Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

   2021         04          02                                   2021/ШЦТ/224

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

хохирогч Ц.Тунгалаг,

хохирогч Д.Оюунбилэгийн өмгөөлөгч К.Бауиржан,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.О холбогдох эрүүгийн 1808033181053 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Рояал Грийн хотхоны 201-202 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Д.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.О нь хохирогч Ц.Тунгалагаас “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, уг мөнгөнөөс их хэмжээний зээл танд авч өгнө” гэж хуурч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улсын их дэлгүүр” дотор байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас тус тус “Хаан банк" дахь өөрийн эзэмшлийн 5753628931 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 07 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр авч нийт 20.000.000 төгрөгийг залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би ОХУ-руу нэг удаа яваад зуучлагч хүмүүсээрээ дамжуулан хөрөнгө оруулагч компанийн Виктор гэх хүнтэй холбогдоод мөнгө авахаар тохироод ажил бүтэмжтэй болсон байсан учир Тунгалагийн асуудлыг шийдчих байх гэж бодоод түүнд мөнгийг бүтээж болно гээд хэлчихсэн. 2017 оны 06 дугаар сарын 23-нд би Увс аймагруу ажлаар явсан бөгөөд очсон хойноо мөнгөний хэрэг гараад хүүхдийнхээ дансаар дамжуулан 1.0 сая төгрөгийг Тунгалагаас удахгүй эргэж өгнө гэж хэлээд зээлж авсан. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын ажлаа бүтээх зорилгоор надад мөнгөний хэрэгцээ их гарсан. Тийм учраас Тунгалагаас 2017 оны 08 сарын 25-ны өдөр 5.0 сая төгрөг, 09 сарын 04-нд 4.0 сая төгрөг, 09 сарын 06-нд 10.0 сая төгрөгийг зээлж авсан.,,20 сая төгрөгийг хөрөнгө оруулалт авах гэж Увс аймаг руу 2 удаа явах замын зардал, ажилчдын цалин зэрэгт зарцуулаад л дуусгасан...” гэх мэдүүлэг /хх2-ийн 164-165х/,

- шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр эмэгтэй Тунгалаг гэгчээс 20 сая төгрөг авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх5-ийн 12-13х/,

- хохирогч Ц.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 сард Тамир гэх өөрийн танилаар дамжуулан Отгонхорлоо гэх эмэгтэйтэй танилцсан юм. Отгонхорлоо нь тухайн үед өөрийн Хумбаа гэх компаниар дамжуулан БНХАУ-аас их мөнгөний хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт оруулж ирээд хэдхэн тоймтой хүнд их хэмжээний зээл бүтээж өгнө гэж ярьж байсан юм...Миний материалыг үзээд танд зээл өгч болох юм байна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Отгонхорлоо над руу өөрөө залгаад та бичиг баримтаа Мэйл хаяг руу явуулчих нэг хаяг өгсөн. Би тэр хаяг руу нь бүх бичиг баримтаа явуулсан. Материал явуулсны маргааш нь Отгонхорлоо над руу залгаад танд 800 сая төгрөг бид нар олгохоор боллоо. Одоо энэ хүмүүс хэцүү шүү дээ, урьдчилгаа болгож 50 сая төгрөг яаралтай олж өг гэсэн. Тэгвэл таны зээл 2-3 хоногийн дотор гарлаа гэж байсан...Би Отгонхорлоод 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танил Катя гэх хүнээс 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай 5 сая төгрөг авч Хүнсний 1-р дэлгүүрийн урд талын Хаан банкин дотроос шилжүүлсэн...Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нараа гэх хүнээс 4 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж Улсын их дэлгүүрийн дотор талд байдаг Хаан банкнаас шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Тогтох гэх хүнээс 10 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж Отгонхорлоо руу Урт цагааны урд талын Хаан банкин дотроос шилжүүлсэн. 2017 оны 07 сард Отгонхорлоо охин руугаа мөнгө явуулах гэсэн юм гээд 1.000.000 төгрөг авсан байсан юм. Ингээд нийт 20.000.000 төгрөг авсан...Мөнгө нь орж ирэхгүй болохоор нь би өдөр болгон асуудаг байсан. Тэгтэл их хэмжээний зээл авах гэж байж та хорьхон сая төгрөгийн эрсдэл үүрч чадахгүй байгааг манай Монгол банкны хүн сонсоод гайхаад байна гэж хүртэл надад хэлж байсан...Ерөөсөө гар утсаа авдаггүй. Дандаа мессежээр харьцдаг...” гэх мэдүүлэг /хх2-ийн 160-161х/,

- хохирогч Ц.Тунгалагийн “...Би Отгонхорлоод 2017 оны 08 дугаар сарын 25- наас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны хооронд 20 сая төгрөгийг цувуулж өгсөн байдаг...Отгонхорлоо БНХАУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж хэлээд авч байсан. Ингээд би тэр үедээ Отгонхорлоотой ярьж байсан. Тэр надад 800 сая төгрөгийн зээл гаргаж өгнө гэж байсан. Гаргасан зээлийнхээ 5%-ийг танаас гэж хэлж надад итгэл үнэмшил төрүүлж байсан...Тунгалагаас авсан 20 сая төгрөгийг та юунд зарцуулсан юм бэ гэтэл Д Отгонхорлоо нь би Магалжавын өрийг нь өгсөн гэж хариулаад гарын үсгээ зурсан байсан...” гэх дахин мэдүүлэг /хх5-ийн 9-10х/,

- гэрч Д.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эхнэр Отгонхорлоо гэх эмэгтэйтэй уулзаж зээл авах шаардлагатай байгаа талаараа хэлсэн байсан ба Отгонхорлоо нь БНХАУ-аас гадна хөрөнгө оруулалтын зээл оруулж ирнэ, тэр зээлэнд оруулж өгнө гэж итгүүлсэн байсан. Тэгээд Отгонхорлоо нь манай эхнэрт зээл авахын тулд урьдчилгаа 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Бидэнд ч тийм мөнгө байхгүй учраас 20 сая төгрөгийг л бүрдүүлж өгөхөөр болсон...мөнгийг өгсний дараа Отгонхорлоо нь болно гэж явсаар сүүлдээ цаг хугацаа их алдаж итгэл алдрах болсон...” гэх мэдүүлэг /хх4-ийн 5х/,

- Хаан банкны 5753628931 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх4-ийн 68-82х/,

- мөнгө хүлээлгэн өгсөн талаарх баримт /хх2-ийн 152-153х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Д.О нь хохирогч Д.Оюунбилэгээс “барилгын ажлын 4 тэрбум төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын хооронд 59.500.000 төгрөгийг “Хаан банк” дахь Б.Энхбаярын нэр дээрх 5029329549 дугаарын дансаар, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр 25.000.000 төгрөгийг тус тус авч нийт 84.500.000 төгрөгийг залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд, 

- шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хумбаа ХХК бол манай нөхөр байсан Батсүхийн компани байгаа юм. Тийм болохоор би Батсүхийн эхнэр болохоор тухайн компанийн итгэмжлэлтэй гэрээ хийдэг байсан...Би Оюунбилэгээс энэ бүх асуудал өрнөхөөс өмнө л мөнгө зээлээч гэж хэлсэн юм. Тэгээд мөнгө зээлэх үедээ ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй байсныг дараа нь нэмж мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг нотариат дээр байгуулж мөнгийг нь авсан юм...Компани руу хөрөнгө оруулалт хийнэ гэсэн болохоор л Хумбаа компаниар гэрээ хийсэн байдаг юм. Гэхдээ энэ асуудалд компани ямар ч хамаагүй. Тунгалаг, Оюунбилэг нараас орж ирсэн мөнгийг би авч цааш нь шилжүүлж байсан. Компанийн данс руу орсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх4-ийн 245-247х/,

- шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хамгийн анх Оюунбилэгээс 50 сая төгрөг авч байсан. Хэзээ авснаа санахгүй байна. 2017 оны 04 дүгээр сард авч байсан. Тэгээд 34 сая төгрөгөө цувуулаад авч байсан. Нийтдээ 84.500.000 төгрөг авсан нь үнэн. Ингээд үүнээсээ 30 сая төгрөгийг нь буцаагаад өгчихсөн байгаа...” гэх дахин мэдүүлэг /хх5-ийн 12-1Зх/,

- хохирогч Д.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр...нөхөр Ариунболдыг уулзуулсан чинь “4 тэрбум төгрөгийн, хүү багатай зээл авч өгье, чи зуучлалын хөлсөнд нь 50.000.000 төгрөг бэлэн өг, зээл авсны дараа 6 хувийг надад өг” гэж хэлсэн байдаг...би өөрөө Отгонхорол гэдэг эмэгтэйтэй утсаар яриад чи үнэхээр бүтээж чадах уу? Ямар хугацаанд бүтээж чадах вэ? гэсэн чинь “би 1 сарын дотор бүтээж чадна, гэхдээ 50.000.000 төгрөгөө бэлнээр өгөх юм бол болно гэж надад хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрт нь буюу замын цагдаагийн хажууд нэг айлд явж очоод Отгонхорлоотой уулзсан чинь дээрх хэлсэн үгийг бүгдийг дахин хэлээд Хятад улсаас мөнгө орж ирэх гэж байгаа гэж ярьсан. Тухайн үед манай нөхөр Отгонхорлоод мөнгө өгөхгүй, нэг л бүтэхгүй, худлаа яриад байна гэхээр нь би зөрөөд өгнөө, гэрээ хийгээд өгье гээд тухайн өдөр нь буюу 5029329549 дугаартай дансанд 25.000.000 бэлэн өгсөн. Үлдсэн 25.000.000 төгрөгийг Центр пойнтын хажууд талын 145 дугаартай нотариат дээр бэлэн өгч авалцсан. Гар хөлийн үсэг зураад баталгаажуулан өгсөн байгаа. Сарын дараа барилгын ажлын 4 тэрбум төгрөгийн зээл бүтээж өгнөө гээд тэр цагаас хойш нэг ч мөнгө төгрөг буюу 50.000.000 төгрөгийг авч чадалгүй одоог хүртэл явж байна...хууль хяналтын байгууллагад хандах болно гэхээр өнөө маргааш өгнө, одоо зээл бүтэж байна, бараг гарчихлаа гэх мэтээр удаа дараа хэлээд 50.000.000 төгрөг надаас авчхаад одоог хүртэл өгөхгүй залилсан...Мөн Отгонхорлоод гэрээ хийлгүйгээр нийт 34.500.000 төгрөг увуулж, цувуулж өгсөн...Отгонхорлоо одоо надад нийт 84.500.000 төгрөг залилан мэхэлж авчхаад явж байгаа...Отгонхорлоо би зээл хөөцөлдөж явдаг, гаргаж өгч чадна гэж хэлээд жил гаран залилан мэхлээд алга болоод өдийг хүрлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158х/,

- хохирогч Д.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би Отгонхорлоод нийт 84.500.000 төгрөг өгсөн...Зээлийн гэрээ хийж мөнгө төгрөг өгсөн асуудал нэг ч удаа байхгүй. Харин хавтаст хэргийн 3 худаар хавтасны 130 дугаар хуудсанд байгаа зээлийн гэрээ бол Хумбаа ХХК нь гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ, тэр мөнгөнөөс танайд өгнө гэж гэрээ байгуулж байсан. Энэ 2017 оны 05 дугаар сарын 11-нд хийсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх5-ийн 6х/,

- гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хумба ХХК-ны нэр дээр Отгонхорлоо нь Оросын Холбооны улсаас хөрөнгө оруулалт орж ирсэн байна гэсний дагуу хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Ингээд гэрээний хөрөнгө оруулалт орж ирээгүй. Дараа нь асуухад Оросын холбооны улсаас орж ирээгүй, ирсэн байна гэх мэт янз бүрийн үг яриа ярьсаар байгаад өдийг хүрсэн...Бид нарын гэрээнд бол би 4.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн байгаа. Гэтэл зуучлалын хөлсөөр бол эхнэр бид хоёр 84.500.000 гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх3-ийн 186х/,

- гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Отгонхорлоо гэдэг хүнийг анх Даваа гэдэг хүн Барилгын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа гэж ярьж байхаар нь гар утсыг нь тэмдэглэж аваад өөрийн найз Оюунбилэг, Ариунболд хоёрт тус болчих бодолтой нөгөө хүн рүү буюу Отгонхорлоо руу залгаад та барилгын хөрөнгө оруулалт хийж байгаа юм уу гэж асуусан чинь “тийм ээ, би барилгын хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж хэлэхээр нь нэг хүн дагуулж уулзуулъя гэж яриад өөрийн найз Ариунболдод энэ талаар яриад Отгонхорлоотой уулзуулсан...Хэсэг хугацааны дараа залилчихлаа гээд над руу ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх3-ийн 187х/,

- шүүгдэгч Д.О болон хохирогч Д.Оюунбилэг нарын хооронд байгуулсан гэх “Зээлийн гэрээ” /хх3-ийн 130-131, 141-146х/,

- мөнгө хүлээн авсан тухай баримт /хх3-ийн 134-135х/  болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Тунгалаг, Д.Оюунбилэг нараас БНХАУ, ОХУ-аас их хэмжээний мөнгө орж ирэн тэр мөнгөнөөс их хэмжээгээр зээл өгнө, эсхүл их хэмжээний барилгын хөрөнгө оруулалт хийнэ гэж итгүүлэн, мөнгө өнөө маргаашгүй орж ирнэ, ороод ирсэн байгаа гэх мэтээр зурвас бичиж худал хэлж итгүүлэн, хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээ байгуулах зэргээр удаан хугацааны турш хуурч, хохирогч нараас нийт 104.500.000 төгрөг буюу их хэмжээний мөнгийг залилан өөртөө авч хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Тунгалагт учруулсан нийт 20.000.000 төгрөгөөс тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад нь Д.О нийт 16.900.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлгүүд, банкны дансны орлого, зарлагын баримтын хуулбарууд, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогч Д.Оюунбилэгт нийт 84.500.000 төгрөгийн хохирол учруулсан ба тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад Д.О нь нийт 30.000.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд одоо шүүгдэгч Д.Огоос нийт 57.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Тунгалагт 3.100.000 төгрөг, хохирогч Д.Оюунбилэгт 54.500.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Ц.Тунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл аваад уг гэмт хэргийн улмаас болж зээлийн эргэн төлөлтөө хийж чадалгүй байсаар алдсан тул уг 15.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Учир нь Ц.Тунгалагаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь эх хувиуд биш хуулбар байх ба нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн уг хэрэгтээ ямар шалтгаант холбоогоор зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Иймд дээрх 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Огийн нэр дээрх “Хаан” банкны 5431078834, 5753628931 дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээнд хязгаарлалт тогтоож битүүмжилсэн тогтоолыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.О нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Од 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Огийн цагдан хоригдсон нийт 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Од шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Огоос нийт 57.600.000 /тавин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Тунгалаг /РД:УУ64060402/-д 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Оюунбилэг /РД:ШБ68061702/-д 54.500.000 /тавин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хохирогч Ц.Тунгалаг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Огийн нэр дээрх “Хаан” банкны 5431078834, 5753628931 дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээнд хязгаарлалт тогтоож битүүмжилсэн тогтоолыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ