Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/191

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 хохирогч Ц.Ариунзаяа,

 шүүгдэгч Ц.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Борлууд овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2031002440166 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Борлууд овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * дугаар баг, Бугант тосгоны Чулуутын ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21-ээс 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу “Хөнгөн” зэргийн согтолттой үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ходоод” гэх газарт өөрийн эзэмшлийн “3ил-131”загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн (Гурав) Жолоочийн үүрэг. 3.7 а) Жолоочид дараах зүйлийг хориглоно. :тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, (Арван хоёр) Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. (Хорин гурав) Хүн тээвэрлэх. 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалалтын хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, бага насны Б.Б******* нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21-ээс 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу “Хөнгөн” зэргийн согтолттой үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ходоод” гэх газарт өөрийн эзэмшлийн “3ил-131”загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн (Гурав) Жолоочийн үүрэг. 3.7 а) Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, (Арван хоёр) Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. (Хорин гурав) Хүн тээвэрлэх. 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртлэх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалалтын хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, бага насны Б.Б******* нь нас барсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “...Би анх 2010 онд жолооч болж байсан. Зил 131 машиныг бариад 5 жил болж байна. Машины руль сул гүйлттэй байсан юм, миний анхаарал болгоомжгүйгээс ийм явдал болсон. Маш их харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хүүгээсээ уучлалт хүсэж байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Ц.Ариунзаяагийн гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нөхөр ******* 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “талийгаач бид хоёртой хоночихоод 2020 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед “Ходоод явчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. Би утасгүй учраас нөхөр *******той огт холбогдож чадаагүй бөгөөд хаана юу хийж явсныг нь мэдэхгүй байсан. Би ер нь өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ гараагүй бөгөөд манай нөхөр А*******ийн машинтай хамт 19:00 минутын үед ирсэн. Ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн үнэртэж байхаар нь “Хэнтэй уусан бэ?“ гэж асуусан чинь манай нөхөр “А*******ийн машины ард жаахан нэрмэл байхаар нь уучихсан” гэж хэлсэн . Би дараа нь А*******аас “Яагаад чиний машины ард нэрмэл явж байдаг юм бэ” гэж асуусан чинь “Мэдэхгүй жоохон нэрмэл байсан” гэж хэлсэн. Манай гэрээс хөдлөөд “Тумбааш” гэх нэртэй дэлгүүр рүү А******* ороод 8 ширхэг лаазтай пиво аваад гараад ирсэн. Тэгээд буцаж гэр лүү яваад талийгаач хүүгээ үлдээе, дээрээс нь хувцсаа сольж өмсье гэж бодсон чинь миний хүү уйлаад байхаар нь “за за, аваад явъя” гээд нөхөр *******той ярилцаад талийгаач хүүгээ хамт авч явахаар болсон. Би тэр хооронд хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь А******* манай нөхөр ******* нар 2,2 лааз пиво хуваагаад уучихсан байсан. Тэгээд А******* машин бариад ******* хажууд нь суугаад би талийгаач хүүтэйгээ ард нь суугаад Бугант голын эрэг хальт орчихоод ******* “машин руугаа явъя” гээд бид нар Ходоод нэртэй газар очсон. Ходоод нэртэй газар очиход *******ын машин зогсож байсан ба дотор нь ямар нэгэн хүн байгаагүй. ******* талийгаач хүү бид 3 “Зил-131” загварын машинд суучихаад ******* машин бариад би талийгаач хүүтэйгээ хажууд нь суугаад явсан. Миний нөхөр ******* “Гурвуулаа ийшээ агаарт гарна” гэж хэлээд нэг газар руу яваад байсан бөгөөд тухайн газар уулын бэлд, шороон шавартай зам байсан. Би машин дотор талийгаач хүүгээ унтуулж байхад баруун гар тийшээ машин гулгаж ороод цаашаа юу болсны мэдэхгүй машин бүтэн эргэсэн. Машин бүтэн эргээд зогсохоор нь миний талийгаач хүү шалан дээр хэвтэж байхаар нь татаж буулгаад үзтэл хамраас нь цус гарчихсан амьсгалахгүй байсан. Би талийгаач хүүгээ тэвэрсэн чигээрээ нөхөр *******ыг машинаас буулгаад ирсэн замаараа буцаад нэлээн алхаад явж байтал ******* “буруу алхаад байна, нөгөө тийшээ явья” гэхээр нь би зөв алхаж байна гээд *******ыг шууд хаяад явсан. Би зам дээр гараад машинд гар өргөөд зогсож байтал цэнхэр өнгийн Портер зогсохоор нь би хүүтэйгээ хамт суугаад шууд Бугант тосгоны эрүүл мэндийн төвд очоод үзүүлсэн. Хүүгээ үзүүлсэн чинь Бугант тосгоны эмч нар нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч М.А*******ын 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бугант тосгоны “Ходоод” гэх газарт гэртээ байсан. Орой 16 цаг 52 минутын орчимд...Буянаа намайг “Ходоод”-ын гүүрэн дээр хүрээд ирээч” гэхээр нь би өөрийн эзэмшлийн “Avante xd” загварын 29-47 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад очсон. Тэгсэн Буянаа миний машинд суугаад хэсэг юм ярьж байгаад миний машины суудал дээр байсан 1 литр нэрмэл архийг харчихаад аваад уугаад байсан. Тэгээд нэрмэл архийг хажуудаа тавьсан байхаар нь би машинаа хөдөлгөхдөө аваад хаячихсан юм. ...Би “Тумбааш” нэртэй дэлгүүр ороод хөргөгчид 6 ширхэг Сэнгүр байхаар нь буцаж гараад “6 ширхэг Сэнгүр байна” гэж хэлэхэд эхнэр нь тэгвэл Сэрүүн гэх пивотой холиод авчих гэж хэлсэн. ...Би буцаж “Тумбааш” нэртэй дэлгүүр ороод 6 ширхэг Сэнгүр, 2 ширхэг Сэрүүн пиво аваад машинаа бариад буцаад Буянаагийн гэрийн гадаа очсон. Буянаагийн гэрийн гадаа очиход Ариунзаяа “гэр лүүгээ орж хувцас хунараа солино” гээд орсон. ...Нилээн удаж байгаад хүүхдээ бас өөрийгөө хувцаслаад гараад ирсэн бөгөөд би машинаа бариад Буянаа миний хажууд суугаад Ариунзаяа ард суугаад явсан. Бид 4 миний машинтай Бугант голын хөвөөн дээр очоод Буянаа бид хоёр тус бүр 1, 1 лааз пиво уусан бөгөөд би өөрийнхөө пивоноос ууж байгаад цонхоор шидчихсэн юм. Харин Буянаа өөрийнхөө 1 лааз пиво уугаад яваад байсан яг дуусгасан үгүйг сайн мэдэхгүй байна. Бугант голын эрэг дээр зогсож байгаад шууд Ходоод нэртэй газарт очоод Буянаагийн “Зил-131” загварын тээврийн хэрэгсэлд миний машин дотор байсан хувцас, хунар гээд бүх зүйлийг нь хийгээд явуулсан. Би яг хаашаа явсан үгүйг бол сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Ч.О*******ы 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед ..."Ходоод” нэртэй газарт “3ил-131” мөн жижиг цагаан өнгийн 2 машин зогсчихсон, машинуудын гадна 2 залуу ундаа уугаад сууж байгаа харагдсан. Би хажуугаар нь өнгөрөхдөө машин тэрэг чинь зүгээр үү гэж асуусан чинь зүгээр гэхээр нь яваад өгсөн. “3ил-131”загварын автомашины жолооч нь бол ******* бөгөөд нөгөө эрэгтэй нь өмнө нь харж байсан, нэрийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Э.Ганболдын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр намайг “Ач мөнх” ХХК-ийн харуулын постонд байхад 22 цаг 10 минутын үед үл таних залуу /*******/ ирээд Би машинаа унагаачихлаа, утсаар яриулаад өгөөч “ гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд гар утсыг өгсөн. Тэгээд нэг хүн рүү 22 цаг 29 минутад “98199771” дугаарын утас руу залгаж хүрээд ир гэж хэлэх үед утасны цэнэг дууссан...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Ж.Мөнхдаваагийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бугант тосгоны эрүүл мэндийн төвд дуудлагын эмч ажилтай байсан, 22 цаг 45 минутад сувилагч “аваарт орсон хүүхэд эмнэлэгт ирлээ, яаралтай ирээрэй” гэсний дагуу би гэрээсээ маш хурдан эмнэлэг дээр очиход талийгаач Б*******ыг ээж нь тэврээд ороод ирсэн. Талийгаачийн ээж нь “Манай хүүхэд амьсгалахгүй байна, үзээд өгөөч” гэж хэлээд байна гэсний дагуу хүүхдийг харахад нүүр, ам нь нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Хүүхдийн амин үзүүлэлтийг үзэхэд ямар ч амин үзүүлэлт байхгүй, манай эмнэлэг дээр нас барсан байдалтай ирсэн. Би тухайн үед “нас барсан байна” гэдгийг ээжид нь хэлсэн. Тархи дагзыг тэмтэрч үзэхэд баруун ар хэсэгт хугарч, цуурсан юм уу гэмээр тэмтрэгдэж байсан. Хүүхдийн ам, хамраас нэлээн цус гараад хатаж тогтчихсон байдалтай, зүүн талын шанаа хэсэгт шугаман хэлбэрийн урагдал зэрэг гэмтлүүд байсан” гэх мэдүүлэг[6],

7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Цусанд-0.5 промилли спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[7],

8. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач Б.Б*******ын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, зүүн хацар, зүүн чих, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, зүүн чих, баруун бугалганд цус хуралттай бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Б.Б*******ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, дарагдлын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач Б.Б******* нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Талийгаач Б.Б******* нь ямар нэг архаг хууч өвчингүй байна. 5. Талийгаач Б.Б******* нь гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцралын улмаас нас баржээ. 6. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна...” гэх мэдүүлэг[8],

9.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цахир гүн” ХХК-ний “Мөнгөн хүлэг” авто сургуулийн Замын хөдөлгөөний дүрэм, жолоодлогын дадлагын багш буюу тусгай мэргэжил эзэмшсэн С.О*******дэлгэрийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Ц.******* нь “Зил-131” маркийн 37-25 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын баруун гар тал руу онхолдсоны улмаас Б.Б******* нас барсан гэж үзнэ. /Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг /Жолооч У.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн (Гурав) Жолоочийн үүрэг. 3.7 а Жолоочид дараах зүйлийг хориглоно. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, (Арван хоёр) Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. (Хорин гурав) Хүн тээвэрлэх. 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртлэх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалалтын хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...”  гэх дүгнэлт[9],

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11],12.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[14], 15. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Ариунзаяа мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Борлууд овогт *******гийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тогтоов.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн 37-25 СЭҮ улсын дугаартай, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ц.*******од буцаан олгож, хэрэгт хураан ирүүлсэн Ц.*******ын 670309 дугаартай, “В”,“С” ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлвэл хуульд нийцнэ.

Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Ц.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Борлууд овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Борлууд овогт *******гийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт *******гийн *******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

5.Энэхүү хэрэгт битүүмжилсэн 37-25 СЭҮ улсын дугаартай, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ц.*******од буцаан олгосугай.

6.Хэрэгт хураан ирүүлсэн Ц.*******ын 670309 дугаартай, “В”,“С” ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

8. Шүүгдэгч Ц.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ