| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0179/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
2021 03 29 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч А.Азжаргал,
хохирогч Ц.Амаржаргал,
шүүгдэгч П.Б,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Намнан овогт П.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000089 тоот хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 31 дүгээр гудамжны 461 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Намнан овгийн П.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед “гэр лүүгээ явсангүй айлд архи уулаа” гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч хохирогч Ц.Амаржаргалын нүүрэн тус газарт цохиж биед баруун ухархайн дотор, доод хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун хөмсгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгч П.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Ц.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бямбасүрэнгийнд ирээд байж байхад Молор, Мөнхтуяа нар ирсэн ба тэд нартай хамт гарч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Батсуурь гэх хүний гэрт очиж Батсуурийн эхнэр Батцэцэг болон Мөнхтуяа, Молор нарын хамт 3 шил 0,75 граммын архи уугаад байж байтал гаднаас Батцэцэгийн дүү Мөнх, Бямбасүрэнгийн хамт өдөр гэгээтэй байхад гаднаас орж ирсэн. Мөнх нь эгчээсээ мөнгө авчхаад буцаад гараад явсан. Үлдсэн хүмүүсийн хамт архиа ууж дуусгаад Батсуурийн гэрээс хүмүүс нь гарч гэр гэр лүүгээ харьцгаагаад би ч гэсэн Бямбасүрэнгийн хамт тэднийхээс гарч яваад автобусны буудал орчим алхаж явтал Бямбасүрэн намайг “хамт гэр лүүгээ харъя” гэхээр нь би түүнд “охин араас яриад байна, би охиныхоо гэр лүү явлаа” гэтэл “чи согтуу байж яаж явах гээд байгаа юм бэ янхан минь” гээд намайг араас татаж газар унагаагаад миний нүүр лүү өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөж цохисныг тухайн үед согтуу байсан ба цохиулснаасаа болоод мэдэхгүй байна. Ухаан балартаад байж байтал цагдаа нар ирсэн ба тэгээд манай охин ирээд эмнэлэг явсан. Намайг тухайн үед Бямбасүрэн л өшиглөж зодсон. Би өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Намайг хамт гэр лүүгээ явсангүй, мөн айлд архи ууж байсан гэж хардаж уурлаад зодсон. Бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй бөгөөд тийм ч дотно харилцаатай болоогүй байгаа. Таарч тохирвол хамт амьдарна гэж бодож байсан ба сүүлийн 5-аас 6 сарын хугацаанд ирэн очин уулзаж байгаа юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Уг гэмтлийг Бямбасүрэн надад учруулсан. Надад түүнд гомдоод байх шаардлага байхгүй эрүүл мэндийн зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
-гэрч Ц.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байсан чинь 16 цагийн үед цагдаагаас залгаад танай ээж хүнд зодуулсан байна та хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би цагдаа дээр ирсэн чинь манай ээж Амаржаргалыг 103-ын эмч аваад гэмтэл аваад явсан байсан...Баруун нүд хөхөрч тагларсан, хамар гэмтсэн, толгойн хэсэг гэмтсэн гэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 757 дугаартай “...Ц.Амаржаргалын баруун ухархайн дотор, доод хананы хугарал, баруун зовхины цус хуралт, баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Бг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Ц.Амаржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Амаржаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээрээ илэрхийлж байх тул шүүгдэгч П.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч П.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан П.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Намнан овогт П.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Бд 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь торгох ял биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ