Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01450

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д” ТӨХК-д холбогдох,

6.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Эм” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Д ТӨХК-тай 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хөлсөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнэ 9.900.000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөгийг 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн дансаар хүлээн авсан. Ингээд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж гүйцэтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үнэлгээний хурлаар батлуулж, Д ТӨХК-ний гүйцэтгэх захирал /тухайн үед байсан/ С.Чинбатад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн.  Гэвч компанийн захирал  М.Сэргэлэнбаатар  2014 оны 01 дүгээр  сарын  06-аас 2015  оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл гэмт хэргийн улмаас хорих 421 дүгээр ангид ял эдэлсэн. Гарч ирээд  гэрээний үлдэгдэл  төлбөр 6.900.000 төгрөг  төлөгдөөгүй болохыг мэдсэн. 2016 оны 09 дүгээр сараас хойш үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн боловч удахгүй өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд  6.900.000 төгрөгийг Д ТӨХК-иас гаргуулж  өгнө үү гэжээ.                                      

Хариуцагч “Дулааны шарын гол” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан тогтоосон хугацааны турш биелүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед Д ТӨХК-ний захирал Чинбат нь 2013 онд хоёр талын гэрээг цуцалж, гэрээний үүргийн дагуу 6.000.000 төгрөг шилжүүлсэн тухай албан ёсоор мэдэгдэхэд тус компани нь эргэн хариу мэдэгдээгүй байх тул хоёр компани хооронд үүргийн гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, ямар нэгэн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. М.Сэргэлэнбаатар нь би ял эдэлж байсан тул нэхэмжлэл гаргаж чадаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаантай гэж хэтрүүлсэн гэж байгаа боловч ял эдэлсэн асуудал хүндэтгэх шалтгаанд орохгүй бөгөөд компанид нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байхад тухайн үедээ шүүхэд нэхэмжлэл гараагүй, компаниас хөлс нэхэмжлээгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Д ТӨХК-иас 6.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эм ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 125.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эм ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Эм ХХК-ийн Д ТӨХК-иас 6.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Д ТӨХК улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан Уул аймгийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 05.14-ний 52 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Талуудын хооронд хийгдсэн гэрээний талууд болон, үнийн талаар, мөн хийж гүйцэтгэсэн ажлын талаар нэхэмжлэгч; хариуцагч нарын хэн хэн нь ямар нэгэн маргаан үүсгээгүй. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг шүүх хуралдааны явцад нэг бүрчлэн хэлэлцэж, хоног хугацааг календараар тоолж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн уямаас хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 1 сарын 06-наас 2015 оны 11 сарын 06 хүртэл нэг жил арван сар хоригдсон. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байсаар байтал Давж заалдах шатны шүүх яагаад хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй гэж үзсэнийг ойлгохгүй байна. М.Баярбаатарыг 2016.09.28-нд захирлаар томилсон нь хөөн хэлэлцэх хугацаанд огт хамааралгүй. Ж.Гүрбазарыг захирлаар томилсон гэх боловч нэхэмжлэгчийг ял эдэлж байх хугацаанд банк болон бусад байгууллагуудтай ямар нэгэн харилцаанд ороогүй. Учир нь Банкны баталгаат гарын үсгийн өөрчлөлтийн талаар банкны байгууллага Улсын бүртгэлийн гэрчилгээний өөрчлөлтийн талаар УБГ-т хандаагүй, мэдүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгч М.Сэргэлэнбаатараас өөр хүн банкны хуулга авах ямар ч боломжгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах, гэрээ хэлцэл хийх эрх үүсээгүй учраас гэрээний үүрэг хэрхэн биелэгдсэн талаар мэдэх ямар ч бололцоо байхгүй байсан. Гэтэл албан тушаалтнууд хуйвалдаж, төрийн мөнгийг хууль бусаар /Баярмагнай гэгчид 3.000.000 төгрөгийг касснаасаа бэлнээр гаргаж өгсөн нь манай компанид огт хамааралгүй хүнд/ гаргаж өгсөн. Жирийн иргэний хоёр жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг /500 гаруй хуудас бүхий байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан/ үгүйсгэж байгааг давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан мэтээр /1 жил 5 сар орчмын хугацаа дутуу байхад/ тайлбарлан дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд Дархан Уул аймгийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.14-ний 52 тоот магадлалыг хүчингүй болгож, Дархан Уул аймаг дахь Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.29-ний 360 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  “Эм” ХХК нь хариуцагч  “Д” ТӨХК-с  6.900.000 төгрөг  нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ ажлын хөлсний үлдэгдэл гэжээ.  Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ажлын хөлсөнд 6.000.000 төгрөг төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Зохигчийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2011/15 тоот Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, Эм ХХК  байгаль орчны нарийвчилсан үнэлгээ  хийх, Д ТӨХК нь ажлын хөлс  9.900.000 төгрөг төлөхөөр тохиролцож,  урьдчилгаа 3.000.000 төгрөг  төлжээ /хэргийн 44, 46 дугаар тал/.

Гэрээний агуулгаас үзвэл  талууд  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин ажил гүйцэтгэгч  ажлын хөлсийг төлсөн эсэх, нэхэмжлэл  гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар талууд маргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар  гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч  гэрээгээр хүлээсэн  үүргээ биелүүлж, ажлын үр дүнг хүлээлгэн өгснийг хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авсан байна.  

Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх “...2013 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүртэл хугацаанд Эм Эс энд  Эм Ди ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Ж.Гүрбазар, М.Баярбаатар нар байсан тул  хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэхгүй” гэсэн үндэслэлийг магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.

Эм ХХК нь гадаад худалдаа эрхлэх зорилгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоог 1 гэж тэмдэглэсэн ба М.Баярбаатарыг  захирлаар томилсныг 2016 оны 9 дүгээр сарын  28-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ /хэргийн 6 дугаар тал/.

Гэрээг Эм ХХК-ийн захирал М.Сэргэлэнбаатар байгуулсныг хариуцагч  үгүйсгээгүй  бөгөөд  тэрээр 2014 оны  01 дүгээр сарын 06-ны  өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хорих ял эдэлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2018 оны 30 дугаар албан бичигт дурджээ.                Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын  өмнөх  зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно”, 78.3-т  “хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана” гэж заасан.

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил боловч Эм ХХК-г төлөөлөх эрх бүхий этгээд хорих ял  эдэлж байх хугацаанд компанийг төлөөлөх өөр этгээд байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан, компанийн захирал М.Сэргэлэнбаатарын хорих ял биеэр эдэлсэн хугацааг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлд хамааруулан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэнийг  буруутгах боломжгүй. 

Түүнчлэн хариуцагч нь ажлын хөлснөөс 3.000.000 төгрөгийг Ж.Баярмагнайд бэлнээр өгсөн талаар тайлбар гаргаж  буй  боловч энэ нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолж чадаагүй байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг  хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 125.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ