Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

 

 

 

 

 

 

 

 

     2021        03          29                                   2021/ШЦТ/203

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Н.Ц,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Нямдоржийн Цэнд-Очирийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000091 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35 дугаар гудамж 4106 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-11 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Боржигон овгийн Н.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн 1-11 тоотод иргэн Ц.Ганхөлөгтэй “барилгын дээврийн ажил муу хийдэг” гэх шалтгаанаас болж маргалдсаны улмаас хайчаар түүний хүзүү болон зүүн хөх хэсэгт 2 удаа хатгаж биед нь хүзүү, зүүн хөхний хатгагдсан шарх, зүүн хөхний цус хуралт, зүүн дал, баруун бугалга, шууны зулгаралт бүхий гэмтлийг буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Н.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Мөн дээрээс нь хохирогч Ц.Ганхөлөг нь миний нүүрэн тус газарт мөргөөд гараар толгой руу цохихоор нь гэнэт уур хүрээд тухайн гэмт хэргийг үйлдэх болсон юм. Тэрнээс бид хоёрын дунд асуудал бол огт байхгүй. Ц.Ганхөлөгт шаардлагатай эм тариаг нь авч өгч хохирол төлбөрийг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53х/,

- хохирогч Ц.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний багын найз болох С.Ганпүрэвийн эхнэр Сэлэнгэ төрж охинтой болсон юм. Тэгээд миний бие С.Ганпүрэвт баяр хүргэж гэрт нь ирээд өвчин зовлонтой болохоор тухайн хашаа болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 11 тоот хашаанд байх найз С.Ганпүрэвийн хадам дүү Н.Цын гэрт орж түүний хамтаар 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг уугаад дууссан ба С.Ганпүрэв дахиад юм уух уу гэсэн ба Н.Ц өөрийн эхнэр Ц.Алтанцагийн хамт дахин 0,75 литрийн архи авчирсныг С.Ганпүрэв бид хоёр хувааж ууж дуусаад би С.Ганпүрэвийг эхнэрийнх нь хамт гэр лүү нь оруулж өгөөд удалгүй Н.Цын гэрт орж ирэхэд Н.Ц нь өөрийн эхнэр Алтанцагтай маргаад байхаар нь би хажуугаар нь орж эхнэрийг нь өмөөрөөд түүнтэй юм яриад байж байгаад өөрийн хийдэг ажлаасаа болж сайн хийдэг, муу хийдэг гэж маргалдаж байгаад түүнтэй заамдалцаж аваад гадаа гарсан. Тэгээд байж байтал Ганпүрэвийн гэрээс Нэргүй эгч болон Сэлэнгэ нар салгаад намайг битгий муудалцаад бай орж унт гээд би гэр лүү нь орохоор алхаж байтал Н.Ц эргэж гэрээсээ гарч ирээд миний цээжин тус газарт цохих шиг болсон. Тэгээд би С.Ганпүрэвийн гэр лүү явж ороод сууж байхад цээжин тус газраас цус гараад байсан ба тухайн үед архи уусан байсан учир ухаан санаа орж гараад байсан. Удалгүй гаднаас эмч болон цагдаа нар орж ирээд тухайн өдөр гэмтлийн эмнэлэг рүү авч очоод шархыг үзээд боолт хийж эмчилгээ хийсэн...Миний эрүүл мэндэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан дүгнэлтэд дурдсан байгаа гэмтлүүдийг Г.Цэнд-Очир учруулсан юм....Түүнээс өөр хэн нэгэн учруулаагүй ба надтай Цэнд-Очироос өөр хэн нэгэн маргаагүй. Надад тухайн хэрэгт холбогдуулан цаашид гарах санал хүсэлт, гомдол байхгүй. Надаас Н.Ц нь албан ёсоор уучлалт гуйж учирсан гэмтлийг эмнэлгийн байгууллагаар авч явж үзүүлж эмчилгээг хийлгэж өгч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа юм. Цаашид гаргах нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х, 28х/,

- гэрч Ц.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэнд-Очир гэр лүүгээ ууртай орохоор нь эхнэртэйгээ бас хэрэлдэж магадгүй гэж бодоод араас нь яваад ортол гал тогооны шүүгээнээсээ нэг гялалзсан цагаан юм аваад гарсан. Би хүүе яах гэж байгаа юм бэ гээд бариад авахын хооронд намайг түлхээд гэрээс гарсан ба би араас нь гарсан чинь Цэнд-Очир Ганхөлөг дээр очиж гартай байсан иртэй зүйлээр хүзүү орчимд зүсэх шиг харагдсан. Тэгээд цус гоожоод манайд гэрт оруулсан ба түргэн тусламж дуудсан. Түргэн нь цагдаа дуудсан байх, ямар ч байсан цагдаа нар ирээд хашаанаас хойч олохоор би хутга биш хайч юм байна гэж ойлгосон...Би хутга уу юу вэ гэж бодоод араас нь гартал Ганхөлөгийн хүзүү хэсгийг зүсэх шиг болсон. Гадаа харанхуй байсан болохоор гялалзсан зүйл харагдахаар нь тэгж бодсон. Дараа нь цагдаа нар ирэх үед хутга биш хайч гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,

- гэрч Ц.Алтанцагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Цэнд-Очир сууж байгаад би Ганхөлөг ахыг алчихсан юм шиг байна гээд уйлах гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-х/,

             - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 932 дугаартай “...Ц.Ганхөлөгийн биед хүзүү, зүүн хөхний хатгагдсан шарх, зүүн хөхний цус хуралт, зүүн дал, баруун бугалга, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/,

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Цыг хохирогч Ц.Ганхөлөгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдан, улмаар ир үзүүртэй зүйлийг зэвсгийн чанартай ашиглан хохирогчийн биеийг хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Ганхөлөг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх зорилгоор 700 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Н.Цт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16.5 см урттай, төмөр бариултай ахуйн хайч 1 ширхгийг шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартайгаар ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цыг 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Цыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16.5 см урттай, төмөр бариултай ахуйн хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.БАТГЭРЭЛ