсан Тэмүүжин гэх залууг сэрээж тэнд хүн нэг нэгнийгээ аллаа гээд босгоод оруулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө үүрээр 04 цаг өнгөрөөд 05 цаг дөхөж байхад Ганболдын гэрт нь зуухных баруун хойд талд Өлзийцоо, Баярхүү, манай нөхөр Отгончулуун, Мягаа дөрөв дундаа нэг том пиво тавьчихсан сууж байсан. ...Тэгсэн манай нөхөр Отгончулуун, Баярхүү хоёр хоорондоо маргаж, салаавч өгөөд байхаар нь би нөхрийгөө хойш нь татаж авсан. Манай нөхөр Баярхүүг “наад авгайгаа аваад яв” гэж хэлж байсан. Тэгсэн Баярхүү гэрээс гараад явсан. Тэр хойгуур Өлзийцоо нь манай нөхрийг гөлөг, нохой, пиздагаар дуудаж байсан. Баярхүү гарч яваад буцаж орж ирэхдээ баруун гартаа хутгаа хойш нь харуулаад барьчихсан, хутга нь гялалзаад орж ирэхээр нь би бахираад, наад чинь хутгатай байна шүү дээ гэж хэлээд Мягааг хүн байна уу дуудаарай гэж хэлсэн. Отгончулуун нь зуух тойроод зугтаасан. Хоёр удаа тойрч гүйгээд гэрийнх нь хойд талд унасан. Тэгсэн дээрээс нь Баярхүү дараад унах шиг болсон. Тэгэхэд нь хажууд нь Өлзийцоо согтуу, пиво аягатай нь барьчихсан, наадахаа шаа шаа гэж Баярхүүд хандаж хэлээд байсан. Гаднаас Идэрчулуун, Тэмүүжин хоёр орж ирээд татаад аваад гарсан. ...Замдаа Отгончулуун нь гуяар нойтон оригоод байна, суга бас халуун оригоод байна гэж хэлээд өвөр рүүгээ гараа хийтэл гар нь цус болоод гарч ирсэн. ...Ж.Б нь манай нөхөр Отгончулууны баруун хөлний гуянд нэг удаа, баруун хөхний дор нэг удаа, баруун гарын булчинд нэг удаа, суганд нь 2 удаа тус тус хутгалсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, Гэрч О.Идэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гадаа гараад байж байтал Баярхүү ах баруун гараараа гэрийн урагш хутга шидсэн. Тэгэхэд нь би хутгатай байсныг нь мэдсэн. Тэмүүжин гэрээс гарч ирээд Баярхүү ахаас юу болсон талаар асуусан чинь ах нь өөрийгөө дүрчих шиг боллоо гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд харъя гээд хартал өөрийгөө цавинаас арай дээгүүр зүсчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оньГ11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0339 дугаартай шинжээчийн “...Д.Отгончулууны биед баруун хөхний доод хэсэг, баруун суга, баруун бугалга, баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгчдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Эмгэнт гэх газарт байх М.Ганболдын гэрт Д.Отгончулууны баруун гуя, суга, гарын булчин, баруун хөхний доод хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Отгончулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баярхүү ирэхээр нь би цохих юм болов уу, арай ч хутгалчихгүй байх гэж бодоод толгойгоо хамгаалсан чинь миний баруун гуя, суга, гарын булчинд, баруун хөхний доор хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг орох үед Баярхүү ахыг Идэрчулуун араас нь татаад авч ирж байсан. Надтай зөрөөд гэрийн үүдээр гарсан. Би ороод “яасан юм бэ” гэсэн чинь Отгончимэг эгч “Баярхүү Отгончулуун руу хутга барьж дайраад” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мягмардуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баярхүү ах уурлаад Ганболдын гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ хүрэн, модон иштэй хутга бариад ороод ирсэн. Отгончулуун ахтай хоорондоо муудалцаад Отгончулуун ах руу хутгаа далайхад нь харахад хутгаа арагш харуулаад баруун гартаа барьчихсан, хар цамц өмссөн байсан. Цамцных нь ханцуйнаас үзүүр нь харагдаж байсан. Би айгаад зүүн гэр рүү гүйж ороод эрүүл байсан Тэмүүжин гэх залууг сэрээж тэнд хүн нэг нэгнийгээ аллаа гээд босгоод оруулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баярхүү гарч яваад буцаж орж ирэхдээ баруун гартаа хутгаа хойш нь харуулаад барьчихсан, хутга нь гялалзаад орж ирэхээр нь би бахираад, наад чинь хутгатай байна шүү дээ гэж хэлээд Мягааг хүн байна уу дуудаарай гэж хэлсэн. Отгончулуун нь зуух тойроод зугтаасан. Хоёр удаа тойрч гүйгээд гэрийнх нь хойд талд ойчоод унасан. Тэгсэн дээрээс нь Баярхүү дараад унах шиг болсон. Тэгэхэд нь хажууд нь Өлзийцоо согтуу, пиво аягатай нь барьчихсан, наадахаа шаа шаа гэж Баярхүүд хандаж хэлээд байсан. Гаднаас Идэрчулуун, Тэмүүжин хоёр орж ирээд татаад аваад гарсан. ...Замдаа Отгончулуун нь гуяар нойтон оригоод байна, суга бас халуун оригоод байна гэж хэлээд өвөррүүгээ гараа хийтэл гар нь цус болоод гарч ирсэн. ...Ж.Б нь манай нөхөр Отгончулууны баруун хөлний гуянд нэг удаа, баруун хөхний дор нэг удаа, баруун гарын булчинд нэг удаа, суганд нь 2 удаа тус тус хутгалсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Идэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гадаа гараад байж байтал Баярхүү ах баруун гараараа гэрийн урагш хутга шидсэн. Тэгэхэд нь би хутгатай байсныг нь мэдсэн ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оньГ11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0339 дугаартай шинжээчийн “...Д.Отгончулууны биед баруун хөхний доод хэсэг, баруун суга, баруун бугалга, баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 117 дугаар хуудаст хохирогч Д.Отгончулуун нь “... гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн, модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Их цээл овогт Жаргалсайханы Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн, модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 7.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АДЪЯА