Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 11

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “НӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАЗД-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 тоот “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0038/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “НӨТ” ХХК-ийн захирал З.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-р хорооллын 28-р байрны баруун хойд талд байрлах орон сууцны зориулалттай 2107 м.кв газрыг 106 айлын орон сууцны хотхон барихаар ОАЗДын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 тоот захирамжаар эзэмших болж, газар эзэмшүүлэх гэрээг хийсэн ба уг газар эзэмших гэрээний дагуу орон сууцыг зураг төслийн дагуу барихаар 2016 оны 05 дугаар сарын 20-ноос хойш орон сууц барих суурийг ухан, хашаа барьж, эскиз зургаа хийлгүүлэх ажлаа эхлүүлсэн. Ингээд 2017 оны хавар орон сууцны барилгыг эхлүүлэх гэтэл “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагыг хангаагүй байна, үүнийг шийдвэрлэж байж ажлаа эхлүүлэх зөвшөөрлөө авч, техникийн нөхцөл олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэсний дагуу үнэлгээ хийлгүүлэх болж 2017 оны 07 дугаар сарын 17-нд тухайн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн үнэлгээний дүгнэлт гарсан. Уг дүгнэлт гарсны дагуу инженер геологийн судалгааны дүгнэлт гарах байсан учир дахин хойшлогдон 2018 оны 06 сард уг дүгнэлт гарч, барилгын ажлаа эхлүүлэх гэтэл ОАЗД-аас газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдэл 2018 оны 07 сард ирсний дагуу тайлбарыг хүргүүлж, хариуг хүлээсэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 29-нд шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасныг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Иймд ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 тоот “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““НӨТ” ХХК нь 2015 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн 2-28 дугаар байрны баруун талд орон сууцны зориулалттай 2170 м.кв газар дээр 108 айлын 9 давхар орон сууц барихаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамжаар газар эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан. Үүний дагуу газрын эскиз зураг гаргахаар болсон. 2015 оны 09 дүгээр сард газар эзэмших эрх олгосон учраас тухайн жилдээ улирлын чанартай холбоотой ажил эхлүүлэх боломж байгаагүй. Тухайн газар дээр барилга барих бэлтгэл ажил хийх жил байсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс орон сууц барих суурь ухаж, эскиз зургаа хийх ажил эхэлсэн. Энэ үед тухайн эскиз зургийг хянаж шалгах, тухайн зураг дээр ажиллуулах компанийг сонгож, томилж ажлаа эхлүүлсэн. Ингээд ажлыг эхлүүлээд байж байтал гэрээ байгуулсан талаас газрын үнэ өөрчлөгдөж магадгүй учраас түр хүлээж бай гэж хэлээд газрын үнийг төлөхийг хойшлуулж байсан. Тухайн 2016 онд газрын ажил эхлүүлээд явж байхад төр засгийн зохион байгуулалт өөрчлөгдөөд тухайн шинээр гарсан ЗД зөрчил илэрсэн газрын ажлыг хийхийг түр зогсоож бай гэж хэлсэн. 2017 оны 05 дугаар сард хавар орон сууцны эскиз зургаа батлуулах гэтэл зөрчил илэрсэн танайх энэ газар дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээд тайлагнасан тухай нэг хуудас материал өгсөн байдаг. Ингээд энэ зөрчил гарсантай холбоотой ажиллагааг хийхэд 2017 оны 05 дугаар сард үнэлгээ хийлгэх мэдэгдэл ирсэн. Үүнийг Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаад дүгнэлт гарсан. Тухайн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Ингээд үүний дагуу ажил хийх гэтэл инженер геологийн дүгнэлт байхгүй учраас мөн л эскиз зургийг батлахгүй гэсэн. Мөн л инженер геологийн дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад хандаж дүгнэлтээ гаргуулсан. Ингээд энэ дүгнэлт гараад 108 айлын орон сууцны төлөвлөлтийг 106 айлын орон сууц болгож өөрчилсөн. Хэмжээ, жижиг, томоос шалтгаалан өөрчлөлт гарсан. Энэ мэтчилэн ажлууд хийгээд явж байгаа. 2018 оны 06 дугаар сард дүгнэлт гарснаас хойш эскиз зургаа батлуулах санал тавьтал, 2018 оны 07 дугаар сард газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа гэсэн мэдэгдэл ирсэн. Бид үүний дагуу хариу тайлбараа өгсөн. Эргэж хариу ирэхгүй байсаар байгаад 2018 оны 10 дугаар сарын 29-нд Засаг даргын захирамж гарсан байсан. Та газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тиймээс ОАЗД-ын А/672 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй захирамж гэж үзэж байна. Анх газар эзэмшүүлэх захирамж гарахдаа газрын үнэ болгож 14 сая төгрөгийг төлүүлсэн. Инженер геологийн дүгнэлт, байгаль орчны үнэлгээ, эскиз зураг гээд эдгээр ажилд 30 гаруй сая төгрөг зарцуулсан. Байгаль орчны дүгнэлтийн хувьд 90 хоногийн дотор батлуулах ёстой гэж байгаа боловч барилгын ажил өөрөө зуны дэлгэр цагт ажил хийх онцлогтой байдаг. Бид өөрсдөө шийдээд ажлаа эхлүүлчихдэг ойлголт биш. Тиймээс 2018 оны 10 дугаар сарын 29-ний А/672 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын Оюут баг, 2 дугаар хороолол 28 дугаар байрны ард талд байрлах орон сууцны зориулалттай 2107 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэвч “НӨТ” ХХК нь газар эзэмших гэрээ байгуулснаас хойш гэрээгээ дүгнүүлээгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу  ашиглаагүй зөрчил гаргасан тул Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Тус хуулийн 40.2-т заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно. “НӨТ” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 28 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн боловч дурдсан ажлууд нотлогдохгүй, шаардлага хангахгүй байсан тул энэ талаар утсаар мэдэгдэж, нотлох баримт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй байна. Иймд АЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 869 дугаартай албан бичгээр “НӨТ” ХХК-д хүргүүлсэн. ОАЗД-ын шийдвэр нь холбогдох хууль, журмын дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““НӨТ” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтад орж 2-28 дугаар байрны хойд талд газар авсан. Энэ төсөл сонгон шалгаруулалтын материал эх хувиараа ирээгүй байна лээ. Төсөлд шалгараад байгаль орчны үнэлгээ хийлгэх ёстой байсан. Бидэнтэй холбогдохгүй байсан. Уг нь төсөл сонгон шалгаруулалтад ороод газар авч байгаа бол Байгаль орчны үнэлгээ дүгнэлтийг 90 хоногийн дотор гаргаж өгдөг. Энд архитектур төлөвлөлтийн даалгавар гэж батлуулах ёстой. Зураг төслөө батлуулах ёстой. Эдгээр ажлаа хийлгэх албан ёсны байгууллага бол манайх байгаа. Энэ хийгдсэн материалуудыг харахаар хувийн компаниар хийлгэсэн байдаг. Төсөл шалгарсны дараа заавал манайд хандаж, аймгийн ерөнхий архитектураар мөн батлуулж байж хүчин төгөлдөр болдог. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨК-д хандана. Маш олон төрийн эрх бүхий байгууллагуудаар шалгуулаад үзэж хараад энэ газар дээр 9 давхар барилга барих боломжтой гэж үзэж байвал батлаад явдаг. Гэтэл нэг ч удаа манайд хандаж байгаагүй. Зураг төслөө хянуулаад явж байгаагүй. Нэхэмжлэгч компани дандаа хувийн компаниудаар ажил хийлгээд явсан байдаг. “НӨТ” ХХК нь 2 газартай байсан. Нэг газрыг нь эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Газрын албанаас шаардаад ирээгүй, гэрээгээ дүгнүүлсэн зүйл байдаггүй. Өөрөө ирж уулздаггүй. Мэдэгдэл удаа дараа явуулсан. Утас нь холбогдохгүй байдаг. Хувийн хэрэгт мэдэгдэл гардуулсан, хүргүүлсэн баримт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “НӨТ” ХХК нь ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 тоот “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж, ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

             Нэг. ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамжийн “НӨТ” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон тухайд: “НӨТ” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаар  “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмших эрхийн 000310599 дугаартай гэрчилгээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-28 дугаар байрны хойд талд 2107 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн.

            ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамж нь “НӨТ” ХХК-д газар эзэмших эрх олгосон шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг /Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно/-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарна.

            Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг /Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно.../-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдвол түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага хүчингүй болгоно.  

            Хариуцагчийн тайлбар, ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай захирамжид ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ  “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “Газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй” зөрчил гаргасан гэжээ.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй/-т заасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-т зааснаар гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж байгаа этгээд нь газар эзэмших, ашиглах явцдаа хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулга бүхий зохицуулалт юм. Тодруулбал, Газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны ЗДгазар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.

            Харин ОАЗД нь “НӨТ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй, харин тус компанид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамжийг ЗД өөрөө хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

            Захиргааны байгууллагаас “НӨТ” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамж буюу нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 24.2 дахь хэсэг /Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ/, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг /Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг /Захиргааны акт...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 27 дугаар зүйлийн 27.1 /Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно/, 27.4 /Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна. ..., 27.5 /Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/-т зааснаар сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзлээ.

Шүүхээс “ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргахад хамаарах нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах, шийдвэр гаргах ажиллагаанд “НӨТ” ХХК-ийг хэрхэн оролцуулсан талаар нотлох баримтыг ирүүлэх”-ийг хариуцагчаас шаардахад хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5/91 дугаартай албан бичгээр “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 625 тоот мэдэгдлийг “НӨТ” ХХК-д хүргүүлж, тайлбар, санал гаргах боломж олгосон” гэсэн бөгөөд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаартай албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Үүнээс дүгнэхэд ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамжаар “НӨТ” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байсан уу? эсхүл газар эзэмшигч “НӨТ” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зөрчил гаргасан уу? гэдгийг ялгаж, түүнд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, захиргааны шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, сонсох ажиллагаа явуулах, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй шийдвэр гаргасан байна.

ОАЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дугаартай захирамж нь хууль бус болох нь тогтоогдоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл би болоогүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...хүчингүй болгоно/-т зааснаар ЗД-ын захирамж хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж өмнө гаргасан захирамжаа ЗД өөрөө хүчингүй болгох үндэслэлгүй байна.

ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай захирамжаар “НӨТ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй ч захирамжид тус компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй”, “Газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан” гэж үзсэн маргааны үйл баримтад шүүхээс дүгнэлт өгч маргааныг нэг мөр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “НӨТ” ХХК нь ОАЗД-ын дэргэдэх Байгаль, орчин, аялал жуулчлалын газарт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” хийлгэх хүсэлт гаргасны дагуу тус газраас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай албан бичгээр “Ерөнхий үнэлгээний дүнгээр тус төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв” гэсэн дүгнэлтийг ирүүлжээ.

            Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар хороолол, 28 дугаар байрны баруун хойд талд байрлах орон сууцны зориулалттай барилгын талбайд инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулахаар “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ”-г “Эко Тех Проект” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, дүгнэлтийг гаргуулан, 106 айлын орон сууцны эскиз зургийг 2018 онд шинэчлэн гаргасан байх бөгөөд үүнийг маргаан бүхий эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшихээр бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байсан гэж үзэж, тус компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх дүгнэв.

            Тодруулбал: Газар эзэмшигч “НӨТ” ХХК нь газар эзэмшүүлэх шийдвэр гарсан өдрөөс шууд газар дээр барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд тухайн газар дээр барилга, байгууламж барихад шаардлагатай бичиг баримт, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг гаргуулсаны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх боломжтой болно. Тийм учраас барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлж байх хугацаанд хоёр жилийн хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэв.

Газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэлийн тухайд: ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай захирамжийн үндэслэлд “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй”, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...Газар эзэмшигч нь жил бүр гэрээгээ дүгнүүлэх ёстой. Гэтэл гэрээгээ дүгнүүлж байгаагүй...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.11 /газар эзэмших гэрээг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор дүгнүүлэх/-т заасан газар эзэмшигчийн үүрэг, мөн 4 дүгээр зүйлийн 4.4 /газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх/-т заасан газар эзэмшүүлэгчийн үүргийг тус тус заасан байх тул газар эзэмших гэрээг дүгнэх, дүгнүүлэх талаар хэн аль нь буруутай, гэрээний үүргээ биелүүлээгүй нь дан ганц газар эзэмшигчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ хэсэгт зааснаар ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай захирамж нь хууль бус болох нь тогтоогдсон, түүний улмаас “НӨТ” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “НӨТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, ОАЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “НӨТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЗД-аас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ