Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/187

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц овогт Ггийн Б холбогдох эрүүгийн 1931004230034 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ц овогт Ггийн Б, Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 29- ний өдөр Увс аймгийн “Хяргас” суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа зөгийн аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын * дугаар баг, Бүүргийн ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Г.Б нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, **** СЭА улсын дугаартай “Samsung” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль-экологид 838,532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мод бэлтгэхээр явсан. ...Би зөвшөөрөлтэй байсан учраас гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй. Зөвшөөрөлтэй газраасаа л мод бэлтгэж байна гэж бодож байсан гэв...” гэх мэдүүлэг, 2.Хохирогч П.Бы 2020 оны 01 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Г.Б гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, 3.Гэрч Б.Аын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б гэх хүнийг танина. Манай дүүгийн нөхөр буюу миний хүргэн байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай хүргэн Г.Б надаас миний эзэмшлийн **** СЭА улсын дугаартай, “Самсунг” маркийн тээврийн хэрэгслээр Зэлтэр рүү нүүрсэнд явна гээд аваад явсан. Гэтэл дараа нь модонд явсан байсан талаар мэдсэн. Тухайн тээврийн хэрэгслийг 2015 онд санагдаж байна, 4,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 4.Хохирогч С.Мын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад **** СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн Г.Б түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуулинд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. **** СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгслээр Шаамар сумын иргэн Б нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Г.Б нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас бэлтгэсэн байсан. Г.Бийн тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, 5.Гэрч Г.Мартын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад **** СЭА улсын дугаартай, “Samsung” маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн Г.Б нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуулинд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ойг нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Г.Б нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг, 6. Гэрч Г.Энхтүвшингийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Шаамар сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. Миний хувьд Шаамар сумын иргэн Г.Б гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг...” гэх мэдүүлэг, 7.Гэрч Б.Батсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажилаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр миний бие 0091284 тоот эрхийн бичгийг 8м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г.Б, Б.Даваанням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой. Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэднэ. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг, 8.Гэрч Т.Мөнхтуулын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Шаамар сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Г.Б нь 2019 оны 10-р сарын 31-ны өдөр Байгаль хамгаалагч Б.Батсүхээр 0091284 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байдаг. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт Шаамар сумын иргэн Г.Б, Р.Баярбаясгалан, Б.Давааням, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг” гэх мэдүүлэг, 9.Гэрч Ж.Алтангэрэлийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Хүдэр сумын байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г.Б, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуул, байгаль хамгаалагч нар түлээний модонд бэлтгэх, мод ямар байх талаар Г.Б, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг нарт заавар, зөвлөгөө өгсөн. Шаамар сумын иргэн Г.Б, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас, ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. Шаамар сумын иргэд Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг, 10.Гэрч Г.Өсөхбаярын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б бид хоёр бол багын найзууд, нэгнийгээ сайн таньж мэднэ. Манай найз хүнд тусархуу, найз нөхөд олонтой, хүнд их түшиг эр хүн шиг гэж боддог. Эхнэр хүүхдүүдийн хамтаар Шаамар суманд амьдардаг. Эхнэр нь одоогоор гэртээ хүүхдүүдээ хардаг. Г.Б Шаамар сумын цэцэрлэгийн жижүүр ажилтай. Ахуй амьдрал нь тогтсон, ажилсаг, хөдөлмөрч залуу. Гэр бүлээ гэсэн сэтгэлтэй залуу. Архи уухгүй, тамхи татахгүй, элдэв муу зуршил байхгүй, зан ааш нь яг л нэг хэвээрээ хүнтэй харьцаж чаддаг. Хүнийг ялгаж чаддаггүй аль болох туслах гээд байдаг зантай хүн. Сэтгэл нь цагаан, шударга. Би холбогдсон хэргийн талаар нь бол сайн мэдэхгүй байгаа. Хүн л болсон хойно алдсан болов уу гэж бодож байна. Анхнаасаа хууль бус зүйл хийе гэж бодоогүй байсан байх. Гэр бүлдээ хэрэгцээтэй галын түлээнд явж байгаад л ийм зүйл боллоо гэж надад тайлбарлаж хэлсэн. Би ч энэ асуудлыг хүндээр хүлээн аваагүй. Шаамар суманд Г.Бийг хүн бүхэн танина. Шаамар суманд төрж өссөн, унаган хүүхэд. Сумын иргэд ам сайтай байдаг. Гэр бүлд нь ямар нэгэн хэрүүл маргаан болдоггүй. Гэрт нь оронгуут л халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг, манайх Г.Бийн хажуу хөрш айл. Байнга бие биенийхээрээ орж гардаг болохоор гэрт нь юу болдог талаар мэддэг юм...” гэх мэдүүлэг, 11.Гэрч Б.Дариймаагийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б ахтай хамт ажиллаад 3 жил гаран болж байна. Г.Б ах Шаамар сумын 1 дүгээр цэцэрлэгийн жижүүр ажилтай ба ажилдаа их хариуцлагатай, зарчим ч хүн. Хамт олныхоо дунд нэр хүндтэй, ажилсаг, хөдөлмөрч, бусдыгаа гэсэн сэтгэлтэй, хүнд их тусархуу, ажлын хамт олон найз нартайгаа маргалдаж муудалцаад байдаггүй. Г.Б ах эхнэр, 4 хүүхдийн хамтаар амьдардаг. 4 хүүхэд нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг. Эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Ар гэрийн ахуй амьдралд дундаж, зундаа хувийн аж ахуй эрхэлж зөгий, ногоо тарьж амьдардаг. Энэ гэр бүлийн амьдралыг ганцхан Г.Б ах тэжээж явдаг. Энэ хүн ажил хийхээ болих юм бол ахуй амьдрал нь хэцүүхэн байдалд орно гэж боддог. Г.Б ах өөрөө Шаамар сумын унаган хүүхэд, хүн болгон ахыг таньж мэддэг. Таньж мэддэг хүн болгон л ам сайтай байдаг. Г.Б ахыг хулгай хийх хүн биш гэж бодож байна. Өөрийнх нь яриаг бол мод бэлтгэхдээ андуураад модоо бэлтгэсэн талаар хэлсэн байдаг. Г.Б ах архи уухгүй, элдэв зан ааш араншин байхгүй, хүнтэй яг л байгаагаараа харилцдаг. Илүү дутуу зан байхгүй...” гэх мэдүүлэг, 12.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн №18-04-015/13 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Г.Бийн бэлтгэн тээвэрлэж явсан гэх модыг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд “Samsung” маркийн тээврийн хэрэгслийн тэвш дээр ачигдсан мод нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1 метр 50 сантиметр урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна. 2.Г.Бийн мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. 3.Иргэн Г.Бийн бэлтгэж, “Samsung” маркийн тээврийн хэрэгслийн тэвш дээр ачсан мод нь нарс төрлийн хуурай 77 ширхэг мод байх бөгөөд эзэлхүүн нь 6.8м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120,000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн Г.Бийн бэлтгэсэн 6.8м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.8м3х 120.000=1.468.800 төгрөг болж байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт: “ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 1,468,800х3=4,406,400 төгрөг болно...” гэх дүгнэлт, 13.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №18-04-015/04 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Г.Бийн бэлтгэн, тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1м, 50см урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна. 2. Г.Бийн мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Иргэн Г.Бийн бэлтгэж, тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай 77 ширхэг мод байх бөгөөд эзэлхүүн нь 8.6м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120.000 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээг нь 6.8м3х 120.000 х 1.8 = 1.468.800 төгрөг болж байна. /1.8 хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр/. Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 1,468,800 х 3= 4,406,400 төгрөг болно...” гэх дүгнэлт, 14.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-041 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1835 СЭА улсын дугаартай, 2009 онд Монгол Улсад орж ирсэн “Samsung” SY110 маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгний үнэтэй болно...” гэх дүгнэлт, 15.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Тухайн хэрэгт хураагдсан 77 ширхэг мод нь “Нарс” төрлийн хуурай түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1м 50см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. 2. Г.Бийн мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р баг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р муж, ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Г.Бийн тээвэрлэж явсан гэх 77 ширхэг модны эзэлхүүнийг “Монгол Улсын стандарт MNS 2379:2010”-ыг үндэслэн гаргахад: нийт 77 ширхэг, нийт эзэлхүүн 4.1365м3, Г.Бийн тээвэрлэж явсан гэх 77 ширхэг модонд “Монгол улсын стандарт 5413:2011” дагуу үзлэг хийхэд 12см болон 14см-ийн голчтой 28 ширхэг /0.6245м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-46 см голчтой 49 ширхэг /3.512м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. 2019 онд мөрдөгдөж байсан БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ 1 шоометр нарс модны үнэлгээ 120.000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0 хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр 1.8-аар үржүүлэхэд Түлээ: 0,6245 м3 х120,000 х 1,0 = 79,940 төгрөг Хэрэглээ: 3,512 м3 х120,000 х 1,8 = 7,586,592 төгрөг болж байх ба нийт 77 ширхэг 4.1365м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 838,532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөг болж байна. 4. Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын “Аргуут” гэх газраас мод бэлтгэж болохгүй. “Аргуут” гэх газраас мод бэлтгэх үйл ажиллагааг албан ёсны зөвшөөрөлтэй гэж үзэх боломжгүй. Ойн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх бол зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарт оруулах саналаа Аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна. Иймд тухайн жилд “Шаамар”, “Алтанбулаг” сумын Засаг дарга нар урьдчилсан тохиролцож, гэрээ байгуулаагүй тул тухайн мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2 дахь хэсэг “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж заасныг зөрчсөн байна...” гэх дүгнэлт, 16.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 17.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , 18.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 19.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, 20.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 22.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг болно. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.Б нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, **** СЭА улсын дугаартай “Samsung” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль-экологид 838,532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллах дүгнэлтдээ Г.Бийг яллаж буй нотлох баримтаар нотолсон гэж дурьджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бээс “...Би зөвшөөрөлтэй байсан учраас гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй. Зөвшөөрөлтэй газраасаа л мод бэлтгэж байна гэж бодож байсан” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс: “...Энэ хэрэг нь бусад хууль бусаар мод бэлтгэх хэргээс өөр. Яагаад гэвэл түлээний мод бэлтгэж, тээвэрлэх зөвшөөрөлтэй байсан. Хэрэв миний үйлчлүүлэгчид зөвшөөрөл олгоогүй байсан бол модонд явахгүй байсан. Ахуйн хэрэглээнд галын түлээнд л ашиглахаар бэлтгэсэн. ...өөр орон нутгаас илүү хэмжээгээр мод бэлтгэсэн гэж үзэж байгаа юм бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч болох л байсан” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Г.Бийг зөвшөөрөл аваагүй гэж маргаагүй. Өөрөөр хэлбэл Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх бүрэн боломжтой болоод л зөвшөөрлийг нь олгосон. Гэтэл Г.Б нь Хүдэр сумын “Шанд” гэх газрыг мэдсээр байж Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэсэн нь хууль бус юм. Хэрэв өмгөөлөгчийн яриад байгаагаар Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх тохиолдол нь зөвшөөрөл авсан газраас мод бэлтгэхдээ тоо хэмжээний хувьд хэтрүүлсэн байхыг шаардана. Хохирол төлбөрийн хувьд хэзээ ч П.Бгэдэг хүний данс руу мөнгө орохгүй. Энэ гэмт хэргийн улмаас Алтанбулаг сум хохирсон учраас Алтанбулаг суманд л хохирол төлөгдөх ёстой” гэж харилцан мэтгэлцсэн. Шүүгдэгч Г.Б нь түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч Байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид ажил үүрэгтэй хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны улмаас хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж зөрчсөн нь тогтоогдсон байх боловч Г.Бийн үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц, баялгийг хомсдуулсан, экологийн тэнцлийг алдагдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Бийн бэлтгэж, тээвэрлэсэн модны товарлаг байдал, чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа нь дараахь 3 төрөл байхаар хуульчилсан.Үүнд: 1.Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны; 2.Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний; 3.Нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын зэрэг хамаарна. Харин ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй, улмаар хэрэглээний мод, түлээ гэсэн ойлголтуудыг ч Ойн тухай, Байгалийн баялгийг ашиглах тухай хуулиудад ч тус, тусад нь салангид авч үзсэнээс дүгнэвэл: Зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа: модны шинж чанар, модыг бэлтгэсэн арга, мод бэлтгэж, тээвэрлэхэд шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгамжтай авч үзэх шаардлагатай байна. Аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан сөрөг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь аливаа үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээ нь түүнийг гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур байх эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд нийцнэ. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт: “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн үйлчлэлд зөвхөн орон нутгийн ЗДТГ-тай гэрээ байгуулалгүй мод бэлтгэсэн эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол ойгоос мод бэлтгэсэн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудад энэ хуулийн заалт хамаарч, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулан, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцлийг бий болгосон. Гэтэл тухайн орон нутгийн иргэд түлшний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авсан /ажил явдлын үеэр хэрэглэх, ахуйн хэрэгцээнд түлээнд хэрэглэх гэх мэт/ боловч заасан газраас өөр газар мод бэлтгэсэн, зөвшөөрлийн бичигт заасан хугацаанд мод бэлтгээгүй, зөвшөөрлийн бичиг авсан боловч хураамж тушаагаагүй гэсэн үндэслэлээр иргэдэд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаас өмнө байгаль-экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, хохирлын хэмжээнээс хамааран зөрчлийн хэрэг үүсгэх эсэх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэх эсэхэд мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорууд цаашид анхаарал хандуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга асан П.Бнь мөрдөн шалгах ажиллагааны явцад албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд хэрэг шүүхэд шилжиж ирэх үед ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Цаашид Засаг даргыг нотолсон баримт бичгийг хавтаст хэрэгт баталгаажуулан бэхжүүлэн авах, шаардлагатай тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилуулах; Тухайн сумын Засаг дарга хэн байх нь хамаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон салбарын локаль хуульд тус тус зааснаар Засаг дарга гэсэн албан тушаал эрхэлж байгаа субьектыг /иргэн биш/ гагцхүү хохирогчоор тогтоох, тухайн этгээд хохирогчоор тогтоогдсон тохиолдолд хуулиар үүрэг болгосон ажил, үүргийг биелүүлэхийг шаардах, албан ажилдаа хариуцлагатай хандаж, хавтаст хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцуулахыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ц овогт Ггийн Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Бийг цагаатгаж шийдвэрлэв. Энэхүү хэрэгт битүүмжилсэн **** СЭА улсын дугаартай, “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Ат /РД:МО77110311/ буцаан олгох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй, 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Г.Бт буцаан олговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ггийн Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Бийг цагаатгасугай.

2. Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэхүү хэрэгт битүүмжилсэн **** СЭА улсын дугаартай, “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Ат /РД:МО77110311/ буцаан олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй, 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Г.Бт буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ