| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0211/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/240 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/240
2021 04 12 2021/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигон овогт Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108003490276 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, Цахилгааны инженер засварчин мэргэжилтэй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107-30 тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Боржигон овгийн Д.Ч,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч Д.Ч нь мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон хаус хотхон” байрны 4 давхрын 5 тоот байрыг түрээсэлж, уг байранд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Sayatan” саятан гэх нэртэй хаягаар үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олсон гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- гэрч О.Соёмбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Чинтөгс нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм , хамаатан садангийн харилцаа холбоотой. Би Эрдэнэ-Өлзий , Тэмүүлэн хоёрыг танина аа , ажил хэргийн харилцаа холбоотой бөгөөд дээрх хоёр залуу “Sayatan” покерын админ хийдэг би бас яг ижил төрлийн ажил хийдэг байсан. 2020 оны 12 дугаар сарын дундуур Чинтөгс ах надтай уулзаад ах нь Покерын сайт ажиллуулж байгаа юм аа , тэгээд чи Англи, Япон хэлтэй болохоор надад туслаач ээ тоглолтод оролцож байгаа тоглогч мөнгөө татах хүсэлт гаргахаар нь би мөнгийг нь буцаагаад таталт хийж байгаа буюу тоглоомын данснаас буцаагаад явуулах ажлыг хийдэг байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22х/,
- гэрч Э.Эрдэнэ-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Амарбаясгалан Манай аавын дүүгийн охин болох Цасчимэг гэж хүний нөхөр надтай уулзаад нарны хороололд нэг байранд аваачаад тэгэхэд Чинтөгс ах байсан ажлын санал тавьсан нэг охин байсан бөгөөд нэрийг нь би мэдэхгүй хоч нь жимсний нэртэй тэр охин надад цахим орчинд мөрийтэй тоглоом хүмүүсийг тоглоход тоглогч мөнгөө цэнэглэхэд нь би мөнгө орсон эсэхийг нь шалгах ажил хийх талаар хэлсэн. Тэгээд тэр нарны хорооллын байранд яг хаягийг нь тодорхой сайн мэдэхгүй ээ очвол зааж өгч чадна аа би 2020 оны 03 дугаар сарын дундуур би очсон тэгэхэд үйл ажиллагаа нь эхэлчихсэн байсан 2 залуу 1 охин байсан , надтай ижилхэн ажил хийдэг бид нар сарын 1,000,000-1,500,000 мянган төгрөгийг цалинг тогтмол би өөрийнхөө эзэмшлийн Голомт банкны 1175127475 дугаартай дансаар авдаг байсан. Би яг ямар харилцаа холбоотойг нь мэдэхгүй байна аа , найз нөхдийн харилцаа холбоотой болов уу гэж бодож байна. Дээрх покерыг ажиллуулах талаар ажиллаж байгаа хүмүүст заавар өгч хяналт тавьдаг Чинтөгс тоглоомын данснаас ажилчдад сар болгоны эхэнд сүүлд хуваагаад тогтмол шилжүүлдэг байсан. Үлдсэн мөнгө нь тэр тоглуулж байгаа дансанд үлддэг байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39х/,
-гэрч Д.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны хавар 03-04 сарын үед 100 айлын тэнд пи си болон Пабжи тоглоом тоглож байгаад Өлзий \Эрдэнэ-Өлзий\ гэж залуутай танилцсан. Түүнээс хойш хаа нэг газраас цахимаар пабжи тоглохдоо хамтарч тоглодог байсан ... Чинтөгс ах ирээд манайх сайтаа хаалаа , ахиж тоглуулахгүй гэж хэлээд сайтаа устгасан Чинтөгс ах ... хэчнээн төгрөгийн ашиг олсон талаар би мэдэхгүй байна. Надад тэр тухайгаа хэлдэггүй юм ... Чинтөгс ах түүний дээд талын зохион байгуулагч гэж ойлгож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
- гэрч Э.Золзаяагын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний ээж Д.Нямцоогийн төрсөн дүү нь Д.Ч юм ... Намайг очиход байранд Чинтөгс , Эрдэнэ-Өлзий нар компьютер дээр суугаад ажил хийж байгаа бололтой л байсан тэд нар ер нь компьютер дээр сууж ажилладаг байсан , сүүлд ажиглаж байхад тоглоом л тоглуулдаг юм шиг байсан тэр нь хориотой эсэхийг би мэдэхгүй юм. Ингээд би 2021 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр Чинтөгсөөр ажиллаж байгаа хаягийг нь заалгаад Бөмбөгөр худалдааны төвөөс урагш ,Хараа зочид буудлын хажууд байрлах байрны 4 давхарт 5 тоот байранд очсон ... Энэ байдлаар би өдөр бүр очиж хоол хийж өгөөд цэвэрлэгээ хийдэг ажил хийж байсан мөн ямар хоол хийхээс шалтгаалаад хүнсийг нь цуглуулж аваад НӨАТ-ын баримтыг нь тэр байранд үлдсэн хэн нэгэнд нь өгчихдөг тэгэнгүүт миний данс руу тэр хүнсний зүйл худалдаж авсан зарлагын мөнгө шилжээд ороод ирдэг байсан. Тэр мөнгийг Чинтөгс л шилжүүлдэг байсан байх яг хэн нь шилжүүлдэг байсан талаар би мэдэхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд Чинтөгс 4-5 удаа ирж нөгөө хэдтэйгээ уулздаг байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18х/,
- шүүгдэгч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50х/,
- гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3х/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6х/,
- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8х/,
- нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10х/,
- гэрэл зургийн үзүүлэлт /11-13х/,
- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51х/,
- Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 52х/,
- эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 53-54х/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 55-56х/,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57х/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 59-60х/,
- Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 76-95х/,
- орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хх-ийн 96-97х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Чийг мэдээллийн технологи буюу фейсбүүкээр “Sayatan” саятан гэх нэртэй хаяг ашиглан шууд бичлэг хийж ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулан ашиг олсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Чөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Чийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өөрийнх нь санал, түүний орлого олох боломж зэргийг шүүх харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэг үйлдэж 15.000.000 төгрөгийн орлого олсон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба уг мөнгө нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын барьцаа, хохирол, эд мөрийн баримт, эд зүйл хадгалах зориулалттай Худалдаа хөгжлийн банкны 2617003394 тоот дансанд хадгалагдаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Ч мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чийг 5000 нэгж буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Чийг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Д.Чийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 15.000.000 /арван тав/ сая төгрөг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын барьцаа, хохирол, эд мөрийн баримт, эд зүйл хадгалах зориулалттай Худалдаа хөгжлийн банкны 2617003394 тоот дансанд хадгалагдаж байгааг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Чөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ