Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

  2021        04         06                                  2021/ШЦТ/471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04152 0635 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1985 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Азийн Топ эхлэл” ХХК-нд харуул, хамгаалалтын ажилтан, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Шүүхийн 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүүргийн 6 дугаар хорооны 29 дүгээр байрны 31 тоотод төрсөн дүү Б.Батхишигийг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ хэмээн толгойн хэсэгт нь цохиж, хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.Батхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз Ичинхорол болон өөрийн төрсөн 4 охины хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 29-31 тоотод гэртээ байх үед гаднаас миний төрсөн ах болох Х нь орж ирсэн. Намайг нөхрийнхөө эзгүйд гэртээ хүн амьтан авчирлаа, нөхрийгөө байхгүй үед гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэлээ гэж хэлээд элдвээр доромжилсон. Манай найзыг гарч бай гэж хэлээд гарсны дараа зодсон. Намайг зодох үедээ миний толгойн дух, дагз руу хөлөөрөө өшиглөсөн, мөн миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч Г.Цэрэндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батхишигийн гэрт очиж хүүхдүүдэд нь пицца авч өгөх гээд очих үед дүү Батхишиг нь гэртээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай, гэрт нь үл таних хүмүүс байсан. Тус хүмүүсийг нь гэрээс нь хөөсөн учраас би тэр хүмүүсийг нь хөөхөд дүү Батхишиг нь найз нараа өмөөрөөд намайг хөөхөөр нь уурлаад хоорондоо маргалдсаны улмаас би дүү Батхишигийг зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би жижиг өрөө рүү ороход Б.Батхишиг нь үл таних залуутай хамт байсан. Тэгтэл тэр залуу намайг жижиг өрөөний хаалгаар орох үед тэр залуу нь надтай зөрөөд гараад явсан. Мөн намайг Батхишигийн гэрт ороход үл таних зөрөөд гараад явсан. Тэгээд би дүү Батхишигт уурлаж гэртээ танихгүй хүн цуглуулж хүүхдүүдийнхээ дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж уурлах үед Батхишиг нь надад миний өөдөөс хэрэлдэж намайг гэрээсээ хөөсөн. Тэгээд намайг гэрээсээ гаргах гээд байхаар нь би хувцсаа тайлчихсан байсан учир хувцсаа өмсөх гээд байж байхад миний хүзүүг маажсан. Тэгэхээр нь би дүү Батхишигийн дух хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд би гэрээс нь хөөгдөөд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №11727 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Батхишигийн биед дагзны хуйх, духанд шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. 4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүүргийн 6 дугаар хорооны 29 дүгээр байрны 31 тоотод төрсөн дүү Б.Батхишигийг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ хэмээн толгойн хэсэгт нь цохиж, хөлөөрөө өшиглөсөн болох нь

Хохирогч Б.Батхишигийн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз Ичинхорол болон өөрийн төрсөн 4 охины хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 29-31 тоотод гэртээ байх үед гаднаас миний төрсөн ах болох Х нь орж ирсэн. Намайг нөхрийнхөө эзгүйд гэртээ хүн амьтан авчирлаа, нөхрийгөө байхгүй үед гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэлээ гэж хэлээд элдвээр доромжилсон. Манай найзыг гарч бай гэж хэлээд гарсны дараа зодсон. Намайг зодох үедээ миний толгойн дух, дагз руу хөлөөрөө өшиглөсөн, мөн миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Цэрэндоржийн: “...Батхишигийн гэрт очиж хүүхдүүдэд нь пицца авч өгөх гээд очих үед дүү Батхишиг нь гэртээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай, гэрт нь үл таних хүмүүс байсан. Тус хүмүүсийг нь гэрээс нь хөөсөн учраас би тэр хүмүүсийг нь хөөхөд дүү Батхишиг нь найз нараа өмөөрөөд намайг хөөхөөр нь уурлаад хоорондоо маргалдсаны улмаас би дүү Батхишигийг зодсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Батхишиг нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч *******ад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан ялаас *******ыг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь урьд хоёр хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР