Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.О... нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү,

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч В.О...

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч В.О...

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд “К Э Т”... ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжийн “К Э Т”... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаар шийдвэр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У.....

 

Хэргийн индекс: 128/2022/0477/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.О...аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжийн “К Э Т”... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч В.О... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн зүгээс “...өмчлөх эрх түрүүлж үүссэн, хожим гуравдагч этгээдэд газар олгохдоо нийслэлийн Засаг дарга нөхцөл байдлыг тогтоогоогүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа нөхцөлийг харгалзан үзээгүй, өмчлөх эрхийг зөрчсөн, өмчлөлийн газартаа орж гарах боломжгүй болсон, маргаан бүхий акт нь хууль бус учраас холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ёстой...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, маргаан бүхий акт нэгэнт хэрэгжиж дууссан нэхэмжлэгч газартаа оршин суудаггүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

Шийдвэрт “нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь бодит байдал дээр давхцалгүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээрх хашаа нь бодит байдал дээр хойшоо буюу гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газар руу болон урагшаа буюу Түмэн наст хотхоны оршин суугчдын автомашины зогсоол ашиглаж буй газар руу тус тус харсан хаалгатай бөгөөд хойд талын гуравдагч этгээдийн 2017 онд ашиглалтад оруулсан Аманхуур 2 хашаатай тулсан байдалтай" гэж дүгнэсэн бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Хашаа огт хаалгагүй бөгөөд хаалга байсан хэсэгт гуравдагч газар тулгаж хашаалсан, мөн урд талдаа бусдын өмчлөлийн газартай тул орц, гарц хаалттай, энэ нь кадастрын зураг болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хууль бус захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүчингүй шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхгүй одоог хүрсэн нь тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “...гуравдагч этгээд нь тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилгын үйл ажиллагаа явуулж дуусган, 220 айлын орон 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тодорхой тогтоогдож байхад өөрийн өмчлөлийн газартаа бодитоор оршин суудаггүй, газрын дахин төлөвлөлтөд орсон, ямар нэгэн давхцалгүй газрын өмчлөгч этгээд болох нэхэмжлэгч В.О...аас орц, гарц хаасан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь төлөвлөлтөд орсон талаар нэхэмжлэгч өөрөө мэдэхгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхад маргаагүй үйл баримтад дүгнэлт өгсөн. Нэгэнт маргаан бүхий акт хэрэгжиж, 220 айлын орон сууц баригдсан гэдэг нь 1 хүний өмчлөх эрхийг 220 иргэний өмчлөх эрхтэй харьцуулсан бөгөөд эрх зүйт зарчмыг зөрчсөн, бодитойгоор оршин суудаггүй нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас болсон байхад өөрөө амьдардаггүй учраас эрх нь зөрчигдөөгүй, давхцалгүй тул эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Газрын тухай хуулиар газар эзэмших эрхтэй этгээд нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд газраа амьдран суух нь өмчлөгчийн хувьд хамааралгүй, мөн тухайн газар нь захиргааны байгууллагын шийдвэрээр хот төлөвлөлтөд орсон гэх үйл баримтууд нь шүүхэд огт хамааралгүй бөгөөд, Монгол Улсын иргэн өмчлөх эрхээ өөрийн ноёрхолд, хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, төрийн үйлчилгээ авах зэрэг эрхээ бодитоор эдлэхэд анхан шүүхийн шийдвэр саад учруулж байна. Газар өмчлөх эрх нь захиран зарцуулах, эзэмших, ашиглах, хамгаалах эрхийн цогцолбор бөгөөд Үндсэн хуульд заасан туйлын эрх, хэрэв энэ эрх зөрчигдсөн нь тогтоогдвол шүүх сэргээх үүрэгтэй байхад шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг бүрэн цаашид өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрэн хязгаарласан шийдвэр болжээ. Шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, бичмэл нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн тул хууль ёсны бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүчингүй болгуулах замаар орц, гарцаа нээлгүүлэх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зориг гуравдагч этгээдийн буюу орон сууц өмчлөгч нарын эрхэд халдсан шинжгүй, маргаан бүхий актыг дахин гаргах замаар газрын хэмжээ, байршил, эргэлтийн цэгт өөрчлөлт оруулах боломжтой. Хууль бус захиргааны актын хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэ нь шийдвэрлэх асуудал биш юм. Тодруулбал, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа захиргааны актыг хууль нийцүүлэн гаргах бүрэн боломжтой. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжийн “К Э Т”... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэж, орц гарц нээгдэх боломжтой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч В.О...аас “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1195 дугаар захирамжийн “К Э Т”... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ  “... хариуцагчийн гаргасан А/1195 дугаар захирамжийн "К...." ХХК-д холбогдох хэсэг нь миний өмчлөлийн газрын орц, гарцыг хаах нөхцөлийг бүрдүүлсэн, миний болон эргэн тойрны өмчлөх эрхтэй айлуудын эмнэлгийн тусламж авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хязгаарласан, өөрийн өмчлөлийн газрыг мэдэлдээ байлгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон” гэж маргажээ.

2. Анхан шатны шүүх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... маргаан бүхий актыг хүчингүй болгуулах замаар орц, гарцаа нээлгүүлэх зорилготой бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа захиргааны актыг хуульд нийцүүлэн гаргах бүрэн боломжтой ...” гэж дурдсан байх боловч нэхэмжлэгчийн дурдаж буй “орц, гарцыг хаасан” гэх нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актын улмаас бий болоогүй нь анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон фото зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын сансрын зураг, кадастрын зураг зэргээр тогтоогдож байх тул Газрын тухай хуульд заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хариуцагч захиргааны байгууллагаас зөрчсөн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

3.1. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан кадастрын зураг /хэргийн 1-р хавтас 64 дэх тал/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 1/1526 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын мэдээллийн сангийн архивын зураглал /хэргийн 1-р хавтас 226, 227 дахь тал/ зэргээс харвал нэхэмжлэгчийн өмчилж буй газар болон гуравдагч этгээд “К Э Т”... ХХК-ийн эзэмшил газрын хооронд нарийн зурвас газрыг орц, гарцын зориулалтаар үлдээсэн байх тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй байна.

3.2. Харин уг кадастрын зургийн дагуу орц гарцыг үлдээлгүй, бодит байдалд нэхэмжлэгчийн хашаанд тулгаж /нэг хүн орох гарах зайтай гэх/ хашаагаа барьсан бусдын буруутай үйлдэл байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

4. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн атлаа “... нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газартаа бодитоор оршин суудаггүй, газар нь дахин төлөвлөлтөд орсон ...” гэх зэргээр хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлд хамааралгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.

5. Гэвч дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.О... давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.