| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/067 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Д.Ж , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004770014 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ийн *******, / Регистрийн дугаар: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Г.Ю г жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь 2 гарын бугалга, мөрний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Ж н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би Г.Дуламсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан байгаа. Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би хүлээн зөвшөөрч байгаа тул бид одоо мэдүүлэг өгөхгүй ээ. Би хэрэгт холбогдсондоо гэмшиж байна Би дахин хэрэгт холбогдохгүй байж чадна... гэх мэдүүлэг / хх-ийн 160/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Г.Ю гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. Манайх одоо Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт түр байгаа юм Би яг гэрийнхээ хаягийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр ******* бид хоёр гэр бүл болоод нэг жил болж байгаа юм. Тэгээд манай нөхөр ******* нь зүв зүгээр байж байгаад хэрүүл гуйгаад тэгээд л зоддог. Манай нөхөр бид хоёр одоогоор түр салчихсан байгаа бөгөөд өнөөдөр би гэрээсээ гараад банк орчхоод хүүхдэдээ хоол авч өгөх гээд Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн “Булаг 2” нэртэй дэлгүүрийн доохон талд явж байсан чинь ******* халуун усны үүдэнд зогсож байгаа харагдсан. Тэгээд би тааралдчихлаа даа гээд буцаад гэр лүүгээ алхаж явж байсан чинь ******* нь миний араас мотоциклтой давхиад ирсэн. Тэгэхээр нь би намайг дайрах байх гээд би урдаас нь чулуу шидсэн чинь оноогүй. Тэгээд би гүйгээд “Булаг 2” нэртэй дэлгүүр лүү гүйгээд орсон чинь миний араас ирээд миний хөлийг мотоциклоороо дайрчихсан Тэгээд ******* эргээд давхиад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан юм. Өнөөдөр бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Бид хоёр түр салчихсан байгаа юм Тэгээд салж явснаасаа хойш л намайг “Хаа байгаа газар чинь очиж ална Гэртээ чинь шатаана ” гэж заналхийлээд байдаг болсон. Миний зүүн талын хөлийг мотоциклоор дайрсан Шалбарчихсан байгаа. Өөр гэмтсэн зүйл байхгүй ээ Өнөөдөр ******* нь өөрийнхөө эзэмшлийн дугааргүй соронзон хар ногоон өнгөтэй Мустанг 200 маркийн мотоциклоор явж байсан. Би архи уусан байсан эсэхийг нь би мэдээгүй ээ. Өнөөдөр 14 цаг 30 минутын орчимд намайг мотоциклоор дайрсан ******* бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуримаа хийж гэр бүл болж байсан. Тэрнээс хойш зөндөө намайг зодож байсан. 2020 он 04 дүгээр сард намайг тэлээгээр зодож бие хөхрүүлж байсан. 2020 оны 02 дугаар сард бас намайг зодоод нүд хөхрүүлж байсан. 2019 оны шинэ жилээр 12 дугаар сард намайг зодож гуя хөхрүүлж байсан Бас тэр үед намайг зодоод хавирга хөхрүүлж байсан. Тэгээд би *******н ааваар нь хавиргаа бариулж байсан юм. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сард манай нөхөр намайг зодох үед би жирэмсэн байсан бөгөөд би зодуулсныхаа дараа нь эмчид үзүүлэхэд хүүхдийн зүрх зогсчихсон байсан Тэгээд эмнэлэг дээр зулбуулж авч байсан юм. ******* ажил хийдэггүй юм Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 88373361 гэсэн утастай явж байгаа ******* нь хүүхдүүдээ зодож цохидоггүй ээ Би зургийг харлаа. Энэ гэмтлүүдийг 2020 оны 02 дугаар сарын 10-ын өдөр орчим үеэр би яг өдрийг нь санахгүй байна. Шаргалжуутад гэртээ ******* намайг зодох үед гэмтээсэн зураг байгаа юм Баруун гарын тохойны дээд хэсэгт байгаа том гэмтлийг ******* тэр үед тэлээгээр ороолгож гэмтээсэн юм Бусад хөхөрснийг нь гараараа базаж хөхрүүлсэн юм Би зургийг харлаа. Энэ цээжин дээр байгаа хөхөрсөн нь тэлээгээр зодож гэмтээснээс 5 орчим хоногийн өмнө гараараа багалзуурдаж хөхрүүлсэн юм Би одоо яг өдрийг нь санахгүй байна Энэ хөхрүүлснийг 2020 оны 03 дугаар сард л учруулсан. ******* бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж байсан Үүнээс хойш ******* нь 2020 оны 02 дугаар сард Шаргалжуутад байдаг гэртээ ******* намайг нүд рүү гараараа цохиж хөхрүүлж байсан. 2020 оны 03 дугаар сард тэлээгээр цохиж гар хөхрүүлж бие хөхрүүлж байсан. Тэр нь энэ гэрэл зураг дээр байгаа 20^9 оны 12 дугаар сард намайг зодож гуя хөхрүүлж байсан. 2020 оны 04 дүгээр сард намайг зодох үед жирэмсэн байгаад ураг амьгүй болж байсан. 2020 оны 04 дүгээр сард зодоогүй 2020 оны 03 дугаар сард л тэлээгээр зодсон юм. Би андуураад 2020 оны 04 дүгээр сард гэж хэлсэн байна. ******* архи уудаг. Намайг харддаг юм Тэгээд л зоддог юм... Би 2019 оны 12 дугаар сард жирэмсэн болсон байсан ******* намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. 2020 оны 01 дүгээр сард Шаргалжуутын өрхийн эмчид үзүүлж хяналтад орж явахад ******* бид хоёр хамт явж үзүүлж байсан юм Би *******тай гэр бүл болсноосоо хойш Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулж байгаагүй ээ . ******* нь надад ямар нэгэн хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй Гэхдээ би одоо *******гаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ... гэх мэдүүлэг / хх-ийн 68-74/
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хүний их эмч мэргэжилтэй 2003 оноос эхлэн одоог хүртэл эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаа Одоо эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч албан тушаал дээр ажилладаг Би өвчний түүхийг үзлээ. Би Г.Ю гэх хүнийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт хүлээж авч хэвтүүлж эмчилгээ хийгээд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гаргасан байна. Г.Ю нь эмчилгээ хийх үед 13 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд ураг нь амьгүй болсон. Өсөлтгүй жирэмсэн тул умайн хөндийг цэвэрлэсэн. Тэгээд эмнэлгээс гарсан байна. Г.Ю нь тухайн үед 13 долоо хоногтой жирэмсэн байсан байна. Г.Ю гийн ураг нь 13 долоо хоногтой болох хүртлээ өсөж байгаад 13 долоо хоногтой болох үедээ амьгүй болсон байсан. Шалтгаан нь эхийн өөрийнх нь халдвар умай нь ихсээ тэжээж чадахгүй умайн ихсийн эмгэгээс болж ураг амьгүй болсон байх магадлалтай. Хэрэв зодуулснаас болж ураг амьгүй болсон бол ихэс ховхроод доошоо цус гарч зулбах ёстой байдаг. Тэгэхээр Г.Ю гийн эхо аппаратад харуулсан зургаас харахад ихэс ховхроогүй доошоо цус гарч зулбаагүй болохоор бусдад зодуулснаас болж зулбасан ураг амьгүй болсон гэж дүгнэх боломжгүй ээ. Тэр үед Г.Ю нь надад бусдад зодуулсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй ээ. Хэрэв надад бусдад зодуулсан гэмтэж бэртсэн талаар хэлсэн бол өвчний түүх дээр нь бичих ёстой байдаг. Энэ өвчний түүх дээр бусдад зодуулсан талаар бичигдээгүй. Биед нь гэмтэл байгаа талаар бичигдээгүй байгаа тул тэр үедээ надад энэ талаар хэлээгүй байхаа. Энэ нь вирусийн халдвар байж магадгүй гэж үзсэн байгаа. Үүнийг шинжилгээгээр л тогтоох боломжтой. Гэхдээ энэ нь бусдад зодуулснаас болж үүсэхгүй ээ. Би санахгүй байна. Хэрэв биед нь ил харагдах гэмтэл байсан бол өвчний түүх дээр нь бичдэг юм. Энэ өвчний түүх дээр биед нь гэмтэл байгаа эсэх талаар бичээгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 78/
5.Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Г.Ю нь миний төрсөн дүү бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******тай гэр бүл болж хурим найр хийсэн юм. Тэгээд сууснаасаа хойш 2019 оны 12 дугаар сард ******* нь манай ээж рүү утсаар яриад нөхөр *******г “Зодлоо” гэж хэлэхээр нь анх удаагаа зодлоо гэж хэлж байгаа юм болохоор нь бид нар нэг их тоогоогүй юм. Тэгээд үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сард ******* нь манай ээж рүү утсаар яриад “******* намайг зодчихлоо. Бие хөх няц болчихсон” гэж хэлэхээр нь ээж бид хоёр Шаргалжуутад байдаг. ******* ******* нарын гэрт нь орсон чинь ******* нь гэртээ байхгүй байсан. Тэр үед *******гийн гар гуя, цээж зэрэг нь энд тэндээ хөхөрчихсөн байсан Тэгээд ээж бид хоёр *******г ээжийн гэр лүү “Хамт явъя’ гэсэн чинь ******* өөрөө явахгүй байсан. Тэгж байтал ******* нь хүрээд ирэхээр нь бид нар *******тай жаахан юм яриад сууж байгаад эргээд ирсэн юм. Үүний дараа нь 2019 оны 12 дугаар сард манай ээж рүү ******* нь ахиад “Нөхөр зодлоо” гэж хэлэхээр нь ээж бид хоёр Эрдэнэцогт сумаас Шаргалжуутад *******гийн гэрт очсон чинь *******, ******* хоёр хоёулаа байсан. Тэгээд *******гийн гуя нүүр, хамар гар зэрэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд *******г “Явъя" гэсэн чинь “Явахгүй” гэхээр нь үлдээчхээд ирсэн юм. Мөн үүнээс хойш 2020 оны 02 дугаар сард ******* нь манай ээж рүү нөхөр нь ахиад “Зодлоо” гэж хэлэхээр нь ээж бид хоёр ахиад гэрт нь орсон чинь *******, ******* хоёр хоёулаа хамт байсан. *******гийн нүүр, гар, хөл, цээж зэрэг нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр *******г хүчээр Эрдэнэцогт сумын гэртээ аваачсан юм. Тэгээд би говь руу ямаа самнахаар яваад эргээд ирсэн чинь ******* Шаргалжуут руу гэр лүүгээ яваад өгсөн байсан. 2020 оны 04 дүгээр сард ахиад ******* “Нөхөр зодлоо” гэж ээжид хэлэхээр нь манай эрэгтэй дүү ******* унаа хөлсөлж яваад *******гийн гэрийг нь ачаад *******г аваад ирсэн юм. Тэгээд үүнээс хойш *******, ******* хоёр тусдаа байгаад байсан юм. ******* нь надад хэлэхдээ Гадуур яваад архи ууж ирэхээрээ л зоддог” гэж хэлсэн. “Цохиж аваад алгадаж аваад зоддог” гэсэн. Архи уугаагүй байх үедээ хоёулаа хэрэлдэхээрээ хэрэлдээд байж байдаг юм шиг байгаа юм. Тэгээд ******* нь архи уухаараа л *******г зоддог гэсэн *******тай уулзахаар “Бид хоёр бие биеийнхээ үгийг даахгүй тэглээ ингэлээ” гээд зодоо хийдгээ л гэж надад хэлсэн. Надад өөр юм хэлээгүй ээ. Би энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж шалгуулж байгаагүй ээ ******* өөрөө надад хэлэхдээ “Зодуулснаас болоод ураг амьгүй болчихсон’ гэж хэлж байсан. Намайг хөдөө яваад ирсэн чинь л эмнэлэгт хэвтээд хүүхдээ авхуулчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80/
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тэр хоёртой хамт амьдарч байгаагүй ээ. Юунаас болоод зоддогийг нь би мэдэхгүй ээ. ******* надад хэлэхдээ '******* архи уухаараа л зоддог” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 82/
7. Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Г.Ю ******* нар нь 2019 оны намар гэр бүл болж хуримаа хийсэн. Гэр бүл болсноосоо хойш Шаргалжуутад л байгаад байсан. Би яг хажууд нь байдаггүй болохоор би хоорондоо ямар харилцаатай байдгийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2020 оны 04 дүгээр сарын үед би яг өдөр сарыг нь сайн санахгүй байна барагцаагаар л 4 дүгээр сарын үед гэж хэлж байна. Намайг хөдөөнөөс Эрдэнэцогт сумын төв ороод ирсэн байсан чинь манай ээж рүү ******* нь утсаар яриад “Ирээд аваадах. Нүүж ирэх гэж байгаа гэхээр нь би манай хамаатны хүүхэд ******* бид хоёр орж очиж *******гийн гэрийг нь Шаргалжуутаас нүүлгэж Эрдэнэцогт сумын төв дээ авчирсан юм... гэх мэдүүлэг/хх-ийн 91/
8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 01 дүгээр сарын эхээр *******гаа “Нөхөр нь зодлоо” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу хэсгийн байцаагч материалжуулан шалгасан. Мөн үүнээс хойш 2020 оны 04 дүгээр сард ******* нь “Манай нөхөр архи уучихсан согтуу агсан тавиад байна” гэж мэдээлэл өгсөн. Үүний дагуу гэрт нь очиход *******гийн ар гэрийнхэн нь ирчихсэн байсан ба гэрийнхэн нь “Одоо *******г *******гаас салгаад Эрдэнэцогт сум руу авч явах гэж байгаа болохоор цагдаагаар шалгуулах шаардлагагүй” гэсэн. Намайг 2020 оны 04 дүгээр сард *******гийн гэрт нь очиход *******гийн баруун талын гарынх нь тохойны дээд хэсэгт хөхөрчихсөн харагдаж байсан. Өөр гэмтсэн зүйл мэдэгдээгүй ээ ******* нь бол намаг ажиллаж байх хугацаанд архи их уудаг байсан Гудамжинд, дэлгүүрийн үүдэн^ архи уугаад л байж байдаг байсан. Ер нь архи их уудаг хүн байна лээ Гэртээ архи уудаг юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 93/
9.Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....*******, ******* нарыг 2019 оны 10 дугаар сарын сараас салах хүртэл нь Шаргалжуутад нэг хашаанд амьдарч байсан юм. Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шаргалжуут 8 дугаар багийн цэцэрлэгт жижүүрээр ажиллаж байгаа. Өмнө нь Улаанбаатар хотод ажиллаж байсан юм. ******* нь гайгүй төлөв даруухан зантай л хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь миний хүүхэд бөгөөд 2019 оны 10 дугаар сард гэр бүл болоод түүнээс хойш салах хүртлээ Шаргалжуутад амьдарсан юм. Би ойрхон хажууд нь байгаагүй ээ, би, нөхөр, хүүхдийн хамт хөдөө байдаг юм. ******* нь юм бол *******г зодсон гэж хэлж байсан, гэрээсээ гаргадаггүй хориод байдаг гэсэн энэ талаар , манай хүүхэд нар мэднэ. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би *******нд хөдөөнөөс ирчихсэн байсан чинь *******, ******* хоёр муудалцаад хоорондоо зодоон хийгээд *******г ******* нь зодоод байсан, бас машиных нь түлхүүрийг авчхаад ерөөсөө өгөөгүй. Тэр үед ******* л *******г төмрөөр цохиод байсан, тэр хоёр тэр үед хоёулаа архи уугаагүй байсан, ер нь тэр хоёр хоорондоо таарахгүй байнга зодоон хийдэг гэсэн. Тэр үед *******н нүүр, нүд зэрэг нь хөхөрчихсөн байсан. Харин ******* нь гэмтсэн зүйл байхгүй зүв зүгээр байсан. ******* нь *******гийн гар луу нь гараараа цохиж байсан. Харин ******* нь *******г төмрөөр толгой руу нь цохиод гартаа юу л таарна тэрүүгээр цохиж байсан. ******* нь дандаа л кока кола ундаа уугаад сууж байдаг юм. *******г архи уудаг эсэхийг би мэдэхгүй ээ, ******* хааяа л архи уудаг юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/
11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *******, ******* нар нь 2019 оны 10 дугаар сард гэр бүл болсон. Түүнээс хойш Шаргалжуутад хамт амьдарч байсан, одоо бол салаад ******* нь Эрдэнэцогт сум руу явсан, ******* нь одоо манай гэрт хамт амьдарч байгаа. Шаргалжуутад байхдаа *******, ******* нар нь манайхтай ойрхон байгаагүй эхнэр бид хоёр хөдөө байсан, харин манай хүргэн ийнхтой нэг хашаанд байсан юм. Би хөдөө байдаг болохоор сайн мэдэхгүй байна, надад бол ******* нь *******г зодоод байна л гэж сонсогдоод байдаг байсан, энэ хоёр хоёулаа л таарч тохирохгүй бие биесийгээ зоддог байхаа. Яг миний хажууд тэр хоёр бие биесийгээ зодож байгаагүй ээ. Би тэр хоёрыг бие биесийгээ зодож байхыг нь би яг өөрөө хараагүй ээ. Шаргалжуутад гэдэг айлд *******г байж байсан чинь ******* нь хойноос нь ороод *******г зодсон сураг байсан, энэ талаар сайн мэдэх байхаа. Би хүүхдийн толгой л барьдаг юм, 2019 оны 12 дугаар сард ******* ******* миний хавирга руу өшиглөчихсөн гээд үзүүлсэн тэгээд би хавиргыг барьж үзсэн чинь хавирга нь зүгээр байсан юм. Тэр үед ******* нь юунаас болоод яаж өшиглөсөн талаар хэлээгүй өшиглөчихсөн юмаа л гэж хэлж байсан, *******гийн хавирга нь зүгээр түүний биед өөр ч гэмтсэн зүйл байгаагүй ээ. ******* хааяа архи уудаг юм шиг байна лээ, ******* ч гэсэн архи уудаг шиг байна л ээ гэхдээ би *******г архи уусан байхыг нь хараагүй ээ. *******, ******* нар нь гэр бүл болсон байхдаа *******н нэр дээр 8,000,000 төгрөгийн малчны зээл авчхаад үрээд дуусгасан, тэгээд одоо ******* төлөхгүй гэсэн. ******* төлөөд яваад байгаа юм, мөн *******, ******* нарыг гэр бүл болсон байхад нь мөнгөн аяга, хөөрөг зэргийг өгсөн боловч ******* нь салахдаа аваад явсан гэсэн, мөн салж явахдаа *******н 7 тооны адууг нь Эрдэнэцогт суманд байхдаа зарж үрсэн байсан ингээд ******* нь хамаг эд хөрөнгийг нь зарж үрчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би *******тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж хамт амьдарч байгаад 2017 оны 11 дүгээр сард салсан тэрнээс хойш ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ******* бид хоёр гэр бүл болоод Галуут сумын 4 дүгээр багт 3 сар л хамт амьдарсан бөгөөд ******* нь байнга уурлачихдаг, гэр лүүгээ явна гээд уурлаад байдаг, жаахан ааштай, гэр орны ажил хийхдээ муу тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаад таарахгүй салсан юм. Тэгээд бид хоёр нэг удаа маргалдаад би *******г нэг алгадсан чинь намайг шалгуулахаар цагдаад өргөдөл өгөөд би цагдаад шалгагдаад шүүхээр орж 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Намайг худлаа хэлж өргөдөл өгч шалгуулж байгаагүй ээ. Бид хоёр тэр үед гэрлэлтээ батлуулаагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/
13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн:
1.2.3 Г.Ю гийн гэх фото зурагт 2 гарын бугалга, баруун мөр, цээжний хэсгийг хамарсан нийт 8 газар цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл учирсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин фото зураг дээрээс харахад 2 гарын бугалга, мөрний цус хуралт гэмтэл нь уг зургийг авсан өдрөөс 3-5, цээжний цус хуралт гэмтэл нь 5-7 хоногийн өмнө учирсан байх боломжтой байна.
5 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусдад зодуулж, цохиулсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
8. Дээрх цээжний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин 2 гарын бугалга, мөрний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
9. Г.Ю нь 2020.03.18-ны өдөр 13 долоо хоногтой жирэмсэн байх үедээ Баянхонгор аймгийн НЭ-н эмэгтэйчүүдийн тасагт үр хөндүүлжээ. 2019.12.05-ны өдрөөс 2019.12.15-ны хооронд жирэмсэн болсон байх боломжтой байна.
10. Г.Ю гийн гэх өвчний түүхээс харахад өсөлтгүй жирэмсэн гэсэн оношоор үр хөндүүлсэн байна. Өсөлтгүй жирэмсэн гэдэг нь ураг амьгүй болж, ургийн өсөлт зогсохыг хэлнэ. Энэ нь эхийн эрүүл мэндийн байдал, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, эхийн дотоод халдвар, амьдарч байгаа орчин, амьсгалж байгаа агаар, идэж буй хоол хүнс, гэмтлийн гэх мэт олон шалтгаан нөхцөлөөс шалтгаалдаг ба нарийвчлан тогтоох боломжгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 121-122/,
14. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Ургийг ямар шалтгааны улмаас амьгүй болсныг. одоо тогтоох боломжгүй Өвчний түүх дээр ‘Өсөлтгүй жирэмсэн гэсэн онош тавьсан байсан. Ямар шалтгааны улмаас Өсөлтгүй жирэмсэн” гэсэн онош байхгүй байсан. Гэрэл зургаас харахад Г.Ю гийн цээжний урд хэсэгт байгаа 3 ширхэг ногоон шаргал өнгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй Харин фото зурагт харагдаж байгаа 2 гарын бугалга, баруун мөрний хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт хамаарах 2 гарын бугалга, баруун мөрний цус хуралт гэмтлүүд нь энэ фото зургаас харж дүгнэхэд гэрэл зураг авсан өдрөөс 3-5 хоногийн өмнө. гэмтлийн зэрэгт хамаарахгүй цээжний цус хуралт гэмтэл нь гэрэл зураг авсан өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохих үедээ эсвэл унах үед үүсэх үү гэдгийг тогтоох боломжгүй. Энэ хэсгүүдэд мохоо зүйлийн үйлчлэл үйлчилсэн тохиолдолд л энэ гэмтэл үүснэ Унах цохих зэргийн аль ч үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 125/
15. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4635 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд хүргүүлсэн “Samsung Galaxy S7” маркийн гар утас, гэрэл зургийн үзүүлэлт гэх гарчигтай 3 хуудас баримт зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Samsung Galaxy S7” маркийн гар утсанд тусгай зориулалтын программ ашиглахад шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дээрх зурагтай адил дүрслэлтэй 9 ширхэг гэрэл зураг сэргээгдэж байна. Эдгээр гэрэл зургуудыг CD дискт хуулбарлан хүргүүлэв.
3.Шинжилгээнд ирүүлсэн “Samsung Galaxy S7” маркийн гар утаснаас сэргээгдсэн гэрэл зургуудын файлын мэдээлэл буюу үүсгэсэн төхөөрөмж, огноо, цаг зэрэг нь тусгай зориулалтын программ ашигласан үеийн хугацаагаар үүсгэгддэг тул сэргээгдсэн мэдээллийн үүсгэгдсэн огноо, цаг, зураг авсан төхөөрөмж зэргийг тогтоох боломжгүй.
4.Шинжилгээнд ирүүлсэн “Samsung Galaxy S7” маркийн гар утасны системийн цагийг механикаар тохируулах боломжтой байна......гэх дүгнэлт /хх-ийн 137-138/, болон 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 130-131/, иргэний мэдээллийн лавлагаа /хх-ийн 167/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Г.Ю г жирэмсэн үед нь мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох 2 гарын бугалга, баруун мөр, цээжний хэсгийг хамарсан нийт 8 газар цус хуралт бүхий газар гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Ю , гэрч *******, *******, *******, *******, шинжээч Б.Баяртогтох нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 646 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Ж г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч Г.Ю нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Харин хэрэгт шүүгдэгч Д.Ж н эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг Мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Ж д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар Си Ди 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг хураан авсан бөгөөд СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Самсунг гар утсыг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Ю д олгохоор тэлээг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж Д.Ж д шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Д.Ж хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Д.Ж дөрвөн наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Ж д оногдуулсан дөрвөн наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Д.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж н эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Ж д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн -д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Самсунг гар утсыг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Ю д буцаан олгож, тэлээг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай..
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ