Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 19 өдөр
2021 02 19 2021/ШЦТ/29 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа , Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй, Иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, Хохирогч Т.Оюунхишиг, Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.Чимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 2019001790123 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “Улаан шороот” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1.Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2.Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 3.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, 4.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Н.Бийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар 01 жил 07 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 05 сар 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, түүний урьд эдэлсэн 02 жил 05 сар 19 хоногийн хорих ялыг ял эдэлсэнд тооцож суллагдсан, Баян овогт Н.Б /регистрийн дугаар: ЕЗ88012614/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр / Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Амгалангийн гэрт 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Оюунхишигийн эрх чөлөөнд халдаж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Мөн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Оюунхишигийн эрх чөлөөнд халдаж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Яллах дүгнэлт огт үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Амгалан, Т.Оюунхишиг бид 3 хамт байсан. Т.Оюунхишиг архи ууя гээд байсан, харин Амгалан бид 2 юм хийж байгаад өдрийн 12, 13 цагийн үед нойр хүрээд байхаар нь унтсан. Тэгээд сэрэхэд Т.Оюунхишиг байхгүй, Амгалан ганцаараа байсан. Тэгээд хаачсаныг нь асуухад Амгалан “мэдэхгүй гарч, хүнтэй уулзана гээд явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Оюунхишигийн утас руу нь залгаад хаана очих гэж байгааг нь асуухад “Онцгой байдлын газрын хашаанд манай найзын гэр байдаг тэнд очно” гэж ярьсан. Би Амгалангаас тэнд айл байдаг эсэхийг асуухад “мэдэхгүй” гэсэн. Тэгээд байж байгаад тамхи аваад ир гэж хэлэх гээд Т.Оюунхишиг руу залгатал “өнөөдөр очихгүй” гэхээр нь Рагчаасүрэнтэй утсаар ярьж асуухад тэр “гэртээ ганцаараа байна, Т.Оюунхишиг, Алтанцэцэгтэй хамт гараад явсан байхгүй байна” гэхээр нь би 80 айл руу алхаад Рагчаасүрэнтэй очиж уулзаад тэр хоёрыг Онцгой байдлын газрын тэр хавьд байгааг хэлэхэд намайг оччихоод ир гээд, би “My music”-н урдуур чигээрээ алхаж байхад Гуа тээгийн хойд талын явган хүний зам дээр Т.Оюунхишиг цээжээ тэвэрчихсэн сууж байгааг нь хэдэн хүүхдүүд шоолоод байж байсан. Би араас нь алхаж байгаад утсан дээрээ зургийг нь дарчихаад, түүнийг Алтанцэцэгтэй хамт авч явж, Алтанцэцэгийг нөхөрт нь хүргэж өгөөд Т.Оюунхишигийг дагуулаад иртэл Амгалан байхгүй байсан. Тэгээд гэрт ороод Т.Оюунхишигт хоол идүүлэх гэсэн идэхгүй байхаар нь загнаад идүүлэх гэсэн чинь Амгалан “Т.Оюунхишигийг байнга загнаж, муудаж байх юм” гэхээр нь “муудалцсан юм байхгүй хоол идүүлэх гэж байна” гэж хэлсэн. Хоолыг нь идүүлээд гадаа гарахад Т.Оюунхишиг унтаад үлдсэн. Тэгсэн Амгалан чанга дуугаар яриад болдоггүй, Т.Оюунхишигийг сэрээчихнэ жаахан унтаг гэхэд Т.Оюунхишиг сэрээд хашхичсан. Тэгэхээр нь унтаач гэсэн чинь намайг нэг удаа ор засаад өгчих гэхээр нь орыг засаж өгөөд унт гэсэн. Бид хоёрын унтах гэж байгаа гээд Цэрэнготов харилаа гээд гарангуут Нанзад зөрж орж ирээд бид хоёрыг пиво уух уу гэхээр нь яах юм гэтэл 2, 3 лааз пиво байна гэхээр нь за ууя гээд Нанзадтай гарч яваад 3 пивыг нь авчраад уух гээд сууж байхад Т.Оюунхишиг тамхи асаагаад гарсан, шууд чигээрээ явсан байсан. Утас нь дугараад байхаар нь автал Алтанцэцэг залгаад байхаар нь утсыг нь өгөх санаатай гарч иртэл хашаанд байхгүй, гудамж руу гараад харахад бас байхгүй байсан. Буцаад ороод ирэхэд Амгалан надаас Т.Оюунхишигийг бултсан уу гэсэн тэгэхээр нь байхгүй байна гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэгт намайг бултсан гэж хэлсэн болгосон байсан. Бид 3 пиво уугаад Нанзад гарах гэж байхад Алтанцэцэг дахиад залгаад гэртээ ганцаараа байна Амгалан та 3-тай хань болж хоноё гэхээр нь яах юм бэ гээд Т.Оюунхишиг гараад явсан бид 2 хоёулхнаа байгааг хэлсэн. Тэгээд удалгүй Алтанцэцэг нэлээн согтуу шинжтэй дүүгийнхээ нөхрийг дагуулаад ирсэн байсан. Тэгсэн Нанзад дөрвүүлээ архи ууя гээд шагийн архи зардаг газраас очиж архи аваад уугаад байж байхад Алтанцэцэг явлаа гэхээр нь таксины мөнгө аваад яв гэсэн чинь таксины мөнгө авдаг гуйлгачин биш гээд явсан. Тэгээд Нанзад ч гэр лүүгээ явж Амгалан бид 2 унтаж үлдсэн. 2020 оны 07 сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Би хөдөө явах гээд найзындаа очсон чинь зээл төлөх гээд мотоциклоо хямдхан буюу 200 000 төгрөгөөр зарах гэж байгаа гэхээр нь би авъя гээд авчхаад очтол Т.Оюунхишиг, Алтанцэцэг 2 гэртээ бахгүй байсан. Хаана байгааг нь асуухад “Хур говь”-д байна гэхээр нь яваад очтол байхгүй байсан. Дахиж яриад хаана байгааг нь асуухад ангалын доор байдаг Маргадад байна гэхээр нь очтол бас байхгүй байсан. Тэгэхээр нь улаан хошууны тэнд Энхмэнд гээд хүүхнийд очсон чинь тэднийд дөрвүүлээ архидаад байж байсан. Би хувцас авах гэсэн юм гараад ир, эсвэл түлхүүрээ өгчих гэтэл тэр 2 гарч ирээд явган яваад, би мотоциклтой түрүүлж очсон. Хувцсаа авч өмсчхөөд гадуур явтал бензиний мөнгө олддоггүй. Орой 21 цагийн үед Батбаяр бид 2 буцаад ирээд тэр Зулаад мөнгө байвал 20 000 төгрөг аваад өгье гээд Алтанцэцэгийнд очтол Т.Оюунхишиг, Зулаа 3 архи уугаад сууж байсан. Тэгээд гадаа амсар нь доошоо харсан архи байхаар нь би аваад бүгдийг нь уучхаад байж байхад Тайванжаргал утсаа олох юм бол бензиний мөнгө шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр нь утсаа яасан болохыг нь асуутал Т.Оюунхишиг, Алтанцэцэг хоёрын нэг нь авчхаад өгөхгүй байна гэхэд харилаа гээд явсан. Тэгээд тэдний гэрийн гадаа сууж байгаад хартал Т.Оюунхишиг хашааны буланд түүний утсыг бариад байж байхаар нь яах гэж хүний утас аваад байгаа юм гэтэл Алтанцэцэг надад өгсөн гэхээр нь утсыг аваад ээжийнх нь дугаар луу яриад Тайванжаргалыг асуугаад утсыг нь өгөх гээд Т.Оюунхишигтэй хамт офицерын 80 айлын баруун талын халуун ус руу алхсан. Тэгээд утсыг нь өгөөд, түүнтэй юм яриад байж байхад Т.Оюунхишиг хажуугаар гүйгээд гараад явсан. Хартал баруун зүгээс машин ирж урдуур нь гүйх гэж байсан. Тэгээд би мөрөн дээрээс нь бариад таттал газар унаад, хажуудаа байгаа чулууг аваад өөрийнхөө толгой, нүүр лүү баахан цохисон. Тэгэхээр нь чулууг нь авч хаяад дагуулаад Алтанцэцэгийнд очтол Алтанцэцэг гэрээ дотроосоо түгжээд унтаад өгсөн байсан. Тэгээд Т.Оюунхишиг уух ус байхгүй байна, ус авъя гээд тэдний гэрийн хаалгыг өшиглөөд байхаар нь хүн унтаж байхад яах гээд байгаа юм гэсэн чинь Алтанцэцэг хаалгаа нээж өгсөн. Тэгээд ус аваад бид хоёр хоёулаа унтах гээд хэвтсэн. Тэгтэл Алтанцэцэг гэрээсээ гарч байхад нь Т.Оюунхишиг очоод юм ярьж байгаад нэг мэдсэн Т.Оюунхишиг ганцаараа гэр лүү орж байсан. Алтанцэцэг цаашаа гудамжаар явж байсан. Тэгээд Алтанцэцэгийн нөхөр нь ирээд бид 2 юм яриад байж байхад дуудлага өгсөн бололтой цагдаа ирсэн. Тэгээд Т.Оюунхишиг бид хоёрыг аваад цагдаагийн газарт ирсэн ...” гэв. Хохирогч Т.Оюунхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Амгалангийн гэрээс хүүтэйгээ уулзана гэж худлаа хэлж тэдний гэрээс гарсан. Н.Б нь намайг гэрээс гаргадаггүй, ажил хийлгэдэггүй. намайг гарна гэхээр утсыг минь авч дугаараа сольдог, миний утсанд ирж буй дуудлага бүрийг хянаж, таних, танихгүй хүмүүстэй хардаж, хүмүүсийг харааж загнадаг байсан. Тэр өдөр Алтанцэцэг, Хангай хоёр архи ууя гээд “Гуа тээг” дэлгүүрээс архи авч Хангайгийн гэрт очиж уусан. Би согтоогүй байсан зарим үйл явдлуудыг санаж байгаа, Н.Бтой намайг хаана байгааг асууж ярихад Алтанцэцэг хаана байгаагаа битгий хэл, чамайг дахиад л зодно гэж байсан. Би тэр үед Н.Б намайг ирж авсныг мэдээгүй, ухаан санаа орж гараад тогтворгүй байсан. Нэг мэдэхэд Амгалангийн гэрт очсон байсан. Унтаж байгаад орой нь сэрэхэд Н.Б, Амгалан 3 пиво уугаад сууж байсан. Тэр үед намайг хоол ид гэж хэлээгүй, худлаа ярьж байна. Хамаг бурууг над руу чиглүүлж байна. Би архи согтууруулах ундаа, хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Намайг гэрээс гаргахгүй айлын гэрт байлгаж, эрх эрх чөлөөг минь халдаж, хязгаарладаг тул би сүүлийн үед архи, согтууруулах ундааг их хэрэглэх болсон. Амгалангийн гэрт намайг сэрэх үед Н.Б унт гэсэн. Тухайн үед бие өвдөөд байсан болохоор би ээжийнхээ гэр лүү явлаа гээд гарах гэтэл гаргахгүй байхаар нь бие засах нэрийдлээр тамхи асаагаад гарсан. Шөнийн 00 цаг болж байсан байх, гадаа их харанхуй байсан тул би гэрэл дагаад хүн байж магадгүй гэж бодоод “Хур говь” зочид буудлын зүг явсан. Явж байхад толгой эргээд байхаар нь газар хэвтээд тусламж дуудахад хэдэн залуучууд ирсэн, хүүгийнхээ утасны дугаарыг өгөөд дуудуулсан. Тэр өдөр Алтанцэцэгийнд бас архидан согтуурч байсан. Тайванжаргал гээд залуу Н.Бийг орж ирмэгц, айсандаа гар утсаа цэнэглэж байгаад үлдээгээд зугтаад явсан. Тэгээд намайг авч яваад гарсан холбогдуулан Тайванжаргал гэдэг хүн Алтанцэцэгийнд ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Одончимэгтэй муудсан юм байхгүй. Харин 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирээд зүүн талын цээж рүү цохисон, бас шанаадсан, элэгдэж цээж рүү цохисон. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цээж рүү цохиж, элэгдэж намайг зодсон. Харин 2021 оны 07 дугаар сарын 14-15 шилжих шөнө намайг айл руу очих хүртэл замын турш зодсон. Замд байсан кабелийн утсаар ороолгож, мөн шанаадаж, цохиод элэгдсэн, хаймраар ороолгоод халуун усны газар луу чирч явсан. Үүнийг хараад Тайванжаргал айгаад зугтсан. Намайг байнга хардаж байдаг. Надаа маш хэцүү байна, хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэж хүсмээр байна ...” гэв. Хохирогч Т.Оюунхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор өгсөн: “... Би Батдорж гэх хүнтэй 2019 онд танилцсан. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй, албан ёсоор суугаагүй, хамтран амьдардаг. Батдоржийн найз Амгалангийн гэрт байдаг. Батдоржийн гэр Сайхандулаан суманд, манай гэр Сайншанд сумын 2 дугаар баг, дэнжид байдаг… Тухайн үед би архи уусан байсан, гэхдээ ухаанаа алдтал согтоогүй байсан. Тухайн үед юу болсон талаар санаж байна. 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Батдорж уурлаад бид хоёр хоорондоо хэрэлдтэл намайг унт гээд баруун гараараа миний нүүрний зүүн хэсэг рүү алгадаад гэрийн зүүн хойно дарж унагаагаад, зүүн гараараа намайг багалзуурдаад унт гэж хэлээд баруун гараараа цээжний зүүн дээд хэсэг рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа хүчтэй цохисон. Тэр үед Амгалан “наад нэг юм аа байнга зодож байхын боль” гэж хэлэхэд Батдорж, бид хоёрын асуудал чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би жоохон зуур унтаад сэртэл баруун айлын Нанзад гээд залуу 4-5 ширхэг лаазтай пиво бариад орж ирж байсан. Тэгээд Амгалан, Нанзад, Батдорж 3 нөгөө лаазтай пивоо уугаад сууж байхаар нь бие засчхаад ирье гээд гэрээс гараад гадаа жаахан зуур сууж байгаад 22 цагийн үед гэр лүүгээ явъя гэж бодоод Амгалангийн гэрээс зүүн тийшээ гараад урд талын гудамжаар нь баруун урагшаа “Хур говь” зочид буудлыг чиглээд явсан. Явж байхдаа ямар нэгэн хүнтэй таараагүй, “Хур говь” зочид буудлын тэнд ирээд толгой эргээд явах тэнхэлгүй болоод толгой эргээд байхаар нь газар хэвтээд “Хур говь” зочид буудлын гадаа 2 хүн байхаар нь туслаарай гэж хэлтэл тэнд байсан хоёр хүн ирэхээр нь нэг дугаар луу залгаад өгөөч гэж гуйсан. Тэгээд тэр хүмүүсээр 88667748 гэдэг дугаар луу залгуулаад “ээж чинь энд байна аа” гэж хэлүүлсэн. Тэгээд 10 орчим минутын дараа миний төрсөн хүү Дашдорж ирж намайг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Нүүр орчим хөхөрсөн хавдсан, зүүн талын 4 хавирга хугарсан, далны зөөлөн эд гэмтсэн, бөөр, нуруу өвдсөн зовуурьтай байгаа. Уушги цус хуралттай гээд хагалгаанд орсон... 2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны орчим санаж байна, цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа Алтанцэцэгийн хашаанд байдаг амбаарт намайг зодож миний нурууг хутгаар зүсэж миний хавиргыг хугалсан. Би зодуулаад Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид үзүүлж байсан ... би Батдоржид зодуулж, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мөнгө болох 760.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад нэхэмжилж байгаа мөнгөний баримт байхгүй байна. Эмнэлгээс над руу ярьж, 760.000 төгрөгийн эмчилгээний төлбөр нэхэж байсан....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9-11, 65-67, 98, 2-р хх-ийн 11-12-р хуудас/, Гэрч С.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Оюунхишиг, Батдорж нар нь 2019 оны өвөл амьдрах газар байхгүй гээд манай гэрт бид нартай хамт амьдарч байсан. Манай гэрт байхдаа Батдорж нь Оюунхишигийг зодоод би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. /яг он сарыг нь санахгүй байна/. Тэгээд хоорондоо байнгын хэрэлдээд байхаар нь би Батдорж, Оюунхишиг нарыг гэрээсээ хөөж байсан ... 2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны орчимд болов уу, нэг орой Оюунхишиг, Батдорж хоёр гадаах амбаарт хоорондоо хашхирч маргалдаад байгаа сонсогдсон. Тэр хоёр ер нь архи уухаараа дандаа л хоорондоо маргалдаж байдаг болохоор би санаанд ороогүй. Намайг дуудаад байсан, би гарч очоогүй. Тэгээд гэрт байж байтал Оюунхишиг орж ирээд Батдорж намайг байшингаас гаргахгүй зодоод байна, хутгаар миний нурууг зүсчихлээ, би ус ууя гэж хэлээд гарч ирлээ, согтуу намайг гаргахгүй байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би гарч яваад хүний утас гуйж цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Батдоржийг аваад явсан. Тухайн үед Батдорж нь архи уусан байсан, Оюунхишиг нь архи уугаагүй байсан. Оюунхишигийн хүзүү хоолой нь хөхөрсөн байх шиг байсан. Би боосон юм болов уу гэж бодсон. Оюунхишиг хэлэхдээ нуруун дээр хутгаар зүсчихсэн гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102, 2-р хх-ийн 33-р хуудас/, Гэрч Д.Рагчаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Оюунхишиг, Батдорж нар нь 2019 оны өвөл амьдрах газар байхгүй гээд манай гэрт хонож өнжөөд явдаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал Оюунхишиг нь манай гэрт ганцаараа ирсэн. Тухайн үед манайд манай найзууд ирсэн байсан. Оюунхишиг нь манай гэрт удаагүй байж байгаад манай эхнэр Алтанцэцэгийг дагуулаад гараад явсан. Би найзуудтайгаа байсан учраас яг хаашаа явж байгааг нь мэдээгүй. Тухайн өдөр манай эхнэр 2-3 цагийн дараа гэртээ ирсэн санагдаж байна. Айл гэрийн амьдрал надад хамаагүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй. Хоорондоо хааяа хэрэлдээд байхаар нь би гэрээрээ оруулахгүй, хөөдөг байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106 дугаар хуудас/, Гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Батдорж, Оюунхишиг нар нь хамт архи уугаад байнгын л хоорондоо маргаж мууддаг байсан. Хүнээс Батдорж, Оюунхишигийг зоддог гэж сонсож байсан. Батдорж, Оюунхишиг нарт тогтсон гэр орон байхгүй, айл айлаар хоноод явдаг, сүүлийн хэдэн сар Амгалангийнд байсан санаж байна. 2020 оны 05 дугаар сарын 10-ны орчим билүү хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, нэг шуургатай өдөр байсан юм. Би Туултай хамт явж байгаад Амгалангийнд очиход Оюунхишиг, Батдорж нар хамт байсан, тухайн үед би бага зэрэг архи уусан байсан болохоор Оюунхишигтэй үг сөрж маргасан, тэгтэл надтай хамт явсан Туул намайг аваад гарсан. Тухайн үед Оюунхишиг бид хоёр хоорондоо үг сөрж маргаснаас биш нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдаж зодож цохисон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106 дугаар хуудас/, Гэрч Ш.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Батдоржтой найзлаад 4 жил гаруй болж байна. Батдорж эхнэр Оюунхишигтэй 2019 онд танилцаад, манайд амьдраад 6 сар болж байгаа. Оюунхишиг нь манай садан төрөл байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед Оюунхишиг хүнтэй уулзана гээд гэрээс гараад явсан. Тэгээд Батдорж бид хоёр “Хараа” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд орой 17 цагийн үед Оюунхишиг Батдоржийн утас руу залгаад ярьсан. Тэгээд Батдорж Оюунхишиг согтуу байна, явж олж ирнэ гээд гэрээс гараад явсан. Тэгээд би гэрээс гараад антентай овоон дээр найзтайгаа уулзаж байгаад гэр лүүгээ очиход Батдорж Оюунхишиг хоёр гэрт ирчихсэн байсан. Тэгээд бид 3 гэр лүү ороод Оюунхишиг хэвтэж байгаад босож ирэхээр нь Батдорж “ажил амжуулна хүнтэй уулзана гээд гарсан архи уулаа” гээд загнаад унт гээд зүүн гараараа Оюунхишигийг багалзуурдаад баруун гараараа нүүрнийх нь зүүн хэсэг рүү алгадан гэрийн зүүн хойно дарж унагаагаад баруун гараа зангидаж байгаад Оюунхишигийн цээжний зүүн хэсэгт 3-4 удаа хүчтэй цохисон. Тэр үед нь би “наад нэг юмаа байнга зодож байх юм” гэж хэлэхэд Батдорж “бид хоёрын асуудал чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд Батдорж Оюунхишиг хоёр гэрийн хоймор хэсэгт унтах гээд хэвтсэн. Тэгээд 22 цагийн үед манай баруун хашааны айлын Нанзад гэдэг залуу “тог авах юм уу?” гэж асуун орж ирчихээд буцаад гарч явсан. Тэгээд төд удалгүй гаднаас манай баруун айлын Нанзад лаазтай пиво 3-4 ширхэг барьж орж ирсэн. Тэгээд Оюунхишигээс “уух уу” гэж Нанзад асуухад Оюунхишиг “уухгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд Батдорж, Нанзад бид 3 нөгөө лаазтай пивоо уугаад сууж байхад Оюунхишиг бие засна гээд гарч яваад эргэж орж ирээгүй. Энэ хоёр манайд амьдраад 6 сар гаран болж байна. Өмнө нь Батдорж Оюунхишигийг 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 02 цагийн үед манай гэрийн зүүн урд талд Батдорж Оюунхишигийг архи уулаа гээд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд Батдорж Оюунхишигийг зүүн гараараа багалзуурдаад баруун гараараа нүүрнийх нь зүүн хэсэг рүү алгадсан. Тэгээд Оюунхишиг хэвтэж байгаад босож ирээд Батдорж чамд зодуулж үхэж байхаар ээжийнхээ хажууд очоод үхсэн нь дээр гэж хэлээд Оюунхишиг гараад явах гэтэл Батдорж явуулахгүй ээ гээд зууралдаж байгаад Оюунхишигийн цээжний зүүн дээд хэсэг рүү баруун гараа зангидаж байгаад хүчтэй цохисон. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа амьсгаа авахаар цээжээр өвдөөд байна гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 7-8, 17-19, 108 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ю.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.Оюунхишиг нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бусдад зодуулсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 тоот тушаалаар даатгуулагч Т.Оюунхишигт үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь S 22 буюу хавирга, өвчүү сээр хугарах гэсэн оношны бүлэгт хамаарч байгаа ба оношны эмчилгээ үйлчилгээг харгалзан хувьсах зардал нь 769.760 төгрөг болсон тул холбогдох зардлыг гэм буруутай хүнээс гаргуулан өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 15-р хуудас/, Гэрч Д.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 09, 10-ны орчим санаж байна, Одончимэг эгч бид хоёр гадуур явж байгаад Одончимэг эгч “хоёулаа энд айлаар ороод гаръя” гэж хэлээд Амгалангийнх гэх айлаар орсон, гэрт нь Батдорж, Оюунхишиг хоёр байсан. Тэр хоёр гэрийн баруун орон дээр хэвтэж байсан. Одончимэг эгч орж очоод “Оюунхишиг чи юм дуугаралгүй ярвайлаа” гэж хэлсэн. Тэгтэл Оюунхишиг уурлаад босоод ирсэн, тэр хоёрыг маргалдах үед хажуу айлын Адъяа гэж эмэгтэй орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Гүрдорж гэдэг цагдаа орж ирээд би Одончимэг эгчийг аваад явсан. Одончимэг, Оюунхишиг хоёр нэг нэгнийхээ үснээс зулгааж байгаад болиод хоорондоо амаараа л маргалдаад байсан, нэг нэгийгээ зодож цохисон зүйл байхгүй. Тэр хоёрыг маргалдаж байтал цагдаа ирээд би Одончимэг эгчийг аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 29-р хуудас/, Гэрч Б.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 5, 6-ны орчим санаж байна. Орой “Хур говь” зочид буудал дээр жижүүртэй байж байтал амрагчдаас нэг хүн нь “гадаа нэг эмэгтэй хашхираад яваад байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлынхаа жолооч Отгонбаатарын хамтаар гараад очтол “Хур говь” зочид буудлын зүүн талд нэг эмэгтэй цаанаас “хүнд алууллаа, амь авраарай” гэж орилж ирээд газарт уначихсан. Хүрээд очтол ухаан алдсан байдалтай байсан. Отгонбаатар бид хоёр тухайн эмэгтэйг дуудаад тусламж үзүүлээд сэрээхэд тухайн эмэгтэй “би нөхөртөө зодуулчихлаа манай хүүхдийг дуудаад өгөөч” гэж утасны дугаар өгсөн. Ямар дугаар өгснийг нь санахгүй байна. Удалгүй хүүхэд нь ирээд тухайн эмэгтэйг аваад явсан, эмнэлэг рүү аваад явсан байх. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 30-р хуудас/, Гэрч Л.Бүнчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.Оюунхишиг нь цээжний битүү гэмтэл, цээжний зүүн талд олон хавирганы хугаралтай, зүүн талын цээжний хөндийд хий хурсан /уушги шалчийж/ гэмтэлтэй 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 53 минутанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт өвчний түүх нээгдэж хэвтсэн. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 цагт цээжний зүүн тал 2, 3 дугаар хавирганы завсраар гуурс тавих мэс ажилбар хийсэн. Хүний цээжний хөндий вакум даралттай байдаг. Уг вакум даралтад уушги агшиж, тэлж амьсгалах үйл ажиллагаа явуулдаг. Уг цээжний хөндийн вакум алдагдахаар цээжний хөндийд хий юм уу, шингэн хурж, уушги бүрэн тэлэх амьсгалах боломжгүй юм. Үүнийг уушгины шалчийлт гэж нэрлэж байгаа. Т.Оюунхишигийн хувьд олон хавирганы хугарал шинэ гэмтэлтэй байсан. Уг олон хавирганы хугарлын үзүүр нь уушгинд хүрч, уушгины бүрэн бүтэн байдлыг алдагдуулснаас ийм төрлийн гэмтэл авах боломжтой, эсхүл цээжний хөндий нэвтэрсэн /бусдад хутгалуулсан/ гэх мэт гэмтлийн улмаас цээжний хөндийн бүрэн бүтэн байдал алдагдах юм бол ийм төрлийн гэмтэл авах боломжтой. Гэмтэл авсан хүн амьсгалахад бэрхшээлтэй болж цээжний хэсгээр зовуурь илэрч удаан хугацаагаар явах боломжгүй болж тухайн хүний бие махбод хүчил төрөгчийн дутагдалд ордог. Хэдий хугацаанд амь насанд аюул учрах эсэхийг гэмтлийн зэргээс хамааран шүүх эмнэлэг тогтооно. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 31-р хуудас/, Гэрч Д.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай ээж Байгальмөрөн Сайншанд сум 6 дугаар баг Дампилын 14-2-1 тоотод оршин суудаг. Манай ээжийн хашаанд Амгалангийнх гэрээ авч ирж барьсан. Хэдэн сард гэрээ барьсан гэдгийг нь санахгүй байна. Амгалангийн гэрт нь Батдорж, Оюунхишиг хоёр хамт амьдардаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 9, 10-ны орчим санаж байна. Би ээжийнд очоод байж байтал хажуу гэрт хүмүүс маргалдаад байсан. Ороод очтол Батдорж, Оюунхишиг, Одончимэг, Туул нар байсан. Одончимэг эгч архи уучихсан халамцуу байсан. Оюунхишигтэй хоорондоо маргалдсан байсан. Би яагаад хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэж хэлтэл Одончимэг нь “чамд ямар хамаатай юм адилхан айлын хашаанд байгаа шүү” гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би “хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна” гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн байсан, ямар цагдаа ирсэн талаар мэдэхгүй байна. Оюунхишигийн биед учирсан гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёрыг хоорондоо зодолдож, ноцолдсон эсэх талаар мэдэхгүй байна. Намайг орч очиход Одончимэг эгч гэрийн баруун орон дээр суучихсан, Оюунхишиг гэрийн зүүн урд хэсэгт байдаг шүүгээний урд зогсчихсон нэг нэгийгээ хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаж байсан. Тухайн өдөр гэрт Оюунхишиг, Одончимэг, Туул, Батдорж нараас өөр хүн байгаагүй. Амгалан гэртээ байхгүй, эзгүй байсан. Хишгээ гэж нэртэй хүн байгаагүй, Батдорж хамтран амьдрагч Оюунхишигийг Хишгээ гэж дууддаг юм. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 32-р хуудас/, Гэрч Т.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрөө Улаанбаатар хотод ажилладаг, Сайншандад ирэн очин байдаг юм. Миний төрсөн дүү Т.Оюунхишиг нь Батдорж гэж хүнтэй хамтран амьдарч байгаа гээд гэртээ ирэхээ больсон байсан. Би Батдорж гэдэг нь ямар хүн байдаг талаар нь ч мэдэхгүй, харж байгаагүй. Сураг сонсоход, Батдорж гэж хүнтэйгээ хамт архи ихээр уудаг, мөн Батдорж нь манай дүү Т.Оюунхишигийг зоддог гэж сонсож байсан. Миний сонссоноор 2020 оны 05, 06 дугаар сард Батдорж гэдэг хүн манай дүүг зодоод хагалгаанд орсон. Мөн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр санаж байна, намайг Сайншандад ирсэн байхад Оюунхишиг Батдорждоо зодуулсан гээд гэртээ ирсэн. Тухайн үед Оюунхишигийн нурууг зулгалж гэмтээсэн, хүзүү хоолойг нь боосон бололтой хөхрүүлсэн, мөн нүүр нь хавдсан байсан. Тухайн үед би Оюунхишигийн зодуулсан байдалтай байгаа зургийг нь гар утсан дээрээ авч угаалгасан, зураг нь одоо надад байгаа. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 34-р хуудас/, Гэрч О.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө байсан санаж байна. Намайг гэрт унтаж байтал нэг хүн залгаад “танай ээж “Хур говь” зочид буудлын гадаа ухаангүй байна” гэж надад хэлсэн. Би гэрээсээ шууд гараад “Хур говь” зочид буудлын гадаа очиход буудлын баруун урд талын талбай дээр манай ээж хүнд зодуулсан байдалтай, нүүр ам нь хөхөрчихсөн ухаан алдсан хэвтэж байсан. Хажууд нь 2, 3 хүн байсан. “Хур говь” зочид буудлын ажилчид юм болов уу гэж бодсон. Би тэгээд шууд ээжийгээ аваад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт ирсний маргааш нь би ээжээсээ ямар асуудал болсон талаар асуухад “Батдорж намайг зодсон, би айлаас зугтааж гарч ирсэн” гэж хэлж байсан. Нүүр нь хүнд цохиулсан бололтой хөхөрсөн байсан. Батдорж гэж хүн хэзээнээс эхлэн манай ээжтэй хамтран амьдарч байгаа талаар мэдэхгүй байна. Би Батдорж гэж хүнийг 2019 оны 02 сард цагаан сараар манайд ирэхэд нь л анх харж байсан. Манайд ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй, их ширүүн харцтай хүн шиг санагдаж байсан. Түүний дараа би ээждээ “та ийм хүнтэй амьдраад хэрэггүй” гэж хэлтэл маргалдсан. Түүнээс хойш ээж гэртээ ирэхгүй гадуур яваад байх болсон. ... Батдорж гэж хүн байнга зоддог, гэр орон луу нь явуулдаггүй гэж сонсогддог байсан. Миний мэдэж байгаагаар 2020 оны 05 дугаар сарын 20, 21-ний орчим санаж байна. Манай ээж 2 хоногийн өмнө хүнд зодуулсан, бие өвдөөд байна. Эмийн мөнгө байна уу гэж над руу утсаар ярьж байсан, би тухайн үед ямар хүнд зодуулсан талаар асуухад ямар хүнд зодуулснаа надад хэлэхгүй байсан. Үүний дараа нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө зодуулаад “Хур говь” буудлын гадаа ухаан алдсан байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны орчимд мөн Батдорж гэх хүндээ зодуулсан байсан. Манай эгч Хишигжаргал “ээж чинь нөгөөхдөө зодуулаад ирсэн байна” гээд зодуулсан байдалтай байгаа зургийг нь аваад над руу явуулж байсан. Тэр зураг нь манай ээжийн эгч Хишигжаргалын гар утсан дээр байгаа. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 35-р хуудас/, Гэрч Н.Гүрдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр билүү, 11-ний өдөр билүү, сайн санахгүй байна. Адъяа гэх эмэгтэйгээс ирүүлсэн “хүмүүс маргалдаад байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгасан. Намайг очиход Одончимэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Одончимэг нэг эмэгтэйтэй хамт явж байсан, мөн Оюунхишигийн нөхөр гэх залуу байсан, өөр хүн байгаагүй. Дуудлага мэдээллийг хажуу айлынх нь Адъяа гэх эмэгтэй өгсөн байсан. Дуудлагаар очоод Одончимэг, Оюунхишиг нар нь үл ялих зүйлээс болж маргасан, учир зүйгээ олсон гэж хэлсэн болохоор хууль зүйн зөвлөгөө өгч Одончимэгийг хамт явж байсан эмэгтэйтэй нь явуулсан. Оюунхишиг гэх эмэгтэй нь биед учирсан гэмтэл, ил харагдах шарх, сорив байгаагүй. Одончимэг, Оюунхишиг нар нэг, нэгийнхээ эрх чөлөөнд халдаж зодож цохисон зүйл байгаагүй, маргалдаад нэг нэгнийгээ үснээс зуурахад нь Одончимэгтэй хамт явж байсан эмэгтэй салгасан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 39-р хуудас/, Гэрч Т.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 08 цагаас 15-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаанд цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2020 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд С.Алтанцэцэг гэх хүнээс Алтанжолоогийн урд задгайд “Батдорж нь эхнэрээ зодох гээд байна” гэж дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу би өөрийн биеэр очиж шалгахад, С.Алтанцэцэг гэх хүний хашаанд байх жижиг амбаарт Н.Б нь хамтран амьдрагч Оюунхишигийг зодсон гэж хэлж байсан. Тухайн үед Оюунхишигийн нүүр болон хоолойны хэсэгт бага зэргийн хөхрөлт, зулгаралт үүссэн байсан. Эмнэлгийн яаралтай тусламжид үзүүл гэж хэлээд явуулсан. Оюунхишиг нь “Батдорж танай цагдаад шалгагдаж байгаа” гэж хэлж байсан. Бид 02 цагийн орчимд Н.Бийг авчирч, драгерь үлээлгэхэд 1.21 хувийн согтолттой байсан. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 40-р хуудас/, Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.Оюунхишигийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн тухайн гэмтлүүдийг шинэ хуучныг тогтоох боломжгүй байдаг. Харин өвчний түүхийн хуулбарт тусгагдсанаар олон хавирганы хугарлууд нь зөрүүтэй гэж тусгасан байсан болохоор тухайн олон хавирганы хугарал нь шинэ гэмтэл байсан байх боломжтой ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/0143 дугаартай: “... Т.Оюунхишигийн цээжний хөндийн хий хуралт, зүүн уушгины шалчийлт, зүүн 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан цээжний хөндийн хий хуралт, зүүн уушгины шалчийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 4, 5. 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/0365 дугаартай “... Т.Оюунхишигийн биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, зовхины цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Учирсан зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхины цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 48-р хуудас/, Хохирогч Т.Оюунхишигийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 25-40 дүгээр хуудас/, Хохирогч Т.Оюунхишигийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /2-р хх-ийн 49-50 дугаар хуудас/, Гэрэл зураг /2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /2-р хх-ийн 60-62 дугаар хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2-р хх-ийн 63-71 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв. Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Амгалангийн гэрт 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Оюунхишигийн эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал нь хохирогч Т.Оюунхишигийн: “... 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Батдорж уурлаад бид хоёр хоорондоо хэрэлдтэл намайг унт гээд баруун гараараа миний нүүрний зүүн хэсэг рүү алгадаад гэрийн зүүн хойно дарж унагаагаад, зүүн гараараа намайг багалзуурдаад унт гэж хэлээд баруун гараараа цээжний зүүн дээд хэсэг рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа хүчтэй цохисон. Тэр үед Амгалан “наад нэг юм аа байнга зодож байхын боль” гэж хэлэхэд Батдорж, бид хоёрын асуудал чамд хамаагүй гэж хэлсэн… Нүүр орчим хөхөрсөн хавдсан, зүүн талын 4 хавирга хугарсан, далны зөөлөн эд гэмтсэн, бөөр, нуруу өвдсөн зовуурьтай байгаа. Уушги цус хуралттай гээд хагалгаанд орсон .... 2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны орчим санаж байна, цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа Алтанцэцэгийн хашаанд байдаг амбаарт намайг зодож миний нурууг хутгаар зүсэж миний хавиргыг хугалсан. Би зодуулаад Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид үзүүлж байсан ... би Батдоржид зодуулж, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Амгалангийн: “... Тэгээд бид 3 гэр лүү ороод Оюунхишиг хэвтэж байгаад босож ирэхээр нь Батдорж “ажил амжуулна, хүнтэй уулзана гээд гарсан архи уулаа” гээд загнаад унт гээд зүүн гараараа Оюунхишигийг багалзуурдаад баруун гараараа нүүрнийх нь зүүн хэсэг рүү алгадан гэрийн зүүн хойно дарж унагаагаад баруун гараа зангидаж байгаад Оюунхишигийн цээжний зүүн хэсэгт 3-4 удаа хүчтэй цохисон. Тэр үед нь би “наад нэг юмаа байнга зодож байх юм” гэж хэлэхэд Батдорж “бид хоёрын асуудал чамд хамаагүй” гэж хэлсэн ... Оюунхишиг бие засна гээд гарч яваад эргэж орж ирээгүй. Энэ хоёр манайд амьдраад 6 сар гаран болж байна. Өмнө нь Батдорж Оюунхишигийг 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 02 цагийн үед манай гэрийн зүүн урд талд Батдорж Оюунхишигийг архи уулаа гээд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд Батдорж Оюунхишигийг зүүн гараараа багалзуурдаад баруун гараараа нүүрнийх нь зүүн хэсэг рүү алгадсан. Тэгээд Оюунхишиг хэвтэж байгаад босож ирээд Батдорж чамд зодуулж үхэж байхаар ээжийнхээ хажууд очоод үхсэн нь дээр гэж хэлээд Оюунхишиг гараад явах гэтэл Батдорж явуулахгүй ээ гээд зууралдаж байгаад Оюунхишигийн цээжний зүүн дээд хэсэг рүү баруун гараа зангидаж байгаад хүчтэй цохисон. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа амьсгаа авахаар цээжээр өвдөөд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Шинэбаярын: “... “Хур говь” зочид буудлын зүүн талд нэг эмэгтэй цаанаас “хүнд алууллаа, амь авраарай” гэж орилж ирээд газарт уначихсан. Хүрээд очтол ухаан алдсан байдалтай байсан. Отгонбаатар бид хоёр тухайн эмэгтэйг дуудаад тусламж үзүүлээд сэрээхэд тухайн эмэгтэй “би нөхөртөө зодуулчихлаа манай хүүхдийг дуудаад өгөөч” гэж утасны дугаар өгсөн ...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Дашдоржийн: “... нэг хүн залгаад “танай ээж “Хур говь” зочид буудлын гадаа ухаангүй байна” гэж надад хэлсэн. Би гэрээсээ шууд гараад “Хур говь” зочид буудлын гадаа очиход буудлын баруун урд талын талбай дээр манай ээж хүнд зодуулсан байдалтай, нүүр ам нь хөхөрчихсөн ухаан алдсан хэвтэж байсан. Хажууд нь 2, 3 хүн байсан. “Хур говь” зочид буудлын ажилчид юм болов уу гэж бодсон. Би тэгээд шууд ээжийгээ аваад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт ирсний маргааш нь би ээжээсээ ямар асуудал болсон талаар асуухад “Батдорж намайг зодсон, би айлаас зугтааж гарч ирсэн” гэж хэлж байсан. Нүүр нь хүнд цохиулсан бололтой хөхөрсөн байсан ... Би Батдорж гэж хүнийг 2019 оны 02 сард цагаан сараар манайд ирэхэд нь л анх харж байсан. Манайд ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй, их ширүүн харцтай хүн шиг санагдаж байсан. Түүний дараа би ээждээ “та ийм хүнтэй амьдраад хэрэггүй” гэж хэлтэл маргалдсан. Түүнээс хойш ээж гэртээ ирэхгүй гадуур яваад байх болсон. ... Батдорж гэж хүн байнга зоддог, гэр орон луу нь явуулдаггүй гэж сонсогддог байсан. Миний мэдэж байгаагаар 2020 оны 05 дугаар сарын 20, 21-ний орчим санаж байна. Манай ээж 2 хоногийн өмнө хүнд зодуулсан, бие өвдөөд байна. Эмийн мөнгө байна уу гэж над руу утсаар ярьж байсан, би тухайн үед ямар хүнд зодуулсан талаар асуухад ямар хүнд зодуулснаа надад хэлэхгүй байсан. Үүний дараа нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө зодуулаад “Хур говь” буудлын гадаа ухаан алдсан байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны орчимд мөн Батдорж гэх хүндээ зодуулсан байсан. Манай эгч Хишигжаргал “ээж чинь нөгөөхдөө зодуулаад ирсэн байна” гээд зодуулсан байдалтай байгаа зургийг нь аваад над руу явуулж байсан. Тэр зураг нь манай ээжийн эгч Хишигжаргалын гар утсан дээр байгаа. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/0143 дугаартай дүгнэлт, хохирогч Т.Оюунхишигийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүхийн хуулбар, гэрэл зураг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Б нь “... Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Оюунхишигийг зодоогүй, 2020 оны 05 дугаар сарын 10-ны үед Оюунхишиг нь Одоноотой зодолдсон. Оюунхишиг бид хоёр гэрийн хойд талаар би хойно, Хишигээ урд талд нь газар хэвтэж байхад Одоноо Хишигээгийн дээрээс хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгэхэд Хишигээ амьсгаа авч чадахгүй байна гэж байсан ...2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны үед Оюунхишиг нь чулуу аваад өөрийнхөө толгой руу цохиж байсан ... Би Оюунхишигийг огт зодож байгаагүй тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн агуулга бүхий маргах боловч энэ нь хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд болох гэрч Д.Туулын “... Одончимэг эгч орж очоод “Оюунхишиг чи юм дуугаралгүй ярвайлаа” гэж хэлсэн. Тэгтэл Оюунхишиг уурлаад босоод ирсэн, тэр хоёрыг маргалдах үед хажуу айлын Адъяа гэж эмэгтэй орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Гүрдорж гэдэг цагдаа орж ирээд би Одончимэг эгчийг аваад явсан. Одончимэг, Оюунхишиг хоёр нэг нэгнийхээ үснээс зулгааж байгаад болиод хоорондоо амаараа л маргалдаад байсан, нэг нэгийгээ зодож цохисон зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Адъяагийн: “... Ороод очтол Батдорж, Оюунхишиг, Одончимэг, Туул нар байсан. Одончимэг эгч архи уучихсан халамцуу байсан. Оюунхишигтэй хоорондоо маргалдсан байсан. Би яагаад хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэж хэлтэл Одончимэг нь “чамд ямар хамаатай юм, адилхан айлын хашаанд байгаа шүү” гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би “хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна” гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн байсан, ямар цагдаа ирсэн талаар мэдэхгүй байна. Оюунхишигийн биед учирсан гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёрыг хоорондоо зодолдож, ноцолдсон эсэх талаар мэдэхгүй байна. Намайг орж очиход Одончимэг эгч гэрийн баруун орон дээр суучихсан, Оюунхишиг гэрийн зүүн урд хэсэгт байдаг шүүгээний урд зогсчихсон нэг нэгийгээ хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаж байсан. Тухайн өдөр гэрт Оюунхишиг, Одончимэг, Туул, Батдорж нараас өөр хүн байгаагүй. Амгалан гэртээ байхгүй, эзгүй байсан. Хишгээ гэж нэртэй хүн байгаагүй, Батдорж хамтран амьдрагч Оюунхишигийг Хишгээ гэж дууддаг юм. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Гүрдоржийн: “... Одончимэг нэг эмэгтэйтэй хамт явж байсан, мөн Оюунхишигийн нөхөр гэх залуу байсан, өөр хүн байгаагүй. Дуудлага мэдээллийг хажуу айлынх нь Адъяа гэх эмэгтэй өгсөн байсан. Дуудлагаар очоод Одончимэг, Оюунхишиг нар нь үл ялих зүйлээс болж маргасан, учир зүйгээ олсон гэж хэлсэн болохоор хууль зүйн зөвлөгөө өгч Одончимэгийг хамт явж байсан эмэгтэйтэй нь явуулсан. Оюунхишиг гэх эмэгтэй нь биед учирсан гэмтэл, ил харагдах шарх, сорив байгаагүй. Одончимэг, Оюунхишиг нар нэг, нэгийнхээ эрх чөлөөнд халдаж зодож цохисон зүйл байгаагүй, маргалдаад нэг нэгнийгээ үснээс зуурахад нь Одончимэгтэй хамт явж байсан эмэгтэй салгасан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Одончимэгийн: “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны орчим билүү хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, нэг шуургатай өдөр байсан юм. Би Туултай хамт явж байгаад Амгалангийнд очиход Оюунхишиг, Батдорж нар хамт байсан, тухайн үед би бага зэрэг архи уусан байсан болохоор Оюунхишигтэй үг сөрж маргасан, тэгтэл надтай хамт явсан Туул намайг аваад гарсан. Тухайн үед Оюунхишиг бид хоёр хоорондоо үг сөрж маргаснаас биш нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдаж зодож цохисон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. Гэрч Л.Бүнчингийн “... Т.Оюунхишиг нь цээжний битүү гэмтэл, цээжний зүүн талд олон хавирганы хугаралтай, зүүн талын цээжний хөндийд хий хурсан /уушги шалчийж/ гэмтэлтэй 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 53 минутанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт өвчний түүх нээгдэж хэвтсэн. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 цагт цээжний зүүн тал 2, 3 дугаар хавирганы завсраар гуурс тавих мэс ажилбар хийсэн. Хүний цээжний хөндий вакум даралттай байдаг. Уг вакум даралтад уушги агшиж, тэлж амьсгалах үйл ажиллагаа явуулдаг. Уг цээжний хөндийн вакум алдагдахаар цээжний хөндийд хий юм уу, шингэн хурж, уушги бүрэн тэлэх амьсгалах боломжгүй юм. Үүнийг уушгины шалчийлт гэж нэрлэж байгаа. Т.Оюунхишигийн хувьд олон хавирганы хугарал шинэ гэмтэлтэй байсан. Уг олон хавирганы хугарлын үзүүр нь уушгинд хүрч, уушгины бүрэн бүтэн байдлыг алдагдуулснаас ийм төрлийн гэмтэл авах боломжтой, эсхүл цээжний хөндий нэвтэрсэн /бусдад хутгалуулсан/ гэх мэт гэмтлийн улмаас цээжний хөндийн бүрэн бүтэн байдал алдагдах юм бол ийм төрлийн гэмтэл авах боломжтой. Гэмтэл авсан хүн амьсгалахад бэрхшээлтэй болж цээжний хэсгээр зовиур илэрч удаан хугацаагаар явах боломжгүй болж тухайн хүний бие махбод хүчил төрөгчийн дутагдалд ордог. Хэдий хугацаанд амь насанд аюул учрах эсэхийг гэмтлийн зэргээс хамааран шүүх эмнэлэг тогтооно. ...” гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Анхбаярын “... Т.Оюунхишигийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн тухайн гэмтлүүдийг шинэ хуучныг тогтоох боломжгүй байдаг. Харин өвчний түүхийн хуулбарт тусгагдсанаар олон хавирганы хугарлууд нь зөрүүтэй гэж тусгасан байсан болохоор тухайн олон хавирганы хугарал нь шинэ гэмтэл байсан байх боломжтой ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/0143 дугаартай: “... Т.Оюунхишигийн цээжний хөндийн хий хуралт, зүүн уушгины шалчийлт, зүүн 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан цээжний хөндийн хий хуралт, зүүн уушгины шалчийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 4, 5. 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/0365 дугаартай “... Т.Оюунхишигийн биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, зовхины цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Учирсан зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхины цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэсэн дүгнэлт, хохирогч Т.Оюунхишигийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүхийн хуулбар, хохирогч Т.Оюунхишигийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудасны хуулбар, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар хохирогч Т.Оюунхишигийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн зэргийн гэмтэл учирсан, эдгээр нь тухайн үйл явдал болсон цаг хугацаанд шүүгдэгч Батдоржийн санаатай үйлдлийн улмаас учирсан нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримтуудыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй, эдгээр нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шинжээчийн 02/0365, 02/0143 дугаартай дүгнэлтүүдийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч, түүний өмгөөлөгчид танилцуулсан нь хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 44, 56 дугаар хуудаст авагдсан ба шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна. Шүүгдэгч Б.Батдорж нь хохирогч Т.Оюунхишигтэй 2019 оноос хамтран амьдрах хугацаандаа 2020 оны 5 дугаар сарын 18, 19-ний үед, 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Т.Оюунхишигийг архи уулаа гэж согтуугаар зодож олон тооны хавирганы хугарал, уушгины шалчийлт бүхий хүнд гэмтэл учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 14, 15-ны үед зодож хавиргыг хугалж хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь эрүүл мэндээрээ хохирсон этгээдийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг шууд нэрлэн зааж, тухайн гэмтлийг хэрхэн, яаж учруулсан талаар гэрчилсэн мэдүүлгээс гадна хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэхэд эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийг өөр хэн нэгэн этгээд үйлдсэн гэж үзэхэд хүргэсэн үндэслэл бүхий сэжиг таамаг, түүнийг нотолсон баримт сэлт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй болохыг дурдвал зохино. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... хэргийн зүйлчлэл тохироогүй, Иргэний хуульд гэрлэгсэд, гэр бүлийн гишүүн гэдгийг заасан байна. Гэр бүл гэдэг нь хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байхыг хэлнэ. Гэр бүл гэдэг нь нэг гэр бүлд бүртгэлтэй байх ёстой. Шүүх хуралдаанд өгсөн биеийн байцаалтад Батдорж нь ам бүл 5-уул, Сайхандулаан суманд амьдардаг, Оюунхишиг нь ам бүл 5-уул, Сайншанд суманд амьдардаг гэж байна, тиймээс гэр бүл биш бөгөөд гэр бүлийн гишүүд биш болох нь харагдаж байна. Хамаарал бүхий этгээд гэдэг нь эргэлзээтэй байна ... Оюунхишиг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэхээсээ илүү өөрөө архины хамааралтай гэдэг нь нууц биш юм ... гэр бүлийн хамааралтай гэж үзэх үндэслэлгүй тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэстэй байна ...” гэж маргаж байгааг хүлээн авах үндэсгүй гэж үзэв. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж тус тус хуульчилжээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заажээ. Шүүгдэгч Н.Б, хохирогч Т.Оюунхишиг нар нь 2019 оноос хойш хамтран амьдарч байсан байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Н.Бийн удаа дараагийн үйлдлээр хамтран амьдрагч Т.Оюунхишигийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэв. Шүүгдэгч Н.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хохирогч Т.Оюунхишиг нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч байгууллагаас хохирогч Т.Оюунхишигийн эмчилгээний зардал 769.760 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах шаардлага гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт олгохоор шийдвэрлэлээ. 2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ДШМ/31 дугаартай магадлал зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Шүүгдэгч Н.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж шүүх дүгнэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоов. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан тул шүүгдэгч Н.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Баян овогт Намсрайн Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоног буюу 3 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боос хохирогч Т.Оюунхишигийн эмчилгээний зардал 769.760 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгосугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Оюунхишигийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Оюунхишиг нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА ШҮҮГЧИД Д.АДЪЯАСҮРЭН Г.ЭНХТУНГАЛАГ