| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/083 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Хохирогч: Д.Г ,
Шүүгдэгч: Л.Б , түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б д холбогдох эрүүгийн 2114000000040 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. / Регистрийн дугаар ******* /,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 03 тоот хашаанд Д.Г ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Д.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Б ы мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2021 оны 01 сарын 19-ний өдөр Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14-02 тоот гэртээ ганц шил архи ганцаараа ууж хажуу хамар хашаанд орсон. Тэрний дараа Баянхонгор сумын 3 дугаар баг 14-03 тоотод байх хүргэн ах Д.Г ийн хашаанд ороход мужааны багаж дээр юм хийж байсан би Д.Г т хандаж танаас болж гэр бүлийн хэрүүл болж байна шүү, миний эгчийг боолчилж байгаа талаар хэлсэн. ******* тэр үед уурласан би эргэж явах гэхэд модоор миний баруун хавирга орчим цохисон. Намайг цохисон модыг булааж авахад ******* мужааны төхөөрөмжийн урд зогссон. Энэ үед би тэр модоор гуя орчимд нь цохисон тэгтэл надаас зугтааж төхөөрөмжийн ард очиж газар унасан би алаад хаячихъя гэж хэлээд араас очиж модоор цохих гэж далай зогссон тэр үед эгч ******* миний араас тэвэрч авч би больсон ийм л зүйл болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 /,
2. Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Үндсэн хуульд заасан эрхийн дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3.Хохирогч Д.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 01-р сарын 19-ны өдөр Баянхонгор сум 3-р баг 14-03 тоот хашаандаа байх ажлын баг дээрээ модоор юм хийж байхад хашаанд ******* согтуу орж ирсэн. Тэгээд чи муу новш энэ хашаанаас зайл гэж намайг заамдаж авч газар унагааж өшиглөсөн энэ үед би биеэ хамгаалж хөлөөрөө жийсэн гэтэл ******* приус мод авч намайг цохисон нуруу орчимд 3 удаа, зүүн талын шилбэнд 3 удаа мөн толгойгоо хамгаалж гараараа хаахад гарт нийлээд олон удаа цохиулсан тэр хэсэгт өвдөж байна. Тухайн үед *******ы төрсөн эгч дүү хоёр хамт байсан намайг зодож байхад зогсоох байх гэж бодсон боловч тэгээгүй эмэгтэй хүмүүс айсан байх тэгээд би цагдаад өөрөө дуудлага өгч өөрөө эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хэд хоногийн өмнө хашааны үүдэн дээр угаадас асгасан юм тэрийг боль битгий тэгж бай гэж хэлсэн. Тэрний дараа архи ууж угаадас ярьж намайг цохиж байсан би тухайн үед юм хэлээгүй дуугүй байсан тэрнээс болж намайг зодсон гэж бодож байна. Нэлээд их согтуу байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 19-21/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ: Хохирогч *******: Би *******ы хүргэн ах нь байгаа юм. Өмнө нь нэг өглөө эхнэрээ зодоод тэгээд манайд орж ирээд намайг заамдаж аваад гадаа гаргаад унагаж байгаад боосон. Эхнэр нь 3 хоног Баян-Овоо сумын эмнэлэгт хэвтсэн. Тэр хугацаанд нь архи уугаад манайд ирсэн. Ажлын байран дээрээ байхад намайг тэнд байсан модоор болон гараараа зодсон. Би толгойгоо л хамгаалсан. Эгч дүү хоёр нь хажууд нь байсан боловч салгаагүй. Сүүлд цагаан сараар би гадаа зогсож байхад манайд ирсэн. Тэгээд золгочихоод явахдаа “ би чиний хөлийг хугалаагүй шүү хэрвээ ял аваад явбал гарч ирээд чамайг ална” гэж хэлсэн. Би 60 нас гарч явна хорхойд хоргүй амьдарч ирсэн. Шөнө унтаж чадахгүй байгаа. Өглөө эрт босоод 16 цаг суугаад ажилладаг байсан боловч одоо тэгж чадахаа байсан. Чөмөг их өвддөг, ханиалгахаар хавирга хэсэгт орж гараад байгаа. Нүднээс нулимс их гоождог байсан одоо гаагүй болсон. Өвчин намдаах эм их хэрэглэж байгаа. Баримтаар гаргаж өгөөгүй боловч нэхэмжлэх зүйл их байгаа гэв.5.
5.Гэрч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 01 дугаар сарын 19-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багийн 14-03 тоот хашаанд нөхөр Д.Г ийн хамт модоор юм хийж байхад манай дүү ******* 15 цагийн орчимд согтуу орж ирсэн. Би тухайн үед их айж мужааны багажийг унтраасан дүү манай хүн болох Д.Г ийг барьж авсан. Д.Г доор орчихсон дүү дээр нь гарчихсан нэг модоор цохиж байгаа харагдсан тэрийг сайн санаж байна. Тухайн үед их айсандаа элий балай болсон зарим нэг зүйлийн талаар тодорхой сайн санахгүй байсан. Сүүлд нөхөр, дүү хоёр тайвширсан хойно дүүгээсээ тэр цохисон модыг авсан тэгтэл удалгүй цагдаа болон эмнэлгийн машин ирж нөхөр, дүү хоёрыг авч явсан ийм зүйл болсон. Нөхөр бид хоёрыг ажлаа хийж байхад ******* нэлээд согтуу орж ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн:
1. Д.Г ийн биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн сарвуунд шарх, цээж, зүүн өгзөг, гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 03 тоот хашаанд иргэн Д.Г ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, гэрч Л.*******гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 63 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Д.Г нь эмчилгээний зардал нэхэмжлэх боловч нотлох баримтаа бүрдүүлээгүй иргэний журмаар нэхэмжлэх талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Б ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогч Д.Г нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Л.Б ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Л.Б д буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар рентген зураг 1 ширхэг, карт 1 хавтас 10 хуудас, мод 1 ширхэг зэргийг хураан авсан бөгөөд мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, харин рентген зураг 1 ширхэг, карт 1 хавтас 10 хуудас зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Л.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Л.Б найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Г ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар мод 1 ширхгийг хураасан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэг, карт 1 хавтас 10 хуудас зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Б ы эзэмшлийн авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Б д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ