Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

 

 

    2021         03          30                                   2021/ШЦТ/211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж

нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тангад овогт Дашзэвэгийн Бямба-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000060056 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, интерьер дизайны инженер мэргэжилтэй гэх, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10-123 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тангад овгийн Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч  Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн талд байсан иргэн А.Намхайцэрэнгийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 69-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн талд байсан хохирогч А.Намхайцэрэнгийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 69-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсэн гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Намхайцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Үл таних эрэгтэй хүн гарч ирээд миний автомашины хаалгыг татаад гараад ир гээд орилоод байсан ба гартаа заазуур барьсан байсан. Тэгэхээр нь автомашиных хаалгыг түгжээд гарахгүй байтал миний автомашины цонх, арын багаж руу цохиод баруун талын кралан руу өшиглөхөөр нь бид гурав, мэдрэл муутай амьтан бэ? гээд автомашинаа урагшаа хөдөлгөөд буцаж замаар эргээд уруудаад явах үед нөгөө залуу замын голд гарч ирээд автомашины урдуур ороод ирэхээр нь автомашинаа замаас чөлөөлөөд замын хажуу руу тавиад байж байхад нөгөө залуу миний сууж байсан талын буюу зүүн талын хаалгыг татаад онгойлгохоор нь чи яагаад байгаа юм бэ? гэхэд над руу орилоод дайраад миний толгой руу гараараа цохихоор нь би буцаагаад тэр залуугийн гар луу өшиглөөд гарт нь байсан заазуурыг унагасан чинь тэр залуу дахин газраас 1 метр орчим урттай цагаан өнгийн мод аваад миний гар луу цохиход манай найз Монголоо ард талаас бууж ирэхэд тэр залуу цагаан өнгийн модоороо автомашины арын хаалга болон хойд талын хаалганы арыг хэсгийг цохиод байсан ба бид нарыг таньж байна, та нар мөн байна гээд дайраад бай ба манай найз Монголоо руу чи мөн биз дээ гээд дайраад байхаар нь би чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд миний гар луу дахин модоороо цохих үед манай найз Мягмардорж тэр залуугийн хажуугаас тэврээд газарт унагаангуут нь Монголоо бид хоёр очоод тэр залууг бариад байж байтал хажуугаар автомашинтай явж байсан хүмүүс зогсоод үл таних 2 залуу ирээд салгахад тэр залуу гэр лүүгээ орсон ба тухайн үед эхнэр, хадам ээж гэх хүмүүс гадаа хараад зогсож байсан. Миний биед болон бусад хүмүүст гэмтэл учраагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

- гэрч Б.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Жалга 4 тоот од байх гэртээ байхад Бямба- Очир над руу яриад чиний тэр Мөрөнтэй чинь би ярьсан, одоо уулзаж тэоийг ална, хядна гээд байсан юм.21 цагийн үед санагдаж байна Бямба-Очир манай гэрт ганцаараа гэнэт орж ирээд над руу дайраад орилж хашхичаад тэрийг чинь ална гээд хоолны шүүгээн дотор байсан заазуур аваад гарах гэхээр нь манай аав боль гэхэд Бямба-Очир аавтай маргалдаж байгаад намайг чирээд авч гараад Мөрөн чинь энд ирсэн байгаа гэсэн гээд зам руу гарах нарийн гудамжаар ороод гарсан. Тэгсэн автобусны буудал дээр хар өнгийн приус-20 автомашин зогсож байхад энд ирсэн байна гэж хэлээд уурлаад орилоод тэр автомашин дээр очоод хаалга үүдийг нь татаад гартаа барьсан байсан заазуураа автомашины хойд талын гупер, шил рүү цохиод оль руу гараараа цохиод урд талын гупер луу хөлөөрөө өшиглөөд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

     - автомашины үнэлгээ /хх-ийн 25х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

        Иймд шүүгдэгч Д.Быг эр эмийн хардалтын улмаас хохирогч А.Намхайцэрэнгийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэж хохирогч А.Намхайцэрэнд учруулсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Тангад овогт Д.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ