Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.О-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м2 газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, ОАЗД-ын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”;

ОАУБХ-т холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын П.Ц-ийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага;

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”;

ОАУБХ-т холбогдуулан гаргасан “Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0019/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Д.Б, ОАУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие иргэн Ц.Б-ийн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан манай өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээс гардаж авч уг нэхэмжлэлийг уншаад туйлын их гайхаж байна. Ц.Б нь манай газрыг ээж П.Ц-гээсээ өвлөж авсан өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн гэж нэхэмжлэлдээ тайлбарласан байдаг.

Гэтэл манай гэр бүлийн амьдарч байгаа газрыг П.Ц хэзээ хэрхэн өмчилж авч, яаж өв залгамжлал үүссэнийг огт ойлгохгүй байна. Шүүхээс дээрх газрыг П.Ц-д өмчлүүлсэн эсэх тухай шийдвэр байгаа эсэх, байгаа бол нотлох баримтаар гаргаж өгөхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хүссэнээр аймгийн Засаг даргын дээрх захирамжийг шүүхэд ирүүлснээр П.Ц уг газрыг өмчилж авсан болохыг ойлголоо. Гэтэл Д.О миний бие Эрдэнэтийн ДЦСтанцад 1989 оноос эхлэн 2015 он хүртэл үйлчлэгчээр нийт 25 жил ажиллаж ийнхүү ажиллаж байх хугацаандаа 1990 онд ДЦСтанцын ажилчдын байранд орж одоог хүртэл тус байрандаа амьдарсаар ирсэн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг.

Уг байр маань 3 өрөөтэй нэг жижиг өрөөнд маань П.Ц амьдарч байгаад өмч хувьчлал явагдах үед манайд уг байрыг хувьчилж харин П.Ц-гийн байр орон сууцны асуудлыг тусад нь шийдэхээр манай байрнаас гаргаж байсан. Харин манайх орон сууцаа хувьчилж авсан. ДЦС-ын байруудын газрыг зөвхөн тухайн орон сууц өмчилж авсан айлуудад л олгож байсан болно. Ийм учраас л бид нэгэнт байраа хувьчилж авч амьдарч байсан учраас газраа өмчилж авах асуудалд нэг их яараагүй. Ингээд 2012 онд газраа өмчилж авсан. Гэтэл манай газрыг П.Ц-д өмчилсөн байгаа нь бидний газар өмчлөх хууль ёсны эрхийг хязгаарласан байх тул ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-ын 03 тоот 486 м.кв газар олгосон гэх хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...ОАЗД миний амьдарч байсан газрыг надад болон манай гэр бүлийнхэнд мэдэгдэлгүйгээр 1997 онд П.Ц-д газар ашиглуулах, улмаар цаашид өмчлүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. Үүнийг би энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Ийнхүү Засаг даргын П.Ц-д газар ашиглуулах, газар өмчлүүлэхээр явуулсан үйл ажиллагаанууд нь хууль зөрчсөн миний газар өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болжээ.

Мөн Улсын бүртгэлийн байгууллагын П.Ц болон Ц.Б нарын газар өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл нь дээрхи Засаг даргын хууль бус ажиллагаа, шийдвэрүүдийг үндэслэн хийгдсэн, иргэн миний газар өмчлөх хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан хууль бус бүртгэл болсон байна. Иймд миний бие ОАЗД-ын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын П.Ц-гийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.О нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад 1989 оноос эхлэн 2015 он хүртэл үйлчлэгчээр нийт 25 жил ажиллаж байх хугацаандаа 1990 онд Дулааны цахилгаан станцын ажилчдын байранд орж улмаар тус байраа орон сууц хувьчлалаар өмчлөн авч одоог хүртэл нийт 28 жил тус байрандаа амьдарсаар ирсэн. Д.О нь одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. Д.О нь Баянцагаан багийн ДЦС-ийн 03 тоот байрыг 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дулааны цахилгаан станцаас олгосон Орон сууц ашиглалтын гэрээгээр эзэмшиж эхэлсэн байна. Энэхүү байр нь 3 өрөө байр байсан. Энэ 3 өрөө байрны 1 жижиг өрөөнд нь П.Ц хүүгийн хамт, нөгөө 2 том өрөөнд нь Д.О ээж болон 3 хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Ингээд амьдарч байгаад П.Ц нь хүүгийн хамт 1990 оны сүүл үеэс тус байрнаас гарч өөр газар амьдрах болсон. 2003 онд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаар тушаалаар Д.О-ийн эзэмшиж байсан орон сууцыг байгууллагын эзэмшлээс Д.О-ийн эзэмшилд бүр мөсөн шилжүүлж, улмаар уг орон сууцуудыг хувьчлуулах асуудлыг шийдвэрлэж, тус компанийн захирлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/410 дугаар албан бичгээр ОАЗД-д дээрх орон сууцуудыг хувьчилж өгөхийг хүссэн. Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Дулааны цахилгаан станцын гэх 45 айлын орон сууцыг хувьчилснаас Дулааны цахилгаан станцын 03 тоот 23 м2 орон сууцыг Д.О-т хувьчилж, Д.О, Догоо, О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр нарт Орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгосон байдаг. Ийнхүү Д.О нь төрөөс хувьчилсан Дулааны цахилгаан станцын 03 тоот 23 м2 3 өрөө орон сууцаа хууль ёсны дагуу энэ өдрөөс эхлэн өмчилж эхэлсэн. Д.О нар нь орон сууц өмчлөх эрхээ 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2011 оны 06 сарын 13-ны өдөр тус орон сууцны хамтран өмчлөгч Догоо нь нас барсан тул түүний өмчлөх хэсгийг зээ охин О.Мөнхжаргалд өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгдсөн тул тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Д.О, О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр нарын нэр дээр шинэчлэгдэж гарсан. Одоо энэ орон сууцыг Д.О, О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр нар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000193386 дугаартай гэрчилгээний дагуу хууль ёсоор өмчилж, тэндээ амьдарч байна.

Газрын тухайд Д.О-ийн амьдарч байсан орон сууц бүхий газар нь анх байгууллагын мэдлийн орон сууцны газар байсан. Д.О газраа орон сууцны хамт хууль ёсоор эзэмшиж байгаад орон сууцаа өмчилж авсны дараа 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газрыг өмчилж авахаар холбогдох байгууллагад өргөдөл хүсэлтээ гаргаснаар ОАЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжаар Баянцагаан баг, Дулааны цахилгаан станцын 03 тоот 398 м2 газрыг түүнд өмчлүүлсэн. Дараа нь Д.О нь 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр уг өмчилж авсан газраа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг улсын бүртгэл мөн өдөр бүртгэж баталгаажуулж Д.О-т газар өмчлөх эрхийг улсын буртгэлийн Г-2101010608 дугаарт бүртгэж, 000130189 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Д.О-ийн орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн үйл ажиллагаа, газар өмчлүүлсэн Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдлүүд нь хууль тогтоомжийн дагуу явагдсан, хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй гэж үзэхээр байна.

Д.Ц-д газар ашиглуулсан байдлыг авч үзвэл: П.Ц-д газар ашиглуулсан, өмчлүүлсэн гэх Засаг даргын үйлдэл нь илт хууль бус гэж үзэж байна. ОАЗД 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс иргэний газар ашиглуулах гэрээ, газар ашиглах гэрчилгээгээр иргэн П.Ц-д Баянцагаан баг, Дулааны цахилгаан станцын 3 тоот газрыг ашиглуулсан байдаг. 3асаг дарга нь ийнхүү газрыг ашиглуулахдаа 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн. Тухайн үед аймгийн Засаг дарга 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэхээр байх юм бол аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргадаг байсан. Эсхүл мөн хуулийн 22.5-д зааснаар тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулахаар шийдвэр гаргадаг байсан. Газар ашиглуулахдаа мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 30, 31 дүгээр зүйлүүдийг баримтлах байсан. Гэтэл аймгийн Засаг дарга нь иргэн П.Ц-д газар ашиглуулахдаа хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. Тухайлбал П.Ц-д ашиглуулсан газар нь Газрын тухай хуулийн 22.4-д заасан аж ахуйн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх газар биш байсан. Мөн хуулийн 22.5-д заасан тусгай хэрэгцээний газар бас биш байсан. Энэхүү газар нь тухайн үед Дулааны цахилгаан станцын ажилчдын орон сууцанд зориулагдсан, Дулааны цахилгаан станцын зүгээс тухайн орон сууцанд зориулж байгуулсан шугам сүлжээ бүхий байгууллагын эзэмшилд байсан газар байсан. Гэтэл иргэн П.Ц-д тус газрыг ашиглуулахаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь бодит байдалд үл нийцсэн, хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын санал шийдвэрийг огт аваагүй. Ингэснээр Газрын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан тухайн газрыг ашиглах, эзэмших талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулаагүй, ашиглуулж болох эсэх тухай асуудлыг нягтлаагүй байна. Иймээс хүний амьдарч байгаа орон сууц бүхий байгууллагын мэдлийн орон сууцны газрыг бусдад ашиглуулсан гэрээ гэрчилгээ гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Уг нь газар ашиглуулах гэрээ, гэрчилгээндээ Баян-Өндөр сумын Засаг даргын 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот шийдвэрийг үндэслэсэн гэсэн байдаг. Гэвч энэ шийдвэр огт гараагүй байдаг. Иймээс энэ газар ашиглуулсан гэх үйлдлүүд нь бүгд хууль зөрчсөн үйлдэл байгаа учраас аймгийн Засаг даргын иргэн П.Ц-д газар ашиглуулсан үйлдлийг илт хууль бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

П.Ц-д газар өмчлүүлсэн байдлыг авч үзвэл: Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын байрны 03 тоот газрыг шинээр анх удаа өмчилж авах өргөдлийг иргэн Г.Гансүх гэдэг хүн П.Ц-гийн нэр дээр 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Тэгэхээр энэ үед П.Ц өөрөө өргөдлөө гаргаагүй, газар өмчлөх хүсэл зориг П.Ц-д тухайн үед байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Энэ өргөдөлд дээр дурдсан аймгийн Засаг даргын 1997 оны иргэний газар ашиглуулах гэрээ, газар ашиглах гэрчилгээний хуулбар, П.Ц-гийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхийн хуулбар, Уртбулаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, П.Ц-г Дулааны цахилгаан станцын 03 тоотод суудаг нь үнэн гэсэн Баянцагаан багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг хавсаргасан байдаг. Ингээд аймгийн Засаг даргын 2009 оны 06 сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжаар П.Ц-д Баянцагаан баг, Дулааны цахилгаан станц 3 тоот 486 м2 газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Засаг даргын газрыг өмчлүүлсэн гэх энэ үйлдлийг мөн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл байна гэж үзэж байна. Учир нь Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д зааснаар иргэний газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг хүлээн аваад 3 сарын дотор хянан шийдвэрлэх ёстой. Харин иргэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т зааснаар өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй. Засаг дарга дээрх хуулийн заалтуудын дагуу иргэний бүрдүүлсэн баримт бичгүүдийн үнэн зөв эсэхийг шалгаагүй, хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл П.Ц-гийн газар өмчлөхөөр хүссэн өргөдөл болон өргөдөлд хавсаргасан баримтууд нь бүгд хоорондоо зөрүүтэй, хугацаа дууссан, хүчин төгөлдөр бус, бодит байдалд үл нийцсэн, хууль бус нотлох баримтууд байхад Засаг даргаас нягталж үзэлгүйгээр газар өмчлөх шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл болсон. П.Ц-гийн өргөдлийг аваад үзвэл энэ өргөдөл нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар баталсан анх удаа, шинээр газар өмчилж авахыг хүссэн иргэний өргөдөл байсан. Засаг дарга анх удаа шинээр газар өмчилж авах эрхтэй иргэн мөн эсэхийг нягталж шалгах ёстой. Гэтэл шалгаагүй. Яагаад гэвэл П.Ц нь Баянцагаан багийн 1-04 тоотод 962 м2 газрыг 1996 оны газар ашиглах гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаад 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаар захирамжаар үнэ төлбөргүйгээр гэр бүлийн гишүүдийн хамт өмчлөөд авчихсан байсан. Өөрөөр хэлбэл 2004 онд газар үнэ төлбөргүй өмчлөөд авчихсан, энэ өмчилсөн байдал нь хүчин төгөлдөр хэвээр, газраа үнэ төлбөргүй өмчилж авах эрхээ эдэлчихсэн байсан гэж үзэх үндэслэлтэй. Тэгэхээр энд П.Ц-д газар үнэ төлбөргүй өмчлүүлэх давхар өмчлөл явуулсан байна гэж үзэх боломжтой. Үүнээс гадна Засаг дарга бас хэд хэдэн зүйлийг мөн шалган нягтлах ёстой байсан. Тухайлбал П.Ц газар өмчилж авахыг хүссэн өргөдөлдөө Баянцагаан баг, Дулааны цахилгаан станцын байр 03 тоот газрыг ашиглах гэрээ, гэрчилгээнийхээ хуулбарыг хавсаргасан байдаг. Засаг дарга П.Ц-г газар өмчилж авах иргэн мөн эсэх, эзэмшиж ашиглаагүй ч ер нь тухайн газрыг өмчилж авах эрхтэй этгээд мөн эсэхийг шалгах ёстой байсан. Гэтэл мөн энэ байдлыг шалгаж нягтлаагүй. Яагаад гэхээр П.Ц-гийн газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа 2002 онд дуусчихсан байсан. Сунгасан ямар нэг баримт бичиг байгаагүй. Тэгэхээр П.Ц эзэмшиж ашиглаж байсан газраа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй иргэн биш байсан. Үүнийг судалж тогтоогоогүй. Мөн өргөдөл нь Баянцагаан баг, Дулааны цахилгаан станцын байр 03 тоот газрыг өмчлөх хүсэлт байсан учраас Дулааны цахилгаан станцын ажилчдын орон сууцны өмчлөгч мөн эсэх, эсвэл ядаж тухайн байранд П.Ц амьдарч байна уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой. Гэтэл мөн л энэ байдлыг шалгаж тогтоогоогүй. Баянцагаан баг, Дулааны цахилгаан станцын 3-45 хүртэлх бүх орон сууцыг тухайн үед аймгийн Засаг дарга буюу Орон сууц хувьчлах товчооноос тухайн айлуудад нь өмчлөөд өгчихсөн. Харин газрыг тухайн айлуудад нь өмчлүүлэх үйл ажиллагаанууд явагдаж байсан. Гэтэл П.Ц энэ өргөдлийг гаргах үедээ Дулааны цахилгаан станц 03 тоотод огт амьдарч байгаагүй, 1990 оны сүүл үеэс тухайн байрнаас гарчихсан байсан гэдэг. Амьдарч байгаагүй гэдэг нь Уртбулаг багийн Засаг даргын хийж өгсөн ам бүлийн тодорхойлолтоор тогтоогдож байдаг. Энэ тодорхойлолтод П.Ц-г Баянцагаан багийн биш, Уртбулаг багийн 5-24-67 тоотод Г.Гансүхийн хамт амьдардаг гэсэн байдаг. Мөн үеийн иргэний бичиг баримтаар ч гэсэн тус байранд амьдарч байгаагүй нь нотлогддог. Гэтэл П.Ц-гийн тухайд Баянцагаан багийн 1-04 тоотод 962 м2 газар, Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын байр 03 тоот 304 м2 газар гэсэн 2 газрыг бодит байдал дээр хуулийн дагуу ашиглах эрхгүй ч гэсэн ашиглах эрхийн гэрээ гэрчилгээ гаргуулж чадсан байна. Тэгээд хоёулангийнх нь ашиглах эрхийн хугацаа дууссан ч гэсэн өмчлөх хүсэлт гаргаж нэгийг нь 2004 онд, нөгөөг нь 2009 онд өмчилж авсан байдал харагдаж байна. 2009 онд П.Ц-д газар өмчлүүлсэн гэх үйлдэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн илт хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байгаа гэж үзэж ОАЗД-ын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Баянцагаан баг, Дулааны цахилгаан станц 03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, Засаг даргын 2009 оны 206 дугаар захирамжийн П.Ц-д газар өмчлүүлсэн гэх хэсгийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Улсын бүртгэлийн тухайд П.Ц нь дээрх хууль бусаар өмчилсөн газрынхаа өмчлөх эрхийг 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, иргэн Ганбаатарын хамт өмчлөхөөр өмчлөх эрхээ бүртгүүлэх өргөдөл, мэдүүлгээ ОАУБХ-т гаргасан боловч мэдүүлэг дээр хэн ч гарын үсэг зураагүй байдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр П.Ц нь мөн л өөрөө газар өмчлөх эрхээ бүртгүүлэх чин хүсэл зориг байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Ингээд Улсын бүртгэлийн хэлтсээс газар өмчлөх эрхийг ганц П.Ц-гийн нэр дээр улсын бүртгэлийн Г-21017306 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 00088900 дугаарын гэрчилгээ олгосон байдаг. П.Ц 2014 онд нас барсан тул түүний хүү Ц.Б өмчлөх эрхийг өвлөн авсан. Улсын бүртгэлийн хэлтэс Ц.Б-ийн өмчлөх эрхийг гэрчилгээ болон мэдүүлгийг үндэслэн П.Ц-гийн өмчлөлд байсан газар өмчлөх эрхийг Ц.Бд шилжүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000482357 дугаарын гэрчилгээг олгосон. Улсын бүртгэлийн байгууллагын хийсэн эдгээр бүртгэлд алдаа байсан гэж үзэж байгаа. П.Ц тухайн газрыг өмчлөх эрхээ бүртгүүлэх хүсэл зориг байгаа эсэх нь тодорхойгүй байхад бүртгэл хийсэн байдаг. Хэрвээ өмчлөх эрхээ бүртгүүлэх хүсэл зоригоо илэрхийлж мэдүүлгийг гаргасан гэж үзвэл мэдүүлэгт 2 хүн өмчилж авах мэдүүлэг гаргасан байхад нэг хүний өмчлөлд бүртгэсэн ноцтой алдаа байдаг. Хэрвээ 2 хүний бүртгэлд бүртгэх ёстой байсан гэж үзвэл өв залгамжлалын асуудал, өвлөх эрхийн бүртгэл мөн асуудалтай болж ирнэ. Гэхдээ нэхэмжлэгч Д.О-ийн тухайд алдаануудыг чухалчилж бүртгэлийг хүчингүй болгуулах гэхээсээ тухайн газрыг өмчилж авсан буюу П.Ц-д өмчлүүлсэн аймгийн Засаг даргын үйлдэл бүхэлдээ хууль бус учраас хууль бус актыг үндэслэн хийсэн бүртгэл өөрөө Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн байдал алдагдаж байгаа учраас хүчингүй байна гэж үзэж байгаа. Иймээс ОАУБХ-ийн П.Ц-гийн 2009 онд газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Ц.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож Ц.Б-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Орон сууцны тухайд: Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу Орон сууц хувьчлах товчооноос магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлан итгэмжлэл хийгээд, тухайн орон сууцыг хувьчилж болох үл хөдлөх хөрөнгө мөн эсэхийг нягталж хувьчлах үйл ажиллагаа явуулаад хувьчилсан, хувьчлаад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийм шийдвэрийг гаргасан байхад өнөөдөр бид нар үүнийг үл хөдлөх хөрөнгө мөн эсэх дээр маргаж, үл хөдлөх эд хөрөнгө биш гэж үзэх нь зохисгүй юм. Тухайн үед энэ орон сууцыг түр орон сууц гэдэг байдлаар хандаж байсныг хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэхээр тухайн орон сууцыг 1985 оноос Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг барьж байгуулах үеэс эхлээд орос хүмүүс 4 хэсэг болгож авчраад тэнд суурилуулсан байдаг юм байна лээ. Гэтэл дулааны шугам сүлжээг Дулааны цахилгаан станцаас тухайн байранд зориулж хийгээд газарт нь бэхлээд тухайн орон сууцыг барьсан. Одоо тухайн орон сууцыг тэр үед зөөдөг байсан, одоо зөөе гэх юм бол зөвхөн карказ төмөр л үлдэнэ. Өөр газар зөөж тээвэрлэх ямар ч боломж байхгүй. Зөөж тээвэрлэлээ гэж бодоход тэр орон сууцыг шугам сүлжээ бүхий газар байршуулах ямар ч боломж байхгүй. Угаасаа тэр газартайгаа, шугам сүлжээтэйгээ цогц барилга байсан. Тэгж үзээд орон сууц хувьчлалын товчооноос хувьчилж гэрчилгээ олгоод улсын бүртгэлийн хэлтсээс баталгаажуулсан. Нэгэнт төрөөс үл хөдлөх эд хөрөнгө байна гээд хувьчилсан орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилээ олгосон явдал нь Улсын бүртгэлийн хэлтсийн буруу гэж үзэх үндэслэл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэхийг Улсын бүртгэлийн хэлтэс ч нотолдог газар биш, тийм үүрэг тэд нарт байхгүй” гэв.

 Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж П.Ц нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад насаараа ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Ээж П.Ц маань Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод байх зөөврийн орон сууцанд амьдарч байгаад түр хугацаагаар тэнд амьдрахаа больж өөр газар амьдрах болсон. Уг орон сууц байрлах 486 мкв газрыг ОАЗД-ын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн захирамж, 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ирсэн. Ээжийг нас барсны дараа газрыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар өмчлөх эрхийн 000482357 дугаартай гэрчилгээний үндсэн дээр миний бие өмчлөх болсон. Газар дээр байрлах зөөврийн орон сууцанд Д.О амьдарч байсан бөгөөд түүнд зөөврийн орон сууцыг авч газар чөлөөлж өгөх талаар удаа дараа мэдэгдэж уулзсан боловч газрыг сайн дураараа чөлөөлж өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ингээд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.О-т холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба тус шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2143 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар ОАУБХ, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас уг газар болон зөөврийн орон сууцтай холбоотой нотлох баримтуудыг гаргуулсан. Ийнхүү иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцах үед миний өмчлөлийн газар дээр ОАЗД болон ОАУБХ-ийн дараах илт хууль бус шийдвэр, үйл ажиллагаа явагдсан болохыг олж мэдлээ. Миний өмчлөлийн газар дээр газар өмчлөх захирамж, газрын гэрчилгээ байсан байтал Д.О-т уг газрыг өмчлүүлсэн, зөөврийн орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. ОАЗД, ОАУБХ нь газар өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг миний ээж болон надад мэдэгдэлгүйгээр явуулсан байна

... ОАЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий уг газар дээр байрлах 23 м2 зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд болон хэргийн оролцогч нарт тодорхой тайлбарлая. ОАЗД-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол тодорхой байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан шаардлагыг газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг газар дээр байрлах 23 м2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд гэж байгаа. Энэ үйлдлүүд дотор Орон сууц хувьчлах товчооноос Д.О-т 2004 онд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Энэ гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр одоогийн ОАУБХ бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Үүнээс гадна 2013 онд О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр, Д.О нарт олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарах байх гэж бодож байна. Харин Орон сууц хувьчлах товчооноос олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулъя гэдэг шаардлага гаргахгүй, өмчлөх эрхийн гэрчилгээнд улсын бүртгэл хийгээд улсын бүртгэлийн дугаар олгож байгаа Улсын бүртгэлийн үйлдлийг хүчингүй болгуулна гэсэн шаардлагыг гаргаж байгаа. Д.О-ийн зөөврийн орон сууцны өмчлөлийн асуудал дээр Ц.Б гэдэг хүн маргахгүй байгаа. Энэ зөөврийн орон сууцыг улсын бүртгэл үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэж байгаа энэ үйлдэл дээр маргаж байгаа юм гэдгийг хэлье. Д.О-ийн хувьд орон сууц хувьчлах товчооноос гэрчилгээгээ авсан. Энэ гэрчилгээг нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгээд үл хөдлөх эд хөрөнгө гэж үзсэнд нь нэхэмжлэгч Ц.Б маргаж байгаа. Яагаад маргаж байгаа вэ гэхээр тухайн орон сууцыг тухайн үеийн Эрдэнэтийн дулааны цахилгааны станцыг барих орос хүмүүсийг байлгах түр зориулалтаар барьж байгуулсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа баримтууд, гэрчийн мэдүүлэгт байдаг. Тухайн орон сууцыг 4 хуваагаад аваад явахад шинж чанараа алдахгүй, буцаагаад угсрахад байж байхаар орон сууц байгаа.

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Ц.Б-ийн эрх ашгийг хөндөхөөр шаардлага байгаа учраас тайлбар хэлье. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын эзэмшил, ашиглалтанд уг маргаан бүхий газар байсан гэж ярьж байна. Эзэмшил, ашиглалтанд байсан гэдэг байдал хавтаст хэрэгт нотлогдох ёстой байх. Хавтаст хэрэгт Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад уг газрыг эзэмшүүлсэн, ашиглуулсан Засаг даргын шийдвэр, төрийн байгуулллагын ямар нэгэн шийдвэр байхгүй. Харин 1997 онд нэхэмжлэгчийн эх П.Ц гэдэг хүнд 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр олгосон байгаа. Энэ нь ямар ойлголт вэ гэхээр газар эзэмших, ашиглах асуудал бол хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр шийдвэр, гэрчилгээний үндсэн дээр байдаг. Тэр газар дээр амьдарч байгаа хүнийг шууд газрыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх боломжгүй. Хамгийн анх 2009 онд П.Ц гэдэг хүн өмчлөх эрх олж авсан. Өмчлөх эрх олж авах үед Д.О өмчлөх эрх олж аваагүй байсан, хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байсан. Тэгэхээр анх өмчилж авсан хүний эрхийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэх байх гэж бодож байна. Газар ашиглаж байсан хүнийх нь хувьд аймгийн Засаг дарга П.Ц-д давуу байдлаар энэ газрыг тэргүүн ээлжинд өмчлүүлсэн байх гэж ойлгож байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн уг газраа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байвал өмчилж авах хүсэлт гаргасан бол тэргүүн ээлжинд өмчлүүлнэ гэсэн заалттай. Энэ заалтыг үндэслэн аймгийн Засаг дарга энэ газрыг П.Ц-д өмчлүүлсэн. Харин 1997 оноос 2012 он хүртэл Д.О гэдэг хүн уг газрыг өмчилж авах юм уу, ашиглая гэдэг хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй. Тийм учраас Д.О-ийн гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэл муутай нэхэмжлэл байна гэж үзэж байна” гэв.

 Нэхэмжлэгч Ц.Б-ийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болон Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагууд нь бие биенийхээ өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй, илт хууль бус болгуулах, тэрний үндсэн дээр бий болгосон гэрчилгээ, гэрээнүүдийг хүчингүй болгуулах асуудлыг ярьж байгаа. Ц.Б нь өөрийнхөө ээж П.Ц гэдэг хүний хууль ёсны өв залгамжлагчийн хувьд өвлөх эрхийн үндсэн дээр дээрх газар өмчлөх эрхийг олж авсан байна. Газар өмчлөх эрхийг анх П.Ц гэдэг хүн олж авсан. Маргаан бүхий газрыг 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 558 дугаартай иргэний газар ашиглах гэрээ, мөн газар ашиглах эрхийн 577 дугаартай гэрчилгээний үндсэн дээр иргэн П.Ц нь ашиглаж байсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5.1-д Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.3-д энэ хуулийн 5.1.5.2-д заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах гэж тус тус заасны дагуу ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар дээрх газрыг иргэн П.Ц өмчилж авсан. Иргэн П.Ц-гийн өмчилж авсан газар нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК болон хэн нэгний эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан байна. Иргэн П.Ц-г уг хаяг дээр амьдраагүй тухай хэд хэдэн тайлбарууд болон бичгийн нотлох баримтууд байна. Гэтэл үүнийг үгүйсгэх баримтууд байгаад байдаг. Тэр нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай албан бичгийг Орхон аймгийн Баянцагаан багийн Засаг даргад хүргүүлсэн. Баянцагаан багийн Засаг дарга хариу ирүүлсэн бичиг дээрээ 2009 он хүртэл Дулааны цахилгаан станцын 03 тоотод амьдарч байгаад 2009 оноос хойш хуучин хорооны 1-04 гэсэн хаяг дээр шилжиж, ам бүл 4, нөхөр Ганбаатар, хүү Баясгалан, охин Алтанцэцэг нарын хамт амьдарч байсан байна гэсэн байна. Тэгэхээр 2009 он хүртэл иргэн П.Ц уг хаяг дээрээ амьдарч байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайн хүний амьдарч байсан гэдэг нь газар эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг нотлох хамгийн чухал зүйл биш. Харин амьдарч байгаа байдал нь бодит байдал дээр байгаад байгаа боловч Д.О-ийн хувьд тухайн газрыг эзэмших юм уу, ашиглах асуудлаар хандсаны үндсэн дээр тухайн газрыг өмчилж авах давуу эрх, тэргүүн ээлжинд өмчилж авах эрх үүсэх ёстой. Харин Д.О-ийн хувьд тэргүүн ээлжинд өмчилж авах эрх үүсээгүй, П.Ц-гийн хувьд дээрх эрх үүссэн байна гэж тайлбарлаж байгаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын гаргаж байгаа тайлбар үндэслэлтэй байна. Улмаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Ийнхүү П.Ц-д маргаан бүхий газрыг өмчлүүлсэн хүчин төгөлдөр Засаг даргын захирамж, газрын улсын бүртгэлийн гэрчилгээ байсан атал Д.О-т 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай ОАЗД-ын Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжаар газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гаргаад ямар хэмжээтэй газрыг, яаж эзэмшүүлэх тухай өргөдөлдөө тусгаагүй байхад нь 398 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг нэхэмжлэгч Д.О-ийн тал нэгэнт захирамж гарсан хэмжээгээр эзэмших бодолтой байгаа гээд ямар хэмжээний газрыг, яаж эзэмших нь ойлгомжгүй мэдүүлэг гаргасан атлаа ингэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд заасан ямар хэмжээтэй газрыг эзэмших тухай хүсэлт гаргасан гэдэг нь мөн үүгээр үгүйсгэгдэж байгаа юм. Нөгөө талаас Д.О-т эзэмшүүлж, өмчлүүлж байгаа газар нь иргэн П.Ц-д өмчлүүлсэн байгаа газартай давхцаж байгаа. Тухайн үед газрын бүртгэл цахим болоогүй байсантай холбоотой, мөн өөрчлөлтүүд явагдаж байсантай холбоотой гэж Д.Ц дарга маш ойлгомжтой тайлбарлалаа. Иймэрхүү алдаанууд практик дээр ч гэсэн нэлээн гардаг. Үүнийх нь дагуу дээрх газрыг 2 иргэнд давхар өмчлүүлсэн шийдвэр гарчээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 16 дугаар зүйлийн 3-т заасан Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэсэн заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан газар өмчлөгчийн эрх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. ОАЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай захирамжийн Д.О-т холбогдох хэсэг нь дээр дурдсанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн бөгөөд Д.О-т маргаан бүхий газрыг өмчлүүлэх нь хууль зүйн боломж байхгүй байхад дээрх хуулийг зөрчиж олгосон нь буруу байна. Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр ОАЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай захирамжийн Д.О-т холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгоё гэсэн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. П.Ц буюу Ц.Б-ийн ээжид газрыг өмчлүүлчихсэн байж байгаад тэрийгээ хурааж авах юм уу, хүчингүй болгуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа дахиад давхар иргэн Д.О-т өмчлүүлж байгаа нь 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг агуулсан илт хууль бус акт болох нь тогтоогдож байна. Ийм учраас үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох шүүхийн шийдвэр гарах нь зүйтэй гэж үзэж байна.

ОАУБХ-т холбогдсон шаардлага байгаа. Үүнд газар өмчлөх эрхийг баталгаажуулж Улсын бүртгэлийн хэлтсээс газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа. Энэ нь аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэсэн гэдгийг хэлж байна. Нэгэнт аймгийн Засаг даргын шийдвэр П.Ц-д олгосон газрыг Д.О-т өмчлүүлснээрээ илт хууль бус болж байгаа учраас энэ газрын өмчлөх эрхийн гэрчилгээ бол энэ үндэслэлээрээ дагаад хүчингүй болох учиртай. Нэгэнт илт хууль бус актын үндсэн дээр гарч байгаа эрхийг баталгаажуулж байгаа гэрчилгээ учраас ийм үндэслэлээр хүчингүй болно. Харин Ц.Б-ийн гаргаж байгаа нэмэгдсэн нэг шаардлага байгаа нь дээрх 23 м2 зөөврийн орон сууцанд гэрчилгээ олгосон нь хүчингүй, хууль бус юм гэж үзэж байгаа. Хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа үндэслэл нь улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр ирүүлсэн мэдүүлэг, Орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нь зүйн хэрэг. Энэ нь хуульд заасан бүрэн эрхийнх нь асуудал, өөрийнх нь чиг үүрэгт хамаарч байгаа. Гэхдээ эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхдээ үл хөдлөх хөрөнгө гэж бүртгэхийн тулд тухайн хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг ямар байдлаар агуулж байгаа юм, үүнтэй холбогдуулаад зарим эрхийн бүртгэлийг хийхээс татгалзах боломжтой. Өөрөөр хэлбэл зөөврийн буюу газарт нь бэхлээгүй, газраас салгаад зөөвөрлөж ашиглаж болдог байшинг анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх боломжгүй. Тухайн хөрөнгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө биш байхад энийг хэтэрхий туйлширч үл хөдлөх хөрөнгө мөн байна гэж үзэж бүртгэж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрх улсын бүртгэлд бүртгэх асуудал нь 2003 онд батлагдсан Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Иргэний хуулийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэнэ гэж заасан. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тухайн эд хөрөнгийн үндсэн шинж буюу газраас салгахад л ашиглах боломжгүй болдог шинжийг хэлэхээс биш тэрийг дагаад явж байгаа дотор байдаг тавилга ч юм уу, доор нь байгаа инженерийн шугам сүлжээ ч юм уу, дотор нь байгаа өрөөний бүрдэл хэсэг хамаарахгүй. Энэ хөрөнгө өөрөө газраас салгахад л орон сууцныхаа зориулалтыг алдахгүй байх боломжтой юу гэдгийг харах ёстой. Энэ баримт хэрэгт авагдсан фото зургаас үзэх юм бол тухайн байшин нь ухаж суулгаагүй, газар дээр тавьчихсан, төмөр карказтай байшин байгаа. Энд дулаалгын материал нь ханыг нь битүүлсэн, дунд нь шилэн хөвөн, хоёр талд нь дулаалгын материал нөхсөн байгаа. Тэгэхээр өмч хувьчлалын комисс тухайн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үзээд хувьчилсан учраас гэж ярьж байна. Тэгэхээр төрийн захиргааны аливаа байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа хууль дээдлэх зарчмын хүрээнд хуульд заасны дагуу бүртгэл явуулах ёстой. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан зарчмыг алдагдуулж байгаа юм. Ийм учраас энэ бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэх хөрөнгө биш байж гэж үзэхээр байна. Тухайн хөрөнгөд дэд бүтэц буюу дулааны шугам, цэвэр бохир усны шугам татсан нь хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад саад болох нөхцөл байдал биш. Ийм учраас энэ бол Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан улсын бүртгэлийн мэдүүлэг аваад бүртгэх үйл ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Мөн энэ дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зарчим алдагдсан.

2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гарсан. 2002 оны хууль анх гарахдаа гэр бүлийн хамтын хэрэгцээнд нь зориулж нэг гэр бүлд нэг л удаа газар өмчлүүлэхээр гарсан. Харин 2008 онд орсон өөрчлөлтөөр гэр бүлийн гишүүн бүрт өгдөг болсон. 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орсон гэр бүлийн гишүүн бүрт газар олгодог болсон өөрчлөлтөөр өмнө нь гэр бүлээрээ өмчилж авсан газрыг хэн нэгэн хүн дахин эзэмшихгүйгээр, хэн дээр эзэмших вэ гэдгээ шийдсэн тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүдэд дахин газар өмчлүүлэх асуудлыг ярих бололцоо бүрдсэн. Түүний хүрээнд Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан ажлыг хариуцагчийн төлөөлөгч дурдлаа. Тэр нь хэн дээр эзэмших, хэн дээр эзэмшихгүй байх эсэх асуудлаа шийдчихээд дараа нь дахиад тухайн хүнд өмчлөх эсэх асуудлыг ярина гээд ингэсний үндсэн дээр тухайн гэр бүлд байсан Ганбаатар, П.Ц, Ц.Б, Алтанцэцэг гэсэн 4 хүний хувьд ярьж байгаад Ганбаатарын нэр дээр өмнөх газраа өмчилснөөр үлдээгээд Дулааны цахилгаан станцын 03 тоот гээд байгаа маргаан бүхий газрыг иргэн П.Ц өмчилж авахаар өргөдлөө гаргаад явсан нь П.Ц дээрх газрыг хууль бусаар эзэмшсэн, өмчилсөн тухай асуудал яригдахгүй юм гэдгийг нотлон харуулна. Нөгөө талаас П.Ц хоёр удаа газар өмчилж авсан үйлдэл нь иргэн Д.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. 1997 онд П.Ц газар ашиглах эрх олж авсан нь буруу юм гээд, тэрний үндсэн дээр гэрчилгээ аваад гэрээ байгуулж байгаа нь илт хууль бус юм гэдгийг тогтоолгоё гэж нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 1997 онд газар эзэмших буюу ашиглахтай холбоотой өргөдөл гаргах, түүнийг шийдвэрлэсэнтэй холбоотой асуудал нь нэгдүгээрт иргэн Д.О-ийн эрхийг хөндөөгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллагын мэдэлд байсан газар гэж яриад байгаа. Аж ахуйн нэгж байгууллага, иргэд газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үндсэн дээр гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан нь үнэн. Өмнөх хуулиар ч ийм зохицуулалт үйлчилж байсан. Тэгтэл Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК дээрх газрыг эзэмшье, ашиглая гэсэн хүсэлт гаргаагүй. Хэн ч эзэмшиж ашиглаж байгаагүй учраас энийг төрийн өмч гэж үзнэ. Төр өмчлөлдөө байгаа газрыг хэнд эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг шийдэж П.Ц-д эзэмшүүлсэн нь хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөөгүй. Ялангуяа Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй байна.

Дараагийн асуудал нь иргэн П.Ц-д 2009 онд газар өмчлүүлээд байгаа шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгоё гэж ярьж байгаа. Илт хууль бусад тооцохын тулд Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т заасан үндэслэлүүд байх ёстой. Тэр үндэслэлүүд дотор эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлээгүй гээд аймгийн Засаг дарга энийг шийдэх ёстой, шийдэх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн. Утга агуулгын хувьд ойлгомжтой шийдсэн, бичгээр гаргасан байгууллагыг Засаг дарга өөрөө тодорхой заачихсан. Мөн гүйцэтгэх этгээд нь тодорхой бус зэрэг олон үндэслэлүүд байна. Эдгээрт энэ шинжийг агуулаагүй байна. Нэхэмжлэгч Д.О-ийн гаргасан П.Ц-д газар өмчлүүлсэн, ашиглуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бусад тооцож шийдвэрлэх ямар ч хууль, эрх зүйн боломж байхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага илт хууль бусад тооцохоор нотлогдсонгүй гэж харж байна. Хэрэгт авагдсан баримтаар илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас Д.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасан үндэслэлээр бүгдийг нь хэрэгсэхгүй болгох юм байна. Харин Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 106.3.2-т зааснаар илт хууль бусад тооцох, 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах шаардлагуудыг хангах нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

 Хариуцагч ОАЗД Д.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Иргэн П.Ц-д ОАЗД-ын 2009 оны 206 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ДЦС-03 тоот 486 м.кв газрыг 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 577 дугаартай газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг үндэслэн дээрх газрыг өмчлүүлсэн байх бөгөөд иргэн Д.О-т ОАЗД-ын 2012 оны 213 дугаар захирамжаар Баянцагаан баг, ДЦС-03 тоот 398 м.кв газрыг өмчлүүлсэн нь байршлын хувьд давхцаж байна. Иймд П.Ц-гийн өмчилсөн газар дээр Д.О-т давхцуулан газар өмчлүүлсэн байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Ц нь тухайн үеийн аймгийн Засаг даргын шийдвэрээр газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байдаг. 1997, 1998 онуудад шинэчилж гэрээ байгуулсан байдаг. Энэхүү газар ашиглах гэрээтэй холбоотой тухайн хаяг дээр давхар бүртгэл гарч ирээгүй. Тэгэхээр энэ нь хэн нэгний газартай давхацсан гэж үзэх үндэслэл байхгүй байгаа. 1997, 1998 оны үед улсын хэмжээнд газрын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл 2 тусдаа байгууллагад тусдаа бүртгэлээр явдаг байсан учраас эд хөрөнгийн бүртгэл хэн дээр байгааг тухайн үеийн газрын асуудал хариуцсан байгууллага бүртгэлээсээ харах боломж байхгүй байсан. Энэ нь хувийн хэрэгт байгаа баримтаар ч гэсэн харагдаж байгаа. П.Ц нь өөрийн албан ёсоор авсан газар ашиглах гэрээ, гэрчилгээнийхээ хүрээнд тухайн газраа эзэмшиж, ашиглаж байгаад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 2009 онд газар өмчлөх хүсэлтээ гаргасан байдаг. Газар өмчлөх хүсэлтийг хүлээж авч байх үед буюу 2003-2009 оны хооронд улсын хэмжээнд газрын бүртгэл нь бүртгэлд суурилсан мэдээллийн сан гэдэг хэлбэрээр явагддаг байсан. Энэ нь өмнө нь газар эзэмшиж, ашиглаж байсан иргэдийн бүртгэл дээр тулгуурлаж зураг хэмжилтийг хийдэг технологиор хоёр талт хэмжилтийн аргаар хийгддэг байсан. Тэгэхээр энэ нь тухайн иргэний газрыг урт болон өргөн гэсэн 2 талаас нь хэмжиж талбайн хэмжээг тодорхойлдог байсан. 2010 оноос улсын хэмжээнд байршилд суурилсан мэдээллийн сан буюу тухайн газрын байршлыг тогтоогоод түүн дээр тулгаж бүртгэдэг бүртгэлийн шинэ системд шилжсэн. Энэ системд шилжихтэй холбогдуулаад улсын хэмжээнд нэгдсэн журмаар газрын хэмжилт зураглалыг хийх, түүн дээр бүртгэлийг нь тодруулах ажил хийгдсэн байдаг. Тухайн шинэчилсэн бүртгэлийн үед газрын хэмжилтээр очсон байгууллага, компанийг очих үед магадгүй иргэн Д.О тухайн газар дээр байсан учраас тэнд байсан иргэний нэрээр шинэчилсэн мэдээллийн сангийн бүртгэл хийгдсэн байх магадлалтай байна. Энэ бүртгэл 2010 оноос хийгдэж эхэлсэн программын бүртгэлтэй холбогдуулаад газрын хэмжээ, тухайн газар дээр байгаа иргэдийн нэр зөрөх асуудал улсын хэмжээнд маш ихээр гаргасан. Үүнийг цэгцлэх ажил одоог хүртэл тасралтгүй хийгдсээр байна. Нэхэмжлэгч Д.Оийн өмгөөлөгчийн тайлбар дээр П.Ц-гийн газар дээр давхар эрх үүссэн байхад үүнийг нягтлаагүй гэдэг асуудал яригдаж байна. Миний тайлбарынхаа эхэнд хэлсэн 2 өөр бүртгэл, 2 өөр байгууллага байсан учраас үүнийг нягтлах, тухайн үед одоогийнх нь шиг цахим бүртгэл байгаагүй учраас шүүх боломж байхгүй байсан байна. Д.О-т газар өмчлүүлсэн асуудал бол саяны миний хэлдэг нэг системээс нөгөө системд бүртгэл шилжсэнтэй холбоотойгоор Д.О болон П.Ц-гийн нэр зөрж байгаа учраас мэдээллийн сан дээр үүнийг хоёр өөр талбар гэж үзэж өмчлүүлсэн байх магадлал байна. Үүн дээр Баянцагаан багийн Засаг дарга иргэн П.Ц болон Д.О нарт хоёуланд нь тухайн газар дээр амьдарч байгаа гэсэн лавлагааг хийж өгсөн байна. Энэ нь газрын бүртгэл давхцах шалтгаан болсон гэж үзэж байна. Манай байгууллагад байгаа 2 хувийн хэрэг болон түүнд агуулагдаж байгаа баримтаас харахад иргэн П.Ц-д газар ашиглуулсан болон өмчлүүлсэн аймгийн Засаг даргын үйлдэл бол холбогдох нотлох баримтын дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хийгдсэн учраас энийг хүчин төгөлдөр бүртгэл юм гэж үзэж байна. Д.О-т газар өмчлүүлсэн шийдвэр нь системийн шинэчлэл хийхтэй холбоотой ажлын үед давхар өөр нэрийг, тухайн газар дээр байгаа иргэний нэрийг эзэн гэж ойлгож бүртгэснээс болж үүссэн үйлдэл гэж үзэж байгаа учраас Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

ОАУБХ-ийн дарга Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын 3 тоотод байрлах 23 м.кв орон сууцыг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор иргэн Д.О /НМ58020304/, /Д.Догоо, О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр/ нарт хувьчилсныг 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2101009419 дугаарт бүртгэн өмчлөх эрхийг баталгаажуулсан байна. Төрөөс хувьчилсан орон сууцны бүртгэлийг бүртгэхэд газар өмчлөх, эзэмших эрх, түүний өмчлөгчийн талаар нотлох баримт шаардахгүй бөгөөд уг орон сууцны газар нь төрийн өмч байдаг онцлоготой.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ДЦС-03 тоот, 130111850 тоот нэгж талбар бүхий 486 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Б овгийн П-ийн Ц-д өмчлүүлснийг 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн Г-2101007306 дугаарт бүртгэн өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-03 тоот, 18433434322518 тоот нэгж талбар бүхий 398 м.кв Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ДЦС гудамж 03 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг ОАЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Х овгийн Д-ийн О-т өмчлүүлснийг 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн Г-2101010608 дугаарт бүртгэн өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

... Дээрх бүртгэлүүдийг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 зүйл, 15.2 заалт, Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.1, 4.2 дахь заалтуудыг үндэслэн бүртгэсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

 Хариуцагч ОАУБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн хэлтэстэй холбогдуулан Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын 03 тоот газартай холбоотой маргаан үүссэн байна. Төрөөс хувьчилсан орон сууц, газрын бүртгэлийг хийхдээ бүртгэлийн байгууллагын чиг үүргийн хувьд эрх бүхий аймаг, нийслэлийн Засаг даргын хууль ёсны шийдвэрийг үндэслэн бүртгэл хийдэг журамтай байдаг. Тийм учраас 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Б овгийн П-ийн Ц-д газар өмчлүүлснийг 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн 2101007306 дугаарт бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Дулааны цахилгаан станцын 03 тоот, нэгж талбарын 18433434322518 дугаартай 398 м2 газрыг ОАЗД-ын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Д-ийн О-т өмчлүүлснийг 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд Г-2101010608 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгож баталгаажуулсан. Манай байгууллага бүртгэл хийх үндэслэл нь аймгийн Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэр байх ёстой. Аймгийн Засаг даргын шийдвэр нь хуульд нийцэж гарсан байх ёстой. Үүнийг үндэслэж бүртгэл хийгддэг. Энэ хоёр газар нь өөр, өөр цаг хугацаанд гарсан бөгөөд газрын хэмжээ, нэгж талбар зөрүүтэй асуудал байсан. Эдгээр нь аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслээд бүртгэлийн чиг үүргийн дагуу бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 13 дугаар зүйл, 15.2-т заасан заалтыг үндэслээд бүртгэлийг бид хууль, журмын дагуу иргэдээс мэдүүлэг, нотлох баримтыг нь авч улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа.

Хоёрдугаарт зөөврийн орон сууцыг хууль бусаар манайхыг бүртгээд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Энэ орон сууцыг аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Д.О, Догоо, О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр нарт хувьчилсныг 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан. Энэ үйлдэл нь тухайн орон сууц төрийн мэдэлд байж байгаад, тэр эрх бүхий өмчийн эзэн нь Д.О-т хувьчилсан шийдвэр байгаа. Энэ шийдвэрийг үндэслэж бүртгэл хийдэг болохоос манай байгууллага бол өмчлөх эрхийг тогтоох, шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Харин хууль ёсны шийдвэрийн дагуу бүртгэл хийж баталгаажуулах үүрэгтэй байдаг. Төрөөс хувьчилсан орон сууцны газар өмчлөх эрх нь газрын эзэн нь төрийн эрх хэмжээнд хадгалагддаг. Төр тухайн иргэнд өмчлүүлэх эсэх асуудал нь аймгийн Засаг дарга болон газрын асуудал хариуцсан байгууллагуудын чиг үүрэгт хамааралтай асуудал байдаг. Тийм учраас бид тогтоол шийдвэр нь гарч ирж байгаа тохиолдолд орон сууцны бүртгэлээр бүртгэж баталгаажуулах чиг үүрэгтэй байгууллага. Иймд тухайн аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслээд бүртгэл хийсэн нь хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м2 газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, ОАЗД-ын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, ОАУБХ-т холбогдуулан П.Ц-гийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Ц.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Ц.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл;

Нэхэмжлэгч Ц.Б нь ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ОАУБХ-т холбогдуулан Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн тухайд:

1. ОАЗД-ын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ДЦС-03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах 304 м.кв газрын ашиглах эрхийн 577 дугаартай гэрчилгээг П.Ц-д 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 5 жилийн хугацаатай олгож, түүнтэй газар ашиглах гэрээ байгуулжээ. Иргэний газар ашиглах гэрээнд зааснаар газар ашиглах хугацааг 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогтоосон байх бөгөөд энэхүү газар ашиглах гэрээний хугацааг сунгаагүй, шинээр газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй байна. Үүнээс дүгнэхэд П.Ц-гийн газар эзэмших, ашиглах эрх 2002 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөр дуусгавар болжээ.

Газрын тухай хууль /1994 оны хууль буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар/-ийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ/, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулна/-т зааснаар иргэн төрийн өмчийн газрыг гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах эрхтэй байх тул иргэн П.Ц нь 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөлтэйгээр, хуулийн дагуу дээрх газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй, түүний газар ашиглах эрх дуусгавар болсон байна.

Иймд П.Ц-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзлээ. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

2. ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м2 газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах 486 м.кв газрыг өмчлүүлэхдээ захиргааны байгууллагаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /Газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах/, 5.1.4 /Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх/, 21 дүгээр зүйлийн 21.1 /Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана/-т заасныг тус тус зөрчсөн байна.

П.Ц нь гэр бүлийн гишүүдийн хамтаар ОАЗД-ын 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, 1-04 тоотод байрлах 962 м.кв талбай бүхий газрыг өмчилж авсан болох нь уг захирамж болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, иргэний газар ашиглах 127 дугаартай гэрээ, газар ашиглах 1288 дугаартай гэрчилгээ, 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000008598 дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдов. ОАЗД-аас 2004 онд П.Ц-д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар /2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөс өмнө/ гэр бүлийн гишүүд /Р.Ганбаатар, Ц.Б нарын хамт/-ийн хамт дундаа хамтран өмчлөх хэлбэрээр газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.

Гэтэл ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах 486 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь өмнө газар үнэгүй өмчлилж авсан байдлыг тогтоогоогүй, газар өмчилж авах эрхтэй этгээд болохыг бүрэн нотлолгүйгээр дахин үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн алдаатай шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт орж, иргэн, түүний гэр бүлийн гишүүн...дундаа хамтран өмчлөх хэлбэрээр газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх гэсэн зохицуулалт өөрчлөгдөж, иргэн бүр газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх боломжтой болсон хэдий ч П.Ц нь маргаан бүхий ДЦС-03 тоот газрыг өмчилж авах өргөдөл гаргаж, шийдвэрлүүлэх үедээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, 1-04 тоотод байрлах 962 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхээ гэр бүлийн нэг гишүүнд гэрээний үндсэн дээр шилжүүлээгүй байсан нь 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон.

Тодруулбал, П.Ц нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, 1-04 тоотод байрлах 962 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхээ гэр бүлийн гишүүн болох Р.Ганбаатарт 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн байгаа нь 2009 онд түүнд шинээр газар өмчилж авах эрх үүсээгүй байсныг нотолж байна.

П.Ц нь 2009 онд, Д.О нь 2012 онд дээрх маргаан бүхий газрыг өмчилж авсан байх бөгөөд П.Ц нь 1997-2002 оны хооронд газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээтэй байсан боловч уг газрыг ашиглах эрхийн хугацааг сунгуулаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болсон, Улсын бүртгэлийн хэлтсийн хаягийн мэдээллээр 2001 оноос хойш Баянцагаан баг, Тосгон 1-04 тоотод амьдарч байгаад 2014 онд нас барсан, Д.О-ийн хувьд уг маргаан бүхий газрыг ашиглах гэрээ, гэрчилгээгүй байсан ч уг газар дээр байрлах 23 м.кв бүхий орон сууцыг 2004 онд хувьчлан авч, 1990 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь гэрч С.Жамъянжавын ...1990 оноос манай ажилчид сууж байгаа, ...П.Ц нь хүнтэй суугаад тусдаа гарч, Д.О одоог хүртэл энэ байрандаа амьдарч байгаа, ...П.Ц-гээс байраа хуваах гэсэн маргаан удаа дараа ирүүлж байсан, ...П.Ц-д 4.0 сая төгрөгийн байрны нөхцөл сайжруулах хөнгөлөлт өгч байсан гэх мэдүүлэг, Орхон аймгийн Баянцагаан багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 209 дугаартай албан бичиг, ОАУБХ-ийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 951 дугаартай албан бичиг, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/472 дугаартай албан бичиг, мөн компанийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/153 дугаартай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс дүгнэхэд уг маргаан бүхий газрыг 2009 онд П.Ц, 2012 онд Д.О өмчилж авах үед Газрын тухай хууль /1994 оны хууль буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ийн 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах гэрээ хэн алинд нь байгаагүй байх тул уг газар дээр үл хөдлөх хөрөнгө өмчилж, амьдарч байсан Д.О-т газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Иймд ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжийн П.Ц-д холбогдох хэсэг нь хууль бус болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Д.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын П.Ц-гийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Ц.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжаар өмчлүүлсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах 486 м.кв газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр П.Ц нь 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, түүний газар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-2101007306 дугаарт бүртгэн 000089900 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Газар өмчлөгч П.Ц нь 2014 онд нас барсан учир түүний хүү Ц.Б уг газрыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр өвлөн авч, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, Ц.Б-д газар өмчлөх эрхийн 000482357 дугаартай эрхийн гэрчилгээ олгожээ.

Дээрх улсын бүртгэлүүдийг хийх үндэслэл болсон ОАЗД-ын 2009 оны 206 дугаартай захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул энэхүү шийдвэрт үндэслэсэн улсын бүртгэлийн ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх/, 6 дугаар зүйлийн 6.1 /Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 /бүртгэл үнэн зөв байх/, 7 дугаар зүйлийн 7.1 /Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд .../ дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх зарчимд нийцээгүй байна. Иймд П.Ц-гийн “2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болох”-ыг тогтоож, Ц.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн тухайд:

1. ОАЗД-ын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Д.О-т ОАЗД-ын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах 398 м.кв газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 /Иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх; 5.1.5.2.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх;дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Д.О нь уг газар дээр байрлах 23 м.кв орон сууцанд 1990 оноос хойш амьдарч байгаад 2004 онд уг орон сууцыг хувьчлан авч өмчлөх эрхийг бүртгүүлсэн байх бөгөөд тухайн газрыг өмчлөн авах хүсэлт гаргасныг ОАЗД Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ц.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2. Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: ОАЗД-ын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах 398 м.кв газрыг Д.О-т өмчлүүлсэн байх тул Засаг даргын шийдвэрийг үндэслэн уг газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-2101010608 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн 000130188 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 /бүртгэл үнэн зөв байх/, 7 дугаар зүйлийн 7.1 /Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд.../, 16 дугаар зүйлийн 16.1 /Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ/ , 18 дугаар зүйлийн 18.1 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана/ дэх хэсэг, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно/-т заасныг тус тус зөрчөөгүй гэж үзлээ.

Д.О-ийн газар өмчлөх эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 /Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ. /-т заасны дагуу үүссэн нь хууль ёсны байна.

Орон сууцны тухайд: Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 45 орон сууцыг тухайн үед эзэмшиж байсан ажилтнуудад шилжүүлэх талаар тус компанийн захирлын 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаартай тушаал гарч, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС-03 тоотод байрлах орон сууцыг тус компанийн ажилтан Д.О-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай Орон сууц өмчлөх эрх олгох тухай тогтоолоор нэр бүхий иргэдэд орон сууцыг хувьчилсан байх бөгөөд Д.О болон түүний гэр бүлийн гишүүд болох Д.Догоо, О.Мөнхжаргал, О.Мөнхбаяр нарт дундаа хамтран өмчлөх хэлбэрээр ДЦС-ийн 3 дугаар байр-ыг хувьчлахаар шийдвэрлэж, Орон сууц өмчлөх эрхийн 0100797 дугаартай гэрчилгээг олгожээ.

Д.О нь хамтран өмчлөгчдийн хамт хувьчилж авсан орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасны дагуу улсын бүртгэлийн 2101009419 дугаар бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс зөөврийн орон сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн нь үндэслэлтэй гэж тус тус маргасан.

ОАУБХ-ээс улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд тухай орон сууцыг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК болон Орхон аймгийн Орон сууц хувьчах товчооны шийдвэрээр Д.О болон түүний гэр бүлийн гишүүдэд хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Д.О болон түүний гэр бүлийн гишүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө эрх бүхий байгууллагын шийдвэрээр бий болсон гэж үзнэ.

Иймд тухайн орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн авч, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна./-т заасны дагуу бүртгэл хийсэн нь үндэслэлтэй байна.

Орон сууц хамтран өмчлөгч Д.Догоо нас барсны улмаас түүний ногдох хэсгийг О.Мөнхжаргал нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ний дагуу өвлөн авч, улмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах мэдүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасныг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, ДЦС-03 тоот 23 м.кв орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193386 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Д.О, О.Мөнхбаяр, О.Мөнхжаргал нарт олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Нэхэмжлэгчээс зөөврийн орон сууц, зөөх боломжтой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ. Тухайн орон сууцыг анх зөөврийн зориулалттай барьсан хэдий ч эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө гэж үзэн хувьчилсан, тухайн орон сууц нь тухайн газар дээрх дэд бүтэцтэйгээ зориулалтын дагуу орон сууц гэж ашиглагдаж ирсэн байх тул үл хөдлөх хөрөнгө биш гэж үзэх боломжгүй юм.

Иймд Д.О-ийн газар өмчлөх эрх болон маргаан бүхий газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Б-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.13, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

            1.1. Ц.Б-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, ОАУБХ-т холбогдуулан гаргасан “Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             1.2. Д.О-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м2 газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, ОАЗД-ын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

              1.3. Д.О-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, П.Ц-гийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.О, Ц.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЗД, ОАУБХ-ээс тус тус 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-т олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.УУГАНЦЭЦЭГ