Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01886

 

П.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01181 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1648 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч П.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А 32” ХЗХ-нд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 3 200 000 төгрөг гаргуулах, 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын болон 2017 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сарын хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ажлаас халсан “А 32” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын тушаалыг хууль бус гэж үзсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч тал эвлэрэх санал гаргаад би ажилдаа эргэж орохгүй байх саналыг нь зөвшөөрч, цалингаа аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ хугацаанд би ажилгүй, цалин орлогогүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хариуцагч байгууллагатай эвлэрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон өдрийг хүртэл 8 сарын цалин 3 200 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн хугацааны болон миний 2016 оны 5, 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийгээгүй тул эдгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гарсны дараа П.Э нь “А 32” ХЗХ-ны нягтлан бодогчийн ажилд эргэж орохгүй гэдгээ мэдэгдсэн. Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа доголдож, тэрээр ажлын байргүй болсон учир өөрөө орохоос татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Иймд эвлэрснээр уг асуудал дууссан учир Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар уг харилцааг дуусгавар болох хэлцэл хийгдсэн учир дахин цалин нэхэмжлэх эрхгүй тул үүнээс хойшхи шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-нд дуусгавар болсон.

Үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаа өнгөрсөн учир хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан. 2016 оны 5, 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх асуудлаа мөн өмнөх маргаан гаргах үедээ шийдвэрлүүлэх боломжтой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2016 оны 5, 6, 7 сард энэ хүнд сануулах арга хэмжээ аваад өвчтэй гэхээр нь оронд нь өөр хүн ажилд түр авсан. П.Э 2016 оны 02 дугаар сарын дунд үеэс 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гээд 5, 6, 7 сард ажилдаа ирээгүй, дараа нь 7 сард ажилдаа ор гэхэд ороогүй учир тайлан гаргах хугацаа болсон тул арга буюу Д.Одонтуяаг түр авсан. Энэ хугацаанд П.Э-тай холбоотой тушаал гарсан зүйл огт байхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01181 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А 32” ХЗХ-ноос нэхэмжлэгч П.Э-гийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-гийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар нь бичилт хийхийг хариуцагч “А 32” ХЗХ-д даалгаж, нэхэмжлэлийн 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А 32" ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1648 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А 32” ХЗХ-ны өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас /Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана./ бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байдаг. “А 32” ХЗХ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 3 200 000 төгрөгийг П.Э-д төлсөн, мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилт хийсэн. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч П.Э нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гарснаас хойш хариуцагч талтай ажилдаа эргэж орохгүй талаар эвлэрэн хэлэлцсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “Амьдралын үр” ХЗХ-д холбогдуулан шүүхэд гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарсны дараа П.Э- нь нягтлан бодогчийн ажилд эргэж орохгүй гэдгээ мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон учир дахин цалин нэхэмжлэх эрхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойшхи нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эргэж орохгүй талаар ажил олгогчтой эвлэрэх хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах эрхтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангасан байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.-д заасан  үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тухай зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн талаар талуудын харилцан тохиролцсон 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцож, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан шүүхэд гомдол гаргах 3 сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01181 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1648 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН