Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 
2021 02 08 2021/ШЦТ/26 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр, Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Насан овогт Ш.Э-д холбогдох эрүүгийн 2119000150023 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багт малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг хөнгөн ялыг хүнд ялд багтааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Насан овогт Ш.Э /регистрийн дугаар: ЕМ80031777/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ш.Э нь 2020 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Шорвог гэх газарт Б.Энхбаярын нуруун тус газарт нь хутгаар зүсэж, нурууны шарх гэ^тэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Н.Анхбаяртай хамт хань болж гэрт нь хонох гэж очсон. ... Нутгийн хүмүүс болох Н.Анхбаяр, Ш.Э, Д.Баярбаясах нарын хамт Н.Анхбаярын гэрт хөзөр тоглосон. ... Ш.Э ах авдар, ширээ хоёрын завсраар хутга байхаар нь аваад энэ ямар урт, ямар иртэй, сайхан хийцтэй хутга вэ гээд үзэж байсан. Би наад хутга чинь тийм байхаараа яадаг хутга юм юм бэ гэж асуусан. Тэгтэл Ш.Э ах тоглоод над руу ингэдэг юм гээд хажуу талаас хутгаа над руу чичтэл би өөдөөс нь цочоод хөдлөх таараад нуруу хэсэгт хүрэх шиг болсон. Би арай хутга нь хүрээгүй байх гэж бодсон чинь хутга нь орчихсон байсан. Би хутга орсныг мэдээгүй сууж байтал халуун оргисон. Тэмтрээд үзтэл цус гарч байсан. Тэгээд цамцаа тайлаад боогоод Н.Анхбаяраар түргэн дуудуулахаар айл руу явуулж ирэхдээ Баярбаясах ахыг аваад ирээрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш.Э ах суугаад юм ярьж байгаад авдарны хажууд байсан хутга аваад энэ ямар аятайхан хутга вэ гээд үзэж байтал Б.Энхбаяр тэгээд наадах чинь яадаг хутга юм бэ гэж асуугаад инээлдэж байсан. Ш.Э ах ингэдэг юм гээд араас нь нуруу хэсэг рүү нь нэг удаа чичсэн. Тэгсэн Б.Энхбаяр цочоод ухасхийгээд босоод хөдлөх таараад хутгалчих шиг болсон. Б.Энхбаяр ах хутга чинь орчихлоо гэхэд Ш.Э ах Б.Энхбаярын цамцыг нь сөхөж үзээд өө, яанаа тийм байна гээд сандраад орон дээр хэвтүүлээд шархыг нь боосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Шүүгдэгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн “... Би гэрийн баруун хойд талд авдрын хажууд сууж байтал авдар ширээ хоёрын завсраар хутга байхаар нь аваад ямар хөөрхөн иштэй хутга вэ гээд үзэж байтал Энхбаяр яадаг хутга юм бэ, юу нь хөөрхөн байгаа юм гэсэн. ... Би тоглоод Энхбаярын хажуу талаас хутгаар чичтэл Энхбаяр өөдөөс гэдийж таараад санамсаргүй нуруу хэсэгт нь хүрэх шиг болсон. Энхбаяр тэгтэл хутга чинь орчихлоо гэсэн. Би хутга орсон эсэхийг мэдээгүй байсан. Гайхаад юу болов гэтэл цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29, 82-83 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/016 дугаартай шинжээчийн “... Б.Энхбаярын биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгчдэгч Ш.Э нь 2020 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Шорвог гэх газарт Б.Энхбаярын нуруун тус газарт нь хутгаар зүсэж, нурууны шарх гэтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хохирогч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би наад хутга чинь тийм байхаараа яадаг хутга юм юм бэ гэж асуусан. Тэгтэл Ш.Э ах тоглоод над руу ингэдэг юм гээд хажуу талаас хутгаа над руу чичтэл би өөдөөс нь цочоод хөдлөх таараад нуруу хэсэгт хүрэх шиг болсон. Би арай хутга нь хүрээгүй байх гэж бодсон чинь хутга нь орчихсон байсан. Би хутга орсныг мэдээгүй сууж байтал халуун оргисон. Тэмтрээд үзтэл цус гарч байсан …” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш.Э ах ингэдэг юм гээд араас нь нуруу хэсэг рүү нь нэг удаа чичсэн. Тэгсэн Б.Энхбаяр цочоод ухасхийгээд босоод хөдлөх таараад хутгалчих шиг болсон. Б.Энхбаяр ах хутга чинь орчихлоо гэхэд Ш.Э ах Б.Энхбаярын цамцыг нь сөхөж үзээд өө, яанаа тийм байна гээд сандраад орон дээр хэвтүүлээд шархыг нь боосон” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн “... Би тоглоод Энхбаярын хажуу талаас хутгаар чичтэл Энхбаяр өөдөөс гэдийж таараад санамсаргүй нуруу хэсэгт нь хүрэх шиг болсон. Энхбаяр тэгтэл хутга чинь орчихлоо гэсэн. Би хутга орсон эсэхийг мэдээгүй байсан. Гайхаад юу болов гэтэл цус гарч байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд хохирогч Б.Энхбаяр нь “... Миний бие Ш.Эаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй ...” гэсэн байх тул шүүгдэгч Ш.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний мал малладаг байдал, орлогын хэмжээ зэргийг харгалзан эдийн засагт нь дарамт учруулахгүйгээр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн арьсан хуйтай, 12 см урттай, бор өнгийн модон бариултай, ажлын хэсэг нь 12 см урттай, дээд хэсэгтээ 4 ширхэг зураасан мөртэй, хажуу талдаа 2,5 см урт зураастай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Насан овогт Шаравдоржийн Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн арьсан хуйтай, 12 см урттай, бор өнгийн модон бариултай, ажлын хэсэг нь 12 см урттай, дээд хэсэгтээ 4 ширхэг зураасан мөртэй, хажуу талдаа 2,5 см урт зураастай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АДЪЯА