| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/221 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/221
2021 03 30 2021/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Н.Булганчимэг /томилолтоор/,
Хохирогч Ш.Батдолгор,
Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шд холбогдох эрүүгийн 2009011551301 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Түшээт-Ундарга” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, охин, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Талх чихэр 11 дүгээр байр 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Ш нь “Түшээт-Ундарга” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу харилцагчдын тооцооны авлага /борлуулалтын орлого/ болох нийт 12.563.570 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Ш.Батдолгор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 04 дүгээр сарын 16-аас 2019 оны 07 дугаар сарын 16-ны хооронд манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Манай компани харилцагч, дэлгүүрүүдээ найдвартай гэж үзвэл бараагаа 1 сарын хугацаатай зээлээр өгдөг байсан. Дэлгүүрүүд, харилцагч нарт зээлээр бараа өгөх үйл ажиллагааг худалдааны төлөөлөгч хариуцан ажилладаг. Б.Ш ажиллаж байх хугацааныхаа 2 дахь сараас Б.Шгийн нэр дээр харилцагч нараас авах маш их хэмжээний өр, авлага цугларч эхэлсэн. “Яагаад өр, төлбөр орж юм бэ” гэж асуухад “ороод ирлээ” гэх байдлаар өр хаагдаж байсан. Өмнөх өр нь дарагдсан хэдий ч дараа сард төлөгдөөгүй өр, зээл нэмж гарах байдал бий болж байсан. 04 дүгээр сарын өр, авлага 5 сард хаагдаж, 5 сарын өр авлага 6 сард хаагдах нөхцөл байдлууд үүсч байсан. Би тэр өр, зээлийн асуудлыг нягтлан бодогчоор дамжуулан 7 дугаар сарын 20-ны үеэр мэдсэн. Тэгээд би Б.Шд хэлсэн “8.000.000 орчим төгрөгийг чи авсан байна. Би чамд итгэж байна хоёулаа дахиад үргэлжлүүлэн ажиллая” гэж хэлсэн. Нийт 12.563.570 төгрөгийн хохирол учирсан. Одоогийн байдлаар Б.Ш 11.180.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан...” гэв.
Эрүүгийн 2009011551301 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би ажиллаж байх хугацаандаа харилцагч нараас орж ирсэн барааны мөнгө болох 7.800.000 төгрөгийн өөрийн Хаан банкны данс руу дансаар болон бэлнээр авч байсан. Энэ асуудлын талаар захиралдаа хэлж хоёр нягтлантай тооцоо нийлж 9.000.000 төгрөг болсон ба тухайн үед хасагдах юм байна гээд надад бичиг үзүүлээд гарын үсэг зур гэхээр нь би тухайн үед гарын үсэг зурж байсан. Би 3.800.000 төгрөгийг төлж барагдуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Батдолгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие “Түшээт Ундарга” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компанид 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Шинэхүү гэх этгээд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Манай компани нь Нарантуул, Хархорин, Барс, Бөмбөгөр зэрэг худалдааны захуудаар явж захиалга авч барааг хүргэн төлбөрийг компанийн дансанд тушаах ёстой байтал ажиллаж байх хугацаандаа нийт 12.563.570 төгрөгийн барааны төлбөрийг хувьдаа завшиж тус төлбөрөөс 3.800.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 8.613.070 төгрөгийг одоогийн байдлаар төлж барагдуулаагүй байна. 2019 оны 12 дугаар сард төлбөрийг бүрэн барагдуулна гээд тооцоо нийлээд явсан боловч сүүлдээ төлбөрөө барагдуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Гэрч Т.Отгонболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тус компанийн өглөг авлагын жагсаалтыг авч үзэхэд Шинэхүү худалдааны төлөөлөгч дээр анхаарал татаж байсан. Яагаад гэвэл авлагын дүнгээр маш их дүнгүүд байсан ба өмнөх барааны үлдэгдлийг компанид шилжүүлээгүй байж нэмж бараа түгээж зарлага авлагыг ихэсгэсэн байсан нь анхаарал татаж шалгах тооцоог нийлсэн юм. Энэ тухай компанийн удирдлагуудад мэдэгдэхэд намайг үргэлжлүүлэн шалгаад өгөөч гэхээр нь би тооцоог нягталж харилцагч нартай тооцоо нийлэхэд Шинэхүү гэх этгээд нь нийт компанид 13.593.654 төгрөгийн тооцоо шилжүүлээгүй хохирол учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Н.Дуламсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...миний мэдэж байгаагаар ямар байсан паданы тулгалт хийхэд нийт 13.593.654 төгрөгийн борлуулалт хийснээс 07 дугаар сард төлөгдсөн 722.000 төгрөг буцаалтаар 1.740.000 төгрөг, 10 ширхрэг паданыг Батнасангаас буюу борлуулагчаас тодруулах үнийн дүн нь 722.530 төгрөг, нярав 540.000 төгрөгийг тодруулах, хүчингүй падан 945.000 төгрөг, бэлнээр төлөгдсөн байх магадлалтай 82.000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл нь 8.842.124 төгрөг байгаа гэж тулгалт хийж байсан. Надад өдөр өдрийн борлуулсан барааны паданыг авчирч тулгалт хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Одмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манайх 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр “Түшээт-Ундарга” ХХК-тай хамтран ажиллаж шингэн саван авдаг болсон. Тухайн үед менежер гэх махлаг биетэй залуу худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Манай байгууллага нь 7 сая төгрөгийн бараа авсан бөгөөд Шинэхүүд 5074393959 гэсэн данснаас төлбөрөө шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Гэрч Г.Пагма мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие Нарантуул захын өргөтгөлийн шашин 3, 4 дүгээр лангуунд 4 дэх жилдээ ажиллаж байна. Манайх “Түшээт-Ундарга” ХХК-тай хамтран ажиллаад жил болсон. Тус компаниас 4 төрлийн гарын шингэн саван авдаг бөгөөд барааны борлуулагч нар нь өөрсдөө ирж захиалга авч хийдэг байсан. Манайх барааны мөнгийг 5035419720 гэсэн данснаар болон бэлнээр өгч байсан. Ойролцоогоор 35 сая төгрөгийн бараа авч байсан. Борлуулагч Шинэхүүтэй холбоотой тооцоо нийлж зөрүүг гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
“Худалдаа хөгжлийн банк” Б.Шгийн харилцах дансны хуулга
/хх-ийн 62-65 дугаар хуудас/,
Б.Шгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73-98 дугаар хуудас/,
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
“Сүлд Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...1. Тус компанийн санхүүгийн тооцоогоор 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Шд хамаарах 35 харилцагчийн тооцоогоор нийт 18,511,900.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүний захиалгыг авч харилцагч нарт нийлүүлсэн тооцоо гарсан байна. Үүнээс 1,410,000.00 төгрөгийн бараа, 150,000 төгрөгийн бараа урамшуулал буцаагдаж тус компанийн харилцах дансаар, касс болон захирлын хувийн харилцах дансаар 3,823,930.00 төгрөгийг хүлээн авч үлдэгдэл 12,563,570.00 төгрөгийн бараа борлуулсны орлогыг тушаагаагүй байна. Хөндлөнгийн шинжээч байгууллагын гаргаж өгсөн баримтын хүрээнд дахин нягтлан шалгахад 35 харилцагчийн тооцоогоор нийт 12,563,570.00 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Шинэхүү нь компанийн захирлын дансанд 3,800,000.00 төгрөг тушааж өнөөдрийн байдлаар үлдэгдэл 8,613,070.00 төгрөгийн тооцоог тухайн байгууллагад төлөөгүй батлагдлаа.
2. Харилцагчтай хийх өглөг авлагын тооцоог нягтлан бодогч нь сар бүр тооцоо нийлж баталгаажуулдаггүй, хяналт сул, нярваас гарч байгаа бүтээгдэхүүн дээр зарлагын падаан хөтөлдөггүй, няравын тайланг хянадаггүй, зарлагын падааныг зөвхөн түгээгчид зориулж бэлтгэдэг зэрэг нь зах хариуцан ажиллаж байсан худалдааны төлөөлөгч Б.Шг 12.563.570 төгрөгийг хувьдаа авч шамшигдуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзэж байна...” гэжээ /хх-ийн 107-113 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №151 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Б.Шгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58, 138 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 136 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 137 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 6 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд “Түшээт-Ундарга” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу харилцагчдын тооцооны авлага /борлуулалтын орлого/ болох нийт 12.563.570 төгрөгийг хувьдаа завшсан болох нь шүүгдэгч Б.Шгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Батдолгорын мэдүүлэг, гэрч Т.Отгонболд, Н.Дуламсүрэн, Б.Одмаа, Г.Пагмын нарын мэдүүлэг, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, “Сүлд аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №151 дугаартай дүгнэлт, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Худалдаа хөгжлийн банк”-ны харилцах дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Түшээт-Ундарга” ХХК-нд бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилгоор Б.Ш нь худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа байгууллагын орлогын тооцоог хийх үүрэг хүлээн ажиллах явцад тэрээр дур мэдэн орлогын мөнгийг өөртөө авсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг “Сүлд аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №151 дугаартай дүгнэлтүүдээр тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Тодруулбал Түшээт-Ундарга” ХХК-иас Б.Шг худалдааны төлөөлөгчөөр ажиллуулж түүнд 12.563.570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулуулахаар хариуцуулж өгсөн эд хөрөнгийг тэрээр авч өөртөө авч захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн, захиран зарцуулсан байна.
Ийнхүү Б.Ш нь хохирогчийн эд хөрөнгийг худалдаалж мөнгөн орлогыг компанид тушаан өгөөгүй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчид бараа бүтээгдэхүүнийг дутааж, орлогыг өгөөгүйгээс хохирогч компанид хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийжээ.
Шүүгдэгч нь хохирогчоос итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 12.563.570 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Шг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч тэдгээрээс “..хохирлын дүнгээс 890.955 төгрөгийг харилцагчийн тооцоо нийлсэн актаар баталгаажаагүй тул хасч тооцож өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй.
Учир нь Б.Ш Түшээт-Ундарга” ХХК-нд ажиллахдаа зөвхөн түүний захиалгаар нийт 12.563.570 төгрөгийн бараа бүтээгдэхүүн компаниас шүүгдэгчид шилжсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба түүнд тухайн бараанууд тийнхүү шилжиж итгэмжлэгдэн олгогдсоноор тэрээр тухайн хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж үүсч “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогдох тул өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Шгээс хохирогч Ш.Батдолгорт /“Түшээт Ундарга” ХХК/ учирсан хохирлоос 11.180.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон ба үлдэгдэл хохирол 1.383.570 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ш.Батдолгорт олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч Ш.Батдолгороос “...Б.Шд холбогдуулан аудитын тайлан гаргуулсан 500.000 төгрөгийн төлбөрөө нэхэмжилнэ...” гэсэн боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Шгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Шг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлын дийлэнх хэсгийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлж зөв, шударга амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Шг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Шг /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шгээс 1.383.570 /нэг сая гурван зуун наян гурван мянга таван зуун далан/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Батдолгор /“Түшээт Ундарга” ХХК/-нд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Батдолгорын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч Б.Шгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН