Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2018/0036/з |
Дугаар | 01 |
Огноо | 2018-12-24 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАБӨСЗД, БӨСЗДТГ-т тус тус холбогдох
“2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцлагын гэрээ”-ний 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 5,6 дахь заалтууд нь хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2005 онд үүсгэн байгуулагдсан ба мал түүхий эдийн зах, төмрийн худалдаа, гадаад, дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагааг тасралтгүй явуулж татвар төлж ирсэн. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот хаягт байрлах мкв газрыг манай компани эзэмшиж ашигладаг. Манай компани нь дээрх хаягт 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тамхи худалдаалах зөвшөөрлийг авч тамхи худалдаалах үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг тусгай зөвшөөрлийг Баян-Өндөр сумын ЗД2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
...Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэвлэж олгохдоо танай компанитай хариуцлагын гэрээ байгуулна. Хэрэв хариуцлагын гэрээг байгуулахгүй бол гэрчилгээг чинь өгөхгүй гэж худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Өсөхжаргал нь хэлсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээгээ авахын тулд гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүрч хариуцлагын гэрээ гэх гэрээг байгуулсан.
Уг гэрээний “Хоёр. Худалдаа үйлчилгээний төрөл /Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /хүнсний дэлгүүр/ авсан байна. Дөрөв. Худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлага 5. Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх, 6. Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж баталгаажуулсан байна./ гэж заасан дээрхи заалтуудаар Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагаас хэтрүүлж хуулиас давсан шаардлага тогтоож Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцлийг хууль бусаар хязгаарлаж байна.
... Иймд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хариуцлагын гэрээний Хоёрдугаар зүйл болон Дөрөвдүгээр зүйлийн 5,6 дахь заалтууд нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Э” ХХК-ийн ОАБӨСЗД, БӨСЗДТГ-т холбогдох “2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцлагын гэрээ”-ний 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалтууд нь хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон бөгөөд шүүх хуралдааны товыг надад мэдэгдсэн.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “Хөүп таун” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Учралтбаяртад холбогдох иргэний хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийхээр товлосон бөгөөд шүүх хуралдаан давхацсан байна. Миний бие “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт биечлэн оролцох боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн “2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцлагын гэрээ”-ний 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалтууд нь хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байх бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй байна.
Иймд шүүх хэрэгт цуглуулж, бүрдүүлсэн нотлох баримтуудаа үндэслэн нэхэмжлэлийг уншин сонсгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ОАБӨСЗД, ЗДТГД нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ ... Манай байгууллага 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан. Баян-Өндөр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд БӨСЗДТГ-тай болон харьяалах багийн Засаг даргатай Хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Иймд мэргэжилтэн Ц.Өсөхжаргалын гэрээ байгуулах шаардлага хууль үндэслэлтэй байна.
Дээрх гэрээний хоёрдугаар зүйл болон дөрөвдүгээр зүйлийн 5.6 дахь заалтууд хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрээний хоёр дугаар зүйлийн зохицуулалт нь Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5.2.4-т “тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдах”-ыг хориглохоор заасан заалтыг хэрэгжүүлэх үүднээс тусгасан гэрээний заалт юм. Гэвч нэхэмжлэгч нь тамхи жижиглэнгээр худалдаалах зөвшөөрөлтэй тул гэрээний энэ заалт нэхэмжлэгчид хамааралгүй заалт бөгөөд энэ гэрээ нь бүх тамхи худалдаалдаг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй байгуулдаг гэрээний загвар юм. Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь гэрээний дээрх заалтаас үндэслэн зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд манай байгууллагаас дээрх гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчид шаардлага тавьсан тохиолдол байхгүй бөгөөд шаардлага тавих хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 5 дахь заалт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлд эрх зүйн хэм хэмжээг нөхөн тохируулж хэрэглэх гэсэн заалтыг үндэслэн хуулиар зохицуулаагүй асуудлыг гэрээгээр зохицуулсан байна. Дээрх заалт гэрээнд тусгагдсанаар нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, ямар эрх нь зөрчигдсөн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагад байхгүй ба манай байгууллагаас энэ заалтыг үндэслэн нэхэмжлэгчид ямар нэгэн шаардлага тавьсан асуудал гараагүй байна.
Мөн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 6 дахь заалт мөн Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийг үндэслэн хуулиар зохицуулаагүй асуудлыг гэрээгээр зохицуулсан. Ингэж гэрээгээр тусгайлан зохицуулах болсон шалтгаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10-д заагдсан үүргээ багийн ЗД хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хариуцлагын гэрээнд тусгасан байна. Дээрх заалт гэрээнд зохицуулагдсанаар нэхэмжлэгчид учирсан хохирол, эрх ашиг нь хөндөгдсөн нөхцөл байдал байхгүй манай байгууллага гэрээний энэ заалтыг үндэслэн шаардлага тавьсан тохиолдол байхгүй юм.
Дээрхээс дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна. Мөн дээрх гэрээний нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар хүссэн заалтууд нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь ОАБӨСЗД, ЗДТГ-ыг тус тус хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. ЗД энд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийснээрээ хариуцагч болоод байгаа юм уу? ЗД хариуцлагын гэрээ байгуулаагүй. Эсхүл гэрээг баталгаажуулж гарын үсэг зурснаараа хариуцагч болоод байгаа юм уу? үүнийг ойлгохгүй байгаа. Хэрэв гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан гэж хариуцагчаар татаад байгаа юм бол ЗДТГ яагаад хариуцагч болоод байгаа нь тодорхойгүй байна.
Хариуцлагын гэрээг Монгол улсын 21 аймаг, бүх дүүрэгт байгаа аж ахуйн нэгжүүд байгуулдаг. Тухайн аж ахуйн нэгжид захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлэхдээ хяналт тавих зорилгоор байгуулаад явж байгаа гэрээ юм. Хариуцлагын гэрээний 2-р зүйлд жижиглэнгээр тамхи худалдаалах зөвшөөрөл авсан байна гэж заасан. “Э” ХХК нь өөрөө тамхи жижиглэн худалдаалагч байгаа. Тамхийг худалдаалахдаа жижиглэн гэсэн зөвшөөрөл авсан бол зөвхөн жижиглэнгээр худалдаална л гэсэн заалт. Энэ 2 дугаар заалт тухайн байгууллагын үйл ажиллагаанд харшлаад, зөрчилдсөн зүйл байхгүй. Эрх ашиг нь хөндөгдөөгүй. Хариуцлагын гэрээний 4-р зүйлийн 5-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий цэг хооронд 200 метр байна гэж заасан. “Э” ХХК нь зам дагуу задгай газар байрладаг. Одоо хажууд нь буюу 200 метрээс дотогш тамхины цэг байгуулах, барих гэж байгаа ийм маргаантай байдал байхгүй. Энэ заалт мөн ямар эрх ашгийг нь зөрчөөд ямар хохирол учруулаад байгаа нь тодорхойгүй. Эсхүл өөрсдөө өөр цэгийн ойролцоо тамхины цэг дахин байгуулах гээд байгаа юм уу? Энэ заалт нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Хариуцлагын гэрээний 4-р зүйлийн 6-д жижиглэн худалдаа эрхэлж байгаа цэг нь бөөний цэгээс бараа татан авсан бүртгэл хөтөлж үүнийгээ баталгаажуулсан байна гэж заасан. Улсын хэмжээнд бүх аж ахуйн нэгжүүд Статистикийн тухай хуулинд зааснаар мэдээ, судалгааг гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Энэ мэдээг гаргахын тулд энэ бүртгэл хөтлөлтийг гаргах үүрэгтэй тухай заасан байгаа. Энэ бүртгэлийг хөтөлснөөр энэ аж ахуйн нэгжид ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Энэ гэрээнд хуулиар зохицуулаагүй зүйлийг нарийвчилсан зүйлүүд байгаа. Энэ гурван заалт гэрээнд орсноороо нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй байна. Яг ямар эрх ашиг нь хөндөгдсөн талаар нотлох баримт байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн “Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум дүүргийн ЗД тусгай зөвшөөрөл олгоно.” гэсэн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх хэсэгт “тамхи худалдах” гэсэн заалтын дагуу ОАБӨСЗД 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/228 дугаартай захирамж гарган “Э” ХХК-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Дээрхи зөвшөөрлийг үндэслэн Захиргааны Ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “ Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.” гэж заасны дагуу ОАБӨСЗДТГ, “Э” ХХК-тай “Хариуцлагын гэрээ” байгуулж, БӨСЗД баталжээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь Хариуцлагын гэрээний “Хоёр. Худалдаа үйлчилгээний төрөл” гэсэн хэсгийн “Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна.”, “Дөрөв. Худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага” гэсэн хэсгийн 5. Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх. 6. Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтлөж баталгаажуулсан байх.” гэсэн заалтуудыг Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагаас хэтрүүлж хуулиас давсан шаардлага тогтоосон гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тамхины хяналтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавараас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж,
“Тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт “төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь бүрэн эрхийнхээ дагуу хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд дангаар буюу холбогдох байгууллагатай хамтран ажиллах”, 5.2.1 дэх хэсэгт “тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах” гэж тус тус заасан байна.
Эдгээр заалтуудаас гадна Тамхины хяналтын тухай хуулиар тамхи худалдах, үйлдвэрлэх, импортлох, экспортлоход төрөөс баримтлах бодлого, тавих хяналт, шаардлага, хориглох зүйл, төр, иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зохицуулсан байгаагаас үзэхэд “Э” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг “Хариуцлагын гэрээ”-ний “Хоёр. Худалдаа үйлчилгээний төрөл: Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна.” гэсэн заалт, “Дөрөв. Худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага” гэсний 6 дахь хэсэгт “Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтлөж баталгаажуулсан байх.” гэсэн заалтууд нь хөндөж, хуульд заасан нөхцөл шаардлагаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хүнсний дэлгүүр ажиллуулдаг аж ахуйн нэгжид тамхийг жижиглэнгээр худалдаалах зөвшөөрлийг олгодог гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба Хариуцлагын гэрээнд “...тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна” гэсэн заалт оруулсан нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тамхи жижиглэнгээр худалдаалах эрхийг зөрчөөгүй байна.
Мөн захиргааны байгууллага нь Захиргааны Ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “ ...захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн /д/-д “нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хуульд нийцүүлэн “Хариуцлагын гэрээ”-г байгуулсан байна.
Харин “Хариуцлагын гэрээ”-ний “Дөрөв. Худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлага” гэсэн нь тамхи худалдан борлуулж буй аж ахуйн нэгж болох “Э” ХХК-ийг тамхи худалдаалах үйл ажиллагаанд нь баримтлах шаардлагуудыг зохицуулсан байна. Тамхины тусгай зөвшөөрлийн дагуу тамхи худалдаалж байгаа аж ахуйн нэгжид “Хариуцлагын гэрээ”-ний “Дөрөв”-ийн 5-д “Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш байх.” гэсэн шаардлагыг хангаж ажиллахыг гэрээнд тусгасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн “Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн ЗД тусгай зөвшөөрөл олгоно:” гэсэн 16.3 дугаар зүйлийн 16.3.4 дэх хэсэгт “тамхи худалдах” гэж заасан байгаагаас дүгнэхэд тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зайг захиргааны байгууллага тогтоох үүрэгтэй. Иймээс Хариуцлагын гэрээний дээрхи заалтыг тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж болох “Э” ХХК үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ОАБӨСЗДТГ-тай 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, БӨСЗД-ын баталсан “Хариуцлагын гэрээ”-ний “Дөрөв. Худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага” гэсэн хэсгийн 5. Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх” гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Хоёр. Худалдаа үйлчилгээний төрөл” гэсэн хэсгийн “Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна.”, “Дөрөв. 6-ийн “Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтлөж баталгаажуулсан байх.” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь М.М-т итгэмжлэл олгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг хүссэн хүсэлтээ ирүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Хариуцлагын гэрээ”-ний “Дөрөв. Худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага”-ын 5. Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх”-заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Хоёр. Худалдаа үйлчилгээний төрөл” гэсэн хэсгийн “Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна”, “Дөрөв. 6-ийн “Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтлөж баталгаажуулсан байх” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА