| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/045 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Б.Т , түүний өмгөөлөгч Н.Энхжаргал / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003080337 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ын , / Регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн 2014000014 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчлийн холбогдогч насанд хүрээгүй *******гийн хууль ёсны төлөөлөгч Д.М гаас торгуулийн мөнгө гэж итгүүлэн албан тушаалын байдлаа ашиглаж хуурч 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг өөрийн албан өрөөндөө бэлнээр авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орчимд байх зөрчлийн 1314000003 дугаартай хэргийг холбогдогч гэх *******ыг дуудах үед хөдөө явах гэж байгаа учраас дахин ирэхгүй байх гэж бодоод торгуулийн мөнгө гэж 100 000 төгрөг бэлнээр авсан нь үнэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эхнэр *******г дуудаж торгуулийн 100000 төгрөгийг өгч Төрийн банканд тушаалгасан. Би *******аас авсан байсан 100 000 төгрөгийг *******д өгч тушаалгасан. Өөр зүйл мэдэхгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *******ийн ээж цонхны шилний мөнгийг өгөх гэсэн юмаа гэхээр нь өөрийн дансаа өгч хийлгүүлсэн нь үнэн. Тухай өдөр *******ын эхнэр *******г дуудаж өгөх гэсэн чинь эмнэлэгт хэвтэж байгаа учраас очиж авч чадахгүй миний дансанд хийчих гэж хэлэхээр нь би өөрийн ******* дугаартай данснаас 130000 төгрөг шилжүүлсэн. Хавтаст хэрэгт баримт болгож тэмдэглэл үйлдээгүй. Баримт байхгүй. Цагдаагийн алба хаагчийн Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөр байна, миний буруу. Яагаад энэ үйлдэл гаргасан талаар тайлбар гээд байх байхгүй. Торгуулийн мөнгийг тусгай дансанд тушаалгах ёстой гэдгийг мэдэж байгаа. Хувийн дансаар авч болохгүй гэдгийг ч мэдэж байгаа. Миний буруу.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/
... Д.М гаас дээрх 100 мянган төгрөгийг хүүхдийг чинь торгож байгаа мөнгө гэж хэлээд зөрчлийн хэргийг хааж прокурорт шилжүүлсэн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн албан ерөө болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн төвийн байрны цагдаагийн хэсгийн байрны өрөөнд бэлнээр хүлээж авсан. Тухайн мөнгийг би 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэртээр бэлэн хүлээж авсан юм. Тэгээд би тухайн мөнгийг нь сейфэндээ хадгалсан байсан бөгөөд мөнгө авсан өдрөөс хойш 7-10 орчим хоногийн дараа ээлжийн амралтын дундуураа ирж ажил дээрээс тухайн мөнгийг нь аваад одоо санаж байгаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны орчимд банканд өөрийн танил таксинд явдаг ******* /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/ гэх залуугаар тушаалгасан юм. Би өөрөө хувийн ажилтай байсан тул банканд тушааж амжаагүй. Мөнгө бэлнээр өөр дээрээ авсан нь миний буруу. Тухайн мөнгийг холбогдогчоос авахдаа баримт, тэмдэглэл үйлдээгүй....Хахууль гэж бол аваагүй. Хэргийг хаасны хариуд авсан мөнгө биш юм. Торгуулийн мөнгө гэж итгүүлэн хэлж яриад зөрчлийн хэргийн холбогдогчоос авсан юм. Тэр нь хууль бус гэдгийг би ойлгож мэдэж байна. Миний буруу. *******ийн ээж ******* над руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр залгаад *******ын утас холбогдохгүй байна, өнөөдөр манай цалин бууж би ядаж хохирлын мөнгийг нь тушаая гэхээр нь та аваад ирэхгүй юу гэхэд эгч нь ажилтай байна дансаар шилжүүлье гэхээр нь би өөрийн ХААН банкны дээрх дансыг өгөхөд миний данс руу 2020.01.28-ны өдрийн 10 цаг 46 минутад 130,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн мөнгийг өгөх гэж ******* руу залгахад утас нь холбогдохгүй байсан. *******ын эхнэр рүү нь залгахад би эмнэлэгт төрөх тасагт хэвтэж байна, тонус өгөөд хэвтрийн дэглэмтэй байна, та миний данс руу явуулчих гээд над руу мессежээр дансны дугаараа явуулсан. Тэгээд би багийн төвөөс гараад банкны АТМ дээрээс 12 цаг 17 минутад *******ын эхнэрийн данс руу хохирлын мөнгө гэсэн утгаар шилжүүлсэн....Хохирол юу болж байна, мөнгө төгрөгөө авах гэсэн юм эхнэр бид 2 хөдөө явах гэж байгаа юм гээд эхнэрийнхээ хамт ирж уулзсан. Манай эхнэрийн биеийн байдал нь муу байгаа. 5 сартай жирэмсэн, хүүхэд нь зулбачих гээд байгаа юм, наашаа цаашаа дахин дахин яваад баймааргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлсэн. Чи хөдөө явахаасаа өмнө торгуулийнхаа мөнгийг тушаачхаад яваарай гэж 100,000 төгрөгөөр торгох талаар хэлсэн. Банк руу яваад мөнгөө тушаагаад ир гэхэд би хөдөө явах гээд унаа хүлээлгэчихсэн. Танд мөнгийг нь үлдээчихье , та тушаачхаач гэхээр нь би тухайн мөнгийг тэмдэглэл үйлдэж хүлээж аваад, тухайн тэмдэглэлээ хэргийн материалд хавсаргасан юм. Тухайн үед надад 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт өгснийг би дээрх байдлаар хүлээн авсан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би тухайн мөнгийг *******ын эхнэрийнхэн гэрт нь очиж энэ торгуулийнхаа мөнгийг чи надад тушааж өг, надад банкны баримт нь хэрэгтэй байна гэхэд эхнэр нь эмнэлгээс гарсан байсан. Би өөрөө тухайн үед унаатай явсан тул эхнэрийг нь гэрээс нь аваад Төрийн банк орж эхнэрээр нь тушаалгаад, банкны баримтыг нь аваад буцаагаад эхнэрийг нь гэрт нь хүргэж өгсөн. Дээрх мөнгөнөөс би хувьдаа завшсан зарцуулсан зүйл байхгүй ээ. *******ийн торгуулийн мөнгө болох 200,000 төгрөг нь хохирлын мөнгө болох 135,000 төгрөг шилж орж ирсний дараахан миний хувийн данс руу *******ийн ээж *******ын данснаас орж ирсэн. Торгуулийн мөнгийг миний хувийн данс руу хийж болохгүй гэж хэлээд би *******ыг дагуулж Төрийн банк дээр очоод тухайн мөнгийг нь тушаалгаж баримтыг нь авч хэрэгт хавсаргасан юм. Тухайн үед би хэдийгээр ээлжийн амралттай байсан ч гэсэн дээрх байдлаар амралтынхаа дундуур ажиллаж, торгуулийг нь хийлгэж бүрэн дууссаны дараа 2020 оны 02 дугаар сарын 07-ны орчимд хэргийг шилжүүлсэн юм. Өөр дээрээ мөнгө авсан, хувийн дансаар мөнгө авсан зэрэг үйлдэл нь миний буруу байгаа юм. Уг нь бол тухайн зөрчил гаргасан этгээдээр өөрөөр нь банканд тушаалгаад тухайн мөнгө тушаасан баримтыг нь л би авч, хэрэгт хавсаргах үүрэгтэй. Тухайн 100,000 мянган төгрөгийг би өөр дээрээ бэлнээр авсан нь буруу асуудал гэдгийг мэдэж байсан учраас ******* руу дээрх байдлаар мессеж бичсэн юм. Өрөөний үүд хаалга чагнасан асуудал нь дэд дарга намайг дуудсан юм. Өрөөнд орох гэхэд цоожтой байсан. Дотор нь хүн дуугарах шиг болохоор нь хаалгыг нь чагнасан юм. Тэрнээс биш би доторх яриа өгүүллэгийг сонсох зорилгоор чагнасан зүйл байхгүй ээ. Тэгсэн дэд дарга камер шүүж баримтжуулаад сүр болгоод чи тагналаа чагналаа гээд байсан. Би *******аас хурааж авсан мөнгийг *******д хүлээлгэж өгөөд тушаалгасан. Тийм баримт надад байхгүй ээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Баянхонгор аймгийн Цагдаагийн газар хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн *******гаас зөрчлийн гомдол ирсэн. Уг хэргийг надад цохоод би шалгасан. Шалгах явцад эзэн холбогдогч нь мэдэгдэхгүй хулгайн хэрэг байсан. Бүх мэдээллийг цуглуулахын тулд албан тоот явуулж лавлагаа авахад гомдол гаргагчийн аавынх нь төрсөн дүү *******гийн охин үйлдсэн байх нь тогтоогдсон. Эхний 3 өдөр бүх мэдээлэл , хэргийн дугаараа авч хулгайн хэргээр зүйлчилсэн. *******д хэн авсан талаар хэлэхэд манай эгчийн охин байна гэсэн. Тэгээд г дуудуулсан. Зөрчлийн хэрэг нээснээс хойш 14 хоног дотор ажиллагаа явж байгаад холбогдогч нь хөдөө явсан байсан учраас хэргийн хугацаа дуусаж байсан болохоор 14 хоног сунгуулсан. Бүтэн сайн өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй залгасан. Тэгээд учраа хэлэхээр нь Цагдаагийн газар байж байгаарай гээд би очсон. Албан өрөөндөө очоод мэдүүлэг авсан чинь өмнө нь ******* гийн утсанд симээ хийгээд гүйлгээ хийж байсан байна. кодыг нь мэддэг учраас *******гийн данснаас 171.000 төгрөгийг авсан байсан. Ингээд шалгах явцад хулгай биш итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эд хөрөнгийн эрхийг завшсан хэрэг байхаар нь би торгуулийн арга хэмжээ авъя гэж шийдэж 8.6 дугаар зүйлээр зүйлчилсэн. 8.7 дугаар зүйлчилэх гэхээр санкц нь ондоо байсан болохоор 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгийг нь буцааж хийсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амраад 02 дугаар сарын 28 өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд хяналт шалгалт явсан гэж надад хэн ч хэлээгүй би мэдээгүй. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дэд дарга намайг дуудаад хэлсэн. Тэрнээс өмнө мөнгийг буцааж хийсэн байсан. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм алдаа гаргасандаа харамсаж байна. Хүнээр дамжуулж мөнгийг буцааж хийсэн тэр хүнийг гэрчээр асуулгамаар байна.Тухайн хэргийг шүүх рүү шилжүүлэх байсан. ******* гэж хүнийг танихгүй. 8.7 дугаар зүйлээр зүйлчлэхээр болоод аваад үдсэн 20 мянгатын дэвсгэрт 5 ширхэг нийт 100.000 төгрөг авсан. Хохирол төлбөрийг барагдуулсан. Шалгалтын явцад 8.7 гэж ойлгосон. Холбогдогч нь Баянбулаг сум руу явахаар болоод мөнгийг аваад үлдсэн. Цаг хугацаа алдах байсан учраас аваад үлдсэн. 8.7 дугаар зүйлийг 500.000 төгрөгөөр торгоно гэдгийг мэдээгүй. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Залилах гэмт хэрэг үйлдээгүй. Би 100.000 төгрөг хувьдаа ашиглах гэж аваагүй. Тэр хүмүүст тусалъя гэж бодсон. Миний буруу, Би Цагдаагийн байгууллагад 15 жил, Хэрэг бүртгэгчээр 6 жил ажиллаж байна гэв.
3. Хохирогч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би охиныхоо асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Б.Т байцаагчтай очиж уулзахад бүтэн сайн ба амралтын өдөр тэгээд би хөдөөний хүн хүүхдийнхээ асуудлыг хурдан шуурхай шийдүүлмээр байна гэтэл за тэгвэл та хүүхдийнхээ гаргасан зөрчилд 100.000 төгрөгөөр торгууль гэсэн тэгээд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэж байна гэж ойлгосон өөр мэдэх зүйл алга байна. Тухайн үед би Баянбулаг сумын Хангал 3 дугаар баг хөдөөнөөс аймаг ороод ирсэн хөдөө манайх ганц гэр нөхөр бие муутай мал харах хүн байхгүй буцах гэж их яарч байсан тэгээд хүүхдийнхээ асуудлыг шуурхай шийдүүлэхийн тулд торгуулийн 100.000 төгрөгийг нь өгсөн амралтын өдөр банк ажиллахгүй байна гэхэд за би өөрөө 1 дэх өдөр тушаачихна гэж хэлсэн. Тухайн торгуулийн 100.000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Ажлын өрөөнд нь аваачиж өгсөн мөнгө өгөхөд надтай хамт манай охин *******, манай хамаатны хүүхэд нар байсан ондоо хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-72 /
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны сүүлээр байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна хамт амьдардаг ах ахын данснаас ахыг байхгүй хойгуур мөнгө авсан байсныг мэдэлгүй ах цагдаад өгсөн асуудлаар шалгагдаж байсан. Он сараа сайн мэдэхгүй байна тухайн өдөр амралтын өдөр байсан ээж хөдөөнөөс ирсэн байсан тэгээд ээжтэй хамт цагдаа орсон чинь манай ээжид Б.Т байцаагч танай хүүхдийг 100.000 төгрөгөөр торгоно мөнгийг бэлэн аваад ир 1 дэх өдөр би өөрөө банканд тушаана гээд торгуулийн 100.000 төгрөг бэлнээр аваад одоо явж болно асуудлыг чинь шийдвэрлэчихлээ гэсэн. Би тухайн зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 17 настай байсан 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18 нас хүрсэн. Тухайн зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэх зорилгоор торгуулийн 100.000 төгрөг гэхээр нь ээж бид хоёр 100.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Торгуулийн 100.000 төгрөг аваад ирвэл хэрэг чинь ингээд хаагдана гэсэн тэгээд л 100.000 төгрөгөөр торгуулсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 /
5. Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... О.******* нь манай нөхөр байгаа юм. Одоогоор хамт амьдарч байгаа боловч яг албан ёсны эхнэр нөхөр болоогүй. Энэ намар 10 дугаар сард хурим хийгээд албан ёсоор тусдаа гарна. Гэрлэлтээ баталгаажуулаагүй юм. Б.Т гэх цагдааг өмнө таньж мэддэггүй байсан бөгөөд манай нөхөр О.*******ын зөрчлийн хэргийг шалгасан үеэс мэднэ. Одоо ямар нэг харилцаа холбоо байхгүй. Б.Т дээр өмнө манай нөхөр бид 2 шалгагдаж байгаагүй бөгөөд 6 баг хариуцсан хэсгийн байцаагч учраас манай нөхрийн холбогдсон дээрх зөрчлийг шалгах үед нь харсан юм. Өмнө ямар нэг хувийн таарамжгүй харилцаа байхгүй. О.******* бид 2 2020 оны 01 дүгээр сарын дундуур Б.Т ийн суудаг ажлын байранд нь 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт буюу 100,000 төгрөг торгуулийн мөнгө гэж өгсөн . Б.Т бэлнээр аваад би өөрөө тушаачихна гээд аваад үлдсэн. Бид 2 хөдөө явах яаралтай ажилтай байсан. Хөдөө явсан. Тэгсэн намайг аймаг дээр 2 сарын 10-ны өдөр аймгийн хаяг дээр ирсэн байж байхад Б.Т над дээр авто машинтайгаа ирээд та 2-н өгсөн мөнгийг би авч болохгүй юм байна. Чи хамт яваад тушаагаадах гээд намайг дагуулж Баянхонгор их дэлгүүрийн Төрийн банкин дээр ирээд нөгөө 100,000 төгрөг буюу бид 2 өгсөн 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт байх шиг байсан. Тэр мөнгийг нь би банканд өөрийн нөхөр О.*******ын нэрээр тушаагаад нөхрийнхөө өмнөөс гарын үсгийг нь бичсэн юм. Банкны баримт дээрх гарын үсэг нь миний бичсэн О.*******ын нэр бүхий гарын үсэг байгаа. Б.Т хэлэхдээ О.*******ын нэрээр тушаах хэрэгтэй гэж хэлсэн юм. Б.Т байцаагч намайг эмнэлэгт хэвтэж байхад ирээд аваадхаач, хохирлын мөнгийг чинь өгөх гэсэн юм гээд яриад байсан. Тэгэхээр нь би очих боломжгүй байна, эмнэлэгт байна гэхэд данс аваад данс руу шилжүүлсэн юм. 88146417 дугаарын утас О.*******ын дугаар байгаа юм. Бид 2 дундаа барьж ашигладаг юм. Дээрх мессеж ирсэн нь үнэн. Бид 2 оос байцаагч гуйгаад мессеж бичээд байсан. Тэрийг нь цагдаагийн дэд дарга нь мэдчихээд утас хурааж аваад үзлэг хийж баримтжуулсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89/
6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Б.Т гэх цагдаагийн албан хаагчийг өмнө таньж мэддэггүй байсан. 2019 оны 12 дугаар сард *******той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад, маргалдаж, улмаар ******* нь миний унаж явсан автомашины шилийг хагалсан юм. Тухайн асуудлаас болж гэх байцаагч дээр зөрчлийн хэрэг нээгдэн шалгагдаж, торгуулийн арга хэмжээ авагдаад, шилний хохирлоо барагдуулж аваад тухайн хэрэг шийдэгдсэн. Шилний хохирлын мөнгийг манай эхнэр *******гийн ХААН банкны данс руу Б.Т байцаагч шилжүүлсэн байсныг авсан. Торгуулийн 100,000 төгрөгийг байцаагчийн өрөөнд нь 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэртээр 100,000 төгрөг бэлнээр өгсөн юм. байцаагч тухайн мөнгийг өөр дээрээ бэлэн аваад үлдсэн. Эхнэр бид 2 хөдөө явсан. Дараа нь 2 сарын дундуур манай эхнэр аймаг дээр байхад байцаагч дагуулж явж, нөгөө мөнгийг Төрийн банканд миний нэрээр тушаалгасан байсан. Энэ талаар эхнэр *******гаас мэдсэн. Торгуулийн мөнийг над дээр авч ирээд өгчих гэж тухайн үед хэлсэн учраас эхнэрийнхээ хамтаар 2020 оны 01 дүгээр сарын дундуур Б.Т ийн албан өрөөнд нь бэлэн 100,000 төгрөг хүлээлгэж өгсөн юм. Мөнгө хүлээлгэж өгсөн гээд надаар нэг гарын үсэг цаасан дээр зуруулж авч байсан. Тэгээд мөнгөтэйгөө цааш нь аваад далд хийсэн. Торгуулийн мөнгийг тушаах талаар хэлсэн бол бид 2 хэлсэн газарт нь тухайн үед нь тушаах байсан юм. Цагдаа дээр энэ асуудлаар эхнэр Б.*******гийн хамтаар мэдүүлэг өгөөд байж байхад Б.Т байцаагчаас дээрх байдлаар мессеж ирүүлсэн байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн дэд дарга ах мэдээд утсыг хурааж аваад баримтжуулж үзлэг хийсэн юм... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 90-91/
7. Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан шалгалт явуулсан дүнгийн тухай /1 хх-ийн 50-59/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б.Т ээс асууж авсан тайлбарын тэмдэглэл / 1-р хх-ийн 47-49/, Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн санал / 1хх-ийн 65-66/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 30-2/4399 дугаар албан бичиг /1-р хх-ийн 67/, утсаар ярьсан тэмдэглэл /1-р хх-ийн 92-94/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 117/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумны 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 119/, 0016789 дугаар шийтгэлийн хуудасны хуулбар /1-р хх-ийн 195/, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 198/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс 6 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа Зөрчлийн 2014000014 дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг насанд хүрээгүй холбогдогч *******д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчлийн холбогдогч насанд хүрээгүй *******гийн хууль ёсны төлөөлөгч Д.М гаас үйлдсэн зөрчлийг хэрэгсэхгүй болгож торгоно гэж итгүүлэн албан тушаалын байдлаа ашиглаж хуурч 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг өөрийн албан өрөөндөө бэлнээр авч залилан авсан үйл баримт болсон нь хохирогч Д.М , насанд хүрээгүй гэрч *******, нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын албаны шалгалт явуулсан материал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Т ийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Зөрчлийн хэрэг нээснээс хойш 14 хоног дотор ажиллагаа явж байгаад холбогдогч нь хөдөө явсан байсан учраас хэргийн хугацаа дуусаж байсан болохоор 14 хоног сунгуулсан. Бүтэн сайн өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй залгасан. Тэгээд учраа хэлэхээр нь Цагдаагийн газар байж байгаарай гээд би очсон. Албан өрөөндөө очоод мэдүүлэг авсан чинь өмнө нь ******* гийн утсанд симээ хийгээд гүйлгээ хийж байсан байна. кодыг нь мэддэг учраас *******гийн данснаас 171.000 төгрөгийг авсан байсан. Ингээд шалгах явцад хулгай биш итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эд хөрөнгийн эрхийг завшсан хэрэг байхаар нь би торгуулийн арга хэмжээ авъя гэж шийдэж 8.6 дугаар зүйлээр зүйлчилсэн. 8.7 дугаар зүйлчлэх гэхээр санкц нь ондоо байсан болохоор 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгийг нь буцааж хийсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчД.М гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би охиныхоо асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Б.Т байцаагчтай очиж уулзахад бүтэн сайн ба амралтын өдөр тэгээд би хөдөөний хүн хүүхдийнхээ асуудлыг хурдан шуурхай шийдүүлмээр байна гэтэл за тэгвэл та хүүхдийнхээ гаргасан зөрчилд 100.000 төгрөгөөр торгууль гэсэн тэгээд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэж байна гэж ойлгосон өөр мэдэх зүйл алга байна....” гэх мэдүүлэг зэргээс дүгнээд шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй холбогдогч *******гийн зөрчлийг шалгах явцад уг зөрчил нь хулгайн гэмт хэргийн шинжгүй, харин завших гэмт хэргийн шинжтэй байсан учир торгох зорилгоор нэг зуун мянган төгрөг авсан гэж мэдүүлж байгаа нь түүний мэдүүлгийг үнэн зөв гэдэгт эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь насанд хүрээгүй холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2020 оны 01 дүгээр 02-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэж улмаар уг хэргийг шүүх 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 54 дүгээр шийтгэврээр 10 цагийн албадан сургалтад хамруулж 07 хоногийн хугацаагаар баривчилж улмаар түүнийг насанд хүрээгүй үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах заалттай, мөн хуулийн тусгай ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зөрчил үйлдсэн хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчлан заасан байна.
Гэтэл шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй холбогдогч *******г нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор мөнгийг авсан гэж мэдүүлж байгаа нь түүнийг үнэн зөв мэдүүлэг өгч байгаад эргэлзээ төрж байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлд холбогдсон холбогдогч нарыг зөвхөн шүүхээр шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д хуульчлан заасан байхад шүүгдэгч Б.Т 2020 оны ээлжийн амралтаа 2020 оны 01 дүгээр сарын 25-ний өдрөөс эхлэн авч дээрх зөрчлийн хэргээ шилжүүлэхдээ бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл үйлдээгүй, уг мөнгийг хэргийн хамт шилжүүлээгүй зэрэг нь шүүгдэгч Б.Т нь хуулийн тодорхой заалтыг мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдөлд оруулж уг мөнгийг хувьдаа завших гэсэн сэдэлттэй байсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь хэрэг бүртгэгчээр 6 жил ажиллаж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь хуулийн заалтыг тодорхой мэдэх ёстой, мэдэж байсан боловч хэрэгжүүлээгүй үйлдэл гаргаж, холбогдогч *******г насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, бусдыг торгоно гэж төөрөгдөлд оруулж хэрэг бүртгэгч гэсэн албан тушаалын байдлаа ашиглаж залилсан байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т нь хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа насанд хүрээгүй *******гийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэрэгсэхгүй болгох тогтоол гаргаж, улмаар насанд хүрээгүй холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс торгоно гэж бусдыг төөрөгдөлд оруулж мөнгийг залилан авсан байна.
Гэтэл хэрэг бүртгэгч Б.Т нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д зааснаар уг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох эрх бүхий субъект биш атал 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж улмаар торгох нэрээр авсан мөнгийг хувьдаа завших санаа сэдэлттэй байсан гэж Шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Т ийн мөнгийг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д.М гийн нөхөр ийн данс руу мөнгийг буцаан хийсэн боловч энэ нь гэмт хэргээс сайн дураар татгалзсан гэж үзэхгүй харин хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэлээ.
Иймд Шүүхээс түүнийг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт буруутай байна гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн болно.
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас түүнд холбогдуулж албаны шалгалт явуулж байсаныг шүүгдэгч Б.Т мэдээгүй нь түүний үйлдлийг хөнгөрүүлэх цагаатгах үндэслэл биш болохыг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс торгуулийн мөнгийг амралтын өдөр авсан ажлын өдөр банкинд тушаах гэж байсан гэх нь хөнгөрүүлэх цагаатгах үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т нь торгуулийн мөнгө гэж авах ёсгүй үйлдэл хийсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Т хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Б.Т арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Т эд оногдуулсан торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Т эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ