Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/210

 

 

 

 

  2021        03          30                                   2021/ШЦТ/210

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

хохирогч Х.Лхамсүрэн,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хөнхөрцөг овогт Эрдэнэчулууны Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011019710052 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1208в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй. Хөнхөрцөг овогт Э.Ц

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Х.Лхамсүрэнтэй маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, газарт унагаан эрүүл мэндэд нь дагзны хуйх, баруун мөр, бугалга, даланд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“ “...прокурорын тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна... өглөө нь эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх камерт сэрээд цагдаагийн хэлтэс дээр намайг авчирсан, тэр үед миний биед үүссэн ямар нэгэн гэмтэл шарх, урагдал байгаагүй, бие маань зүгээр байсан, надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61- 62х/,

          - хохирогч Х.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дуулга бааранд ороод би 3 ширхэг 0.45 гр Сэнгүр нэртэй пиво захиалж уусан, тэгээд 00-д ороод эмэгтэй 00-н хаалгыг татаж үзтэл хаалга дотроос нь цоожлоогүй онгорхой байсан бөгөөд дотор нь 2 эмэгтэй нэлээд согтуу байдалтай юм яриад зогсож байсан, тэгэхээр нь би болж байгаа юм болов уу гэж асуусан чинь нэг эмэгтэй нь нэлээд зандрангуй байдлаар болоогүй байна гэж хэлсэн... гэтэл нөгөө 00-д байсан 2 эмэгтэйн шар үстэй эмэгтэй нь гарч ирээд “чи хаалга онгойлгодог хэн бэ” гэж хэлээд шууд миний үснээс зулгаахад нь би 00-н шалан дээр сөхрөөд ойчсон, тэгээд миний үснээс зулгааж, нөгөө эмэгтэй нь бас миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн, шар үстэй эмэгтэй нь үснээс зулгааж, нуруунаас маажиж, гар нурууг маань хөхрөөсөн, тэгээд тэр үед 00-д орж ирсэн хүмүүс надаас тэр хоёр эмэгтэйг салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

- гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна, нэг сэрсэн чинь би бааранд буйдан дээр ганцаараа унтаж байсан, нөгөө цуг явж байсан 2 залуу маань ч байхгүй, Цолмон ч байхгүй байсан. Тэгээд би бааранд Гэрлээ гэх охинтой танилцчихсан сууж байсан, тэр охин хэлэхдээ танай найз чинь 00-д нэг эгчийг аймар зодсон, тэгээд цагдаа аваад явчихсан гэж зөөгч надад хэлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

- гэрч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 22 цагаас хойш байхаа... заалаа цэвэрлэчхээд 00-руу ортол 00 дотор 2 эмэгтэй хоорондоо зодолдож байсан. Тэгээд би тэр 2 эмэгтэйг салгах гэсэн дийлэхгүй байхаар нь баарны хамгаалагч Мягааг дуудаж тэр 2 эмэгтэйг салгасан... нэг эмэгтэй нь миний нурууг маажчихлаа гэж байсан, тэгээд цагдаа нар ирээд тэр хоёр эмэгтэйг аваад явсан... нурууг нь урдаг эмэгтэй нь царайлаг, шар үстэй, нөгөө эмэгтэйгээ бодвол арай залуу харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

- гэрч З.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гантулга эгчийг дагаад баарны 00-н өрөөнд ортол шалан дээр 2 эмэгтэй хоорондоо зууралдчихсан нэг нь нэгнийхээ үснээсээ зулгаачихсан, хажууд нь нэг эмэгтэй хараад зогсож байсан. Тэгээд би хоорондоо шалан дээр зууралдаад үс гэзэгнээсээ зулгаалдаад байж байсан 2 эмэгтэйг салгаад хоёр тийшээ болгоод юунаас болж маргалдаж муудалцсан юм бэ, учраа ол гэсэн чинь тэр хоёр эмэгтэй 00-д орно, орохгүй гээд хоорондоо маргалдсан, хар үстэй эмэгтэй нь шар үстэй эмэгтэйгээ энэ миний нурууг маажчихлаа шдээ би гомдолтой гээд байхаар нь та нар цагдаагаа дуудаад учраа ол гэж хэлээд өөрсдөө цагдаад дуудлага өгсөн... хараад зогсож байсан эмэгтэй бол тэр хоёр эмэгтэйтэй маргалдаж муудалцсан зүйл ажиглагдаагүй ээ, тэгээд дараа нь цагдаа нар ирээд хоорондоо зодолдсон хоёр эмэгтэйг л авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

- шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13116 дугаартай: “...Х.Лхамсүрэнгийн биед дагзны хуйх, баруун мөр, бугалга, даланд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/,

- шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үзүүлэгч Х.Лхамсүрэнгийн биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамрагдаж байгаа, тус тусдаа дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Ц нь хохирогч Х.Лхамсүрэнтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

хохирогч Х.Лхамсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд нийт 300.000 төгрөг нэхэмжилсэн ба холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохирох хэмжээгээр нь оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Хөнхөрцөг овогт Э.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

 4. Хохирогч Х.Лхамсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Цд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ