Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын

Засаг даргад холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/2017ШШ/00423 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Г.Алтанцэцэгийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч : Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2003 оны 05 сараас эхлэн тус сумын ЗДТГ-т үйлчлэгчээр ирж 2015 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл 12 жил тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн харуулын ажилд шилжин ажилласан. Засаг даргын тамгын газартай 2017 оны 01 дүгээр 05-наас эхлэн хөдөлмөрийн гэрээгээ 1 жилийн хугацаатай сунган ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаалаар намайг ямар нэг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ямар нэгэн ажлын зөрчил гаргаагүй халагдах үндэслэл байхгүй учир намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Миний ажлаас халагдсан тушаал гарсан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажлын 26 хоногийн цалин хөлс болох 627 250 мянган төгрөгийг тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын харуулын ажлыг хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын үйл ажиллагаа явуулж буй объект болох нутгийн удирдлагын ордонг хамгаалж харуулын үүрэг гүйцэтгэдэг. Тус сумын Засаг даргын дэргэд төрийн үйл ажиллагааны нууцыг хадгалах, Төрийн болон байгууллагын нууцад хамаарах албан тушаалтнууд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдох баримтууд нь тухайн байгууллагад байгаатай холбоотой харуул хамгаалалтын ажилтануудад тавигдах шаардлага, ур чадвар өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтан Г.Алтанцэцэг нь тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон. Энэ талаар мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс хуралдаж шийдвэр гарсаны дагуу холбогдох мэдэгдэлийг ажилтанд хүргүүлсэн. Ажилтан Г.Алтанцэцэгийн ажлын байранд цэргийн алба хаасан, байгууллагын нууцад хамаарах баримтыг хамгаалах чадвартай, аливаа аюул бий болоход өөрийгөө болон байгууллагын нууцад хамаарах объектыг хамгаалах ур чадвартай байх шаардлага тавигдсан. Энэ ажлын байранд тавигдах шаардлагад ажилтан Г.Алтанцэцэг тэнцэхгүй байна гэж дүгнэсэн. Ажилтан Г.Алтанцэцэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэлийг хүргүүлж, 2017 оны 03 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 5/20 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын12-ны өдрийн 142/ШШ2017/00423 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 668 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтанцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Г.Алтанцэцэгийн цалинтай тэнцэх олговор 668 740 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 20 600 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү давж заалдсан гомдолдоо:

1. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаал нь хуульзүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Дээрх заалтад Г.Алтанцэцэг ажилтны ажпын онцлог байдал хамааралгүй юм. Учир нь 2016 оны 10 сараас төрийн байгууллагын нууцлалтай холбоотой байдлаас болж ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орж, төрийн нууцлалыг хамгаалах харуул хамгаалалтын ажилтны онцлог, ур чадварт өөрчлөлт орсон. Энэ нь ажилтан Г.Алтанцэцэг ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу ажлын байрны онцлог өөрчлөгдөж байгааг мэдэгдэж, аль болохоор ажилд нь үлдээх гэсэн боловч мэргэжлийн ур чадвар, ажлын байрны нөхцөл өөрчлөгдөж байгаатай тохирохгүй болсон. Төрийн нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийг дээд байгууллагаас ирүүлж, албан тушаалтануудын төрийн нууцад хамаарах баримт бичгийг хадгалж хамгаалах үүргийг биелүүлэх албан тоотууд ирж, ажпын байрны тодорхойлолтод өөрчлөлт орж байгааг ирүүлэх болсоны дагуу харуул хамгаалалтын ажилтаны шаардлага, ур чадварт ажилтан Г.Алтанцэцэг нь тохирохгүй болсон. Энэ байдлыг ажилтан Г.Алтанцэцэг мэдэж байсан бөгөөд өөр ажилд шилжүүлэх саналыг өөрөө гаргаж байсан. Ажилтан Г.Алтанцэцэг 2017 оны 06 сард тэтгэвэрт гарах үйлчлэгчийн ажпын байранд санал гаргасан боловч хариу өгөөгүй билээ. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00423 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                         ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 668 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтанцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Г.Алтанцэцэгийн цалинтай тэнцэх олговор 668 740 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Г.Алтанцэцэг нь 2003 оны 05 дугаар сарын 08 ны өдрөөс  эхлэн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад 2015 оны 05 сарын 18-ны өдрөөс үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөн харуулын ажилд томилогджээ.

 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Даланбаатартай нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь 1 жилийн хугацаатай харуулаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /х/х-ийн 11-12 дугаар хуудас/,

Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Г.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн нь  зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү нь ажилтан Г.Алтанцэцэг нь тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч ажлын байрандаа тэнцэхгүй болсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй  холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүүгийн давж заалдсан гомдолдоо дурдсан үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 20.600 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиусгай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 20.600 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                 Б.БАТТӨР