| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0181/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/205 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/205
2021 03 29 2021/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ш.З, Т.Б
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Дэлд овогт Ш.З, Шангуучин овогт Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000156 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Лугати” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48-1087 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дэлд овгийн Ш.З
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 62 дугаар байрны 29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шангуучин овгийн Т.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Яллагдагч Ш.З нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1087 тоотод хохирогч Т.Бтэй маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Т.Б нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1087 тоотод хохирогч Ш.Зтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.З, Т.Б нар нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 49-1087 тоотод ахуйн хүрээнд хамтран архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож хэн хэнийхээ бие махбодод тус тус хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдлүүд хийсэн болох нь
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Ш.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 сарын 18-ны үдээс хойш танил залуу Соронзонболдыг дуудаад хашаандаа машинаа үзүүлж янзлуулсан, тэгээд машинаа засуулаад зогсож байхдаа би дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 ширхгийг авч машинаа янзалж байхдаа нэгийг нь гадаа Соронзонболдтой уусан тэгээд машинаа янзалж дуусчихад үлдэгдэл нэг пиво манай гэрт ороод хоёр хувааж уугаад сууж байхад гаднаас манай эхнэрийн дүү Батмөнх Сэнгүр нэртэй 2.5 литрийн нэг ширхэг пиво барьчихсан орж ирсэн, Соронзонболд бид хоёр ууж байсан пиво дуусгачхаад удалгүй харилаа гээд п явсан, тэгээд гэрт Батмөнхийн авчирсан пивыг бид хоёр хувааж ууж дуусгасан, тэгээд ахиад пиво авах гээд гудамжинд дэлгүүр лүү явж байснаа муухан байгаа, тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа, тэгээд бас шалан дээр хэвтэж байсан аа, цагдаагийн машинд сууж байсан зэргээ хальт санаж байгаа, тэгээд хэсэг зүйлийг огт санахгүй байж байгаад эрүүлжүүлэхэд орж байснаа санаж байна, тэгээд өглөө эрүүлжүүлэхээс эхнэртэйгээ ярихад намайг агсам согтуу тавиад хүүхдээ, дүүг нь хутгаар зүссэн, гэр орны эд зүйлээ эвдэж сүйтгэсэн гэж хэлсэн тэгээд би эхнэрийг худлаа яриад байгаа юм байхдаа гэж бодсон, тэгээд эрүүлжүүлэхээс цагдаагийн хэлтэс рүү явж байхад цагдаа нь намайг хутга барьсан, хүн хутгалсан гэх мэт зүйл ярихад нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83х/,
- шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 02 сарын 18-ны орой нар жаргах үеэр төрсөн эгч Мандахайн гэрт ирсэн, намайг эгчийн гэрт орж ирэхэд хүргэн ах Золбаяр нь засуулсан гэх хүнийхээ хамт пиво уугаад сууж байсан, Би хүргэн ахын гэрт дэлгүүрээс Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 1 ширхгийг аваад , тэгээд намайг тэдний гэрт ороод удаагүй байхад Золбаяртай хамт байсан хүмүүс явлаа гээд бүгдээрээ гараад явсан, тэгээд би хүргэн ах Золбаяртай хамт авчирсан пиво хувааж уугаад дуусахаар нь бид хоёр хамт дэлгүүр ороод 1 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво аваад эргээд гэрт нь ороод хувааж уусан. Ер нь бол тэрнээс хойш яг юу болсон сайн санахгүй, зарим нэг зүйлсийг хальт л санаж байгаа. Би нэлээн согтоод муудсан, тэгээд бүүр сүүлд нь манай эгчийн гэрт цагдаа эмнэлэг ирснээс хойших болсон үйл явдлыг санаж байна, тэгээд өглөө нь босоод эгч Мандахайгаас юу болсон талаар асуухад би тоглоом шоглоом хийж хүргэн ах Золбаярыг өшиглөсөн юм шиг байна лээ, тэгсэн чинь Золбаяр ах уурлаад байхаар нь би уучлалт гуйгаад гар барьсан чинь миний гарыг Золбаяр чанга атгасан юм шиг байна лээ тэгэхээр нь би ямар чанга атгадаг юм бэ, өс санаад байна уу гэж хэлээд бид хоёр барилцаж авсан юм байна лээ тэгээд Золбаярыг хүүхдүүд нь салгаад намайг эгч салгаад хоёр тийш нь болгосон чинь дараа нь Золбаяр хутга барьчхаад хүүхдүүд нь болиулах гээд дийлэхгүй байсан. Тэгээд би Золбаярыг хутгийг нь болиулах гэж цээж рүү дарж мөргөхдөө нүүр, нүд рүү нь гараараа хэд хэд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 76х/,
- Ш.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...манай эхнэрийн дүү Батмөнх Сэнгүр нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд машин янзалж өгсөн залуу маань надтай хувааж ууж байсан пиво дуусгачхаад удалгүй харилаа гээд гараад явсан. Тэгээд гэрт Батмөнхийн авчирсан пивыг бид 2 хувааж ууж дуусгасан. Тэгээд архи пиво авах гээд гудамж руу явж байснаа санаж байгаа, тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. ...өглөө эрүүлжүүлэхээс эхнэртэйгээ ярихад намайг агсам согтуу тавиад хүүхдээ, дүүг нь хутгаар зүссэн, гэр орны эд зүйлээ эвдэж сүйтгэсэн гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийг худлаа яриад байгаа юм байхдаа гэж бодсон. Тэгээд эрүүлжүүлэхээс цагдаагийн хэлтэс рүү явж байхад цагдаа нар намайг хутга барьсан, хүн хутгалсан гэх мэт зүйл ярихад нь асуудал болсон байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
- Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Би эгчийндээ очихдоо дэлгүүрээс Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 1 ширхгийг аваад орсон байсныг би хүргэн ах Золбаяртай хувааж уусан. Ахиад хүргэн ах бид 2 дэлгүүр орж 1 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво аваад эргэж гэрт нь ороод хувааж уугаад дуусгасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө босоод эгч Мандахайгаас асуусан чинь эгч надад чи хүргэн ахыгаа тоглоод өшиглөсөн чинь Золбаяр намайг чи миний бөлдөг рүү өшиглөчихлөө гэхээр нь би тоглоод дүүгийн хайраар л өшиглөж байна ш дээ гэж хэлсэн чинь хүргэн уурлаад байхаар нь би хүргэн ахаас уучлал гуйгаад гар барьсан чинь хүргэн ах миний гарыг чанга атгасан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би яагаад чанга атгаж байгаа юм бэ өс санаад байгаа юм уу гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргаан болоод хүргэн ах миний юу бодох чамд хамаагүй гэж хэлээд бид хоёр барилцаад авахаар нь дүү нар салгасан чинь бүр цохиод эхэлсэн юм шиг байна лээ. Тэгээд хүргэн ах таарсан юм хумаа авч шидээд эхэлсэн гэсэн. Миний баруун далны хэсэгт зүсэгдсэн шарх байгаа. Түргэний эмч ирж үзээд 1 ширхэг оёдол тавьсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10х/,
- гэрч З.Амарцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...том өрөөнд аав, нагац ах хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрыг хэсэг харж ажиглаад зогсож байхад хэн нь хэнийг гэдгийг нь мэдэхгүй, нэг нь нэгийг өшиглөсөн, цохисон гэлүү тийм зүйл яриад урьдын юм санаад байна уу гэх ч зүйл яриад хоорондоо маргалдаж байгаад эвлэрэх гэж гар бариад тэгснээ гэнэтхэн аав, нагац ах Батмөнх ахыг заамдаад эхлэхээр нь би салгах гээд голоор нь ороход ээж нагац ах Батмөнхийг салгаад гэрээс гарсан. Би хоёр дүүгийн хамт аавыг цааш нь салгасан боловч нагац ах эргэж гүйж орж ирэхэд нь аав том өрөөнд байсан ширээний шилэн тавцанг авч үүд рүү газар руу шидээд гал тогооны шүүгээнд байсан жижиг хар иштэй хутгыг аваад хутга барьсан гараараа савчаад байхад нь нагац ах аав руу гүйж очоод цээж рүү нь мөргөж хамт буйдан руу унасан. Тэр үед аав хутга барьсан гараараа нагац ахын нуруу луу хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Тэр үед ээж нагац ахыг татаж авч гэрээс гараад би аавыг хоёр дүүгийнхээ хамт дээрээс нь дарж хэвтсэн. ...Тухайн үед Батмөнх ах аавыг гартаа хутга барьчихсан байхад нь дайрч мөргөж унагаахдаа хэдэн удаа гараараа нүүр лүү цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
- гэрч Т.Мандахайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай нөхөр Золбаяр нь машин засуулах гэж хүн дуудаад тэр хүнтэйгээ цуг дэлгүүр явж “Нийслэл” нэртэй 2,5 литрийн 1 ширхэг пиво авчраад гэрт оруулж ирээд уусан. Тэр үед манай дүү Батмөнх гаднаас орж ирж байгаа таарсан. ...манай нөхөр Золбаяр, Батмөнх 2 нэлээн согтуу байсан. Эхлээд 1, дараа нь 2 ширхэг “Нийслэл” нэртэй пиво авчраад уусан. Жижиг өрөө рүү орчхоод гараад ирсэн чинь Золбаяр, Батмөнх 2 хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд хоорондоо гараа барилцаад нэг нь нэгнийхээ гарын мушгиад Батмөнх манай нөхөрт өс санаад байгаа юм уу гэж хэлээд байхаар нь би голоор нь ороод боль боль гэж хэлсэн чинь хоорондоо зууралдаад барьцалдаад авсан. ...барьцалдаад ор луу цуг унасан. Тэгээд би арай гэж салгаад Батмөнхийг хөөгөөд гаргасан чинь Батмөнх эргэж орж ирээд хэрүүл хийгээд эхэлсэн чинь Золбаяр бүр улайраад ширээний шилэн тавцанг аваад газар луу шидсэн. Тэгээд гүйж очоод гал тогооны шүүгээний хутга, сэрээний шүүгээнээс хар иштэй жижиг хутга аваад барьсан чинь Батмөнх нь ал, чаддаг юм бол хутгал гээд гүйж ирээд Золбаярыг мөргөх шиг болсон. ...Цагдаа дуудаад том өрөөнд буцаад ортол зууралдсан чигээрээ байхаар нь Батмөнхийг татаж гаргасан. Хүүхдүүд аавыгаа дараад байж байсан. Тэгсэн чинь Батмөнхийн нурууны хэсэг нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн 1618 дугаартай “...Т.Бийн биед баруун даланд зүсэгдсэн шарх, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн далны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, хэвлийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн 1631 дугаартай “...Ш.Зын биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ш.З, Т.Б нар нь ахуйн хүрээнд хамт архидан согтуурч байх явцдаа хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүх Ш.З, Т.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногийн дотор төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дэлд овогт Ш.З, шүүгдэгч Шангуучин овогт Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З, Т.Б нарыг тус бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З, Т.Б нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.З, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ