Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0095/З |
Дугаар | 221/МА2022/0788 |
Огноо | 2022-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0788
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-О, Ш.А нар,
Нэхэмжлэгч: “Н” ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга,
Гуравдагч этгээд: “Х.М” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох заалт, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралт кадастр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр тушаалаар “Н” ХХК-д 62 га газар ашиглах эрх олгосон болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Т.С” ХХК-ийн хэмжилт Тэгш өнцөгт солбицлын дагуу 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Н” ХХК-д 62 га газар хүлээлгэн өгсөн актыг үндэслэн “Н” ХХК-ийн кадастрыг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А, Ө.Э-О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2022/0095/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох заалт, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралт кадастр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр тушаалаар “Н” ХХК-д 62 га газар ашиглах эрх олгосон болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Т.С” ХХК-ийн хэмжилт Тэгш өнцөгт солбицлын дагуу 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Н” ХХК-д 62 га газар хүлээлгэн өгсөн актыг үндэслэн “Н” ХХК-ийн кадастрыг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4, 37 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан “Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сар 15 хоногийн хугацаатай түдгэлзүүлж”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-О, Ш.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон. Үүнийгээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлийг зааж нэрлэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 47-д заасан илт хууль бус захиргааны акт учраас Захиргааны ерөнхий хуулийн 47.4-д зааснаар хэдийд ч нэхэмжлэл гаргах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа үйлчлэхгүй гэж дурдсан. Гэвч маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Захиргааны ерөнхий хууль нь өөрөө тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Иймээс Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө гарсан захиргааны актад Захиргааны ерөнхий хууль хамааралгүй. Захиргааны ерөнхий хуульд хамааралгүй актыг тус хуулийн зүйл, заалтыг баримтлан маргаж тус хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй зохицуулалтаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үйл баримтыг зөвтгөх гэж оролдсон байхад шүүх түүнийг хүлээн авч шийдвэрлэж улмаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх зохицуулалт нь тухайн захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, хууль бусад хэм хэмжээг хэрэглэх, түүнд нийцүүлэн шийдвэрээ гаргах тухай агуулгыг өөртөө багтаана. Гэтэл шүүхээс Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарсан захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтыг тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь дээрх зохицуулалттай нийцэхгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Маргаан бүхий захиргааны акт гарч байх 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/ үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн заасан илт хууль бус захиргааны актуудад “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх захиргааны акт байгаагүй. Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар ямар ч төрлийн захиргааны акттай урьдчилан шийдвэрлэх журмаар 30 хоног, тус ажиллагаа явагдсаны дараа шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч тус хугацааг хэтрүүлсэн байна. Иймд зүй нь шүүх тус нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эсхүл Захиргааны ерөнхий хуулийг үйлчилж эхлэхээс өмнө гарсан актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан акт гэж маргаж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байжээ.
3.3. Шүүх захиргааны акт бус харин баримт бичгийг шийдвэрлэж түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/86 тоот гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг шүүхээс тус хүрээнд хүлээн авч шийдвэрлэн тус гэрчилгээ болон түүний хавсралтын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглуулсан газрыг баталгаажуулсан баримт бичиг байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар “Х.М” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаал юм. Харин тус тушаалын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг олгож буй нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийг журамлан 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зааснаар “газар ашиглуулах гэрчилгээ, түүний хавсралт” газар ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийг хэрэгжүүлж буй дотоод үйл ажиллагаа. Гэтэл түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлэн гэрчилгээг хавсралтын хамт түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ “захиргааны үйл ажиллагаа” гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг” гэж заасан, 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 11.1.2-т “захиргааны гэрээ”, 11.1.3-д “захиргааны хэм хэмжээний акт” гэж тус тус заасныг зөрчжээ. Зүй нь шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байжээ.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэх үндэслэлгүй байсан. Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана”, 52.2.4-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан.
3.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга үндэслэл нь манай 62 га газар систем дээр 60 га болж буурсан, энэ нь “Х.М” ХХК-д олгосон газартай хамааралтай ...”, /Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.17, 3.1 дэх хэсэг шийдвэрийн 8, 9 дүгээр тал, 13 дугаар талын сүүлийн догол мөрөнд/ “Н” ХХК-ийн ашиглаж, эзэмшиж буй хашааны дотор байгааг” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж ирүүлснээс харахад нэхэмжлэгч өөрийн 62 га газраас 2 газрыг салган гуравдагч этгээд “Х.М” ХХК-д олгосон учир, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхэд өөрийн эзэмшил газарт давхцуулан олгосон хууль бус үйлдлийн улмаас бодитоор өөрийн эзэмшлийн газар нь багассан, өөрийн эзэмшил газраас бусдад олгосон гэсэн агуулгаар маргасан бөгөөд тэрхүү олгосон шийдвэрүүдийг хууль бус гэж үзсэн нөхцөлд нэхэмжлэгчийн газраас бусдад шилжсэн газар буцаж нэхэмжлэгчид шилжсэнээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ хэмээн шүүхэд мэдүүлсэн. Бүр тодруулбал, “Х.М” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалаар газар ашиглах эрх олгож улмаар түүнд үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын олгосон 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/86 тоот гэрчилгээ, гэрчилгээний хавсралт нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл тухайн маргааны нөхцөлд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн ямар ч үйл баримт тогтоогоогүй. Харин ч нэхэмжлэгч өөрийн хууль ёсны ашиглалтын эрх бүхий газрыг хэтрүүлэн гуравдагч этгээдийн ашиглах эрхтэй газарт хашаа барьсан улмаар байшин барьж хууль зөрчсөн үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж сэргээн тогтоох үүрэгтэй хүний эрхийн баталгаа болсон байгууллага. Гэтэл тус тохиолдолд нэхэмжлэгчийн бусдын газарт хууль бусаар хашаа, барилга барьсан үйлдлээр хариуцагчийн түүний эрхэд халдаагүй хууль ёсны шийдвэрийг түдгэлзүүлж гуравдагч этгээдийн хууль ёсны газар ашиглах эрхэд халдсан шийдвэр гаргажээ. Энэ нь Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий акттай харьцуулан шалгаж маргаан бүхий актын улмаас түүний эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтоох үндсэн үүргээсээ ухарсан үйлдэл буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “... шүүхийн шийдвэр ... нотлох баримтад үндэслэгдэх”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Учир нь, нэхэмжлэгчийн хувьд “Х.М” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалаар газар ашиглах эрх олгосон, түүнд үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын олгосон 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/86 тоот гэрчилгээ, гэрчилгээний хавсралт нь гарч байсан тэр цаг хугацаанаас эхлэн илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргахад, шүүхээс одоо нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын мэдээллийн сан дахь зургууд зөрүүтэй учраас /хоорондоо давхцалгүй/ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаж цэгцлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, уг хэргийн маргааны хүрээ хязгаараас хэтэрсэн дүгнэлт болохыг харуулж байна.
3.6. Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн тухайд Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 37 тоот тогтоолын 20-д “Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан ... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас “... шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно” гэж тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан шүүхээс гарах “дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” шийдвэрийн төрөл мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.11-д заагдсан. Тус маргаанд хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актууд алдаагүй, 2 газар давхцалгүй гарсан талаар тайлбарлаж, хэрэгт нотлох баримтаар нотолж, маргасаар атал дээрх байдлаар Улсын дээд шүүхийн тайлбар тогтоолд заасан нөхцөл үүсээгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Мөн “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” нөхцөл тухайн маргаанд байгаагүй нэн тодорхой нөхцөл байсан байхад тийнхүү шийдсэн нь үндэслэлгүй. Дээрх байдлаар хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчөөд зогсохгүй хуульд захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар хэмээн заасан байхад 1 сар 15 хоногийн хугацаа олгож /тус хугацаанд шинэ захиргааны акт гаргаж амждаггүйг шүүх болон хэргийн оролцогчид бугд мэднэ/ тус хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдаж буй нь тус үр дүнд үйл баримтаар чиглэсэн шийдвэр гэж үзэхээр байгаа бөгөөд гуравдагч этгээд “Х.М” ХХК болон түүний хувьцаа эзэмшигчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-д заасан “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.
3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0719 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нараас гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Шүүх маргаан бүхий актын үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
3. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох заалт, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралт кадастр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр тушаалаар “Н” ХХК-д 62 га газар ашиглах эрх олгосон болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Т.С” ХХК-ийн хэмжилт Тэгш өнцөгт солбицлын дагуу 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Н” ХХК-д 62 га газар хүлээлгэн өгсөн актыг үндэслэн “Н” ХХК-ийн кадастрыг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт даалгах”-аар маргасан байна.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд энэ тохиолдолд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалаар “Х.М” ХХК-д Баянзүрх дүүрэг, “Бага тэнгэрийн ам” нэртэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар 1,18 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэснээр “Х.М” ХХК-ийн газар ашиглах эрх үүссэн, энэ шийдвэрийг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/86 дугаартай гэрчилгээ олгож, уг гэрчилгээ нь хавсралт кадастрын зургийн хамт хүчин төгөлдөр байх тул эдгээрийг захиргааны акт биш гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгчээс “... А/222 дугаар тушаал гарсны дараа сайдын тушаал, зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлаж өөрчилсөн, анх олгосон газрын кадастрын цэгээс одоо гэрчилгээнд тэмдэглэсэн кадастрын цэгүүд өөрчлөгдсөн, гэрчилгээний хавсралтыг дур мэдэн сольсон, үүгээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” хэмжээн маргаж байгаа энэ тохиолдолд “Х.М” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн А-222 дугаартай тушаал, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээ, кадастрын зургийг захиргааны үйл ажиллагааны үр дүнд гарсан эрх зүйн үр дагавар бий болгосон актын шинжийг агуулсан гэж үзэх тул бүхэлд нь хянаж маргааныг нэг мөр шийдвэрлэхээр байна.
3.4. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан “... захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан нэхэмжлэл гаргах хугацаа үл хамаарна” гэж хуульчилсан.
3.5. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны актууд” гэж тайлбарлан маргаж байгааг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн үйлчлэлд хамаатуулан хэрэглэж, мөн хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаагаар тооцон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэхгүй болно.
3.6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын “... газар ашиглуулах гэрчилгээ, түүний хавсралт нь газар ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа дотоод үйл ажиллагаа, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.7. Харин 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаал, 2015/86 дугаартай гэрчилгээ, уг гэрчилгээний хавсралт кадастрын зураг зэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхийг шүүх хянах бөгөөд энэ талаарх давж заалдах гомдлыг үгүйсгэхгүй.
3.8. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг баримтлан маргаан бүхий актуудыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
3.9. Учир нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн тухайд, Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус компанид “Бага тэнгэрийн аманд” 62 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1/268 дугаар гэрчилгээг /62 га/-г олгосон, 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1/268 тоот гэрчилгээг үндэслэн 62 га газрыг хүлээлгэн өгсөн, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” /62 га/-г 5 жилийн хугацаагаар байгуулсан, хариуцагчаас эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, харин 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “... 62 га газрыг 60 га газар болгох шийдвэр гараагүй, мэдээллийн санд 60 га гэж байгаа, сайдын тушаалтай мэдээллийн сан нийцэж байх ёстой, зөрүү гарвал засаж залруулна” гэж мэдүүлжээ.
3.10. Харин гуравдагч этгээд “Х.М” ХХК-ийн тухайд, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “М-О” ХХК /5 цэг бүхий солбицолд 11912.93 м.кв/ нэгж талбарын байршлын кадастрын зураг үйлдсэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр албан бичгээр “ “Х.М” ХХК-ийн ... хүсэлтийг хянан үзээд 1,19 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлсон”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалаар тус компанид “Бага тэнгэрийн ам”-нд 1,18 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/86 дугаартай гэрчилгээ /1,18 га/ олгож, гэрчилгээний хавсралтад 4 цэг бүхий солбицолд 11800 м.кв гэж тэмдэглэсэн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” /5 цэг бүхий солбицолд 1,19 га/-г 5 жилийн хугацаагаар байгуулсан, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Х.М” ХХК-иас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хандан “... манай 1,18 га газар дээр “Н” ХХК барилгын суурь цутган, газар ашиглах боломжгүй болсон, ... иймд газрын солбицлын давхцалыг арилгаж, манай компанид бусдын ашиглалтад буй газартай давхцалгүйгээр солбицлыг шинээр тогтоож өгнө үү” гэх хүсэлт гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, мэргэжилтэн нар А/222 дугаар тушаалыг үндэслэн хавсралтыг нөхөж олгосон /5 цэг бүхий солбицлоор 11856,5 м.кв/, “Д.Ж.П” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр /4 цэг бүхий солбицлоор 11834,4 м.кв/ эргэлтийн цэгүүдийг нь газар бэхэлсэн нэгж талбарын зураг үйлдсэн байна.
3.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... “Х.М” ХХК-д анх 2015 онд 1,18 га газар олгосон, байршлын хувьд “Их тэнгэрийн амны” хойно, ... гэрчилгээний хавсралтад тодорхойгүй байдлаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналгүйгээр өөрчлөлт оруулсан, мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа солбицлыг алдсан, үүний улмаас гуравдагч этгээдийн гэх газар нэхэмжлэгчийн ашиглаж буй газар руу орсон гэж үзэж байгаа..., шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа” гэж тайлбарласан.
3.12. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчид анх олгосон “62 га” газар нь чухам ямар солбицолд байршиж байгаа, нэхэмжлэгчид олгосон газрыг хэзээ, хэрхэн мэдээллийн санд оруулсан, “62 га” газрын хэмжээ нь чухам ямар үндэслэлээр мэдээллийн санд “60 га” гэж орсон, ийнхүү оруулахад эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гарсан эсэх, гуравдагч этгээдийн анх газар ашиглахаар хүсэлт гаргасан газар болон анх түүнд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын хэмжээ, солбицол, байршил нь ямар үндэслэлээр өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхөд эрх бүхий этгээдээс ямар нэгэн шийдвэр гаргасан эсэх, гуравдагч этгээд нь эцсийн байдлаар чухам аль солбицол, байршилд, ямар хэмжээгээр газар ашиглах, мөн нэхэмжлэгчид олгосон 62 га газартай гуравдагч этгээдэд анх газар олгосон болон одоогийн ашиглаж байгаа газар хэрхэн давхцаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар шууд тогтоох боломжгүй бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч дээрх нөхцөл байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн дүүрэн судлан үзэж, хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Н” ХХК-д 62 га газар хүлээлгэн өгсөн актыг үндэслэн “Н” ХХК-ийн кадастрыг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулах эсэх асуудлыг хариуцагч дахин шинээр гаргах акттай нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.
3.13. Анхан шатны шүүхээс дахин шинэ акт гаргах хугацааг 1 сар 15 хоногоор тогтоосон нь бодит нөхцөл байдлыг тогтоож холбогдох ажиллагааг явуулахад хангалттай хугацаа гэж үзэхээргүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаартай тушаалын “Х.М” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2015/86 дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.14. Мөн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний хүсэлтийн дагуу эрх бүхий этгээдийн цохолтоор шүүгч Т.Мөнх-Эрдэнэ өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсантай холбогдуулан анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу шүүгч Д.Чанцалнямын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүгч Т.Мөнх-Эрдэнэд шилжүүлсэн, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар Т.Мөнх-Эрдэнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул ийнхүү шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...1 сар 15 хоногийн” гэснийг “6 сарын” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х.М” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А, Ө.Э-О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН