Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/188

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Б*******ийн *******д холбогдох эрүүгийн 2031001960152 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б******* овогт Б*******ийн *******, Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Таван толгой” уурхайд хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 1 Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, ******* тоотод оршин суух, урьд,

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 017 тоотод оршин суух иргэн Б.*******гийн гэрт Т.*******, Б.******* нарын хамт архидан согтуурч байгаад гарч явахдаа Т.*******гийн өмчлөлийн “Самсунг А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 017 тоотод оршин суух иргэн Б.*******гийн гэрт Т.*******, Б.******* нарын хамт архидан согтуурч байгаад гарч явахдаа Т.*******гийн өмчлөлийн Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******н өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Т.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би найз *******тэй уулзахаар болоод тэднийд 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уучихаад гэр лүүгээ явахаар болсон юм. Гэр лүү явах гэтэл *******гийн найз гэх ******* 750 граммын “Хараа” нэртэй архитай орж ирсэн юм. Тэгээд хамт ууж суухаар болсон юм. Би нээх уугаагүй байсан ба ******* “миний утсаар дуу сонсож байна” гээд чихэвчтэй хамт ютүүбээр дуу сонсоод байсан юм. Тэгтэл ******* над руу уурлаад хараалын янз бүрийн үг хэлээд байхаар би гараад явах гэтэл ******* араас гарч ирж, бид 2 хэсэг маргалдсан. Тэр хооронд ******* гараад явсан байсан. Би утсаа чихэвчний хамт гадна амбаарт угаалгын машин дээр орхисон байсан ба өглөө үүр цайж байхад би сэрээд утаснаас цаг харах гэтэл миний утас олдохгүй байсан ба хар өнгийн чихэвч маань угаалгын машин дээр байсан. Би найзыгаа сэрээгээд миний утас байхгүй байгаа талаар хэлэхэд “миний утас бас алга байна” гэж байсан. Тэгээд хэсэг хайж үзэхэд *******гийн утсыг орны доороос олсон ба өөрийнхөө утас руугаа залгаад үзэхэд нэг дуудчихаад унтарсан юм. Би тухайн үед “SAMSUNG” маркийн А50 загварын гар утастай байсан. 2019 оны 03 дугаар сарын дундуур 869,000 төгрөгөөр 89093181 дугаарын хамтаар “Юнител ХХК”-иас авч байсан. Сар бүр 63,800 төгрөг төлдөг. Миний гар утасны хавтсанд 1100 төгрөг “Хаан банк”-ны виза карт, Төрийн банкны виза карт, утсан дотор “Мобиком”, “Юнител” нарын сим карт зэрэг байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Т.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний бие гар утсаа Цагдаагаас хүлээж авсан юм. Тухайн үед миний гар утсан дээр бүх зүйлийг устгасан байсан нь ******* нь миний гар утсыг хувьдаа авах зорилгоор санаатай хулгайлсан байна. Иймд хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Би гар утсаа бүрэн бүтэн байдалтайгаар хүлээн авсан. ******* гэх залуу миний гар утасны бүх зураг, мессеж, хадгалсан утасны дугаар зэрэг надтай хамааралтай бүх зүйлийг устгасан байсан. Одоо надад ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз ******* бид фэйсбүүкээр чат бичиж байгаад пиво уухаар болоод ******* манай гэрт ирсэн. Тэгээд би дэлгүүр ороод “Нийслэл” нэртэй 2 литрийн пиво аваад гэртээ очоод ******* бид 2 хувааж уусан. Тэгээд ууж дуусаад такси дуудсан чинь ******* ирсэн. Тэгээд “нэг шил архи байна” гээд бид 3 тухайн архийг хувааж уусан. Ууж дуусгаад ******* бид 2 гэрийн гадаа маргалдсан. Тэгээд удаагүй байхад ******* манай гэрээс яваад өгсөн байсан. Тухайн үед ******* бид 2 явсныг нь мэдээгүй. Тэгээд бид 2 гэрт ороод *******гийн утас алга болсон байсан болохоор нь “өглөө хайя” гээд бид 2 унтсан. Тэгээд өглөө босоод олдохгүй болохоор нь би *******гийн гэрт очоод утас асуусан чинь “байхгүй, би мэдэхгүй” гэсэн. Архи ууж байх үед *******, ******* амбаарт дуу сонсоод сууж байсан. Утас хайж байх үед чихэвч нь угаалгын машин дээр байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч О.Гантулгын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь нийтэч, олонтой хүүхэд байгаа юм. Элдэв муухай ааш, араншин гаргаж байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч О.Ганбатын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь төлөв даруу, хүнтэй их эвсэг, найрсаг залуу байгаа юм. Хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийж явахыг нь би харж байгаагүй...” гэх мэдүүлэг[6],

7. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ/518-086 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтов...” гэх дүгнэлт[7],

8. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол[8], 9. Зөрчлийн хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл[9], 10. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10], 11. Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл[11], 12. Эд зүйл, баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[12], 13. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл [13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Зөрчилд холбогдон шалгагдаж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.******* нь мөрдөн байцаалтын шатанд алдагдсан “Самсунг А50” маркийн гар утсыг биетээр эргүүлэн хүлээн авсан  гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б******* овогт Б*******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б*******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б******* овгийн Б*******ийн *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.АМАРГЭРЭЛ