Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 957

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн  1 дүгээр хороо, Амарсанаа гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 9090142, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд Плаза 905 тоотод  үйл ажиллагаа явуулах, Баялаг бүтээгчдийг  дэмжих холбоонд холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлд 6 120 129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 8 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 4 080 086 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа шаардаж, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан тохиролцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.Иймд Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дутуу 4 080 086 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 2 029 000 төгрөг бүгд 6 120 129 төгрөгийг Баялаг бүтээгчдийг  дэмжих холбооны хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Баялаг бүтээгчдийг  дэмжих холбоонд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4 080 086 төгрөг, алданги 2 029 000 төгрөг нийт  6 120 129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Баялаг бүтээгчдийг  дэмжих холбоо 6 120 129 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч байгууллагын төлөх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 112 872 төгрөгийн 50 хувь болох 56 436 төгрөгийг хариуцагч Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд холбогдуулан гаргасан 6 120 129 /зургаан сая нэг зуун хорин мянга нэг зуун хорин есөн/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 56 436 /тавин зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН