| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0058/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 37
Г.Б-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор О.Доржмаа
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч Д.Оюунтуяа
Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба
Шүүгдэгч Г.Б-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын Б-өд холбогдох эрүүгийн 1818000200030 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Шар зам ирээдүй” хоршоонд таксины жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсгийн 2 дугаар гудамж 23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Б- овогт Г-ын Б- /**********/ нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 08:00 цагийн орчим Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 16-н давхар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн “Соната” маркийн 2665 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 13 дугаар бүлгийн 13.1-д заасныг зөрчсний улмаас явган зорчигч Б.Т-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Г.Б-өд холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Би өөрөө орох оронгүй, орцонд амьдарч байсан. Хүүхдийг орцонд байлгахгүй гэдэг. Г.Б-ийн өгсөн мөнгөөр хүүхдийг цэвэр орчинд байлгахын тулд байр түрээслэсэн. Цаашдын асаргаа, нөхөн сэргээх эмчилгээ, хичээлийн нөхөлтөнд төлбөр хэрэгтэй байгаа бөгөөд Г.Б- таяг өгнө гэсэн боловч худлаа хэлсэн. Харилцан тохиролцож шүүх хурлаас өмнө 1,000,000 төгрөг өгье. Б.Т-ийг байнга асарч, сургууль эмнэлэгт хүргэж өгч чадахгүй юм байна гэсэн боловч амлалтандаа хүрээгүй ээ. Г.Б- 1.000.000 төгрөг өгнө гэж байхад шүүх шийдвэртээ тусгаж өгсөнгүй ээ. Хүүхэд хэзээ хэвийн байдалд орох нь тодорхойгүй ээ. Гурван жилийн дараа төмрийг нь авна гэсэн. Олон жил төмөртэй шаналж явах болж байна. Би ажилгүй, эмчилгээ хийлгээд баримт цуглуулаад явах боломжгүй хүндрэлтэй байдлыг харгалзан асаргаа сувилгаанд хэрэглэх 1.000.000 төгрөгийг Г.Б-өөс урьдчилан гаргуулж өгнө үү. Нөгөө талаар Б.Т- 7 настай бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад зайлшгүй өмгөөлөгч шаардлагатай байсан тул баримтын дагуу зардлыг Г.Б-өөс гаргуулж өгнө үү. Г.Б- гэм хор, сэтгэл санааны хохирлыг арилгах тал дээр сэтгэл гаргадаггүй тул чин санаанаасаа гэмшээгүй ял хөнгөдсөн гэж үзэж байна. Жич: Гэмтлийн зэргийн заавар, журмын 3.1.20-д буглага, дунд чөмөгний хугарал нь хүнд зэргийн гэмтэлд хамрахаар байдаг.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Атарбямба: Хохирогчийн зүгээс “шүүгдэгчийг гарцан дээр хохирогчийг дайрчихаад цагдаа болон эмнэлгийн байгууллагыг дуудахгүй, хэргийн газрыг орхиж зугтаасан” үйлдэлд нь гомдолтой байдаг. Хуульд “жолооч ослын газрыг орхихгүй байх” үүрэгтэй. Мөн шүүгдэгч нь тухайн үед согтуу байсан байж хохирогчийг орхиж явсныг анхан шатны шүүх дүгнэсэнгүй. Шүүгдэгч Г.Б- нь “хохирогчийг 18 нас хүртэл нь асарч хамгаална, хичээлд нь хүргэж өгнө” гэж хэлсэн мөртлөө хохирогчийг хичээлд нь хүргэж өгдөггүй. Бага насны хүүхдийг орцонд байлгахгүй гэсний дагуу 150.000 төгрөгөөр бракт байр түрээсэлсэн байдаг. 1.000.000 төгрөгийг өгчих гэхэд Г.Б- нь өгөөгүй байдаг, хохирогч хохирлын талаар урьдчилан баримт гаргаж өгөх боломжгүйг давж заалдах шатны шүүх анхаарч өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасныг шүүх анхаарч өгнө үү. 1.000.000 гаруй төгрөгийн эмчилгэний зардал гарсан гэж хохирогч хэлдэг. Г.Б- нь хохирогчийг цаашид асрахгүй болох нь харагдаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Г.Б-өд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн явцад шинжээчийн дүгнэлтээр “насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” гэж гарсан. Насанд хүрээгүй хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорт гаргасан хүсэлтдээ “хөл хугарснаас гадна, нуруу өвдөөд байна” гэсний дагуу нэмэлт шинжилгээ хийлгэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт зааснаар “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” ёстой. Хохирогчийн зүгээс гаргасан хүсэлтийг харгалзан хохирогчийн биед учирсан гэмтлийг дутуу шалгаж байж магадгүй гэж үзэж дахиж нэмэлт шинжилгээ хийлгэхэд өмнөх шинжээчийн дүгнэлттэй ижил гарсан. Анхан шатны шүүхийн шатанд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж нийт 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн. Анх зам тээврийн осол гарснаас авахуулаад бүх зардлыг Г.Б- төлсөн бөгөөд Г.Б- нь нийт 2.020.000 төгрөгийг хохиролд өгсөн. Хохирогчийн өмгөөлөгч Г.Б-ийг тухайн үед согтуу байсан гэж ярьж байна. Г.Б- нь тухайн үед эмнэлгээс буцаж ирээд хэргийн газрын үзлэгийг тэр дор нь хийсэн, Г.Б-ийг хуульд заасан журмын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Хэргийн газраас зугтаасан гэж үзэхгүй байгаа бөгөөд хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөөд эргэж ирсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Тодорхойлох нь:
Г.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө өөрийн эзэмшлийн 2665 ДАХ улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 16 давхар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр 7 настай Б.Т-ийг мөргөж, түүний биед зүүн хөлний дунд чөмөгний яс битүү хугарсан гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
Г.Б-ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дгээр бүлгийн 9.1, 9.2, 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн бичсэн давж заалдах гомдлын “... хохирогч Б.Т-ийн асаргаа сувилгааны зардалд шүүгдэгч Г.Б-өөс 1.000.000 төгрөгийг урьдчилан гаргуулах, шүүгдэгчид шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн...” гэсэн үндэслэлүүдийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 8:00 цагийн орчим өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хохирогч Б.Т-ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, Г.Б- нь хохирогчид учирсан дээрх гэмтлийн эмчилгээний зардалд 2.020.000 төгрөг төлсөн энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
Хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээ, асаргааны зардлыг хуульд заасан журмын дагуу зохих нотлох баримтыг бүрдүүлэн түүний хууль ёсны төлөөлөгч жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд урьдчилан гаргаж өгөх үндэслэлгүй байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар шинжээч нарын гарсан дүгнэлтэнд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д “бугалга, дунд чөмөгний хугарал хүнд зэргийн гэмтэлд хамаарах”-аар заасан байдаг гэж бичснийг шүүх хүлээж авах боломжгүй байна. Хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд “зүүн хөлний дунд чөмөгний зөрүүтэй битүү хугарал” гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн 3 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д “бугалгаа, дунд чөмөгний ил хугарал”-ыг гэмтлийн хүнд зэрэгт хамруулахаар заасан байна. Иймд хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг “гэмтлийн хүнд” зэрэгт хамруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтанд хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээ, асаргааны зардлыг хууль заасан журмын дагуу жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ауулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг улирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг:
“7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр болон асаргааны зардлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ