Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         В.Уранболорын нэхэмжлэлтэй,

                                       Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00491 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : В.Уранболорын нэхэмжлэлтэй

Хариуцагч:    Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалин 44.372.499 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч В.Уранболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В.Уранболор миний бие нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвд нийгмийн ажилтан хийж байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын Б/584 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халсан энэхүү тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжпэл гаргасан бөгөөд шат шатны шүүхийн шийдвэрээр ажилд минь эргүүлэн тогтоосон. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/147 тоот тушаалаар тус компанийн Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвийн нийгмийн ажилтны ажил албан тушаалд эгүүлэн авахаар болсон бөгөөд, миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон. Миний бие нь ажлаас халагдсанаас хойш 1 жил 7 сар ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 37 072 172 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нэхэмжилж байна. / халагдахаас өмнөх 6 сарын цалин хөлс 13 084 301 төгрөг, 6 сарын цалингийн дундаж цалин хөлс /13 084 301:6=2 180 716/ 2 180 716 төгрөг, ажилгүй байсан 17 сарын цалин хөлс /2 180 716x17=37 072 172/ 37 072 172 төгрөг/-ийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд нэмэгдүүлсэн шаардлагадаа: Эрдэнэт үйлдвэр ХХК-д хариуцагдах В.Уранболорын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 7.300.327 төгрөгөөр нэмэгдүүлж бүгд 44.372.499 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд гаргасан хариу  тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

В.Уранболор нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 тоот Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Дээр дурьдсан тушаалыг В.Уранболор хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны 231 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 601 тоот тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосноор 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн авч ажиллуулсан болно. Харин В.Уранболор нь дээр дурьдсан шүүхийн шийдвэр болон тушаал гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргаж ирүүлсэн В.Уранболорын цалингийн тодорхойлолтын талаар маргах зүйлгүй... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00491 дугаар шийдвэрээр:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 44 372 499 төгрөг гаргуулан В.Уранболорт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 379 812 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд давж заалдсан гомдолдоо:

В.Уранболор нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 тоот Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Дээр дурьдсан тушаалыг В.Уранболор хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны 231 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Хэргийн Хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 601 тоот тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосоноор 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн авч ажиллуулсан болно. Харин В.Уранболор нь дээр дурьдсан шүүхийн шийдвэр болон тушаал гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчиж байгаа тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/11132017/00491 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.Уранболор нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 44.372.499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 44 372 499 төгрөг гаргуулан В.Уранболорт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Уранболор нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 дугаар тушаалаар ажлаасаа халсан байна.

Улмаар Сум дундын 14 дүгээр шүүхэд Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазын “Энэрэл“ төвийн нийгмийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 231 дугаар шийдвэрээр В.Уранболорыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Энэрэл “ төвийн нийгмийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоожээ.

Энэхүү шийдвэр нь Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 601 дугаар тогтоолыг үндэслэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29 ний өдрийн Б/147 дугаар тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа оржээ.

Нэхэмжлэгч В.Уранболор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.812 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.812 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР