Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 36

 

Х.Д-, Б.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар 

Прокурор                                       Д.Энхтуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн О-, Х-ын Д- нарт холбогдох эрүүгийн 1818000760055 тоот, 166/2018/0088/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Б-гийн О-, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТБ******** регистрийн дугаартай.

Монгол Улсын иргэн, Б- овогт Х-ын Д-, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА******** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.О-, Х.Д- нар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мансууруулах эм, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 99 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- Б-гийн О-, Боржгигон Х-ын Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Б.О-, Х.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жил, шүүгдэгч Х.Д-ийг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О-, Х.Д- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр...

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-, Х.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаартай шийтгэврээр оногдуулсан шийтгэлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолохоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мансууруулах эм, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О- өөрийн гэм буруутай үйлдлийн талаар хэргээ хүлээн мэдүүлж “хөнгөн ял оногдуулж өгнө үү, дахиж хэрэглэхгүй. Миний буруу” гэх мэдүүлэг. Шүүгдэгч Х.Д- мөн “би дахиж хэрэглэхгүй, ухаарсан. Хөнгөн ял өгөөч” гэх мэдүүлэг өгч байсан.

Шүүгдэгч нар нь хэдийгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх 18 насанд хүрсэн, шүүхээс Эрүүгийн хуулийн ердийн журмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Х.Д- нь 17 настай хүүхэд байсан байдаг. Шуүгдэгч Б.О- нь 18 нас хүрээд удаагүй байсан зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал нас сэтгэхүйн хувьд хүүхэд наснаас насанд хүрэгчийн амьдралд хөл тавих шилжилтийн үедээ анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээх алдаа гаргаж, алдаагаа дахин давтахгүй, ухаарсан гэж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэх хуульд заасан боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.О-, Х.Д- нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар оршин суух газар сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Анхан шатны шүүхийн шийдвэрээс 3 хоногийн өмнө шүүгдэгч нарт Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “30 хоногийн албадан сургалтанд хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан” нь давхар арга хэмжээ ногдуулсан гэж үзэж байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх нийгэмд хор уршиг ихтэй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нар нь зөвхөн ургамлаас гадна нэмэлт байдлаар мансууруулах бодисыг хэрэглэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-, Х.Д- нарыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мансууруулах эм, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.О-, Х.Д- нарыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 жил, шүүгдэгч Х.Д-ийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.О-, Х.Д- нар нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтах тетрагидроканнабинол /ТНС/ сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2017 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 39-р байрны ар талд Гандангийн цаад талын блокоор дутуу барьсан хашаан дотроос түүж бэлтгэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт байрлах 45А байрны 2-р орцны 10-р давхарт хадгалсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 хуудас/, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зураг /хх-ийн 8-9 хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-14 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-25 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1410 дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №1409 дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №1408 дүгнэлт /хх-ийн 45-46 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №1407 дүгнэлт /хх-ийн 50-51 хуудас/, шүүгдэгч Б.О-, Х.Д- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-, Х.Д- нарын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Б.МАНЛАЙБААТАР