Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0792

 

 

 

 

 

 

 

 

 

“М...” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М

Нэхэмжлэгч “М...” НҮТББ

Хариуцагч Оюуны өмчийн газар

Гуравдагч этгээд М...  

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

-мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай МNU барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай М...  барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Б.Д, Л.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Б.Х,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С, Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0877/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М...” НҮТББ, Оюуны өмчийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай МNU барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай М...  барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрээр:

2.1. “Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 6 дугаар зүйлийн 6.7, 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай МNU барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай М...  барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч М... НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Үүнд:

3.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт М... нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "М... ", "MNU" гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр анхлан мэдүүлсэн учир Барааны Тэмдэг Газар зүйн заалтын тухай /БТЗТ/ хуулийн 6.7-д.... Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, бусдад шударга бус давуу эрх эдлэх, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн, хуулийн өмнө төрийн болон хувийн хэвшлийн боловсролын байгууллага адил тэгш байх, холбогдох хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зарчмуудыг тус тус алдагдуулсан явдал гэж үзэж байна.

3.2. Маргаан бухий асуудал нь хэн анхлан хүсэлт гаргаж, анхдагч огноог авах эрхтэй талаар бус харин төрийн байгууллага болох Оюуны өмчийн газрын даргын хууль бус шийдвэр, холбогдох хуулийн дагуу хийгдээгүй процесс ажиллагаатай холбоотой үүссэн асуудал байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийсэнгүйд гомдолтой байна. Хэрэв төрийн байгууллага хууль болон хуулийн дагуу баталсан дүрэм журам, процесс ажиллагаагаа баримтлахгүй юм бол тэдгээрийг батлах, нийтээр даган хэрэгжүүлэх шаардлагагүй болох учраас шүүх, хуулийн байгууллага л хяналт тавьж, алдаа зөрчлийг арилгах онцгой эрхтэй байдаг.

3.3. Энэ хэрэгт Оюуны өмчийн газрын ажилтнууд барааны тэмдэг авахаар гаргасан мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг хүлээн аваад Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 112 дугаар тушаалын хавсралт болох "Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх,тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ын дагуу ажиллагааг хийх үүрэгтэй бөгөөд уг журмыг баримтлан, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д "бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”; 5.2.8-д "бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар”; 5.2.9-д “Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр” байвал бүртгэхгүй гэсэн заалтуудыг үндэслэн бүртгэхээс татгалзах ёстой байсан.

3.4. Учир нь М... Ү... байгуулагдсан цагаасаа хойш төрийн байгууллагаас албан ёсоор баталгаажуулсан нэрээ ашиглан олон зуун мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан бөгөөд боловсролын салбарт баримтлах хууль дүрмийг чанд биелүүлж, аливаа зөрчил гаргаж байгаагүй юм.

3.5. Түүнээс гадна гуравдагч этгээд М...-иасшүүхэд ирүүлсэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар албан бичгийн хавсралтад шүүхэд ирүүлсэн Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд дүгнэлтийн 8 дахь хэсэгтээ “М... Ү...", "М... Ү..." гэсэн 2 нэр нь нэг утгатай болж байгаа учир бусдыг төөрөгдүүлэх нэр гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн байдаг.

3.6. Мөн мэдүүлгийг анх шалгасан улсын байцаагч Урангэрэлийн шүүхэд нотлох баримтаар өгсөн Маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлд дурдсан "М... ". "MNU" нэрийг цахим орчинд шалгахад М... Ү..., М... Ү... гэж гарч ирж байсан тул М... У...-ийн хүсэлтийг хангаагүй талаараа дурдсан байсан.

3.7. Эдгээр баримт нь дээрх хуулийн 5.2-т заасан хориглосон хэм хэмжээнд хамаарч байгааг, мөн дээрх нэрээр хайхад М... нь "MNU, М... " нэрийг огт ашиглаж байгаагүйг нотолж байсныг шүүх анхаарч үзээгүй.

3.8. Энэ нь шүүхийн шийдвэрийн 1.9-д тусгасан бүртгэхгүй байх үндэслэлд хамаарч байхад хууль зүйн буруу дүгнэлт хийсэн.

3.9. Манай сургууль өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж, захиргааны акт гаргасан байгууллагад хамааралтай хууль тогтоомж, олон улсын гэрээнүүдийг дурдаж мэтгэлцсэн ба тэдгээрийг нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн.

3.10. Гэтэл гуравдагч этгээд болох М... нь маргаан бүхий "М... ". "MNU" барааны тэмдгүүдийг өмнө нь ямар нэгэн байдлаар ашиглаж байгаагүй бөгөөд зөвхөн Улсын их сургууль Үндэсний хэмжээнд ажилладаг тул энэ нэрийг авах ёстой, мөн 1942 онд авсан боловч түүнээс хойш хэрэглээгүй 20-иод жил болсон М... Ү... гэсэн нэрийг л ашиглан шүүхэд мэтгэлцдэг болохоос биш эдгээр барааны тэмдгийг ашиглаж байсан талаарх баримтыг огт гаргаагүй.

3.11. Харин MNU биш NUM буюу N...гэсэн нэрийг л ашиглаж байсан талаарх и-мэйл, цахим баримтуудыг гаргаж өгсөн.

3.12. Бодит байдал дээр нэхэмжлэгч тал өөрийн нэрийн ямар ч утга агуулгыг давхар илэрхийлээгүй, шууд орчуулагдах англи орчуулга болох "М... " гэсэн нэрийг ашиглаж байсан талаарх баримт, зураг, "MNU" нэрийг ашиглаж байсан олон улсын харилцааны баримт, и-мэйл зэргийг хангалттай гаргасан нь хавтаст хэрэгт байсаар байтал огт баримтгүй гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.13. Түүнчлэн энэ хэргийг өмнө нь хянасан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 91 тоот магадлалд гуравдагч этгээд болоох М...-иасхолбогдох баримт гаргуулах талаар тусгасан ч тэд байхгүй баримтыг гаргах боломжгүй учир хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй юм.

3.14. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалт болон 25 дугаар зүйлийн 25.5, 29 дүгээр зүйлийн 29.1.9-д... Энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ... гэж хуульчилсан ба энэхүү 3.1.14 дэх заалтад "албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцын 12.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийг:

3.15. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д "нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг" гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг; гэж тус тус тайлбарласан.

3.16. Хэрэв Оюуны өмчийн газар дээрх хуулийн заалтыг биелүүлэн нийтэд зарласан бол нэхэмжлэгч тал мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар тухайн үед гомдол гаргах боломжтой байсан боловч огт мэдээгүй явсаар Зөрчлийн асуудлаар шалгагдах үедээ мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.17. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасан "Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана" гэж томьёолсон нь бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд хариуцагч Оюуны өмчийн газар ч маргаан бүхий барааны тэмдгийг 2 этгээд ижил байдлаар ашиглаж байсныг нотолж чадаагүй байхад зөвхөн хүсэлт гаргагчийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

5. Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын үндэслэлд "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, магадлан шүүлтийн дүгнэлтийг үндэслэн" гэж бичсэн байдаг боловч "бүртгэхийг зөвшөөрсөн" тухай шүүлтийн тайлан гаргаагүй буюу Захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хангалтгүй нотлох баримтаар асуудлыг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Давж заалдах гомдолд тайлбар: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “...Тус хэрэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн. Тус магадлалд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд талуудаас нотлох баримт дутуу талаар ямар нэгэн хүсэлт, санал байхгүй байсан болно. Үүний нотлогоо нь:

4.1.1.Шүүх бүрэлдэхүүнээс талуудад шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэх талаар асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс тийм хүсэлт, баримт байхгүй талаар тодорхой өгүүлсэн.

4.1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан. Оюуны өмчийн газраас маргаанд холбогдох барааны тэмдгийн мэдүүлэг болон холбогдох бүхий л баримтуудыг гаргуулан авсны зэрэгцээ талууд өөрт байгаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн баримтуудаа гаргаж өгсөн.

4.2.Нэхэмжлэгчийн гомдолд “... нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, бусдад шударга бус давуу эрх эдлэх, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн, хуулийн өмнө төрийн болон хувийн хэвшлийн боловсролын байгууллага адил тэгш байх, холбогдох хуулийг нэр мөр ойлгож хэрэгжүүлэх зарчмуудыг тус тус алдагдуулсан" гэжээ.

4.2.1.Гомдлын энэхүү үндэслэлийг мөн чанарынх нь хувьд авч үзвэл хуульд үндэслэх болон шударга ёсны шаардлагад үл нийцэхээр байна. Учир нь М... Ү... нь анх 1998 онд “Ч...” к... нэртэйгээр байгуулагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар “Ч...” к... нэрээ өөрчилж "М... Ү... к... болон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлийн материалыг шинэчлэн бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэж байсан.

4.2.2. М... Ү... к... нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар "дээд сургууль”-ийн ангилалд хамааруулсан.

4.2.3. Ийнхүү 2004 оноос М... Ү... д... нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар "М... Ү... д...-ийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамааруулсугай" гэж шийдвэрлэсэн. Ийнхүү сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг М... Ү... д...-ийн захиралд даалган шийдвэрлэсэн.

4.2.4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дээрх тушаалаар М... Ү... д...-ийг "их сургууль"-ийн ангилалд хамааруулсанаас бус оноосон нэрийг өөрчлөөгүй байсан. Гэтэл энэ хугацаанаас хойш буюу их сургуулийн ангилалд хамааруулсанаас хойш 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэг иргэн М... Ү... ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрт олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийнх мэтээр бүртгүүлсэн байдаг.

4.2.5. Их сургуулийн ангилалд хамааруулсан нь түүнд оноосон нэр олгож буй явдал биш байтал сайдын тушаалыг ашиглан шинээр М... Ү... гэж үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул боловсролын байгууллага мөн эсэх нь ч эргэлзээтэй юм.

4.3. Нэхэмжлэгчийн гомдолд "Маргаан бүхий асуудал нь хэн анхлан хүсэлт гаргаж, анхдагч огноог авах эрхтэй талаар бус харин төрийн байгууллага болох Оюуны өмчийн газрын даргын хууль бус шийдвэр, холбогдох хуулийн дагуу хийгдээгүй процесс ажиллагаатай холбоотой үүссэн асуудал байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй" гэжээ.

4.3.1. Талуудын маргаан буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж шийдвэрлэдэг болохоос төсөөлөл болон үзэл бодолд үндэслэн шийдвэр гаргадаггүй.

4.3.2. Аж үйлдвэрийн өмчийн нэгэн объект болох барааны тэмдгийн эрх зүйн зохицуулалт тэр дундаа анхдагч огнооны асуудал бол эртний уламжлалтай Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд нэг мөр болсон ойлголт юм.

4.3.3. Тиймээс эл шинжлэх ухааны төдийгүй барааны тэмдгийн мэдүүлэг гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан зарчмыг алдагдуулах өөр байдлаар тайлбарлах боломжгүй юм.

4.3.4. Анхдагч огноог Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн “С. (1) Давамгайлах эрхийн дээр дурдсан хугацаа нь шинэ патент, ашигтай загварт арван хоёр сар, аж үйлдвэрийн загвар болон барааны тэмдэгт зургаан сар байна. (2) Эдгээр хугацааг анхны мэдүүлэг өгсөн өдрөөс эхлэн тооцно..." гэж заасан бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ" гэж заасан байна.

4.3.5. Анхдагч огнооны талаарх энэхүү хэм хэмжээнд хууль тайлбарлах системийн, логикийн, хэл зүйн зэрэг аргаар хандахад өөрөөр ойлгох ямар нэгэн боломж, тайлбар үүсэхгүй байна.

4.4. Нэхэмжлэгчийн гомдолд "Оюуны өмчийн газрын ажилтнууд барааны тэмдэг авахаар гаргасан мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг хүлээн аваад Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 112 дугаар тушаалын хавсралт болох "Барааны тэмдэг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ын дагуу ажиллагааг хийх үүрэгтэй бөгөөд уг баримтлан, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8, 5.2.9 дэх заалтуудыг үндэслэн бүртгэхээс татгалзах ёстой байсан" гэжээ.

4.4.1. Оюуны өмчийн газрын эрх бүхий албан тушаалтны хийж гүйцэтгэсэн ажиллагааг иж бүрэн авч үзвэл гомдолд дурдсан хууль тогтоомж зөрчсөн үндэслэл байхгүй байхын зэрэгцээ 14261, 16262 дугаартай барааны тэмдэгтэй холбоотой асуудлыг шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх журам буюу Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссоос гаргасан шийдвэрийг үндэслэн тус барааны тэмдгийг олгосон байна.

4.5. Нэхэмжлэгчийн гомдолд “... М... Ү... байгуулагдсан цагаасаа хойш төрийн байгууллагаас албан ёсоор баталгаажуулсан нэрээ ашиглан боловсролын салбарт баримтлах хууль дүрмийг чанд биелүүлж, аливаа зөрчил гаргаагүй" гэсэн нь үндэслэлгүй юм.

4.5.1. Нэхэмжлэгч нь анх 1998 онд “Ч... Э...” нэрээр үүсгэн байгуулагдсан байдаг бөгөөд өөрсдийн хүсэл зориг эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэрээр зөвхөн нэг удаа нэрээ өөрчилж, 2002 онд "М... Ү... к..." болсон байдаг.

4.5.2. Харин М... Ү... хэмээх нэр нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, захиргааны алдааны үр дүнд гарч ирсэн байдаг. Тухайлбал, дээр дурдсанчлан анх “Ч... Э...” нэртэй байгуулагдсан М... Ү... д... нь 980118 гэсэн регистрийн дугаартайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

4.5.3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар тус сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М... Ү... д...-ийн регистрийн дугаар болох 980118 дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

4.5.4. Үүний дараа байгуулагдсан М... Ү... ХХК-г улсын бүртгэлд бүртгэхдээ М... Ү... ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаас тодорхой харагддаг.

4.6. Нэхэмжлэгчийн гомдлын агуулгад "М...", "М... Ү..." гэсэн 2 нэр нь нэг утгатай, бусдыг төөрөгдүүлэх нэр гэж үзсэн нь ШУА-ийн дүгнэлтийг үндэслэл болгож М...д "MNU", "М... " гэсэн барааны тэмдгийг олгох ёсгүй гэж үзсэн байна. Ер нь бол дээр дурдсанчлан “Ч... Э...” нэрээр анх үүсгэн байгуулагдсан боловсрол, сургалтын байгууллага нь М... Ү... гэдэг нэрийг хууль ёсны дагуу хэрэглэх учиргүй юм. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай. Үүнд:

4.6.1. 1992 онд боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 Дугаар тушаалаар "Монгол Улсад шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, сургалт эрдэм шинжилгээний хүрсэн түвшинг харгалзан М...д Үндэсний их сургуулийн статус олгож, “М... У... Ү...” /МУҮИС/ хэмээн нэрлэсүгэй" гэж шийдвэрлээд, М...д "Үндэсний их сургууль"-ийн статусыг олгосон.

4.6.2. Хэрэгт авагдсан баримтад шинжилгээ хийвэл 2013 онд М... Ү... нэрээр анх удаа үүсгэн байгуулагдсан нэг гишүүнтэй ашгийн төлөө компанид дээд боловсролын буюу сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн тусгай зөвшөөрлийг хариуцан олгодог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас олгоогүй байдаг. Харин ямар нэгэн шалтгаанаар анх “Ч... Э...” нэрээр үүсгэн байгуулагдсан хожим "М... Ү... к..." гэж нэрээ өөрчилсөн хуулийн этгээдэд олгогдсон тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэсэн байдаг.

4.6.3. М... Ү... хэмээх нэр нь М...тай ижил нэр тул нийгэмд төөрөгдөл үүсгэнэ гэдгийг нэхэмжлэгч ч энэ гомдолд дурдсан үндэслэлээрээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий Шинжлэх Ухааны Академийн дүгнэлтээр нэг мөр тодорхой болсон.

4.7. Нэхэмжлэгчийн гомдлын агуулга нь нэхэмжлэгч нь "MNU", "М... " гэсэн нэрийг хэрэглэж байсан гэсэн байна. Барааны тэмдэг нь тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнээс ялгах онцгой чиг үүргийн хэрэгжүүлдэг. Тийм учраас үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй, зөв, буруу бүрдүүлсэн баримтаар хэрэглээг шалгуур болгож асуудалд хандах нь нийгэмд тогтворгүй, шударга бус байдлыг бий болгох тул бүртгэлийг үндэслэл болгох зарчим дээр өгүүлсэн Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжид салаа утгагүйгээр хуульчлагдаж, нэгэнт цэгцэрсэн. Тиймээс бид хэрэглэсэн гэдэг хуульд нийцэхгүй, нотлогдоогүй үгээр М... У...-ийн оюуны өмч болох барааны тэмдгүүдийн бүртгэлийг үгүй болгох улмаар өөрийн болгох зорилго өвөрлөж байгааг зөвшөөрөхгүй байна.

4.8. Нэхэмжлэгч гомдолдоо Барааны тэмдэг, газар заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг бодит байдалтай нийцэхгүй байдлаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

4.8.1. Талуудын маргаантай асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тухайн харилцаанд хамаарах хууль тогтоомжийг хэрэглэж шийдвэр гаргана. Хэрэв шүүх хуулийг буруу тайбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа бол энэ талаарх үндэслэл гомдолд тодорхой дурдагдах учиртай. Харин шүүхийг зөвхөн хууль хэрэглэснээр нь мухар буруутгаж байгаа бол үүнийг хүлээн зөвшөөрөх, тус үндэслэлээр гомдлыг хэлэлцэх ямарч боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. ” гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.1. “М...” НҮТББ нь Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

3.1.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан бол”, 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус байх хуулийн зохицуулалттай.

3.1.2. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс 2012 оноос эхлээд М... Ү..., М...  гэх нэршлийг ашиглаж байсан байтал Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалаар тус нэршлийг М...д олгож 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл хийсэн нь илт хууль бус хэмээн маргаж байна.

3.1.3. Тодруулбал, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 116 дугаар тушаалын хавсралтын 125, 126 дахь заалтуудаар Монголын Улсын Их сургуульд барааны тэмдгийн улсын бүртгэлийн 14261, 14262 дугаар олгож, уг улсын бүртгэлийн дугааруудын дагуу М...д №14261 /М... /, №14262 /MNU/ дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг тус тус олгосон байна.

3.1.4. Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй”, 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.” гэж тус тус зааснаар маргаан гарсан тохиолдолд аль түрүүлж барааны тэмдэг эзэмших мэдүүлэг гаргасан этгээд тухайн тэмдгийг ашиглах эрхтэй бөгөөд өмнө бүртгэсэн барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй тохиолдолд бүртгэл хийхгүй.

3.1.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэл “М...” НҮТББ нь анх 2004 оноос эхлэн М... Ү... д... гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба Боловсролын тухай хуульд заасны дагуу их сургуульд тавигдах шаардлагуудыг хангаж, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өрийн А/454 дугаар тушаалаар М... Ү... болж нэрээ өөрчлөгдсөн байна.

3.1.6. Харин гуравдагч этгээд М... нь анх 1942 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Үндэсний их сургууль статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд М... нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU болон М...  гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 12278, 12279 дугаартай мэдүүлгийг гаргасан байна.

3.1.7. Харин нэхэмжлэгч М... НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд Оюуны өмчийн газарт хандан MNU тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU М...  тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр М...  тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр  тус тус мэдүүлгийг гаргасан байна.

3.1.8. Дээрхээс нэгтгэн үзвэл гуравдагч этгээд М... нь хуульд заасан шаардагыг хангасан буюу хамгийн анх уг нэршлээр барааны тэмдэг  MNU болон М...  гэсэн үгэн тэмдэгтүүдэд барааны тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэг гаргасан ба гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу хариуцагч байгууллагаас зохих шийдвэр гаргасан үйлдэл буюу маргаан бүхий бүртгэл нь мэдүүлэг гаргагчийн хүсэлтэд зохих журмын дагуу ажиллагаа хийж бүртгэл хийсэн нь хуульд заасан үүргээ биелүүлсэн үйлдэл тул аливаа бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй.

3.1.9. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс “… хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаах зорилготой байвал бүртгэхгүй гэх заалт байсаар байтал Оюуны өмчийн газар зөвхөн нэг талыг барьж М...д олгосон …” захиргааны акт нь илт хууль бус хэмээн тайлбарлаж байгаа ба харин гуравдагч этгээдийн зүгээс “…Манай сургууль нь М... гэсэн үгийн англи, монгол хэлээр, мөн англи, монгол үгийн товчилсон хувилбар оролцуулаад нийт 17 төрлийн үгэн болон дүрсэн барааны тэмдгийн хууль ёсны өмчлөгчөөр Оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж хамгаалуулсан. Эдгээр барааны тэмдэг нь Монгол Улс дахь сургалтын болон шинжлэх ухааны салбарт адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагаас өөрийн ажил үйлчилгээг ялгах, Монгол Улсын Их Сургуулийг илэрхийлэх, тодотгох зорилготой бөгөөд 1942 оноос эхлэн энэ нэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж олонд танигдсан тэмдэглэгээ…” хэмээн тайлбарлаж байна.

3.1.10. Энэ тохиолдолд Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаал нь М... Ү... байсаар байтал /М... / болон /MNU/  гурван үсгэн тэмдэгтийг ашиглах эрхийг гуравдагч этгээдэд олгосон нь "Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ыг зөрчөөгүй гэж үзэх ба тус нэрийн англи хэлний орчуулга бүхий /М... / болон /MNU/  гурван үсгэн тэмдэгт нь 1942 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж нийтэд хүртээл болсон М... У...-ийн нэрийг илэрхийлэх агуулгатай байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

3.1.11. Мөн тухайн оюуны өмчийн эрхийн хамгаалалтаар бүртгүүлсэн этгээд тухайн нэр, барааны тэмдэгийг ашиглах эрх нь өөрт хадгалагдах бөгөөд гуравдагч этгээд нь маргаан бүхий нэршил, тэмдэглэгээг огт ашиглаж байгаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

3.2. “Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын М...д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай МNU барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай М...  барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.2.1. Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай 116 дугаар тушаалын хавсралтын 125, 126 дахь заалтуудаар Монголын Улсын Их сургуульд барааны тэмдгийн улсын бүртгэлийн 14261, 14262 дугаар олгосон нь 10 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдээс хүсэлт гаргасны дагуу Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай А/190 дүгээр тушаалын хавсралтын 12 дугаар хуудасны 2 дугаар мөрөнд MNU, 9 дүгээр мөрөнд М...  барааны тэмдэгтүүдийг бүртгэж, 40-0022628, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнүүдийг М...д тус тус олгосон байна.

3.2.2. Өмнө дүгнэсэнчлэн MNU болон М...  гэсэн үгэн тэмдэгтүүдэд барааны тэмдэгтэд эрхийн хамгаалалтыг гуравдагч этгээд М...д олгосон нь захиргааны актын илт хууль бус шинжийг агуулаагүй ба харин энэхүү шаардлагаар тодорхойлсон хууль бус эсэхийг дүгнэвэл мөн гуравдагч этгээд нь хамгийн анх тухайн тэмдэгтүүдийг хамгаалуулахаар мэдүүлэг гаргасан ба уг эрхийн дагуу дахин бүртгүүлсэн нь Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хууль болон "Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

3.2.3. Хэдийгээр нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд нэршлийн маргаан үүссэн байхад бүртгэсэн хэмээн тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр хариуцагч байгууллага шийдвэр гаргахгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М...” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА