Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/185

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хондого овогт *******н *******д холбогдох эрүүгийн 2031000000142 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хондого овогт ******* *******, Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг “Алтан гадас” 1-1в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын төвд 2020 оны 07 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 06-58 ДАР улсын дугаартай, “Hyundai Sonata-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч Г.*******г мөргөж, хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын төвд 2020 оны 07 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн  06-58 ДАР улсын дугаартай, “Hyundai Sonata-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч Г.*******г мөргөж, хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баясахлхагвын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Тухайн өдөр шороо шуурч байсан ба би 35 км/цагийн хурдтай явж байсан. Зам дээр хүүхэд эргэж орж ирсэн. Нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж би хэрэг хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байдаг эмээ, өвөөгийнхөө гэрт очсон юм. Ингээд тэндээ байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед би Сэлэнгэ гэж нэртэй үеэл найзынхаа хамт тэдний гэр рүү явж байсан. Тухайн үед бороо орох гээд шороо шуурч байсан. Сэлэнгэ замын хажууд талын хэсгээр, харин би машин замаар явж байсан. Мөн Сэлэнгэ надаас бага зэрэг хоцорчихсон алхаж байсан. Тэгээд явж байтал миний ардаас машин ирж яваа юм шиг гэрэл нь харагдахаар нь замаас гараад зүүн хөлөө татаж авч амжаагүй байхад тэр машин миний хөлийг дайрахад би гараараа газар тулаад унасан. Намайг дайрсан машин бага зэрэг шарваж зогсоод жолооч нь аавтайгаа хамт бууж ирээд намайг өргөөд сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд сувилагч миний хөлд үүссэн шарханд тос түрхээд хөлийн урд талын хэсгийг боож өгсөн. Миний хөлийг машинаараа дайрсан ах аавтайгаа хамт намайг өргөж машиндаа суулгаад манай хамаатны Одонбилэг гэж эгчийнд хүргэж өгсөн. Одонбилэг эгч аав, ээжтэй утсаар ярьсны дараа намайг машинаараа Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг миний хөлийг үзэж зургийг нь дараад эмч тэр зургаа харсны дараа хөлд гипс түрхээд боож өгсөн. Түүний дараа Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Одоо миний хөл эдгэж байгаа Хаван нь ч гэсэн бууж байгаа Миний эмчилгээний болон унааны зардлыг дайрсан ах төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Б.Сувд-Эрдэний 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь 1996 онд төрсөн ба төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өссөн. Бид хоёр танилцаад 2 жил болж байна. Б.******* тээврийн хэрэгсэлд сонирхолтой, тээврийн хэрэгсэл жолоодохдоо сайн, хувь хүний хувьд төлөв даруу, яриа хөөрөөтэй, хүнтэй эвсэг найрсаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Архи уудаггүй, тамхи татдаг хүн байгаа юм. 06-58 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхөр Б.*******гийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч С.Болормаагийн 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ээлжийн сувилагчаар ажиллаж байхад 22 цагийн орчим ******* гэх хүү өөрийн төрсөн хүү болон 2 охин дагуулчихсан орж ирсэн. Тэгээд ******* нь хэлэхдээ “энэ охин хөлөө машинд шүргүүлсэн” гэж хэлсэн. Тухайн үед дуудлагын эмч Дархан-Уул аймаг руу өвчтөн хүргэхээр явсан байсан ба их эмчид болсон зүйлийн талаар хэлэхэд “Би Сэлэнгэ аймгаас гарч байна” гэж хэлсэн. Тухайн охиныг үзэхэд баруун хөл нь шагай хэсгээрээ арьс нь зулгарсан, хурууны сарвуу хэсгээр хөхрөөд хавдсан байсан. Ингээд би цэвэрлэгээ хийгээд боолт хийж өгөөд “зураг авахуулах шаардлагатай юм байна, ар гэрт нь хүргэж өгөөд зураг яаралтай авахуул” гэж хэлээд явуулсан. Жолоочоос ямар нэгэн архи дарс уусан шинжгүй, үнэртэхгүй байсан. Надад дэлгэрэнгүй яриагүй. Ямар ч байсан энэ хүүхэд машинд шүргүүлчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.*******н 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хушаат сумын төвд мотоциклын рам гагнуулахаар өөрийн төрсөн хүү Б.Баясахлхагвын хамт 06-58 ДАР улсын дугаартай цагаан өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн юм. Ингээд мотоциклын рам гагнуулаад буцаад хөдөө гэр лүүгээ харихаар цаг уурын хажуугийн шороон замаар машинтайгаа явж байтал бид хоёрын явж байсан замын баруун талаар 2 эмэгтэй хүүхэд утсаар оролдоод явж байгаа харагдсан. Тэгээд ойролцоогоор 5 метр орчим зайд яваад очиход нөгөө хүүхэд замын эсрэг тал руу гэнэт эргээд гүйх шиг болоод машины урдуур орж мөргүүлэх шиг болсон. Тухайн үед манай хүү Б.******* машинаа зүүн тийшээ дараад амжилгүй хөлийг нь гэмтээсэн. Тэгээд манай хүүхэд бид хоёр машинаас буугаад очиход нөгөө охин ёолоод баруун хөлөө бариад байсан. Тэгтэл цанаас нөгөө охин нь хүрч ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө охиныг аваад Хушаат сумын эмнэлэг орж үзүүлэхэд, боож өгөөд “давстай усаар шавшаарай, их эмч байхгүй байна. Эмчийг маргааш ирэхээр үзүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд нөгөө охиныг дагуулаад байгаа гэх айлд нь очиход эгч гэх хүн уурлаад байсан ба манай хүү тухайн охиныг үзүүлэхээр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг авч явсан ба очиж зургийг нь авахуулахад “хөлний яс цуурсан байна” гэж хэлсэн. Б.******* нь 1996 онд Говь-Алтай аймагт төрсөн. Төрсөн цагаасаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Дархан-Уул аймагт цэцэрлэгт орж, 16 дугаар сургууль, АЖБИ сургуулийг төгссөн. Сургууль төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд “Төмөртэй уурхай”-д уулын мастераар ажилладаг. Миний хүү тээврийн хэрэгсэлд сонирхолтой, хувь хүний хувьд төлөв даруу, яриа хөөрөөтэй хүнтэй эвсэг найрсаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, хүнд их тусархуу хүн байгаа юм. Архи уудаггүй, тамхи хааяа надаас нууж татдаг...” гэх мэдүүлэг[5],

6. Насанд хүрээгүй гэрч П.Хэрлэнбаярын 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би утсаар оролдоод явж байсан болохоор хараагүй, бага зэрэг зайтай явж байсан юм. Ингээд гэнэт машин шарваж байгаа юм шиг чимээ гарахаар нь би эргээд хартал Г.******* машины хойд талд газар суучихсан байхаар нь гүйгээд яваад очиход жолооч ах машинаас бууж ирээд “гайгүй юу” гэж асуусан. Тухайн үед Г.******* гутлаа тайлаад уйлаад байсан. Тэгсэн чинь тэр жолооч ах Г.******* бид хоёрыг дагуулаад Хушаат сумын эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн. Тухайн үед их эмч нь байхгүй байсан ба сувилагч бентээр боогоод “давстай усаар шавшаарай, маргааш их эмчийг ирэхээр үзүүлээрэй” гэж хэлээд явуулсан. Тэгсэн чинь тэр ах Г.*******гаас “аав, ээжийг нь асуугаад байгаа газар чинь очье” гэж хэлээд манай эгчийн гэрт дагуулж очсон. Тэгээд тэр жолооч ах Г.*******г дагуулаад Сэлэнгэ аймаг руу эмнэлэг үзүүлэхээр авч явсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч П.Отгонзаяагийн 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эгчийнхээ гэрт байж байхад аав нь гэх хүн манай төрсөн эгчийн охин *******гийн баруун хөлийг боочихсон, машинаасаа тэврээд орж ирсэн. Тухайн үед юу болсон талаар асуухад “энэ охины хөл дээгүүр нь дугуйгаараа гараад явчихлаа” гэж хэлсэн. Ингээд би уурлаад “наад хүүхдээ ийм байдалтай байхад бид нарыг дуудахгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Ингээд *******гийн ээжтэй утсаар холбогдуулж хооронд нь яриулсан ба *******гийн хөл нь өвдөөд байхаар нь би жолооч залууг ирэхгүй болохоор нь “өвчин намдаах эм авчирч өг” гэж хэлээд авчирч өгсөн. *******гийн хөл нь хавдаад байсан учир жолооч залууг дуудаж “ар гэрт нь хүргэж өгөөд зураг яаралтай авахуул” гэж хэлээд явуулсан. Баруун хөлийн арьс зулгарсан, хөхөрч хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдахгүй байсан. Жолоочоос ямар нэгэн архи дарс уусан шинжгүй, үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Б.Энхтөрийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.Баясахлхагвын хуурай дүү нь байгаа юм. Би Б.Баясахлхагвыг багаасаа мэднэ. Хувийн зан харилцааны хувьд төлөв даруу, шулуун шударга, хүнтэй эвтэй харьцаж аргыг нь олдог, хүнтэй маргалдаж муудалцаад зодолдоод байдаггүй, гэмт хэрэгт зөрчилд холбогдож байгаагүй, урлаг спортдоо сайн, мундаг ах байгаа юм. Ууртай муухай зан гаргаад байдаггүй. Аав ээжийнхээ үгнээс зөрдөггүй, дураараа ийш тийшээ хэсэж, тэнээд байдаггүй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй, архи дарс уугаад байдаггүй, тамхи татдаггүй элдэв муу зуршил байхгүй. Дээрээ нэг эгчтэй айлын бага хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[8]

9. Гэрч Ц.Чулуунсүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд миний 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Аав ээжийнхээ гар дээр өсөн бөгөөд Дархан-Уул аймгийн “Жигүүр цогцолбор” ерөнхий боловсролын сургуульд суралцаж 2013 онд төгсөж байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн ШУТИС-д суралцан уул уурхай ашиглалтын технологийн инженер мэргэжлээр төгссөн. Цэргийн албыг Дархан-Уул аймагт дүйцүүлэхээр хааж тэнцсэн. Зан харилцааны хувьд илүү дутуу зан ааш байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, аав ээжийнхээ үгнээс гарч, сөрж хэрүүл уруул хийгээд байдаггүй, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, буруу зуршил байхгүй. Сагсан бөмбөг, Гар бөмбөг тоглодог, морин хуур тоглож, дуулдаг авьяастай. Дархан-Уул аймагт төмөрлөгийн үйлдвэрт уулын инженер хийдэг байсан. Одоогоор хувиараа ажил хийхээр ажлаасаа гарсан байгаа. Урьд өмнө гэмт хэрэгт, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэх мэдүүлэг[9],

10.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Г.*******гийн биед зүүн шилбэний шаант ясны битүү сэлтэрхийт хугарал, зүүн тавхайн 1-р хурууны 3 дугаар үений дээд хэсгээр хугарсан цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт[10],

11.2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт хэсэгт: 1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль: 3.1.6 “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийг хохирол учрахыг хэлнэ. Иймд: Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2020 оны 07 дугаар сарын 08-ны 19 цагийн орчим Б.Баясахлагва нь 06-58 ДАР улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Г.*******г мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэв... гэх дүгнэлт[11],

12. Ашид Билгүүн ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ТХҮ/518-108 дугаартай үнэлгээний тайлан хэсэгт: 1.06-58 ДАР улсын дугаартай 2007 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2016 онд Монгол улсад орж ирсэн HYUNDAI SONATA-6 маркийн авто машиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 07 дугаар сарын байдлаар 2.500.000 төгрөгийн үнэтэй болно. ... гэх дүгнэлт[12],

13.Яллагдагч Б.Баясахлхагвын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байдаг гэртээ очиж хонио ноослочихоод орой сумын төв рүү мотоциклын рам гагнуулахаар явсан. Тэгээд рамаа гагнуулчихаад сумын төвд явж байсан бөгөөд ойролцоогоор 19 цагийн үед гэж санаж байна. Сумын эмнэлгийн хажуугаар өөрийн 06-58 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад 2 хүүхэд замын хажууд явж байсан бөгөөд би хажуугаар нь өнгөрөх гэтэл нэг хүүхэд гэнэт урдуур ороод ирсэн. Тэгээд би зүүн гар тийшээ машиныхаа хүрдийг эргүүлээд, зогсоох арга хэмжээ авсан чинь шороон зам дээр гулгаад тэр хүүхдийг машиныхаа жолоочийн эсрэг талын урд дугуйгаар мөргөчих шиг болсон. Тэгээд би 35 км/цагийн хурдтай явж байсан.Би машинаасаа буугаад харахад эмэгтэй хүүхдийн баруун хөлөн дээгүүр урд талын дугуйгаар гарсан байсан бөгөөд яаралтай эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмчид нь үзүүлчихээд тухайн охины ар гэрийнхэн рүү нь очоод шууд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд хөлийн зургийг нь авахуулж, төрсөн эцэг эхтэй нь холбогдсон. Ийм л асуудал болсон. Тухайн хүүхэд нь утсаар оролдоод чихэвч зүүсэн явж байсан бөгөөд би ар талаас нь машинтай ирж байсан бөгөөд машины гэрэл тусахаар нь цочоод гэнэт ороод ирсэн байх гэж бодож байна. Би зогсоох арга хэмжээ авсан боловч шороон зам байсан учраас зогсохгүй гулгаж очоод мөргөсөн. Би 30-35 км/цагийн хурдтай явж байсан. Би тухайн 2 хүүхдийг хараад хүүхэд байна гээд хурдаа сааруулж байсан юм. Би өөрөө машинаа бариад аав ******* нь жолоочийн хажууд сууж байсан. Өөр хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 06-58 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн Хьюндай сонота-6 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2020 оны 04 дүгээр сард худалдаж авч байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би 2014 онд Пуужинт сум нэртэй авто сургуулийг төгсөж В, С ангиллын үнэмлэхтэй болсон. Тухайн хүүхэд нь үеэл гэх өөртэйгөө нас ойролцоо хүүхэдтэй явж байсан. 2 лаа эмэгтэй хүүхэд байсан. Зүгээр утсаа оролдоод л явж байсан тэрнээс архи согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мансуурсан зүйл ажиглагдаагүй, хэвийн байсан...” гэх мэдүүлэг[13],

14. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17. Яаралтай тусламж үзүүлсэн хуудас[17], 18. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баясахлхагвын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.******* хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй. Харин шүүдэгчийн зүгээс хохирогчид эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнм 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн санал болгосон торгох ялаас доогуур торгох ял шийтгэл оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хондого овогт ******* Баясахлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хондого овогт ******* Баясахлхагвыг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ