Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,

Шүүгдэгч:  Ц.Л , түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,/ Регистрийн дугаар:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Л  нь согтуурсан үедээ 2021 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 4 дүгээр гудамжны 7 тоот хашааны үүдэнд эхнэр Ё.Т ын толгойн тус газар нь гар утсаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Ё.Т ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч Ц.Л ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Баян-Овоо сумын нутагт байрлах Цагаан цахир дээр ажиллаж байгаад эхнэр *******ыг дуудаад эхнэр *******ын хамт аймгийн төв орсон юмаа. Гэртээ ирээд би эхнэр *******тай маргалдаад би толгойг нь гар утсаараа цохиод хагалчихсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л  мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

 3. Хохирогч Ё.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байсан чинь манай нөхөр ******* над руу залгаад Баян-Овоо сумын нутагт байрлах Цагаан цахир гэх газраас ирээд ав гэж дуудаад би очиж авсан юмаа. Тэгээд нөхрийн ажлаас Баянхонгор сумын 3 дугаар баг 3-4-7 тоотод байх гэртээ ирээд манай нөхөр ******* нь гэртээ ирчхээд хувцсаа сольж өмсөөд гэрээсээ гараад явсан тэгээд орой гэртээ ирэхдээ архи уучихсан ирсэн. Гэртээ ирчхээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би гэрээс гараад нөхрөөс зугтааж байсан чинь манай нөхөр ******* нь миний араас гарч ирээд намайг хашааны гадаа түлхэж унагаагаад миний толгой руу өөрийнхөө барьдаг гар утсаар цохичихсон юм аа. Манай нөхөр ******* нь миний дух руу утсаараа нэг л удаа цохисон... гэх мэдүүлэг/хх-ийн 13-17 /,

  4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний орой 17 цагийн орчим ******* гэх айлын гадаа ирээд зогссон чинь хашаанаасаа *******, *******, хүүхэд ******* 3 гарч ирж байгаа харагдсан би тэгээд машинаа унтраагаад машиныхаа урд хайрцгаас тамхи аваад буух гэж байтал ******* нь *******ын түлхэж унагаагаад толгой руу нь гар утсаараа цохиж байгаа харагдсан. Би очоод шууд салгасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 /,

 5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай шинжээчийн:

 1. Ё.Т ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.... гэх дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын  шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Л нь  2021 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 4 дүгээр гудамжны 7 тоот хашааны үүдэнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Ё.Т ыг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ё.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,  гэрч *******ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 113 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Л ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Л ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ё.Т  нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Л  нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн Самсунг Жи-4 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Л ид буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Л  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Ц.Л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Ц.Л дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Л ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Л  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Ц.Л  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг Жи-4 маркийн гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Л ид хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Л ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Л ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ