Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 38

 

У.Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Б.Батзориг

Прокурор                                       О.Доржмаа

Хохирогч байгууллагын

хууль ёсны төлөөлөгч                  З.Болдбаатар

Шүүгдэгч                                        У.Н-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Ч.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 79 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч О.Доржмаагийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн М-, Ц-ийн Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-ийн Н- нарт холбогдох эрүүгийн 201709000300 тоот 2 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х- овогт У-ийн Н- /РД:**********/

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б- овогт Б-ийн М- /РД: ********** /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Ж- овогт Ц-ийн Г- /РД: ********** /

У.Н- нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 57.865.190 төгрөгийг,

Б.М- нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 40. 807.018 төгрөгийг,

Ц.Г- нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 31.483.048 төгрөгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д, Б.М-, Ц.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх У.Н-, Б.М-, Ц.Г- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Г-, Б.М- нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч У.Н- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000300 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Н-, Б.М-, Ц.Г- нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч О.Доржмаа шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:”...Шүүгдэгч У.Н-, Б.М-, Ц.Г- нарыг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн үйлдэл хийгээгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч У.Н-, Б.М-, Ц.Г- нарын хууль бус үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд буюу төрд хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулж, залилах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн болно. Залилах гэмт хэргийн гол шинж нь хуурч мэхлэх үйлдэл бөгөөд хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг ашиглаж зориудаар төөрөгдүүлж, санаа зорилгодоо чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг үндсэн шинж шүүгдэгч нарын үйлдэлд тодорхой харагдаж байхад шүүх хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдлийг зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл, хяналт шалгалтын улсын байцаагчийн тогтоосон 46, 48, 49 тоот актууд хүчинтэй байгаа, тухайн харилцааг гэмт хэрэгт тооцсон зүйл заалт Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй гэх зэргээр явцуу утгаар дүгнэж залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ц.Г-, У.Н-, Б.М- нар нь хуурамч, үндэслэлгүй лавлагаа, тодорхойлолт гаргуулж, уг баримтуудаа үнэн бодит мэтээр бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тогтоогдох үндэслэлгүй байсан өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 он болон 2008 оноос хойш шалгалтаар илрэх хүртэл буюу 2017 оны 03 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн байдлаар сар бүр тэтгэврийн мөнгө авч улсад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Цагаатгах тогтоолд шүүгдэгч нарыг цагаатагах үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаагүй байна. Мөн Ц.Г-, У.Н-, Б.М- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон талаар огт дурдаагүй байна. Түүнчлэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 гэсэн заалтуудыг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Хохирогч Дархан-Уул аймгийн Даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид алданги, торгох шийтгэл оногдуулахаар заасан. Нийгмийн даатгалын сан бол Монгол Улсын иргэн бүр улсдаа ажил хөдөлмөр эрхэлж түүнээсээ шимтгэл төлж бүрдүүлсэн сангийн хөрөнгө. Гэтэл нэр бүхий 3 даатгуулагч хуурамч баримт бичиг бүрдүүлж тус сангаас 130.155.256 төгрөгийг авч хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 03 дугар сарын 29-ний өдрийн 46.48.49 тоот акт тогтоогдсноор шүүгдэгч У.Н-, Б.М-, Ц.Г- нараас нийт 130.155.256 төгрөгийг дээрх нэр бүхий даатгуулагчаар төлүүлөх эсвэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн хугацааг шүүхээс тогтоож өгөх нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх “ТОГТООХ” хэсэгтээ тус хэлтсийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасныг өөрчлөн тус хэлтсийн нэхэмжлэлийн дагуу 130.155.256 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын Тэтгэврийн санг хохиролгүй болгож өгнө үү. Нийгмийн даатгалын тэтгэврийн  санд их хэмжээний хохирол учруулах хэрэг дахин давтагдах, төрийн хөрөнгийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглаж болзошгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Г-, У.Н-, Б.М- нарт холбогдох  79  тоот цагаатгах тогтоолыг дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Ц.Г-, Б.М-, У.Н- нарын үйлдэлтэй яг ижил хэргийг анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 183  дугаар  шийтгэх тогтоолоор н.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Гэтэл анхан шатны шүүх яг ижил үйлдэгдсэн хоёр хэргийг хянан хэлэлцэхдээ өөр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэлбэрийн хувьд бичигдсэн бичигдэл, нэр томьёо, удирдлага болгосон зүйл заалтууд нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн байдлаар бичигдсэн. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”-ийн талаар заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэнд дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх цагаатгах үндэслэлээ болон яллах дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримтуудыг дурдах ёстой байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын агуулга, түүнд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Залилах гэмт хэрэг нь хуурч мэхэлсэн, төөрөгдөлд оруулсан шинжтэй байдаг. Шүүгдэгч нарын үйлдэл хэргийн бүх шинжийг агуулсан байхад залилах гэмт хэрэг биш байна гэж дүгнэсэн мөртлөө цагаатгах тогтоолдоо шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг үйлдээгүй гэсэн үндэслэлээ дурдаагүй. Өмчлөх эрх гэдэг зүйл хувь хүнд байх ёстой, түүнийг залилах байдлаар өөртөө шилжүүлж авсан бол залилах гэж ойлгогдохоор цагаатгах тогтоол бичигдсэн. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар хуурч мэхэлж, Нийгмийн даатгалын санд хохирол учруулж төрийн өмчлөх эрхэнд халдсан. Төрийн өмч нь өөрийн өмч, нийтийн зориулалттай өмч гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэж заасан. Нийгмийн даатгалын санд төвлөрч байгаа хөрөнгө төрийн өмч юм. Хуульд хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох шийтгэл оногдуулна гэж заасан. 2017 оны 03 дугаар сард аян зохион байгуулагдсан бөгөөд уг шалгалтаар зөрчил илэрсэн. Улсын байцаагч акт тавих үүрэгтэй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд шийдвэрээсээ зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг. Улсын байцаагч бүрдүүлж ирсэн баримт бичгийг хянахдаа хуульд заасан журмын дагуу хянаагүйгээс гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал үүссэн гэдэг. Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан нь гэмт хэрэг гэж хуульд заагаагүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэмт хэрэг үгүйсгэх үндэслэлийг цагаатгах тогтоолд дурдах ёстой байсан. Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа н.Сүрэн гэдэг хүн тэтгэвэр тогтоолгож өгнө гэж бид нараас мөнгө авсан гэж шүүгдэгч нар ярьдаг боловч н.Сүрэнгийн талаар шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд ярьж байгаагүй. Мөнгө авч хохирол учруулсан гэдгээ шүүгдэгч нар хүлээн зөвшөөрдөг. Төрийн өмчид халдсан гэмт хэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй. Анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Болдбаатар: Прокурорын ярьсан зүйлтэй санал нэг байна. Миний ярих зүйлүүдийг прокурор ярьсан тул одоо нэмж ярих зүйлгүй байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцосон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган: Шүүгдэгч Ц.Г-, Б.М-, У.Н- нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Ц.Г- нь нас барсан. Шүүгдэгч У.Н-, Б.М- нар нь гэр бүлийн хүмүүс юм. Хэргийн нотолбол зохих байдлыг тогтоох ёстой байсан. Прокурор хэлэхдээ “н.Сүрэн гэдэг хүний талаар шүүхийн шатанд хэлсэн” гэж байна. н.Сүрэн “шүүгдэгч нарын гэрт очиж тэтгэврийн нас болоогүй байхад тэтгэвэр авах боломж байдаг” гэж хэлсэн байдаг. Тухайн хэрэгт Нийгмийн даатгалын байцаагч н.Эрдэнэбилэг нар оролцоогүй бол ийм асуудал болохгүй. Шүүгдэгч нар хэнийг ч залилан мэхлээгүй, залилах гэмт хэргийг үйлдээгүй болохоор анхан шатны шүүх тэдгээрийн үйлдлийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

У.Н- 2007 оны 11 дүгээр сард, Б.М- 2007 оны 12 дугаар сард, Ц.Г-  2008 оны 03 дугаар сард  тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ гаргаж тус хэлтэс тэдний гаргаж өгсөн Сэлэнгэ аймгийн архивын албаны лавлагаа, цалингийн тодорхойлолтыг үндэслэн  өндөр насны тэтгэвэр тогтоож,  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 46, 48, 49 тоот актаар У.Н-, Б.М-, Ц.Г- нарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийгмийн даатгалын сангаас нийт 130.155.256 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авсан гэж нийгмийн даатгалын сангаас тэдэнд олгож байсан өндөр насны тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон үйл баримт тогтоогджээ.

У.Н-, Б.М-, Ц.Г- нарыг өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлэн хуурч,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон их хэмжээний буюу 130.155.256 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх У.Н-, Б.М-, Ц.Г- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан үндэслэлээр Ц.Г-, Б.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар, У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  У.Н-, Б.М-, Ц.Г- нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч байгууллагын давж заалдах гомдлын “... шүүгдэгч  У.Н-, Б.М-, Ц.Г- нарын хуурамч бичиг баримт бүрдүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тусгаагүй, шүүхийн цагаатгах тогтоол гаргахдаа удирдлага болгосон заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг үндэслэсэн нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж цагаатгах тогтоолд зохих өөрчлөлт оруулан, прокурорын эсэргүүцэл, хохирогч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч У.Н- 2007 оны 11 дүгээр сард 1972 оноос Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрийн хүхэрийн лабораторын тасагт лаборантаар 1994 он хүртэл ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Архивын албаны 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 463 тоот лавлагаа, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 501 тоот цалингийн тодорхойлолтыг үндэслэн 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоосон, шүүгдэгч Б.М- нь  2007 оны 12 дугаар сард 1972 оноос 1993 онд Сэлэнгэ аймгийн Ус сувагт дээж авагчаар хүнд нөхцөлд 21 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Архивын албаны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 387 тоот архивын магадлагаа, 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 388 тоот цалингийн тодорхойлолтыг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолтын хуудсаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоосон, шүүгдэгч Ц.Г- нь 2008 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Барилга Угсралтын Конторт 1974 оноос 1996 онд бульдозерчноор 22 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Архивын албаны 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот архивын магадлагаа, 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 56 тоот цалингийн тодорхойлолтыг үндэслэн  2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тэтгэвэр тогтоолтын хуудсаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоосон болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарт өндөр насны тэтгэвэр тогтооход үндэслэл болгосон дээрх Сэлэнгэ аймгийн архивын албаны архивын магадлагаа, цалингийн тодорхойлолтууд нь хуурамч болох нь 2017 оны 03 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/319 дугаар тушаалаар зохион байгуулсан аяны хүрээнд явуулсан шалгалтаар илэрч хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тэдний өндөр насны тэтгэвэр олголтыг түдгэлзүүлсэн байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Н-, Б.М-, Ц.Г- нарыг хуурч мэхлэх аргаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгажээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг түүний дотор залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхийн эсрэг шууд чиглэсэн хуурч мэхлэх, тэдний итгэлийг урвуулан ашигласан идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд  шүүгдэгч нарын үйлдлийг  бусдын буюу өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх аргаар, хуурамч бичиг баримт бүрдүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй байх бөгөөд тэдний үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг түүний дотор залилах гэмт хэргийн шинжгүй байхад аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хуурамч бичиг баримт бүрдүүлэн Нийгмийн даатгалын болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулиудыг зөрчиж хууль бусаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 28-60 дугаар талд авагдсан тэтгэврийн хувийн хэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд, гэрчүүд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байгаа боловч  Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ”Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл болон төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр насны, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн” гэж тодорхойлсноос үзвэл нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоох, авах үйл ажиллагаа нь  эдийн засгийн шинжтэй харилцаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд  нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоох, авах харилцааг  “өмчлөх эрхийн харилцаа” гэж үзэх шүүгдэгч нарын үйлдлийг “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг гэж зүйлчлэх боломжгүй байна.

Эрүүгийн хуульд хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчиж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авахыг эрүүжүүлж хуульчлаагүй байх тул Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж шүүгдэгч нарыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж ял, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь буруу биш байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 27, 29 дүгээр зүйлд зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тэтгэмжийг хууль бусаар тогтоолгосон бол тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх, зогсоох, нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан  бол үндэслэлгүй болон илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэхээр зохицуулсан байх тул хохирогч Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах асуудлыг хуулиар зохицуулсны дагуу шийдвэрлэх боломжтой байгаа учраас анхан шатны шүүхийн хохирлын талаар дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 буюу гэмт хэргийг “үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 буюу “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхэд У.Н-, Б.М-, Ц.Г- нарт холбогдох хэргийг ирсний дараа шүүгдэгч Ц.Г- өвчний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан, шүүгдэгчийн нас барсан тухай болон нас барахаас өмнө бичсэн өргөдөл, мөнгө шилжүүлсэн тухай баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд  өмгөөлөгч Ч.Булган гаргаж өгсөн боловч дээрх нотлох баримт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтийг оруулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн цагаатгах тогтоолд шүүгдэгч Ц.Г-ыг нас барсан үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгосон зүйл заалтуудыг буруу баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл гаргасан боловч цагаатгах тогтоол гаргахдаа баримтлах ёстой зүйл заалтуудыг удирдлага болгосон, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих асуудлуудыг шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг хүлээж авах  боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтны “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д” гэснийг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д” гэж өөрчлөн прокурорын эсэргүүцэл, хохирогч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Б.БАТЗОРИГ