Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
2021 02 04 2021/ШЦТ/24 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй, Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Э.А-д холбогдох эрүүгийн 2019002170014 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Алтанширээ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн хамтын нийгэмлэгийн харьяа Эрчим хүч, ус хангамж 2 дугаар ангид цахилгаанчин, гагнуурчин ажилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6 дугаар гудамж, 47 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Мянган овогтой Э.А /регистрийн дугаар: ЕБ00261117/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Э.А нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бусадтай маргалдан хохирогч З.Батцэнгэлийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч З.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд найз болох Мөнх-Оргилын гэрийн гадаа бид хоёр 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “ARKHI” нэртэй архи, 2 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво нэгийг уугаад сууж байхад найз Хүрэлцоож ирсэн. Тэгээд Хүрэлцоож хөдөө Булган аймгаас ирээд удаагүй байсан болохоор дэлгүүр хаахаас өмнө “ARKHI” нэртэй 0.75 хэмжээтэй 1 шил архи, 2 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво авч өгөөд бид гурав ойрд уулзаагүй гээд сонин хачин зүйл ярьж инээлдээд сууж байгаад Хүрэлцоож Болдмаа гэх хүүхэн рүү залгатал тэр хүүхэн Офицерийн 80 айлаас ирээд авчих гэхээр нь Хүрэлцоож, Мөнх-Оргил хоёртой Офицерийн 80 айлын арын зам дээр зогсож байхаар нь дамжиж аваад шууд ар шанд явсан. Тэгээд Болдмаа гэх хүүхэн нь ард очоод манай найзыг авчихъя гээд бид хэд ар ороод Баянцагаан хүнсний дэлгүүрийн хажууд зам дээр Болдмаагийн найз гээд нэг хүүхэн зогсож байхаар нь аваад ..., ... ар шандын “Оргил” хүнсний дэлгүүрийн гэрлэн дохиогоор ертөнцийн зүгээр урагшаа эргэтэл Болдмаа энд зогсчих гэхээр нь Хүрэлцоож эргээд шууд зогстол Болдмаа миний машинаас буугаад явахаар нь Хүрэлцоож араас нь машиныхаа хаалгыг онгойлгоод хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Болдмаа юм дугаралгүй цаашаагаа яваад хоёр залуу дээр очихоор нь Хүрэлцоож араас нь буугаад очтол Мөнх-Оргил надад хандан “Хүрлээ хүнтэй муудаад байгаа юм биш үү, хоёр залуу ирчихсэн байна” гэхээр нь би машинаас буугаад Хүрэлцоож дээр очтол хоёр залуу Хүрэлцоожтой юм ярьж байгаад нэг залуу нь “манайхаан” гэж орилох шиг болсон, тэгтэл ертөнцийн зүгээр урд талаас 7-8 залуучууд гүйгээд ирсэн. Тэгээд тэдний нэг залуу нь миний мөрөн дээр дараад миний толгой руу мөргөх шиг болсон, тэгээд би ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа ирж байсан. Намайг хэн мөргөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, Гэрч М.Хүрэлцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд Батцэнгэл, Мөнх-Оргил хоёр 1 шил архи, 2 литр хэмжээтэй пиво уугаад дуусаж байсан. .... Болдмаа явъя гээд байхаар нь хөдлөөд ар шандын “Оргил” хүнсний дэлгүүрийн гэрлэн дохиогоор ертөнцийн зүгээр урагшаа эргэтэл Болдмаа энд зогсчих гэхээр нь шууд зогстол Болдмаа миний машинаас буугаад явахаар нь араас нь би машиныхаа хаалгыг онгойлгоод хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Болдмаа юм дугаралгүй цаашаагаа өндөр, нам хоёр залуу дээр очихоор нь Батцэнгэл бид хоёр араас нь буугаад очсон. Тэгтэл өндөр залуу нь “Яах гээд байгаа юм яасан” гээд бид хоёр луу томроод байхаар нь “хүргэж ирлээ шүү дээ өөр яасан юм хэн гэдгийг чинь мэдчихээд явлаа” гэсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь “манайхаан” гэж орилсон. Тэгээд ертөнцийн зүгээр урдаасаа 7-8 залуучууд гүйгээд ирсэн. Тэгээд Батцэнгэл бид хоёрыг тойрч байгаад бид хоёрыг цохиод ухаан алдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд найз Батцэнгэл бид хоёр 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “ARKHI” нэртэй архи, 2 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво нэгийг манай гэрийн гадаа миний машинд ууж сууж байтал манай найз болох Хүрэлцоож ирсэн. ... Тэгээд юу болсныг мэдэхгүй байна нэг сэрээд харсан чинь Хүрэлцоожийн машины арын суудал дээр ганцаараа унтаж байсан. Тэгээд гараад хартал Батцэнгэл, Хүрэлцоож хоёр газар уначихсан байсан. Тэгээд Хүрэлцоож босож ирээд Батцэнгэлийг босоорой гэж орилоод байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Гэрч О.Оюун-Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 40 айл руу явж байтал өөдөөс Болдмаагийн найз залуу Алтаншагай ирж байсан. Алтаншагай шууд тэр хэд рүү очоод тэр 3 залууд хандаж “наадах чинь миний найз охин шүү дээ, чи яагаад явуулахгүй байгаа юм” гэж хэлэхийг сонсоод одоо гайгүй биз гэж бодоод яваад өгсөн. ... Манай найз Болдмаагийн найз залуу Алтаншагайг араас нь нэг нь бариад авахаар нь нэгийг нь цохиод унагаасан гэж Болдмаа хэлж байсан. Тухайн үед Болдмааг хоргоогоод явуулахгүй болохоор нь болж дээ гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 33-34 дүгээр хуудас/, Гэрч Г.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд би араас нь буутал Хүрэлцоож миний гараас бариад явуулахгүй “эхэлсэн бол дуусгаач” гээд миний гараас бариад тавихгүй байсан. Тэгтэл Батцэнгэл нь гарч ирээд “наадахаа битгий явуул” гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгээд Батцэнгэл нь миний цүнхнээс чангаагаад Хүрэлцоожтой хамт машин руугаа чирээд байсан. Тэгтэл манай найз залуу Алтаншагай хүрээд ирсэн. Тэгээд манай найз залуу Алтаншагай нь Хүрэлцоожтой юм ярьж байгаа харагдсан. Би найз залуу Алтаншагайтай хамт гэр лүүгээ явж байхад араас нэг юм хэлэх шиг болтол манай найз залуу уурлаад эргээд Батцэнгэл, Хүрэлцоож хоёр дээр очоод муудаж байгаа харагдсан. Тэгээд би тэр хэдийг орхиод гэр лүүгээ орсон ... Манай найз залуу Алтаншагай нь нэг залуутай юм ярьж байтал Алтаншагайгийн араас нэг нь татаад зодоон эхэлсэн. Би тэр үед хажууд нь зогсож байсан хэдий ч юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Би тэр үеийн үйл явдлыг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 27-28 дугаар хуудас/, Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд манай найз охин Болдмаа нь ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзаж гадуур явна гээд гараад явсан. ... замын хажууд нэг машин ирж зогстол манай найз охин тэр машинаас гараад ирсэн. Тэгээд манай найз охин явах гэтэл нэг эрэгтэй хүн бууж ирээд манай найз охины гараас зуураад байгаа бололтой харагдаж байсан. Тэгтэл машинаас дахиад нэг эрэгтэй хүн гарч ирээд машин луугаа чирээд байхаар нь миний уур хүрээд тэр хоёр залуу дээр очоод “наадах хүн чинь миний найз охин цүнхийг нь тавьчих” гэж хэлтэл манай найз охины цүнхийг тавихгүй надтай юм яриад зогсоод байсан. Тэгтэл тэр залуу нь “хөөе чи одоо хэн юм бэ” гэж хэлээд миний зүүн мөрнөөс татахаар нь би зүүн гарынхаа тохойгоор нэг удаа цохитол арагшаа газар унаад өгсөн харин нөгөө залууг нь би баруун гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохитол бас газар унаад өгсөн. Тэгээд би найз охин Болдмааг аваад сүүлд нь цохиж унагаасан хүнийхээ дээрээс цээжин тус газар нь нэг удаа баруун хөлөөрөө дэвсчхээд гэр лүүгээ явсан ... Намайг тэр хүмүүстэй муудаж байхад 30, 40 дүгээр байрны хүүхдүүд байрныхаа гадаа тоглож байсан. Надтай хамт манай хамаатны хүүхэд Мөнхбаатар байсан. Өөр хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 53-55 дугаар хуудас/, Гэрч Н.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Алтаншагай бид хоёр Алтаншагайгийн машинд тамхи татаад юм яриад сууж байхдаа найз охинтойгоо гар утсаар ярьж байгаад манай найз охин тэнд хоёр бандитай явж байна гээд машинаасаа буугаад найз охин дээрээ очсон. Тэр үед машинд байсан нэг охин тэндээс ертөнцийн зүгээр урагшаагаа алхаад явж байсан. Тэгээд Алтаншагай тэр хоёр залуутай маргалдаж байгаад нэг залуу нь Алтаншагайгийн зүүн талын мөрнөөс нь татахаар нь Алтаншагай зүүн гарынхаа тохойгоор нэг удаа цохитол нөгөө залуу нь газар унаад өгөхөөр нь Алтаншагай нөгөө залууг нь баруун гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь 1-2 цохиж унагаагаад дээрээс нь нэг удаа дэвсэж байгаа харагдсан. Тэгээд Алтаншагай, Алтаншагайгийн найз охин бид гурав Алтаншагайгийн гэр лүү явсан. Алтаншагайгийн муудсан хүмүүс нэлээн халамцуу архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байгаа харагдаж байсан. Нэг залуу нь автомашин бариад явж байсан. Хэрэг болсон буюу 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой Алтаншагай тэгээд би Алтаншагайгийн найз охин бас Алтаншагайгийн найз охиныг явуулахгүй байсан хоёр хүн, тэр хүний машин дотор бас нэг хүн сууж байсан өөр хүн эргэн тойронд харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/0212 дугаартай: “... З.Батцэнгэлийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгчдэгч Э.А нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бусадтай маргалдан хохирогч З.Батцэнгэлийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсох нь хохирогч З.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... миний толгой руу мөргөх шиг болсон тэгээд би ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа ирж байсан. Намайг хэн мөргөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Хүрэлцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Батцэнгэл бид хоёрыг тойрч байгаад бид хоёрыг цохиод ухаан алдуулсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд гараад хартал Батцэнгэл, Хүрэлцоож хоёр газар уначихсан байсан. Тэгээд Хүрэлцоож босож ирээд Батцэнгэлийг босоорой гэж орилоод байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Оюун-Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз Болдмаагийн найз залуу Алтаншагайг араас нь нэг нь бариад авахаар нь нэгийг нь цохиод унагаасан гэж Болдмаа хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз залуу Алтаншагай нь нэг залуутай юм ярьж байтал Алтаншагайгийн араас нэг нь татаад зодоон эхэлсэн. Би тэр үед хажууд нь зогсож байсан хэдий ч юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... тэр залуу “хөөе чи одоо хэн юм бэ” гэж хэлээд миний зүүн мөрнөөс татахаар нь би зүүн гарынхаа тохойгоор нэг удаа цохитол арагшаа газар унаад өгсөн харин нөгөө залууг нь би баруун гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохитол бас газар унаад өгсөн. Тэгээд би найз охин Болдмааг аваад сүүлд нь цохиж унагаасан хүнийхээ дээрээс цээжин тус газар нь нэг удаа баруун хөлөөрөө дэвсчхээд гэр лүүгээ явсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Алтаншагай тэр хоёр залуутай маргалдаж байгаад нэг залуу нь Алтаншагайгийн зүүн талын мөрнөөс нь татахаар нь Алтаншагай зүүн гарынхаа тохойгоор нэг удаа цохитол нөгөө залуу нь газар унаад өгөхөөр нь Алтаншагай нөгөө залууг нь баруун гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь 1-2 цохиж унагаагаад дээрээс нь нэг удаа дэвсэж байгаа харагдсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр, хохирогч З.Батцэнгэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/0212 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 92 дугаар хуудаст хохирогч З.Батцэнгэл нь “... Миний бие Э.Агаас хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал байхгүй ...” гэсэн байх тул шүүгдэгч Э.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг байдал, зээлийн төлөлт, орлогын хэмжээ зэргийг харгалзан эдийн засагт нь дарамт учруулахгүйгээр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Мянган овогтой Энхбаярын Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АДЪЯА