Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/210

 

 

 

 

 

2021          03          25                                 2021/ШЦТ/210

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Н.Булганчимэг /томилолтоор/, 

Хохирогч Г.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Цогтбаатар,

Шүүгдэгч Н.Д,

Шүүгдэгч Ч.А, тэдгээрийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А, Н.Д нарт холбогдох эрүүгийн 1809037231252 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Бьюлдинг техноложи” ХХК-нд автоматикийн инженер ажилтай, ам бүл 4, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 хэсэг, Соёмбот 2 гудамж 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 48 дугаар байр 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, 1962 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны инженер мэргэжилтэй, “Бьюлдинг техноложи” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил стар 57 дугаар байрны 37 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.5, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8 дахь хэсэг, яллагдагч Ч.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.3.1, 27.3.3, 27.3.4 ажлын байрны тодорхойлолтын 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бьюлдинг Техноложи” ХХК-ний байранд тус компаний туслах ажилтан Г.Мөнхбаяр нь лист төмөр таслагч машинд зүүн гарын 1 дүгээр хуруу /эрхий хуруу/ уг хэсгээр, 2 дугаар хуруу /долоовор хуруу/ угийн шивнүүрийн дээд хэсгээр тасдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Г.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цех дээрээ осолд орсны улмаас миний зүүн гарын эрхий болон долоовор хуруу тасарсан. Би энэ байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлүүлээд 5 жил, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаад 1 жил нийт 6 жил ажиллаж байна. Энэ хугацаанд цехийн тоног, төхөөрөмж их бага хэмжээгээр гацдаг байсан. Өмнө нь төхөөрөмж гацсан тохиолдолд, төмрөөр түлхэж гацааг арилгаад үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлдэг байсан. Тухайн өдөр Дугаржаргал бид 2 ширээний 2 талд зогсоод исгүүр хийж байхад ажлын тоног төхөөрөмж гацаад урьдын гацааг арилгадаг аргаар төмрөөр түлхэж арилгах гэж байгаад гараа тасалсан. Тэр гацаа нь урьдын гацдагаас арай өөрөөр буюу цагийн зүүний байрлалаар заавар 5 цагийн чигт гацаад, төмрөөр түлхэж арилгах гэсэн боловч шалтай тулаад эвгүй байдалтай байсан. Би өөрийн хохирсон эрхээ сэргээлгэхээр 150.345.110 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дүгээр зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчоос олгосон нөхөн олговор 7.795.731 төгрөг олгосон. Дутуу олгосон 775.731 төгрөг, портезны 110.000 төгрөг, дутуу авсан цалин 26.492.506 төгрөгийн цалин 4.848.142 төгрөг нийт 150.345.110 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 1809037231252 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ч.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би ажлын талбай дээр очоод ажлаа хийж байхад 10 цаг 30 минутад Дугаржаргал нь утсаар яриад “Мөнхбаяр тасдагч багажинд хуруугаа тасдсан, Гэмтэл дээр яаралтай хүрээд ир” гэсэн. Би хийж байсан ажлаа орхиод гүйцэтгэх захирал Түмэннаст руу залгаж Мөнхбаярын талаар ярьсан. Гэмтэл дээр очсон чинь Мөнхбаяр нь яаралтай тусламжинд үзүүлж эмчлүүлж байсан. Гэмтлийн эмчтэй уулзахад “Мөнхбаярын тасарсан хурууг оёдол тавих боломжгүй, хуруу нь тэгшхэн тасарсан бол оёдол тавих боломжтой” гэж хэлсэн. Ажлын талбай дээр ажил ихтэй байсан учир Мөнхбаярт заавар зөвлөмж өгч чадаагүй. Би Мөнхбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 5-6, 2 дугаар хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай ажилтан Г.Мөнхбаяр нь ажлаа хийж байх хугацаандаа таслагч төхөөрөмжид хуруугаа тасдаж гэмтэл учруулсан асуудалд Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөн гэж хүлээн зөвшөөрч байна. Таслагч төхөөрөмж дээр ажиллаж байхад шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангаж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Мөнхбаярын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Бьюлдинг техноложи” ХХК-ийн цех дээр 10 цаг өнгөрч байхад очсон.  Уг “Бьюлдинг техноложи” цех дээр бэлдэц бэлдүүлэх таслагч машин дээр ажил хийлгээд байдаг юм. Ажилд гарахаас өмнө нь Хөдөлмөр хамгаалалт хариуцсан Ариунболд нь ажил хийх явцад аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа, зөвлөмж өгөөгүй, гарын үсэг зуруулсан юм байхгүй. Дугаржаргал нь намайг дуудаад таслагч машин дээрээ төмөр тасдаад байснаа таслагч төмрийн хэмжээс хий гэж зуруулсан. Тэгээд би ерөнхий ажилдаа орсон. Миний ажилладаг төхөөрөмж таслагч машин байнга гацдаг, аюултай ажилладаг байсан. Тухайн үед Хөдөлмөр хамгаалалт хариуцсан Ариунболд гэдэг залууд “таслагч машин гацаад байна” гэж байнга хэлдэг байсан. Ариунболд нь дээд шатны дарга нарт байнга хэлдэг байсан гэж ярьдаг. Таслагч машин хуучирсан машин байдаг юм. Би таслагч машин дээр ажиллаж байхад таслагч машин нь гацаад байхаар нь таслагч машины гацааг гаргах гэж байгаад зүүн гарын долоовор болон эрхий хуруу хэсгээ тасдуулсан...” мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-17 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Бьюлдинг техноложи ХХК-нд жолооч хийдэг ажилтай юм. Салхивчийн агааржуулалтын хоолой төхөөрөмжийг машинаар ачаад зөөдөг юм. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн ажил дээрээ ирсэн юм. Ариунболд нь инженер гэдэг залуу манай байгууллагад аюулгүй ажиллах талаар заавар зөвлөгөө өгдөг хүн юм. Уг өдөр намайг ажилд гарахаас өмнө нь Ариунболд нь надад аюулгүй ажиллах талаар заавар зөвлөгөө өгөөгүй. Тэгэхээр нь би ажлынхаа машинаа унаад ажилдаа гарсан. Ачаагаа буулгачихаад өдөр орчим буцаад ажил дээрээ ирэхэд Мөнхбаяр гэдэг манай ажлын залуу хуруугаа тасдагч машинд тасдуулсан гээд гэмтлийн эмнэлэг явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Дугаржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдор 09 цагийн үед өөрийн ажил болох Бьюлдингс техноложи ХХК дээр очсон юм. Нимгэн төмөр таслагч машин дээр ажиллах гэж байсан юм. Нимгэн төмөр таслагч машин дээр ажиллах хүн дутсан юм. Ариунболд гэдэг залуу нь манай байгууллагын ерөнхий инженер юм. Ариунболдоос нимгэн төмөр таслагч машин дээр ажиллах хүн дутсан байнаа хүн өгөөч гэж хэлсэн чинь Ариунболд нь зөвшөөрсөн. Мөнхбаярын ажиллаж байсан таслагч машин гацсан. Тэгсэн чинь Мөнхбаяр нь "Г" хэлбэрийн нарийхан хоолой төмөр авчихаад гацаад байсан төмөр таслагч машин нь гэнэт дуу гараад явахаар нь гайхаад очоод хартал Мөнхбаяр нь таслагч машины араа хэсэгт гараа хавчуулан хуруугаа тасдсан байсан. Мөнхбаярыг таслагч машин дээр ажиллах үеэс өмнө Ариунболдын цехээс гараад талбай дээр очин шалгаж явсан байхад Мөнхбаяр нь зөрөөд хүрээд ирсэн байсан. Тэгээд Ариунболд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллах ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч амжаагүй байх. Мөнхбаярын ажиллаж байсан таслагч машин гацдаг талаар 3 жилийн өмнөөс мэдэж байсан. Таслагч машиныг гацаад байгаа талаар Ариунболд нь удирдах алба тушаалтан хүмүүст хэлж байсан байх сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Бьюлдинг Техноложи” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг байсан. Тухайн өдөр манай ажлын хүн болох Г.Мөнхбаяр, Дугаржаргал нар нь таслагч төхөөрөмж дээр төмөр тасдаад зогсож байсан. Би тэр хавиар төмөр хоолойны амалгааг төмөр суурин таслагчаар тасдаад байж байхад Мөнхбаярын ажиллаж байсан таслагч төхөөрөмжийн дуу чимээ нь гарахгүй чимээгүй болчихсон. Тэр хавиар хүмүүс бөөн юм болоод байсан чинь Мөнхбаяр таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан байсан. Мөнхбаярыг Дугаржаргал машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан... “Бьюлдинг Техноложи” ХХК-иас ХАБ-ын инженер Ариунболд хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллах талаар заавар зөвлөгөө өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулж гаргаагүй. Маргааш нь гарын үсэг нөхөж зуруулсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 46-48 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...“Бьюлдинг Техноложи” ХХК-ний зүгээс өөр газарт ажиллаж байсан. Тэр газар нь Сүхбаатар талбайн зүүн талд байрлах барилга дээр хоолойн угсралт хийх гээд өглөө 09 цагийн үед хохирогч Г.Мөнхбаярын хамтаар байж байсан. Тэгтэл 10 цагийн үед тус компанийн үйлдвэр дээр таслагч төхөөрөмж дээр ажиллах хүн байхгүй байна гэж хохирогч Г.Мөнхбаярыг дуудуулаад миний ажиллаж байсан газраас явуулсан. Барилга дээр ажиллаж байхад цайны цагаар Г.Мөнхбаярыг таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан талаар ажлын хүнээсээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Төмөрчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...09 цаг өнгөрөөд 10 цаг дөхөж байхад манай ажлын залуу Мөнхбаяр нь “тус компанийн үйлдвэр дээр таслагч төхөөрөмж дээр ажиллах хүн байхгүй байна. Намайг дуудаад байна” гэж хэлээд миний ажиллаж байсан газраас явсан. Барилга дээр байж байхад цайны цагаар Г.Мөнхбаярыг таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан талаар ажлынхаа хүнээс мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10244 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Мөнхбаярын биед эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд, долоовор хуруу дунд үений түвшинд тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25% алдагдуулна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Шинжээч Ш.Цэцэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-46 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №627 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн гаргасан №10244 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
  2. Г.Мөнхбаярын биед зүүн гарын 1 дүгээр хуруу /эрхий хуруу/ уг хэсгээр 2 дугаар хуруу /долоовор хуруу/ угийн шивнүүрийн дээд хэсгээр тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.81.4, 4.15.87.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоодог, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох нь түр хугацааны алдалтыг тогтоож, хугацааг сунгах байдлаар явагддаг тул ялгаатай болно...” гэжээ /2 дугаар хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...бидний дүгнэлтээр Мөнхбаярын биед учирсан гэмтлийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% хувь тогтонги алдагдуулсан гэж үзээд хүнд гэмтэлд хамааруулсан. Энэ нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Мөнхбаярын зүүн сарвууны рентген зургаар эрхий хуруу угийн шивнүүр уг хэсгээр тасарсан гэсэн дүрс оношилгоо эмчийн дүгнэлтээр харагдаж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 156-158 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №863 дугаартай дүгнэлт “Дүгнэлт:

  1. Г.Мөнхбаярын зүүн гарын эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд, долоовор хуруу дунд болон угийн шивнүүр ясны үелэх үений түвшинд тасарсан нь тогтоогдож байна.
  2. Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч нарын үзлэг болон ГССҮТ-ийн өвчний түүхээр батлагдаж байна.
  3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014.12.05-ны өдрийн 214/422 тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35-100% тогтонги алдагдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байх бөгөөд энэ журмын 4.1-д ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг хүснэгтэд заасны дагуу тогтооно хэмээн заасан байдаг. Энэ хүснэгтийн 81.4-д эрхий хуруу угаараа тасарсан бол ерөнхий хөдөлмөрийн чадвар 25%, 87.2-д долоовор хуруу дунд шивнүүр буюу дунд үений түвшинд үгүй болсон бол ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% тогтонги алдагдана гэж заасан байх бөгөөд энэ хүснэгтээр тооцон үзвэл хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар 40% тогтонги алдагдах тул дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014.12.05-ны өдрийн 214/422 тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.
  4. Г.Мөнхбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг явдал болсон буюу 2018.08.10-ны үед үүссэн байх боломжтой.
  5. ШШҮХ-ийн шинжээчийн 10244 дугаартай дүгнэлтэд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувь хэмжээг болон гэмтлийн зэргийг буруу тогтоосон байна. ШШҮХ-ийн шинжээчдийн 627 дугаартай дүгнэлтэд гэмтлийн зэргийг зөв тогтоосон боловч ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон байна...” гэжээ /3 дугаар хх-ийн 25-29 дүгээр хуудас/, 

 

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №04 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Мөнхбаярын биед зүүн сарвууны эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд долоовор хуруу 2-р үений үелэх түвшинд тасарсан гэмтэл учирчээ.
  2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.91.1-д эрхий, долоовор хуруу хамтдаа тасрах /1+2/ гэсэн заалтад хамаарч байна.
  3. Г.Мөнхбаярын биед учирсан гэмтлийг анхан болон бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын үзлэг, дүгнэлт болон ГССҮТ-ийн өвчний түүх зэрэг эмнэлгийн баримтыг үндэслэн гаргасан болно.
  4. Г.Мөнхбаярын биед учирсан зүүн гарын эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд долоовор хуруу дунд болон угийн шивнүүр ясны үелэх үений түвшинд тасарсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А216/422 тоот тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.91.1-д эрхий, долоовор хуруу хамтдаа тасрах /1+2/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 40% хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Г.Мөнхбаярын биед учирсан гэмтэл нь хэрэг болсон буюу 2018.08.10-нд ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10244 тоот дүгнэлт ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувь хэмжээг болон гэмтлийн зэргийг буруу тогтоосон тул үндэслэлгүй. Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан 627, 863 тоот дүгнэлтүүд нь гэмтлийн зэргийг зөв тогтоосон боловч ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийг буруу хэрэглэсэн байна...” гэжээ /3 дугаар хх-ийн 99-102 дугаар хуудас/,

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ХАБ-15 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. “Бьюлдинг техноложи” ХХК-ийн захирал Н.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюуд учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна. /9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх-ыг зөрчиж мэргэжлийн байгууллагаас гэрчилгээ аваагүй. /9.5 Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно./ гэсэн заалтуудыг хангаагүй байна.
  2. Г.Мөнхбаярын ажиллаж байсан гэх Q11-4х2500 моделийн лист төмөр тасдагч машин нь стандарт шаардлага хангасан байна. MKM маркийн ESM Model:Q11-4x2500 техникийн паспорттой, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-аас Голомт банкны 1-р салбарын Гадаад төлбөрийн даалгавар №152-аар дамжуулан нийт 15788$ үүнээс Q11-4x2500 лист таслагч машиныг 5296$-аар худалдан авсан байгаа нь ашиглалтын хугацаа нь дуусаагүй байна. Засвар үйлчилгээ хийгдсэн талаар тэмдэглэл /техник ашиглалтын паспорт хөтөлж байсан эсэх/ хэрэг материалд авагдсан эсэх нь тодорхойгүй, тухайн осол гарах өдөр лист төмөр таслагч  машиныг цахилгааны эх үүсвэрээс бүрэн салгаж хаалт хамгаалалт авч завсар үйлчилгээг аюул осолгүй хийх боломжтой байсан.
  3. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн /18.2.2 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/ гэж заасны дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байна....” гэжээ /2 дугаар хх-ийн 84-86 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 102-108 дугаар хуудас/,

 

Building’s Technology” ХХК-ний захирлын №11 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “...Тус компанийн инженерээр Чулуунбат овогтой Ариунболдыг 2005 оны 06 дугаар сарын 13-наас авч ажлуулсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,

 

Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ “...Намсрай овогтой Доржийг захирлаар томилсныг бүртгэв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,  

 

Ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 73-74, 76-79, 2 дугаар хх-ийн 95-97 дугаар хуудас/,

 

“Бьюлдингс Текноложи” ХХК-ний захирлын №54/2013 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “...Тус компанийн туслах ажилтнаар Гэрэлчимэг овогт Мөнхбаяр 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн авч ажлуулсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас/,

 

Өвчний түүх /1 дүгээр хх-ийн 111-116 дугаар хуудас/,

 

Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-ийн 150-153 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 175-185 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 69-71, 80-83, 154-161 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 92 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 93 дугаар хуудас/, гэрч Д.Лхагвадуламын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Л.Өнөрбилэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч М.Цогтбаатараас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 25 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Д нь “Бьюлдингс текноложи” ХХК-ийн захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;”, 9.1.3 “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;”, 9.5 “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;”, 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;” гэснийг /ажлын байрны тодорхойлолтын 1.6/ тус тус зөрчиж, 

 

Шүүгдэгч Ч.А нь “Бьюлдингс текноложи” ХХК-нд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.”, 27.3.1 “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;”, 27.3.3 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;”, 27.3.4 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;” гэснийг /ажлын байрны тодорхойлолтын 1.3, 1.4, 1.5, 1.6/ тус тус зөрчсөний улмаас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бьюлдингс Текноложи” ХХК-ний байранд тус компаний туслах ажилтан Г.Мөнхбаяр нь лист төмөр таслагч машинд зүүн гарын сарвууны эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд, долоовор хуруу 2-р үений үелэх хэсгийн түвшинд тасдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газар үзлэг /нөхөн/ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

- Хохирогч Г.Мөнхбаярын “...Ажилд гарахаас өмнө нь Хөдөлмөр хамгаалалт хариуцсан Ариунболд нь ажил хийх явцад аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа, зөвлөмж өгөөгүй, гарын үсэг зуруулсан юм байхгүй. Хөдөлмөр хамгаалалт хариуцсан Ариунболд гэдэг залууд “таслагч машин гацаад байна” гэж байнга хэлдэг байсан. Би таслагч машин дээр ажиллаж байхад таслагч машин нь гацаад байхаар нь таслагч машины гацааг гаргах гэж байгаад зүүн гарын долоовор болон эрхий хуруу хэсгээ тасдуулсан...” мэдүүлэг,

- Гэрч Б.Бат-Эрдэнийн “...Мөнхбаяр гэдэг манай ажлын залуу хуруугаа тасдагч машинд тасдуулсан гээд гэмтлийн эмнэлэг явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Л.Дугаржаргалын ”... Мөнхбаяр нь "Г" хэлбэрийн нарийхан хоолой төмөр авчихаад гацаад байсан төмөр таслагч машин нь гэнэт дуу гараад явахаар нь гайхаад очоод хартал Мөнхбаяр нь таслагч машины араа хэсэгт гараа хавчуулан хуруугаа тасдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Батсайханы “...Мөнхбаярын ажиллаж байсан таслагч төхөөрөмжийн дуу чимээ нь гарахгүй чимээгүй болчихсон. Тэр хавиар хүмүүс бөөн юм болоод байсан чинь Мөнхбаяр таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Нямсүрэнгийн “...Г.Мөнхбаярыг дуудуулаад миний ажиллаж байсан газраас явуулсан. Барилга дээр ажиллаж байхад цайны цагаар Г.Мөнхбаярыг таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан талаар ажлын хүнээсээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Төмөрчулууны “...Барилга дээр байж байхад цайны цагаар Г.Мөнхбаярыг таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан талаар ажлынхаа хүнээс мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

- 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №04 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.            Г.Мөнхбаярын биед зүүн сарвууны эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд долоовор хуруу 2-р үений үелэх түвшинд тасарсан гэмтэл учирчээ...4.   Г.Мөнхбаярын биед учирсан зүүн гарын эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд долоовор хуруу дунд болон угийн шивнүүр ясны үелэх үений түвшинд тасарсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А216/422 тоот тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.91.1-д эрхий, долоовор хуруу хамтдаа тасрах /1+2/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 40% хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  ...” гэсэн дүгнэлт,

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ХАБ-15 дугаартай шинжээчийн дүгнэлт /Н.Д, Ч.А нарыг хуулийн хэм хэмжээ зөрчсөн зөрчлийн талаар/,

- Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Намсрай овогтой Доржийг “Бьюлдингс текноложи” ХХК-ийн захирал болохыг тодорхойлсон./,

- “Building’s Technology” /“Бьюлдингс текноложи/ ХХК-ийн захирлын №11, №54/2013 дугаартай “Ажилд авах тухай” тушаал / Ч.А, Г.Мөнхбаяр нарыг ажилд томилсон тухай/,

- Ажлын байрны тодорхойлолтууд, хөдөлмөрийн гэрээ,

- Шүүгдэгч Ч.Аын “...Ажлын талбай дээр ажил ихтэй байсан учир Мөнхбаярт заавар зөвлөмж өгч чадаагүй. Би Мөнхбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Н.Дийн “...Г.Мөнхбаяр нь ажлаа хийж байх хугацаандаа таслагч төхөөрөмжид хуруугаа тасдаж гэмтэл учруулсан асуудалд Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөн гэж хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Бьюлдингс текноложи” ХХК-иас барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэх, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулахдаа тухайн компанийн захирал Н.Доос лист төмөр тасдагч машиныг холбогдох байгууллагаар хянуулж зохих зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй тоног төхөөрөмжид аюулгүй ажиллагааны мэдлэг эзэмшээгүй Г.Мөнхбаярыг ажиллуулж, улмаар тухайн төхөөрөмжтэй түүнийг ажилуулахад ажлын байранд учирч болзошгүй аюулыг тогтоох эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгүйгээс гадна тухайн компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Ч.Аоос хөдөлмөр аюулгүй ажиллагаанд баримтлах дүрэм, зааврыг боловсруулаагүй, тухайн ажиллагаанд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах болон сургалтын хэрэгцээг тогтоож төлөвлөх гэх мэтчилэн арга хэмжээ аваагүй, Г.Мөнхбаярт хэрэг болох үед аюулгүй ажиллагааны зааварчилга, зөвлөмж өгөөгүй зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэд хэдэн хэм хэмжээг ноцтой зөрчсөний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

 

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн лист төмөр таслагч тоног төхөөрөмжийг хэдэн жилийн өмнөөс гацдаг, өөрсдөө засварлаад ажил гүйцэтгэдэг талаар дурджээ.

 

“Бьюлдингс текноложи” ХХК-иас барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэх, барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа энэхүү онцгой төрлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах нөхцөл шаардлага бүхэлдээ алдагдсан, тоног төхөөрөмжийг ажиллуулж болох эсэхийг тодорхойлсон гэрчилгээ баримтгүй, тоног төхөөрөмжид эвдрэл гарсан ч аюулгүй ажиллуулах хэмжээнд засварладаггүй, энэ талаарх мэдлэг, сургалтад ажилтнуудаа хамруулдаггүй, мэдлэг чадвар эзэмшээгүй этгээдийг нөхөөс маягаар ажиллуулдаг гэх зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллуулаагүй гэж үзэхээр байна.

 

Барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэх, барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа ямар ч тохиолдолд нарийн хяналт, зохион байгуулалттайгаар ажиллах шаардлагын үүднээс тусгай зөвшөөрөл олгож, энэ хүрээнд үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн хэм хэмжээг чанд баримтлах учиртай.

 

Ийнхүү “Бьюлдингс текноложи” ХХК-иас үйл ажиллагаагаа явуулахдаа шүүгдэгч нараас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэм хэмжээ бүрийг заавал биелүүлэхээр хуульчилж өгсөн хэм хэмжээ зөрчсөн байна.

 

Шүүгдэгч нараас хуулиар хүлээсэн хийх ёстой үүргээ биелүүлээгүй, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байна.             

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасанчилан шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.             

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос Н.Д, Ч.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Д, Ч.А нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнхбаяраас “...150.345.110 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зөрүү 775.731 төгрөг, 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 7.795.731 төгрөг,  протез 110 сая төгрөг, дутуу авсан цалин 26.492.506 төгрөг, цалингийн зээл 4.842.142 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Н.Д, Ч.А нар нь хохирогчид /960.000 төгрөг+1.487.569 төгрөг= 2.447.569 төгрөг/ 2.447.569 төгрөгийн /1 хх-ийн 227-228/ хохирлыг төлсөн болох нь шүүгдэгч нарын болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Энэ төлсөн баримтаас хохирогчийн эмчилгээний зардал болох 1.663.322 төгрөгийн төлбөр, 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зөрүү 775.731 төгрөгийг тус тус тооцож төлөгдсөн гэж үзэв.

 

Харин протезны 110 сая төгрөгийн баримтын эх сурвалж тодорхой бус, эмчийн үзлэг, оношилгоо хийсэн баримтууд байхгүй, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин гэх 26.492.506 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг тооцоход хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авсныг нотлох баримт байхгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй, дутуу байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

 Хохирогч шүүгдэгч нараас нэхэмжилсэн 2016 оны 11 сарын 10-ны өдөр цалингийн зээлийн үлдэгдэл болох 4.842.142 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл нь хамааралгүй, түүнд гэмтлээс үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн хохирогчоос сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ нөхцөл байдлыг зохицуулсан хуулийн тодорхой зохицуулалт байхгүй тул хүлээн авах боломжгүй болохыг дурдлаа.    

 

Гэвч хохирогчид учирсан гэмтлийн шинж нөхцөл байдлыг харгалзан сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах гэм хорын хохирлыг хохирогч Г.Мөнхбаяраас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болох дурдаж шийдвэрлэлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А, Н.Д нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Д, Ч.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй.

 

Учир нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хуульд заасан олон хэм хэмжээг зөрчсөн, хохирогчид анхны байдалд нөхөж сэргэх боломжгүй хүнд хохирол учруулснаас хөдөлмөрийн чадвар нь 69 хувиар алдагдсан, тэрээр өдөр тутмын амьдралдаа хийх хөдөлгөөн саадтай болсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан шүүх шүүгдэгч нарт хорих ялыг тодорхой хугацаагаар оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.     

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрд авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас ажил үүрэг гүйцэтгэхдээ холбогдох хууль, дүрмийг судлаагүй, тэдгээрийг ягштал баримтлах талаар зөв дадал хэвшээгүй, заавал биелэгдэх шинжтэй болохыг ухамсарлаагүй нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.А, Н.Д нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус бүрийг тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Н.Д нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус бүрийг шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Н.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч Н.Д, Ч.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мөнхбаярын нэхэмжлэлийн /110.000.000+26.492.506=136.492.506/ 136.492.506 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч Н.Д, Ч.А нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Г.Мөнхбаяр нь шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

            7. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрээр авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Ч.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

           

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Д, Ч.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А, Н.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН