Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 
2021 01 28 2021/ШЦТ/21 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр, Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичигт овогт З.Б-д холбогдох эрүүгийн 2019002490153 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт “Цагаан хошуу” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай магадлалаар 2 сарын хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож, хугацаанаас өмнө сулласан, Бичигт овгийн З.Б /регистрийн дугаар: ЕК95052211/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч З.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн төвөөс баруун тийш 2 км зайд, хөдөө хээр газарт улсын дугааргүй Хаожэ маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаар тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, 12.3 Тээврийн хэрэгслийн хурд, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Бадамгаравын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дагийдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Бадамгарав 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Зүүнбаян явсан. Тэр өдөр нь төрсөн өдөр нь байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой л ийм зүйл болсон гэдгийг нь мэдсэн. Тухайн үед манай төрсөн ах Зоригтбаатарын бага хүү болох Батцэнгэлтэй миний хүү Бадамгарав Зүүнбаянгаас гараад явж байгаад онхолдсон байсан ... эмчилгээний зардалд 4.960.000 төгрөг гарсан байгаа. Энэ баримт нь манай охин Бадамдуламд байгаа. Манай охин Дархан-Уул аймагт байдаг ба баримтыг нь авч чадаагүй байна. Батцэнгэлийн талаас эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн байгаа. Үүний нь хасаад 3.460.000 төгрөг үлдэж байна. Үүнийг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг Батцэнгэлээс энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа иргэний журмаар нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 71-р тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бадамдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хувьд Дархан-Уул аймагт амьдардаг болохоор урьд нь энэ хэрэгт манай ээж Дагийдулам миний төрсөн дүү Бадамгаравын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан. Тухайн үед бол манай дүү аваарт орж тархины гэмтэл аваад ухаангүй олон хоног байсан ба дараа нь эмнэлэг домнолгоор явж байгаад ухаан нь орсон. Гэхдээ ухаан орохдоо эрүүл хүн шиг биш, элдэв янзын юм ярьж орж гараад урьд болсон болон одоо болж байгаа зүйлийг огт санахгүй элий балай байдалтай байсан. Манай дүүг манай ээж харж хандан байнгын сахиуртай байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн ирээд, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан юм. Миний дүү 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хамаатны дүү Батцэнгэлийн мотоциклийн ард нь сундалж яваад онхолдож тархиндаа гэмтэл аваад тэрнээс хойш байнгын хүний асаргаанд хэвтэрт байсан. Тэгээд дүү нас барсан тул манай ээж энэ хэрэгт хохирогчоор оролцож чадахгүй сэтгэл санаа нь үймрээд хэцүү байгаа тул намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болж би дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр энэ хэрэгт оролцож байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/, Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... би гадаа нь очоод Бадамгарав ахыг ардаа сундлаад хөдөө гэр рүү нь гарсан. Тэднийх Зүүнбаянгаас баруун хойшоо 15 орчим км газарт байдаг. Бид хоёр Зүүнбаянгаас гараад би өөрөө мотоциклоо жолоодоод баруун тийшээ гараад явж байсан замаа орхиод урд талаар явдаг шороон замаар явах гээд замгүй баруун урагшаа явсан. Тэгэхдээ би 60 орчим км цагийн хурдтай явж байсан ба тухайн явж байсан газар нь өвс ихтэй газар байсан. Гэнэт замд тоосго харагдсан. Тэгээд л дээгүүр нь тормоз гишгэлгүй шууд дайраад гартал урд талын дугуй хагарчих шиг болоод далбилзаад, 2 тал руугаа шарваад эхэлсэн. Би тухайн үед баруун гар тал руу шарвахад нь зүүн гар тал руу нь дараад, зүүн гар тал руу шарвахад нь зөрүүлээд баруун тал руу нь дараад тэнцвэрээ олох гээд нилээн явсан. Тэгээд л хэд хэдэн удаа шарваад л мотоцикльтойгоо буруу тал руу нь буюу баруун гар талаараа хажуулдаад гулсаж очоод зогссон ба тэр үед ард сууж явсан Бадамгарав ах мотоцикль даваад мотоциклийн урд талд нь ойчсон. Би босож ирээд Бадамгарав ахыг дуудахад сэрэхгүй, хурхираад унтаад байх шиг байсан. Хамраас нь жаахан цус гарсан байдалтай, толгой нь хойшоо хараад хөл нь урагшаа хараад биеэрээ дээшээ хараад унасан байсан. Бадамгарав ахын хойд талд мотоцикль баруун тийшээ хараад унасан байсан. Би мотоциклио тэр байран дээр нь босгоод данхрадсан. Тэгээд би шууд эмнэлэг рүү залгаж хэлсэн. ...Би тухайн өдөр огт архи дарс уугаагүй, эрүүл саруул байсан. Харин урьд өдөр нь хөдөө малд явж байгаад айлд архи уусан байсан. ... Надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. ... Миний хувьд хамаатны ах Бадамгаравын эмчилгээний зардалд нийтдээ 5.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/02 дугаартай шинжээчийн “... Амь хохирогч М.Бадамгаравын цогцост тархины баруун тал бөмбөлгийн дух, суурь, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал. Тархины баруун тал бөмбөлгийн тархины эд доторх цусан хураа, уг хэсгийн тархины эдийн няцрал, зүүн хацар, чамархайн ясны сэртэнгийн хоёрчилсон хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чамархай, нүүрний зүүн хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархины баруун тал бөмбөлгийн дух, суурь, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал. Тархины баруун тал бөмбөлгийн гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хацар, чамархайн ясны сэртэнгийн хоёрчилсон хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугаралгэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чамархай, нүүрний зүүн хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч М.Бадамгарав нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 134-137 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн төвөөс баруун тийш 2 км зайд, хөдөө хээр газарт улсын дугааргүй Хаожэ маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаар тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, 12.3 Тээврийн хэрэгслийн хурд: жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Бадамгаравын амь насыг хохироосон үйл явдал болсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дагийдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай төрсөн ах Зоригтбаатарын бага хүү болох Батцэнгэлтэй миний хүү Бадамгарав Зүүнбаянгаас гараад явж байгаад онхолдсон байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бадамдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хамаатны дүү Батцэнгэлийн мотоциклийн ард нь сундалж яваад онхолдож тархиндаа гэмтэл аваад тэрнээс хойш байнгын хүний асаргаанд хэвтэрт байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... хэд хэдэн удаа шарваад л мотоцикльтойгоо буруу тал руу нь буюу баруун гар талаараа хажуулдаад гулсаж очоод зогссон ба тэр үед ард сууж явсан Бадамгарав ах мотоцикль даваад мотоциклийн урд талд нь ойчсон. Би босож ирээд Бадамгарав ахыг дуудахад сэрэхгүй, хурхираад унтаад байх шиг байсан. Хамраас нь жаахан цус гарсан байдалтай, толгой нь хойшоо хараад хөл нь урагшаа хараад биеэрээ дээшээ хараад унасан байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалт, 12.3 Тээврийн хэрэгслийн хурд, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хавтаст хэргийн 12 дугаарт авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хавтаст хэргийн 13 дугаарт авагдсан драгейр багажны заалт 0.85% гарсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг бэхжүүлсэн фото зураг, шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн өдөр огт архи дарс уугаагүй, эрүүл саруул байсан. Харин урьд өдөр нь хөдөө малд явж байгаад айлд архи уусан байсан...” гэсэн мэдүүлэг нь хэзээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг бус үйл явдал болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг давхар нотолсон, шүүгдэгч нь ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь хавтаст хэргийн 72 дугаарт авагдсан лавлагаагаар, хавтаст хэргийн 18-19 дүгээр талд шүүгдэгч З.Бийн гэрчээр өгсөн “...надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх огт байхгүй ... тухайн үед бид хоёр хоёулаа хамгаалах малгайгүй явж байсан юм ...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн зам нь өвс ихтэй байсан болохоор замд тоосго байгаа нь харагдаагүй, тулж ирсэн үед харсан болохоор зогсоох арга хэмжээ авч чадаагүй ...” гэсэн мэдүүлэг, бичмэл нотлох баримтаар давхар нотлогдож, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Хавтаст хэргийн 216 дугаар хуудаст хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бадамдулам “... З.Б нь учруулсан хохирлоо барагдуулж, уучлалт гуйсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч З.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч З.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг нь шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд харшлаагүй тул шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн 1 ширхэг СD-г хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Бичигт овогт Зоригбаатарын Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн 1 ширхэг СD-г хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АДЪЯА