| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0197/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/226 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/226
2021 04 05 2021/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч С.Э,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигон овогт С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000254 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, Сүхбаатар аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслахын ажилтан, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-9 тоотод оршин суух, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 285 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан, Нийслэлийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 111 дүгээр зүйлийн 111.3, 112 дугаар зүйлийн 112.2, 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт С.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 23 дугаар гудамжинд хохирогч О.Ганзоригтой маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Ууганбаяр машинтайгаа манайд ирээд байхад би гэрийнхээ арын гудамжинд байдаг дэлгүүр рүү орж өрөө өгөөд зогсож байтал араас Нарантуяа нүдний шил зүүчихсэн байдалтай ороод ирэхээр нь би түүнээс “Наагий мөн үү” гэж асуутал өөдөөс “хэн байх чамд ямар хамаатай юм бэ пизда минь” гэхээр би дэлгүүрээс яв Нарантуяа ч гэсэн дэлгүүрээс гарч явсан. Би түүнийг “Чи нөхрөө сольчихсон гэж хэлчхээд би Ууганбаярын машин хажууд очоод зогсож байтал Нара дэлгүүрийн үүдэнд байсан цагаан өнгийн машинд суугаад хөдлөөд миний хажууд ирж зогсон машины цонхоор Нарантуяа “Чи шоронгоос хэзээ гарч ирсэн Шорондоо байх ёстой биз дээ” гэж хэлээд над руу дунд хуруу болон салаавч гаргаад байхаар нь би түүнд чамтай хамт Гүнт рүү явж байх үед би шоронгоос гарсан байсан биз дээ гэж хэлсэн чинь Нарантуяа машинаас бууж ирсэн. Арын хаалганаас Нарантуяагийн хамт явсан эрэгтэй бууж ирээд над руу “Чи муу юу гэж хуцаад байна” гэхээр нь би түүнийг “Чам шиг эмэгтэй хүнээр тэжээлгэж явахгүй” гэж хэлсэн чинь уг залуу миний хувцаснаас заамдаж аваад миний зүүн нүд самардаж хуруугаараа хатгачихаар нь би уурандаа эргүүлээд түүний нүүр орчим нэг цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байтал хажуугаас Ууганбаяр, эхнэр голоор орж салгаад мөн Нарантуяагийн хамт явсан эрэгтэй, эмэгтэй хүн хажуугаас зууралдаад цохиод байсан. Тэгж байгаад салсан чинь уг залуу Нараа хоёр над руу дайраад хэл амаар доромжилж, цохиод байтал хажуугаас намайг явъя гэхээр нь би Ууганбаярын машинд суугаад эхнэр хүүхдийн хамт явсан. Би Ганзоригийг цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,
- хохирогч О.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хажууханд зогсож байсан машины хажууд байсан эрэгтэй Нарантуяаг “пизда, янхан, гичий” гэх мэтээр хэлээд доромжлоод байхаар нь машинаа зогсоогоод Нарантуяа машинаас бууж маргалдаж эхлэхээр нь би араас нь бууж “чи эгч, ээжгүй юм уу, эмэгтэй хүнийг доромжиллоо” гэж хэлээд цаашаа бай гэж хэлээд уг залуугийн цээж рүү гараараа түлхсэн чинь зөрүүлээд уг залуу миний уруул орчим нэг удаа цохиж намайг газарт унагаасан. Энэ үед машинаас манай эхнэр болон хамт явсан эрэгтэй бууж ирсэн бөгөөд би босож ирээд уг залууг яаж байгаа юм бэ гээд түүнтэй зууралдаж автал хажуугаас хүмүүс салгах гэж зууралдаж байтал уг залуу миний баруун нүд орчим дахин нэг удаа гараараа цохисон. Би уг залууг зөрүүлэн цохих гэж 2-3 удаа гараараа цохисон боловч уг залуугийн биед хүрээгүй. Тэгээд дундуур хамт байсан хүмүүс ороод бид хоёрыг салгаж Нарантуяа утсаар цагдаа дуудсан чинь уг залуу хэл амаар баахан доромжилж байгаад цагаан өнгийн машинд суугаад явчихсан. Намайг цохисон залууг Эрхэмбаяр гэдэг залуу болохыг би дүүгээсээ сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21х/,
- гэрч В.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зүс таних Эрхэмбаяр гэх залуу намайг хэл амаар доромжлоод байсан бөгөөд манай ах намайг өмөөрөөд чи эмэгтэй хүнийг дээрэлхээд байна гэсэн чинь нөгөө залуу манай ахын нүүр лүү цохиод, зодчихоод цагаан өнгийн 57-03 ДГО гэсэн Соната-5 маркийн машинд суугаад зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
- гэрч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг залуу бууж ирээд “чи эмэгтэй хүнээс төрөөгүй юү” гэх зүйл хэлээд Эрхэмбаяр уг эрэгтэй хоёр хоорондоо маргалдаж байгаад бие биеэ барьцалдаж аваад хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би шланкаа янзалж байгаад болохгүй болохоор нь голоор нь орж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-32х/,
- гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр Ганзориг бууж уг эрэгтэй тэр хоёр маргалдаж байгаад манай нөхөр машины ар талд цохиулаад унах шиг болохоор нь би буутал Ганзоригийн уруул орчмоос цус гарсан байдалтай харагдахаар нь би нөхрөө тэр залуугаас салгах гэж оролдож зууралдсан. Манай нөхөр уг залуу хоёр хоорондоо зууралдаад бие бие рүүгээ сарваганаж гараараа цохиод байсан. Манай нөхөр уг залууг цохиж чадахгүй харин уг залуу нь манай нөхрийг 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би уг залуугаас нөхрөө салгаж авах гээд нөгөө залуугийн нүүр орчим гараараа нэг удаа цохисон. Энэ үед уг залуутай хамт явсан эрэгтэй болон эмэгтэй хүмүүс нь салгах гэж оролдож байгаа харагдаж байсан. Нарантуяа, түүний найз эрэгтэй бид гурав мөн салгах гэж оролдож байсан болохоор яг юу болсон талаар сайн анзаарч хараагүй. Тэгж байгаад салцгаагаад Нарантуяа цагдаад утсаар дуудлага өгтөл нөгөө залуу цагаан өнгийн машинд суугаад хамт байсан хүмүүсийн хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1773 дугаартай “О.Ганзоригийн биед уруулд шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-4х/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Эыг хохирогч О.Ганзоригтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэрэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Эыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ