Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

 

 

 

 

   2021        03         24                                   2021/ШЦТ/193

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Ц.Гансүлд, Б.Бямбадагва,

хохирогч Н.Дуламханд,

хохирогч Б.Зам,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902008030292 тоот хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Фловерс Таун” хотхоны 46е байрны 12 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Боржигин овогт Х.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Х.Б нь бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Б нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багын нутаг дэвсгэр “13” даваа гэх газар байрлан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ний дагуу үйл ажиллагаа явуулж байсан “Өргөн Ерөө” нөхөрлөлтэй хамтран ажиллаж байсан Н.Дуламхандыг 2019 оны 06 дугаар сард “та манай төрийн бус байгууллагатай хамтран ажилла, хамтран ажиллахын тулд 50-60 сая төгрөг өг, тэгвэл уурхайн үйл ажиллагаа хэвийн явна, манай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блок 31 тоот оффис дээр ирж уулз, хамтарч ажиллахгүй бол цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчныг бохирдуулж   байна, хууль бус гадаад улсын иргэдийг ажиллуулж байна гэсэн мэдээ тараана” гэж  бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт үйлдэл хийсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Н.Дуламхандын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны арван гурав гэсэн нэртэй газарт алт олборлосон газарт ашиглалт явуулаад нөхөн сэргээлт явуулахаар Ерөө сумтай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулахаар болсон. Үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг ханган 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед ажилчдаа аваад өөрсдийн гэрээнд заагдсан газарт очсон. ... 2019 оны 06 дугаар сарын 06 байна уу 07-ны өдөр Дэлхийн монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын тэргүүн Хастөмөрийн Бээжин гэх хүн өөрийгөө танилцуулаад манай уурхай дээр ирсэн. Тэгээд Х.Б манай компанийг энд юу хийж байгаа юм гэж асуухаар нь би нөхөрлөлөөр гэрээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд байж байна гэж тайлбарласан. ... Анх Х.Б хүмүүсийнхээ хамтаар манай уурхай дээр ирээд надтай манай кемпийн гэрт хоёулхнаа уулзаж байхдаа бичлэг хийж байсан залууг гэрээс гаргаад “та тавиас жаран сая төгрөг өг, тэгвэл үйл ажиллагаа хэвийн явна, тэгэхгүй бол уурхайн олборлох ажил чинь явахгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд хот руу оффис дээр ирж уулз гэсэн юм. Тухайн үед би Бээжин амыг дагуулаад тэгье тэгье очиж уулзъя гэсэн. Х.Бгийн уурхай дээр байн байн ирж бичлэг хийн дарамталж байгаа талаар манай ажилчид бүгд мэднэ. ...Х.Бгийн худал мэдээллээс цахим орчимд гүтгэн доромжилж, нэр хүндэд халдсан, уг гүтгэлэг, доромжлолоос болж 2019 оны зун ажлаа эхлүүлж чадаагүй, хот аймгийн төвийн төрийн байгууллагууд руу явж мэдүүлэг байцаалт өгч нааш цааш яван бие сэтгэл болоод эд материалаар үнэхээр их хохирсон, төрийн бус байгууллага гэсэн нэрийн дор мөрөөрөө зохих зөвшөөрлийн дагуу ажлаа хийж байгаа уурхайн нөхөрлөлүүдийг дарамталж амь залгуулдаг энэ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 159-162х/,

- 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.Дуламхандын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор дахин өгсөн: “...Миний урьд өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Хастөмөрийн Бээжин нь 50.000 000 төгрөг авахаар манай нөхөрлөлийг хууль бусаар алт олборлож байгаа гэж цахим орчинд тараана гэж заналхийлж, сүрдүүлж байсан нь үнэн. Бээжинд холбогдох шүүх хурал дээр ч энэ асуудлаа хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /4хх-ийн 200-201х/,

- гэрч Т.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Бээжин нь манай нөхөрлөлийн байранд орж ирэн өөрийгөө танилцуулаад та нар ямар учиртай хүмүүс юм яагаад зөвшөөрөлгүй хууль бусаар алт олборлоод байгаа юм гэх зэргээр асууж тодруулаад байсан тэгэхээр нь манай нөхөрлөлийн Дуламхандтай 2-лаа үлдээд бид нар гарсан. ... Манай нөхөрлөлийн дарга Дуламхандтай уулзаад тавиас жаран сая төгрөг өг, тэгэхгүй бол хийсэн бичлэгээ цахим орчинд тараана гэж дарамталсан талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 221-222х/,

- гэрч Л.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн нөхөрлөл дээр манай нөхөр Энхтөр надтай хамт ажилладаг юм. ... Дэлхийн монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллага манай нөхөрлөл дээр хийсэн бичлэгээ хууль бусаар алт ухаж байна, хятадуудыг хууль бусаар орогнуулж байна гэх зэргээр фейсбүүк болон цахим орчинд тавиад тухайн бичлэгээс нь болж манай дээр Авлигатай тэмцэх газар, аймгийн Гадаадын иргэн харьяатын газар, цагдаа зэргээс удаа дараа шалгалт ирсэн. Тэгээд хууль бусаар алт олборлоогүй, алт ухдаг хятад нинжа нар байлгасан зэрэг худлаа болох нь шалгалтаар тогтоогдсон. ... Манай нөхөрлөлийн дарга Дуламханд эгч надад хэлэхдээ тэр Бээжин гэдэг нь манай байгууллагатай хамтран ажилла, тэгэхгүй бол уурхай дээр чинь хийсэн бичлэгээ цахим орчинд тавина гэх зэргээр айлган сүрдүүлж дарамталсан, хэрэв хамтран ажиллах бол тавиас жаран сая төгрөг өг тэгвэл зүгээр байна гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 223-224х/,

- гэрч Б.Энхсоёлын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Бээжингийн төрийн бус байгууллага уурхайн хүмүүсийг мөнгө өг өгөхгүй бол уурхайн үйл ажиллагааны бичлэг зургийг хууль бусаар ажиллуулж байгаа гэх зэргээр сошиалд тавина гэж айлган сүрдүүлдэг гэсэн... Манай уурхай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй миний хувьд Бээжинд мөнгө өгөх ямар ч шаардлага байхгүй, манай уурхай дээр хамтран ажил гээд санамж бичиг өгсөн, намайг байхгүй болохоор явсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 233-234х/,

- гэрч Д.Төгс-Ялалтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн өдөр манай байгууллагын сэтгүүлч Дэлгэрцэцэг, зохицуулагч Дугарсүрэн нарын хамт ажил дээрээ байж байтал Бямбаа ах Дугарсүрэн рүү ярьсан юм. Дугарсүрэн ах Дээгий бид хоёрт хандан цагдаагаас Бээжинг шалгаж байгаа юм байна ажлын оффис дээрх компьютер техникүүдээ яаралтай гаргаад зөө гэж хэлсэн тэрнийх нь дагуу Дугараа ах, Дээгий хоёртой ажлын компьютерын процессор зэрэг эд зүйлээ аваад өөрийн 2702 УНГ улсын дугаартай приус 20 машиндаа ачин гэртээ аваачсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 241х/,

- гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гомдол болон удирдамжаар шалгасан материалд Өргөн ерөө нөхөрлөлийн дарга Н.Дуламханд нь хууль зөрчиж гадаадын иргэн ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 230х/,

- гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14/46 дугаартай илтгэх хуудас “...Хойд бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнх-Эрдэнэ би Сэлэнгэ аймгийн Тагнуулын газрын ажилтан Э.Ганбаярын хамт “Өргөн Ерөө” нөхөрлөлийн газар талбайд очиж, шалгахад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд байгаагүй.... “Өргөн Ерөө” нөхөрлөлийн захирал ажилтай Н.Дуламханд нь Дэлхийн Монгол ногоон хөгжил төрийн бус байгууллагын тэргүүн Эрдэнэчулуун, Бээжин нар манай уурхай дээр ирээд... би танай уурхайтай хамтран ажилламаар байна. Хэрэв хамтран ажиллахгүй гэвэл танай уурхайн уул ус ургамал сүйтгэж байгаа БНХАУ-ын иргэдийг хууль бусаар ажиллуулж байгаа гэж бичлэг хийж цахим орчинд байршуулна гэж хэлсэн. Яаж хамтран ажиллах юм гэхэд танайх манай машины моторыг солих мөнгийг өгчих 56-60 сая орчим болно манай контор дээр ирж уулзаарай гэж хэлээд явсан... Нөгөө нөхөрлөлийн дарга манай дээр бас ирсэн, бас тэгж хэлсэн. Манайх айгаад 30 сая төгрөгийг өгөөд явуулсан гэж хэлсэн...” гэх илтгэх хуудас /1хх-ийн 10-11х/,

- гадаадын иргэн, харьяатын газраас шалгасан 03/10-004 дугаартай зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материалын хуулбар /1хх-ийн 78-101х/,

- 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-19х/,

-“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагын дүрэм /2хх-ийн 63х, 68-73х/,

- эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хуулбар баримтууд, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол. Хохирогч Н.Дуламхандаас гаргаж өгсөн “Өргөн Ерөө” нөхөрлөлийн гэрчилгээ, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” /2хх-ийн 142-156х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Шүүгдэгч Х.Б нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Хүйтний гол” гэх газар байрлан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Барилга Орд” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Энхтайванг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Танай бичиг баримт бүрэн эсэх нь хамаагүй, танайхыг унагахад бэлэн байна, сошиал ертөнцөд байгаль орчныг сүйтгэж буй бичлэгийг чинь тавина, 5 кг алт өгчих тэгвэл бичлэгийг чинь асуудалгүй болгоно” гэх зэргээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блокийн 31 тоотод бэлнээр 10.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Теди” төвийн гадна машин дотор “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанзаяагийн төрсөн хүүхэд А.Мөнх-Эрдэнийн “Хаан” банкны 5037581203 тоот дансаар 10.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 20.000.000 төгрөг авсан гэмт үйлдэл хийсэн гэм буруутай болох нь:

- хохирогч С.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 2019 оны 05 дугаар сараас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хүйтний гол гэдэг нэртэй газар алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт алт олборлохоор засвар үйлчилгээгээ хийж эхэлсэн. ... 2019 оны 08 дугаар сарын 27-ны үед намайг Улаанбаатар хотод ирсэн байх үед Бээжин гэх хүн миний үйл ажиллагаа явуулж байсан Хүйтний гол гэдэг газарт хэдэн хүний хамт очиж хууль бусаар алт олборлосон гэж бичлэг хийсэн байсан. Тухайн үед манай уурхайд байсан хүмүүс бичиг баримт нь бүтэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэхэд нь голтой ойрхон байна, ус, байгаль орчин бохирдууллаа гэх зэргээр бичлэг хийгээд явсан байсан. Би тухайн үед ийм асуудал болсныг сонсоод 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баруун 4 замын Голомт хотхоны С блокт очиж Х.Б гэх хүний өрөөнд нь орж уулзсан. Тэгээд би түүнээс ямар учраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар очиж бичлэг хийж байгаа талаар нь асуухад танай бичиг баримт бүрэн эсэх нь хамаагүй, ногоон байгаль сүйтгээд байна, танайхыг унагаахад бэлэн байна, хамгийн гол ерөнхий сайдад бичлэг болон албан тоот хүргүүлнэ. Сошиал ертөнцөд бичлэгийг чинь тавина гэх зэргээр намайг ерөөсөө юм яриулахгүй байсан. Тэгэхэд өрөөнд нь бид 2 байсан ба хажуу өрөөнөөс нэг залууг дуудаад дроноор хийсэн бичлэг үзүүлээд байсан. Ингээд Бээжин надаас ямар туслалцаа байна гээд байхаар нь түүнд юм хэлэлгүй сууж байгаад түүнээс яахав машины бензин тосны туслалцаа, урсгал зардлын туслалцаа үзүүлэх үү гэсэн чинь Х.Б надаас тэгвэл 5 кг алт өгчих, тэгвэл бичлэгийг чинь асуудалгүй болгоно. Бид нар чинь цаанаа надаас гадна хүмүүс байгаа тэд нарт өгнө, ярьж зохицуулна, мөнгөөр чинь ногоон дэлхийгээ хамгаалах үйлсэд зориулагдана гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд тийм их алт өгч чадахгүйгээ гэж хэлсэн ба Бээжингээс гуйсаар байгаад 1 кг алт өгөхөөр болсон. Бээжин надад 1 кг алт 100.000.000 төгрөг болно, тэгэхээр одоо талыг нь зохицуулчих буухдаа талыг зохицуулчих гэж хэлсэн. Тухайн өдөр би түүнд хандан найзуудтайгаа яриадахъя гээд гарч яваад АТМ орж 10.000.000 төгрөг аваад эргэж ороод Бээжинд 10.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед Бээжин надаас за яах юм гэхээр нь за яах вэ сэтгэлийн юм гэсэн чинь надаас тус мөнгийг авсан юм. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг өгөхөөр тохироод өрөөнөөс нь гарсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөгийг нь өгч чадаагүй. Энэ талаараа Бээжинд хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бээжинтэй Теди төвийн гадна машин дотор нь уулзаад Бээжинд манай уурхай нөхөн сэргээлт хийгээд ажиллаж чадахгүй, чиний юмыг зохицуулж чадахгүй юм шиг байна гэсэн чинь чиний юмыг гэж яриад байх юм, цаанаа нөгөө хүмүүстэйгээ үл ойлголцоод байна, намайг аваад идчихсэн гээд байна гэж хэлсэн. Бас надад зовлон ярихгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би түүнд 10.000.000 төгрөг л байна, дансаар чинь өгье гэсэн чинь бэлэн байхгүй юм уу гэхээр нь бэлэн байхгүй гэсэн чинь Бээжин нэг хүнтэй утсаар ярьж байгаад надад Хаан банкны 5037581203 дугаартай данс өгөхөөр нь би тус данс руу 10.000.000 төгрөг хийсэн юм. Түүнээс хойш Бээжин над руу залгаж юу болж байна гэж асуусан юм. Би түүнд нөхөн сэргээлтээ төлөвлөгөөний дагуу хийж байна, мөнгө байхгүй гэдэг талаараа хэлж байсан. Тэгээд миний үзэж байгаагаар манай уурхай бичиг баримтаа бүрдүүлээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад Х.Б нь ерөнхий сайдад бичлэгийг чинь хүргэж сошиалд тавина гэх зэргээр дарамталж надаас 20.000.000 төгрөг авсан учир би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ... Би 20.000.000 төгрөгөө нэхэмжилнэ, гомдолтой байна. Бээжин гэдэг хүн дахин ямар нэгэн байдлаар дарамтлах гэдгээс айдастай байна. ... Би Бээжингээс Урал маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 175-179х/,

- 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор дахин өгсөн: “...Би хэрэг болохоос өмнө Х.Бгээс “Урал” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан асуудал огт байхгүй, тийм уулзалт яриа болоо ч үгүй. Х.Б миний Дархан-Уул аймгийн “Хүйтний гол” гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайг ажиллуулахгүй гэж намайг шантаажилж, дарамталж, ажил хийлгэхгүй айлган сүрдүүлж байгаад уг 20.000.000 төгрөгийг авсан. Би урьд өмнө энэ талаараа мэдүүлгүүдээ өгсөн байгаа... 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурал болсны дараа 20 хонож байсан байх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны үед намайг Улаанбаатар хотод 5 шард байхад миний утас руу Х.Б нь 9911-тэй дугаараас залгаж хүрээд ир гэхээр нь завгүй байна гэж хэлсэн. Тэгээд Х.Б нь маргааш нь дахиж залгаад уулзъя гээд дуудаад байхаар нь би түүний үйлдвэрийн хашаа гэх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонсголон руу явдаг замын станцын эсрэг талд ертөнцийн зүгээр замынхаа баруун талд байрлах хашаанд очсон. Тэгээд машинтайгаа үйлдвэрийнх нь хашаанд орсон чинь Х.Б байшин дотроос гарч ирсэн ба намайг буугаад ирсэн чинь Х.Б шууд утсаараа бичлэг хийгээд надад хандан нөгөө машин чинь энэ ш дээ гээд миний урьд нь харж байгаагүй Урал маркийн тээврийн хэрэгслийг харуулсан. Одоо машинаа авах уу, мөнгөө авах уу гэхээр нь би үгүй, үгүй тийм юм байхгүй, анхнаасаа би үнэн бодитой юм хэлсэн ш дээ, яагаад ингээд худлаа юм яриад байгаа юм гэж хэлсэн. Миний ойлгосноор Х.Б нь намайг анхнаасаа машин авах гэж байсан мэтээр бичлэг хийж хэрэгт саад учруулах санаа агуулсан байсан. Х.Б нь гар утсаараа бичлэг хийхдээ би энэ бичлэгийг хийхгүй бол чамайг дарамталсан болчихно гэж хэлсэн ба намайг анх Урал маркийн тээврийн хэрэгсэл авах гэж мөнгө өгсөн гэж бичлэг дээрээ харагдуулах гээд байсан би тэрийг нь ойлгож мэдээд шууд тэндээс гараад явсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 205-206х/,

- гэрч Д.Болдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Барилга орд нэртэй уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 2018 оноос хойш уурхайн дарга ажил хийж байгаа. Манай уурхай Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг оршин Хүйтний гол гэдэг газар үйл ажиллагаагаа явуулдаг юм. Манай байгууллага 13331А гэсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газарт 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. ... Би Хастөмөрийн Бээжин гэдэг хүнийг урд нь сошиалаар буюу фейсбүүкээр харж мэддэг болсон. Намайг 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Хүйтний гол гэх газар уурхайн кемп дээрээ байж байсан чинь 14-15 цаг болж байхад карьераас манай ажилчин ирж надад хандан карьерт хөдөлгөөний хүмүүс ирж бичлэг хийгээд байна гэхээр нь би карьер руу явж байсан чинь карьераас 02- 85 УНҮ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж надтай кемп дээр уулзсан. ... Тэгэхээр нь би түүнд манай уурхай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гээд түүнд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, нөхөн сэргээлтийн зэрэг шаардлагатай бүх бичиг баримтуудаа үзүүлсэн. Тэгсэн чинь Х.Б дахиад надад хандан за яахав бичиг баримт чинь бүрэн ч гэсэн урт нэртэй хуульд гол, мөрийн урсац, ойн сан бүхий газар ашигт малтмал олборлох хориотой байдаг, та нар хууль зөрчсөн байна гэхээр нь би түүнд хандан урт нэртэй хуульд 2016 онд өөрчлөлт ороод лицензүүд сэргэсэн байгаа бид нар хуулийн дагуу ажлаа хийж байна, бүх төлөвлөгөө батлагдсан гэсэн чинь Бээжин надад хандан тэгвэл та нар бичиг баримтаа авлига өгч гаргуулсан байна, та нарыг болон бичиг баримт гаргаж өгсөн хүмүүсийг чинь авлигатай тэмцэх газарт өгнө, У.Хүрэлсүх сайдад мэдээлэл хүргүүлнэ, танай уурхайн талаар фейсбүүкээр мэдээлэл хийж цацна, та нар хууль бусаар газар ухаж байна гэж хэлж байсан. Бээжин надад хандан та нар нэг дэх өдрөөс өмнө захирлыгаа надтай уулзаж асуудлаа шийдээрэй тэгэхгүй бол сайдад мэдэгдэнэ, сайтад тавина, Авлигатай тэмцэх газарт өгч лицензийг чинь цуцлуулна, ажлыг чинь зогсоон гэж хэлсэн ба манай захирал С.Энхтайвангийн утасны дугаарыг аваад яваад өгсөн. ... Тэгсэн чинь Х.Б нь манай захирал С.Энхтайвангаас 5 кг алт нэхэж хэрэв уг алтыг өгөхгүй бол манай үйл ажиллагааг хаалгана, Хүрэлсүх сайдад мэдэгдэнэ гэж сүрдүүлж, шантаачилж байгаад 2 удаагийн үйлдлээр 20.000.000 төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 203-205х/,

- гэрч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... “Би Хаан банкны 5037581203 дугаартай дансыг 10 жил эзэмшиж байна. ...Манай аав Алтанзаяа 2019 оны 02 дугаар сарын үед өөрийнхөө картыг алга болгочихсон юм уу сайн мэдэхгүй байна надаас картыг маань үе үе авдаг байснаа сүүлийн үед байнга өөртөө байлгадаг болсон. Миний санаж байгаагаар 2019 оны 05 дугаар сараас картыг маань байнга өөртөө авч явдаг болсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 206-207х/,

- А.Мөнх-Эрдэнийн 5034723333 дугаарын данснаас Энхтайван гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн орлого хийгдсэн”  гэх хуулга /1хх-ийн 115-117х/,

-хохирогч С.Энхтайвангийн Хаан банкны 5034723333 дугаартай дансны хуулга. “10.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /1хх-ийн 135х/,

- бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 163-164х, 2хх-ийн 51-53х/,

-“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагын дүрэм /2хх-ийн 63х, 68-73х/,

-эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хуулбар баримтууд, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол. Хохирогч С.Энхтайвангаас гаргаж өгсөн “Барилга орд”ХХК-ийн гэрчилгээ, 13331А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /2хх-ийн 164-173х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

3. Шүүгдэгч Х.Б нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багын нутаг дэвсгэр Бугант тосгоны “Хүнгүйч зүр хүзүү” гэх газар байрлан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Капитал авто сервис” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “ТВС пластинг консалтинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Энхбатыг 2019 оны 06 дугаар сард “танай уурхай одоо ажиллахгүй, ажиллахаар бол манай байгууллагатай хамтран ажилла, ажиллахгүй бол төрийн бус байгууллагын хүмүүс явуулна, нэг хүний 500 сая төгрөг өг, 3 хүний 1.5 тэрбум төгрөг, цахим орчинд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн бичлэг, холбогдох материалаа гаргана” гэх зэргээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блокийн 31 тоотод бэлнээр авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хаан банкны салбарт “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанзаяагийн төрсөн хүүхэд А.Мөнх-Эрдэнийн Хаан банкны 5037581203 тоот дансаар 30.000.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 58.000.000 төгрөг авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “Тэгээд Х.Бг хотод ирсэн байхад утсаар холбогдоод баруун 4 замын Голомт хотхонд байх оффист нь Бээжинтэй очиж уулзсан. Уулзахад танай уурхайг манай төрийн бус байгууллага шалгасан, манайх МУ-ын Ерөнхий сайдын удирдамжаар шууд уурхайг шалгадаг гэсэн. Тэгэхээр нь би танайх төрийн байгууллагатай хамтарч шалгадаггүй юм уу гэж асуутал тийм юм байхгүй, өөрсдийн төрийн бус байгууллагын толгойтой үнэн худлаа нь мэдэгдэхгүй зузаан цаас үзүүлэхээр нь харах гэтэл харуулахгүй өөрөө буцаагаад авсан. Тэгээд Х.Б шууд танай уурхай одоо ажиллахгүй, ажиллахаар бол манай байгууллагатай хамтран ажилла, ажиллахгүй бол өөрийн төрийн бус байгууллагын хүмүүс явуулна гэх зэргээр шантаачилж эхэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэх зэргээр асуусан чинь манайх бол хүрээлэл ихтэй төрийн бус байгууллага танай уурхай яаж ч чадахгүй гэх зэргээр хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь хажуу өрөөнөөс Г.Алтанзаяа ороод ирэхээр нь би Х.Бд хандан 2-лаа эр хүн шиг яриал тохиръё гэсэн чинь Г.Алтанзаяагаа Х.Б өрөөнөөсөө гаргаад нэг хүний 500 сая төгрөг өг, нийт 3 хүн явж байсан, 3 хүний амь 1.5 тэрбум төгрөг нэхэмжилж байна гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ машиныг чинь уснаас гаргаж өгөөд тус болж байхад гэсэн чинь за тэгвэл чи хэдийг өгөх юм гээд надтай наймаалцаад эхэлсэн. Тэгэхээр нь та яг хэдийг авмаар байгаа юм гэсэн чинь 500 сая болоод 300, 200 сая төгрөг өг гэсэн. ... Би Х.Бтэй уулзаад дахиад манай уурхай дээр очоорой ажлаа эхлүүлмээр байна гэсэн чинь Х.Б дахин танайхаар очихгүй өөр хөдөлгөөн, төрийн бус байгууллагын ханыг очуулахгүй. Үлдсэн мөнгөө яаралтай хийгээрэй, чиний өгсөн мөнгийг төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулж байгаа, газар нутгийнхаа төлөө том буян хийлээ гэж бодоорой гэх зэргээр юм ярьж байгаад салсан. ... Би Х.Бд бэлнээр болон дансаар нийт 58 сая төгрөг өгсөн, үүнийгээ нэхэмжилж байна, манай уурхайг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр цахим орчинд гаргана гэх зэргээр дарамталж их хэмжээний мөнгө авсан. ... Тухайн үед надад өөр сонголт байгаагүй. Х.Бтэй уулзаж бэлнээр 28 сая төгрөг, дансаар 30 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед хууль хүчний байгууллагад гомдол гаргах гэхээр цахим орчинд Х.Б нь манай уурхайн зураг бичлэгийг тавиад бусдыг буруу мэдээллээр хангахаас айсан. Манай уурхай бол ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани. Одоо үед цахим орчин маш аюултай болчхоод байсан болохоор мөнгийг нь өгсөн. Одоо ч гэсэн янз янзын байдлаар худал мэдээлэл тараагаад янз янзын юм болчих болов уу гэж бодсон. ... Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түүний оффис болох Голомт хотхоны С блокийн 31 тоотод 10 саяыг, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөн оффис дээр нь 18 саяыг нийт 28 сая төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед хажууд нь ямар нэгэн хүн байгаагүй Х.Б ганцаараа байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 196-199х/,

- 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Г.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор дахин өгсөн: “...Х.Бд холбогдох хэрэгт би 2019 оны 10 дугаар сараас хохирогчоор тооцогдон явж байгаа, мэдүүлэгтээ болсон үйл явдлаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Урьд өгсөн мэдүүлэгтээ айлган сүрдүүлсний улмаас өөрийн ажлаа хурдан эхлүүлэх зорилгоор мөнгө өгч шийдсэн гэж мэдүүлсэн. Харин шүүх хуралд орохоос авхуулаад Х.Б болон хамт явж байсан төрийн бус байгууллагын дагаж ирсэн хүмүүс ирээд хэн нь хохирогч юм, гомдоод байгаа нь хэн юм гэх зэргээр айлган сүрдүүлж дарамталсан, яг нүүр нүүрээ хараад шүүх хуралд орохоор хэцүү юм билээ. Миний өмнө нь өгсөн болон одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв... Х.Б... шүүх хуралд өөрийнхөн хэлж байгаагаар тодорхой хэмжээний орлоготой надаас авсан мөнгөө өгч чадахаар хэмжээний гэж мэдүүлэг өгснийг би ойлгохдоо буцааж миний мөнгийг өгчихнө гэж ойлгосон, үнэхээр өөрөө гэм буруугаа ойлгоод надаас авсан мөнгөө өгөх юм болов уу гэж ойлгоод шүүх хуралд миний хувьд дээрх мэдүүлгийг өгсөн... Х.Б надаас болон өөр хүмүүсийн уурхайгаас мөнгө авах зорилгоор байгаль орчинтой тэмцэж байгаа гэж хүмүүст ойлголт төрүүлэн өөрөө ажил болгоод машинтайгаа дүрс бичлэг хийгээд яваад байгааг ойлгохгүй байна... Х.Б өөрөө л машинаа засах гэж надаас мөнгө авсан гэж хэлээд байгаа боловч надад машин зассан баримт гэж нэг ч цаас үзүүлээгүй. Би Х.Бгийн сүрдүүлэг шантаажинд ороод уг мөнгийг өгсөн. Би Х.Бд өгсөн 58 сая төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /4хх-ийн 202-204х/,

- 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Г.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор дахин өгсөн: “...Би Хастөмөрийн Бээжин гэдэг хүнд дарамтлуулж, шантаажлуулаад  58.000.000 төгрөг өгсөн байгаа. Түүнээс биш 2019 оны 06 дугаар сард Х.Бгийн машинаа манай уурхайн хажуу голд машинаа живүүлсэн асуудлаас болж түүнд мөнгө өгөөгүй. Тэр асуудал бол манай уурхайн үйл ажиллагаатай холбоогүй бид буруугүй учраас Х.Бд мөнгө өгөх шаардлага байгаагүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 207-208х/,

- гэрч Т.Гансүхийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Манай тосгоны хувьд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах талаар төлөвлөгөөнд оруулдаггүй, заавал хамтран ажиллана гэсэн зүйл байхгүй. Намайг энэ ажлыг авснаас хойш төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, хяналт шалгалт хийсэн туршлага, тохиолдол байхгүй. . Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын хүмүүс болон тэргүүн Бээжин нар нь тэр сумын тэнд явж байна гэх зэргээр сум орон нутгийн ард иргэдээс сонсож байсан. Албан бичгээр болон өөрсдийн биеэр газар орны нэр зааж хэлээд хууль бус алт олборлож байгаа талаар мэдээлэл өгөөгүй. Манай тосгоноор явж байна гэж дуулддаг ч манай улсын байцаагч бид хоёрт мэдэгдэж ирж уулзаагүй. Х.Б болон тэдний төрийн бус байгууллагын хүмүүс хамтран ажиллахгүй бол бичлэг зургийг чинь өгдөг газар нь өгнө гэх зэргээр шантаажилж, дарамталж мөнгө төгрөг, түлш зэрэг авсан асуудал байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 215-217х/,

- гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сум орон нутгийн хүмүүсийн дам ярианаас уурхай дарамталж байгаа их хэмжээний мөнгө авсан талаар сонсож байсан. Х.Б машинаа живүүлсэн Их алт саудын гарам гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Капитал авто сервис уурхай дээр очин танайхаас болж машинаа живүүллээ гээд мөнгө нэхэж дарамталсан талаар сонссон” гэх мэдүүлэг /2хх-ийн 219х/,

- гэрч Ш.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад манай хэсгийн байранд Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын тэргүүн Хастөмөрийн Бээжин болон тус байгууллагын гишүүн Г.Алтанзаяа нарын хүмүүс ирсэн. Тухайн үед Х.Б нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хүнгүйч зүр хүзүү гэх газар байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж явахдаа Ерөө голоор гарах гэж байгаад Ланд криузер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гол гарах гэж байгаад усанд живсэн тул осол болсон газарт үзлэг хийлгэж хэргийг шийдвэрлүүлмээр байна гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Уг гаргасан хүсэлтийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд оруулж тухайн өдрийн 14 цагт Х.Бгийн тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн газарт үзлэг хийж улмаар тус голоос 60 метрийн цаана байрлаж байсан “Капитал авто сервис” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ТВС пластинг ХХК-ийн ажиллагсдын кемпийн Дөлгөөн, Мөнхтуяа, Шийрэвдорж нараас болон Х.Бгээс өөрөөс нь мэдүүлэг авч материал бүрдүүлж ажилласан. Дээрх ажиллагаануудыг хийхэд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Х.Б нь Г.Алтанзаяа, Төгс-Ялалт нарын хамт байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэж шалгалтаар явж байгаад Ерөө голын гармаар гарсан боловч үерлэсэн байхад нь мэдэхгүй жижиг машинаар гарсны улмаас доош урсаж осолд орсон байсан. Тухайн үед машин нь далд ороод өөрсдөө машин дээрээ өвдгөөрөө татсан усанд зогсож байхад нь ТВС пластинг ХХК-ний ажилчид ирж экскаватороор татаж гарган нэг ёсондоо амь насыг нь аварсан байсан нь тогтоогдож зөрчлийн шинжгүй байсан тул 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гаргаж хяналтын прокурор А.Ариунзаяагаар хянуулж байсан. Х.Б надад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ болон өргөдөлдөө мөн гомдол мэдээлэл шалгагдаж байх хугацаанд тус ТВС пластинг ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж осолд орсон гэж ярьж байгаагүй. Х.Б нь ТВС пластик ХХК-аас хохирлын мөнгө гаргуулж авна гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 211-212х/,

- Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шалгасан ЗАХ-653 дугаартай зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материалын хуулбар “...02-58 УНҮ улсын дугаартай автомашиныг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хүнгүйч гэх голд живүүлсэн” гэх зөрчлийн материалыг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тогтоол /1хх-ийн 58-76х/,

- гэрч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... “Би Хаан банкны 5037581203 дугаартай дансыг 10 жил эзэмшиж байна. ... Манай аав Алтанзаяа 2019 оны 02 дугаар сарын үед өөрийнхөө картыг алга болгочихсон юм уу сайн мэдэхгүй байна надаас картыг маань үе үе авдаг байснаа сүүлийн үед байнга өөртөө байлгадаг болсон. Миний санаж байгаагаар 2019 оны 05 дугаар сараас картыг маань байнга өөртөө авч явдаг болсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 206-207х/,

- Хаан банкны 5037581203 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга “5130020409 дугаарын данснаас 30.000.000 төгрөгийн орлого хийгдсэн”  гэх хуулга /1хх-ийн 115-117х/,       

- хохирогч Г.Энхбатын Хаан банкны 5130020409 дугаартай дансны хуулга. “30.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /1хх-ийн 155х/,

- 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /3хх-ийн 33-42х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

4. Шүүгдэгч Х.Б нь  2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр “Хүйтний гол” гэх газарт “Хастөмөрийн Бээжинг дэмжигчид” нэртэй фэйж хуудсанд өнгөрсөн жил бид Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа 100 гаруй уурхайг илрүүлэн цагдаа болон Ерөнхий сайд Хүрэлсүхэд мэдээлж Сэлэнгэ аймагт нэг ч нинжагүй болсон. Харин 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус газруудаар хяналт хийж очиход өнөөдрийг хүртэл хууль зөрчигч байхгүй, Сэлэнгийн цагдаа нар сайн ажиллаж байна. Гэвч биднийг буцаж явах замд доорх том хүнд даацын техникийг байгаль сүйтгэж хулгайн алт олборлуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахмад Зам гэгч нөхөр оруулж байхтай таарав. Мөн Шарын голоос 25 км зайд гол ус ойн сан бүхий хуулиар хориглосон газар байгаль сүйтгэж алт олборлож байгаа “Барилга орд” гэх компанийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг баримтжуулсныг хуулийн байгууллагад шалгуулна. Ерөнхий сайд Хүрэлсүх, Байгаль орчны сайд Сарангэрэл нар хурдан ажилдаа орж анхаарлаа хандуулж ажлаа хийнэ үү. Эдгээр хүмүүст шэйрлэж хамтдаа тэмцээрэй гэсэн” илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, Дархан- Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Замын нэр төр, алдар хүндэд, “Барилгын орд” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Замын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Төрийн албан хаагчийн нэр хүндэд халдаж худал мэдээллийг олон нийтэд тараасанд гомдолтой байна." ...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүйтний даваа гэх газарт “Хүрээлэн байгаль орчны эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан хяналтын 1 дүгээр постод 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан Шарын гол сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ажилтай цагдаагийн ахлах ахлагч Б.Баярмаа, Шарын гол сумын Засаг даргын тамгын газраас дүйцүүлэх албаны цэрэг Н.Зоригт нар үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17-18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн даваа” гэх газраас Х.Б гэх хүн “Ланд-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй уг постон дээр ирж бичиг баримтгүй экскаватор Сэлэнгэ аймгийн Ерөө сум Могойн гол гэх газарт явж байна танай постоор нэвтрүүлсэн байна танай экологийн асуудал хариуцсан албан тушаалтныг хэн гэдэг бэ гэх зэргээр ярилцахад нь ахлах ахлагч Б.Баярмаа нь манай постоор экскаватор нэвтрээгүй манай Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байгаа экскаватор байхгүй, манай экологийн асуудал хариуцсан алба хаагчийн Зам гэдэг гэж тайлбарласан байсан. Бээжин нь “Барилга орд” гэдэг компани хаана байдаг билээ доошоо байдаг билүү гэж хэлээд М\/-013331 дугаартай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй “Барилга орд” ХХК-нд очихоор явсан тухай цагдаагийн ахлах ахлагч Б.Баярмаа нь Хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байхдаа надад танилцуулж байсан болно... 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр... Хяналтын 1 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Баярмаа 15 цагийн орчим над руу 31-27 УБГ улсын дугаартай машин Хьюндай маркийн 1605 УН улсын дугаартай экскаватор тээвэрлэж явна гэж гар утас руу ярьсан. Би 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө постуудын ээлжийг сольж явах үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Санжинт гэх газар энэ 31-27УБГ улсын дугаартай машин 1605 УН улсын дугаартай экскаватор тээвэрлэж явах үед нь таарч шалгасан. Тухайн экскаватор ачиж яваа тээврийн хэрэгсэл болон экскаваторын бичиг баримтыг шалгахад бүрэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Могойн гол гэх газар байрлах М\/-020575 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Монлид Треид” ХХК-ийн талбайд үйл ажиллагаа явуулахаар явж байсан тээврийн хэрэгсэл байсан... Эдгээр тээврийн хэрэгслийг урьд шөнө буюу 2020 оны 07 дугаар сарын 02-нь миний бие өөрөө шалгасан учраас Б.Баярмааг гар утсаар ярих үед нь уг тээврийн хэрэгслүүдийг бүртгэж аваад манай нутаг дэвсгэрээс гарах хүртэл нь хараад гаргаарай гэж үүрэг өгсөн. Б.Баярмаа хэсэг хугацааны дараа яриад нөгөө экскаватор ачсан тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн араас нь дагаж харахад манай нутаг дэвсгэрээс гараад Могойн даваа даваад Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу нэвтэрсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 111х, 118-119х/,

- хохирогч М.Алтанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай Барилга Орд ХХК-ийн үйл ажиллагаа, нэр хүндэд хууль бусаар халдаж байгаад маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /5хх-ийн 113-114х/,

- гэрч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний гол гэх газар байрлах Хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтын 1 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим 0285 УНҮ гэсэн хар өнгийн “Ланд-200” маркийн тээврийн хэрэгсэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс хяналтын постод ирээд 2 хүн бууж ирсэн. Та хаашаа явж байна вэ гэж асуухад Хүйтний гол уруудаад Шарын гол ороод Улаанбаатар хот руу явж байна гэсэн. Танайх яагаад энэ постоороо бичиг баримтгүй экскаватор оруулаад байгаа юм бэ гэж надад хэлсэн тэгэхээр нь би бүртгэж авсан. холбогдох бичиг баримтаа Экологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Замд шалгуулсан, тийм учраас цааш нэвтрүүлсэн гэж хэлсэн... 3127 УБГ цэнхэр өнгийн трайллер дээр ачсан 1605 УН Хьюндай-520 гэсэн экскаватор хяналтын постон дээр ирээд Цагдаагийн ахмад Б.Замд мэдэгдэхэд өчигдөр орой надтай таарсан бичиг баримтыг нь шалгасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол гэх газар луу явж байгаа постоор нэвтрүүлж болно гэсэн. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол гэх газар луу явж байна уу хойноос нь дагаж яваад Могойн даваан дээр гарж хараад Могойн гол руу явж байна уу гэдгийг хараад буцаж мэдэгд гэж хэлсэн. Би Могойн даваан дээр гараад харахад цаашаа Могойн гол руу уруудаад явж байсан би буцаж ирээд цагдаагийн ахмад Замд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 125-127х, 128х/,

- гэрч О.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Шарын гол сум руу ирж байхад экскаватор ачсан трейлар, Ланд-200 бас нэг жийп байсан. Тэр машинуудыг цагдаагийн ахмад Зам, дэслэгч Э.Бат-Очир нар шалгаад байсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Могойн гол гэх газар луу явж байгаа машинууд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 129х/,

- гэрч Б.Гэрэлцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Шарын гол сум руу явж байхад шөнө том экскаватор ачсан ачааны машин цайвар өнгийн Ланд-200 маркийн машинтай таараад ахмад Б.Зам, дэслэгч Э.Бат-Очир нар бичиг баримтыг нь шалгаад гар утсаараа зургийг нь аваад байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 130х/,

- гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг "Монлид трейд” ХХК-ийн талбай дээр “Хьюндай” маркийн экскаватор хүргэж өгөх ажил байна. Могойн гол яваад аваачаад хүргээд өгөөч гэхээр нь би бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөрэй гэхэд асуудалгүй гэж хэлээд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан бичиг бичиж өгсөн. Тэгээд Улаанбаатар хотоос гараад зам муу болохоор явсаар байгаад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төв өнгөрөөд Хуурай гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн орчим явж байтал хар өнгийн Патрал маркий машинтай Дарханы цагдаагийн экологийн цагдаа нар тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг шалгаад хаашаа явж байгаа талаар асуухад нь тээвэрлэж явсан экскаваторын бичиг баримт, албан бичиг зэргийг үзүүлээд Сэлэнгэ аймгийн Ерөө сум Могойн гол оруулахаар явж байна гэж хэлсэн. Тэгээд экологийн ахлах мөрдөгч ахмад Б.Зам гэдэг хүн миний бичиг баримтыг шалгаад гар утсаараа гэрэл зураг авчхаад албан бичгийг чинь хүлээж авлаа Дарханы нутаг дэвсгэр дээр газар ухаж болохгүй шүү гэж хэлээд энэ албан бичиг чинь надад үлдэнэ хяналтын постон дээр очихоор чинь манай цагдаа надад хэлнэ гэж хэлээд явсан... Бид нар тэндээ хоноод маргааш нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Хүйтэний гарам гараад Хяналтын постон дээр ирж бүртгүүлээд Зам цагдаад шалгуулсан талаараа хэлсэн тэр үед постон дээр байсан цагдаа нь ахмад Б.Зам гэдэг хүнтэй ярьсан тэгээд бид нарыг бүртгэж аваад постоор нэвтрүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 133х/,

- гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Шарын гол сумын чиглэлд явсан. Тухайн үед Улаанбаатар хотоос манай “Өнө орших булаг” ХХК-ийн эзэмшлийн 16-05 УН улсын дугаартай Хьюндай 5201 маркийн экскаватор Шарын гол сумаар дайраад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт гэх газар байрлах “Монлид трейд” ХХК-ийн уурхай дээр ажиллахаар явж байсан. Тухайн “Монлид трейд” ХХК-тай манай компани хамтран ажиллахаар техникээ явуулж байсан юм.. Намайг ирэхээс өмнө нь Дарханы экологи хариуцсан Зам гэдэг цагдаад шалгуулсан гэж манай хүмүүс хэлж байсан. Постон дээр Баярмаа гэж цагдаа байсан тэр цагдаа Зам ахмад руу утсаар яриад байх шиг байсан тэгээд бид нарын машин техникийг бүртгэж аваад уг постоор нэвтрүүлсэн. Бид нар уг постоор нэвтэрч гараад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Могойн даваа даваад уруудаад явж байсан чинь манай экскаваторыг ачиж явсан трайлерын дугуй дахин хагараад Экскаваторыг буулгаж байхад бид нарын өмнөөс хар өнгийн Ланд-200 маркийн машин ирээд зөрөх гэсэн юм гэхээр нь би тэр хүмүүстэй уулзаж бид нар экскаватор буулгаж байна удахгүй түр ухарч байгаач экскаваторыг буулгаад зам чөлөөлөөд өгье гэсэн чинь тэр Ланд-200 маркийн машин ухарч өгсөн... экскаваторыг Монлид Трейд ХХК-ийн талбай дээр аваачиж байрлуулсан... Техник ачиж явах үед Зам гэж ахмад таараад бичиг баримтыг нь шалгаад зураг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 134-135х/,

- гэрч Б.Должингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сард аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газартай хамтарч “ой хээрийн түймэр болон бусад байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашиглах байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт” хийх явцад “Барилга орд” ХХК үйл ажиллагаа эхлээгүй тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажил хийж байсан.. Миний бие тухайн үед ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримтыг шалгаж тэмдэглэл үйлдсэн. Шаардлагатай бүхий л бичиг баримт бүрэн байсан. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайдаа үйл ажиллагаа явуулж байсан. Ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй. Техникийн нөхөн сэргээлтийг маш хийсэн байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 120-121х/,

- хохирогч Б.Замаас гаргаж өгсөн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16-05 Ун улсын дугаартай Хьюндай маркийн Экскаватор, 31-27 УБГ улсын дугаартай Трайлерийг шалгасан талаар баримт гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 108х/

- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 45-54х/,

- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг хүйтний даваа гэх газар барлах хяналтын 1 дүгээр постоор... 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 02-85 УНҮ улсын дугаартай Х.Б Шарын гол, Улаанбаатар хот нэвтэрсэн...” гэх тэмдэглэл /5хх-ийн 55-57х/,

- 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Хастөмөрийн Бээжин Дэмжигчид” нэртэй пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 58-61х/,

- Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл /5хх-ийн 64х/,

- Дархан-Уул аймгийн Газрын харилцаа. барилга хот байгуулалтын газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 721 дугаартай албан бичгээр “танай байгууллагаас ирүүлсэн солбилцолыг үндэслэн зураглал үйлдэхэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний гол гэх газарт байрлах “Барилга-Орд” ХХК-ийн МУ-013331 дугаартай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайд багтаж байна” гэх албан бичиг /5хх-ийн 66-67х/,

- Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 8/3683 дугаартай 8/3683 дугаартай албан бичгээр “...солбицол бүхий хоёр талбай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Барилга-Орд” ХХК-ийн хүчин төгөлдөр ашигт малтмалын МУ-013331 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /5хх-ийн 69х/,

- М.Алтанхүүгээс гаргаж өгсөн “Барилга-Орд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн материалууд /5хх-ийн 70-107х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Х.Б нь нийт 3 удаагийн үйлдлээр алт, бэлэн мөнгө өгөхийг шаардаж хохирогч Н.Дуламханд, С.Энхтайван, Г.Энхбат нарын үүсгэн байгуулсан болон хариуцан ажилладаг хамаарал бүхий уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байхад нь, хууль бусаар явуулдаг, байгаль орчныг сүйтгэж байгаа мэтээр нийтэд ойлгуулах зорилгоор дүрс бичлэг хийн өөрийн болон өөрийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын цахим хаягуудаар цахим орчинд байршуулан, үйл ажиллагааг чинь эрх бүхий төрийн байгууллагуудаар шалгуулж зогсооно гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн, заналхийлж хохирогч С.Энхтайван, Г.Энхбат нараас нийт 78.000.000 төгрөг авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн хохирогч Б.Замыг хууль ёсоор үүргээ биелүүлэн албан ажлаа хийж байхад нь “хүнд даацын техникийг байгаль сүйтгэж, хулгайн алт олборлуулахаар байгаль орчинд нэвтрүүлж байна” гэж нэр төр, алдар хүндэд нь халдсан, “Барилга орд” ХХК-ыг дүрэм журам, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад нь “гол ус ойн сан бүхий хуулиар хориглосон газар байгаль сүйтгэж алт олборлож байна” гэж ажил хэргийн нэр хүндэд нь халдсан зэрэг илт худал мэдээллийг өөрийн цахим хаягаараа олон нийтэд буюу цахим орчинд байршуулан тараасан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.      

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх хэсгийг журамлаагүйг, шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Учир нь Х.Бг гэм буруутайд тооцож, ял оногдуулахад дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэсгийг журамлавал түүний зүйлчлэл хүндэрч өөрчлөгдөхгүй, оногдуулах ялын төрөл хэмжээнд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл эрх зүйн байдал нь дордохгүй гэж үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “энэ хэрэгт хохирогчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээтэй, урьд тус хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, хуулийн этгээдийн нэрийг ял сонсгосон тогтоол болон яллах дүгнэлтэд буруу бичигдсэн үүнийг энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэсэн өмгөөллийн санал гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж хуульчилжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Дуламханд, С.Энхтайван, Г.Энхбат нартай шүүгдэгч Х.Б нь шууд харьцаж, хохирогч нарын хариуцаж байсан болон үүсгэн байгуулсан буюу хамаарал бүхий үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй нь холбоотойгоор сүрдүүлэн эд хөрөнгө өгөхийг шаардаж хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн хувийн данснаас мөнгө шилжүүлэн авах, бэлнээр мөнгө авах зэргээр  тэдгээрийн бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд нь хохирол учруулсан байх тул хохирогчийг зөв тогтоосон гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба өөрөөр хэлбэл тус гэмт хэргийн улмаас хохирогчид заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүйг дурдах нь зүйтэй.

Тус хэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцсаны дараа зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авсан, шүүхийн захирамжид заагдсан бусад нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Ял сонсгосон тогтоол, яллах дүгнэлтэд хуулийн этгээдийн нэр ялимгүй өөр өөрөөр бичигдсэнээр тус хэргийн үйл баримтыг тогтооход нөлөөлөхгүй, өөр хуулийн этгээд хохирсон хохирогчоор тогтоогдох болзошгүй нөхцөл байдал үүсэх эргэлзээ хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч С.Энхтайванд нийт 20.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлэг, дансны хуулга бусад бичгийн нотлох баримтуудаар, хохирогч Г.Энхбатад нийд 58.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг,  дансны хуулга бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч Х.Бгээс нийт 78.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, биеийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор үйлдсэн гэмт хэрэг бүрд Эрүүгийн тохирох ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар шүүхээс оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгт тус хэрэгт ач холбогдол бүхий дуу, дүрсний бичлэг хийгдсэн байх тул  хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын нэг хоногийг 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож нийт 60 /жар/ хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Х.Бгийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Бгээс нийт 78.000.000 /далан найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч С.Энхтайван /РД:ТЛ77042078/-д 20.000.000 /хорин сая/ төгрөг, Г.Энхбат /РД:ЦЗ79111814/-д 58.000.000 /тавин сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

            9. Шүүгдэгч Х.Бд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ