Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

   2021       04          07                                  2021/ШЦТ/473

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00436 0296 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1988 оны 02 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, 3 дугаар дулааны цахилгаан станцад тоосон системийн засварчин ажилтай,  ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 1 гудамж 55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /\

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 105 дугаар байрны 11 тоотод согтуурсан үедээ Х.Батнямтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа олон удаа цохисны улмаас Х.Батнямын биед гавлын ясны баруун чамархайнаас суурь яс руу орсон хугарал, баруун чамархайн суурь хэсэг дэх хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан”  гэв.

Хохирогч Х.Батням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаа тараад найз *******тай утсаар ярихад намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон ба бид 2 хамтдаа 2 шил архи хувааж уусан...бид 2 хамт архи уугаад байж байхад би тасарсан байсан. Нэг ухаан ороход цагдаа дээр ирсэн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Б.Саруул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөнөөс хойш Х.Батням гэх хүн манай нөхөр ******* руу байн байн залгаад байсан. Тэр 2 гэрт орж ирээд авч ирсэн архиа хувааж уусан...тэр хоёрыг архи ууж байхад нь би хүүхдүүдтэйгээ хамт жижиг өрөөнд байж байсан. Намайг жижиг өрөөнд байж байхад тэр 2 хоорондоо цохилцоод байгаа юм шиг болохоор нь гараад харахад тэр 2 хоорондоо барьцалдаад авсан, хамар амнаас нь цус гоожсон байдалтай байхаар нь би боль...гээд хэлээд байхад үгэнд орохгүй байхаар нь би...цагдаа дуудлаа шүү гэж орилоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. тэгээд тэр хоёрыг цус нөжөө угаа гээд ариун цэврийн өрөө рүү оруулахад тэр 2 дотроо дахиж муудалцаж ноцолдоод ариун цэврийн өрөөнд байсан тавиур болон эд зүйлсийг нураагаад ванн дотор ороод ноцолдож байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар ирсэн....” гэх мэдүүлэг /xx-ийн 22-23/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй. Батням бид хоёр 20 жил орчим найзалж байгаа найзыгаа тийм байдалтай болгосондоо маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Х.Батнямын биед гавлын баруун чамархайгаас суурь яс руу орсон хугарал, баруун чамархайн суурь хэсэг дэх хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, баруун хацар ясны нумын зөрөөтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 32-33/, гэмт хэргийн талаар утсаар гаргасан гомдол /хх-ийн 3/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 105 дугаар байрны 11 тоотод согтуурсан үедээ Х.Батнямтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа олон удаа цохисны улмаас Х.Батнямын биед гавлын ясны баруун чамархайнаас суурь яс руу орсон хугарал, баруун чамархайн суурь хэсэг дэх хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Х.Батнямын: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаа тараад найз *******тай утсаар ярихад намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон ба бид 2 хамтдаа 2 шил архи хувааж уусан...бид 2 хамт архи уугаад байж байхад би тасарсан байсан. Нэг ухаан ороход цагдаа дээр ирсэн байсан…” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Саруулын: “…2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөнөөс хойш Х.Батням гэх хүн манай нөхөр ******* руу байн байн залгаад байсан. Тэр 2 гэрт орж ирээд авч ирсэн архиа хувааж уусан...тэр хоёрыг архи ууж байхад нь би хүүхдүүдтэйгээ хамт жижиг өрөөнд байж байсан. Намайг жижиг өрөөнд байж байхад тэр 2 хоорондоо цохилцоод байгаа юм шиг болохоор нь гараад харахад тэр 2 хоорондоо барьцалдаад авсан, хамар амнаас нь цус гоожсон байдалтай байхаар нь би боль...гээд хэлээд байхад үгэнд орохгүй байхаар нь би...цагдаа дуудлаа шүү гэж орилоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. тэгээд тэр хоёрыг цус нөжөө угаа гээд ариун цэврийн өрөө рүү оруулахад тэр 2 дотроо дахиж муудалцаж ноцолдоод ариун цэврийн өрөөнд байсан тавиур болон эд зүйлсийг нураагаад ванн дотор ороод ноцолдож байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар ирсэн.... гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Батням нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Хохирогч Х.Батням нь өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүгдэгч *******ын цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулийн ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******д 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч Х.Батням нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР